Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар      101/ШШ2021/01298

 

 

 

 

                                              2021        05          12

                     101/ШШ2021/01298

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Түмэд овогт Баасанжавын Э  /РД:ЧМ70092977/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах, НШШГГ-т холбогдох

 

“Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3716 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Лакс” XXK болон “Дэн атар говь” ХХК-иас 2,878,608,537 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 7,275,496 төгрөгийн хамт гаргуулан Голомт банкинд олгохоор захирамжилсан байдаг. Дээрх захирамжид барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0, Ү-0, Ү-2204040853, Г-0 /Нэгж талбарын 3021/0016/ дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоот одоогийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 17, 0 тоотод байрлах 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 2210 м.кв талбайтай авто засварын зориулалттай газар, 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга зэрэг бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу битүүмжлэн, хураасан. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 тоот “Шинжээч томилох тухай тогтоол” гарган “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. “Сэлэнгэ Эстимэйт” ХХК  нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот хөрөнгө үнэлсэн дүгнэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг. Тухайн үнэлгээнд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хopoo, Хоршооллын 17, 18, 19 тоотод байрлах 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 2210 м.кв талбайтай авто засварын зориулалттай газар, 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга зэргийг 1,149,444,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. 

Миний бие нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний “Хаан үнэлгээ” ХХК-д 2021 оны 2-р сард хүсэлт гарган үнэлгээ хийлгэсэн бөгөөд тус газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар миний өмчлөлийн дээрх хөрөнгүүдийг 1,784,597,000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Миний бие нь дээрх үнэлгээний талаар НШШГГт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасны дагуу  хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Даваасүрэн нь хүлээн авахаас татгалзсан. Үүний дараагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэнд нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 4-167/2150 тоот мэдэгдлээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг 574,722,000 төгрөгт тооцон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа болно.

Иймд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдчихсон байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3716 дугаар захирамжаар “Лакс” ХХК, “Дэн-Атар говь” ХХК-иас 2.878.608.537 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да
хүрээ гудамжны 60/5 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0
дугаарт бүртгэгдсэн 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд
хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 762 м.кв
талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн
Ү-0 дугаарт бүртгэгдсэн 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл
хөдлөх эд хөрөнгө, Г-0дугаарт бүртгэгдсэн 2210 м.кв талбайтай газрыг
битүүмжлэн, хурааж 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөндлөнгийн шинжээч
томилоход 1.149.444.000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 804.610.800 төгрөгөөр анхны албадан дуудлага  худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 2429 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7783 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар буюу 574.722.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулахад 576.750.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёр дахь албадан дуудлага худалдааны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч “Голомт банк” ХХК нь манай байгууллагын дансанд дэнчин болон худалдан авсан мөнгөн хөрөнгийг байршуулж, худалдан авсан. Хөл хорионы улмаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөл шилжүүлэх асуудал удааширсан байгаа гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан  “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж  байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3716 дугаар захирамжаар “Лакс” ХХК болон “Дэн-Атар говь” ХХК-иас 2.878.608.537 төгрөг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 62-64 дүгээр тал/

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу тодорхой нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх ба үүнд нэхэмжлэгч Б.Эийн  өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040853 дугаарт бүртгэгдсэн 228 м.кв талбайтай гараашийн зориулалттай,  эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 2210 м.кв талбайтай газрууд хамаарч байна. 

Тус шүүгчийн захирамжид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 71 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 228 м.кв талбайтай гараашийн зориулалттай,  эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн 2210 м.кв талбайтай газруудыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19261172/02 тоот,  тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19261172/04 тоот тогтоолоор хураажээ. /75-76, 82-83 дугаар тал/

 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн оршин байрлах хаяг хожим өөрчлөгдөж одоо Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 0 тоот бүртгэлтэй болсон байна.

 

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нар биелүүлээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу үнийн үлэмж зөрүүтэй, харилцан адилгүй санал ирүүлжээ. /хх-ийн 85-87, 93, 102 дугаар тал/

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 104 дугаар тал/

 

 Битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь өгөөгүй тул хариуцагч НШШГГ  шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.

 

Шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1,149,444,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ тухай НШШГГ 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/27833 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Э нарт, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/27834 тоот мэдэгдлээр төлбөр авагчид тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгджээ. /хх-ийн 108-133, 135-137 дугаар тал/

  

Нэхэмжлэгч Б.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт”  ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ тэрээр 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “Хаан үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж, маргасан. /хх-ийн 13-47 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдахыг нэхэмжлэгч Б.Эт 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-167/2150 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-ийн 171 дүгээр тал/

 

Талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар “Сэлэнгэ-Эстимэйт”  ХХК-иас гаргасан үнэлгээний 50 хувиар тооцон худалдан борлогдсон болох нь хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн  №19-т дугаарлагдаж, Хоёр дахь АДХ-ны зарын 48 дугаарт бичигдсэнээр тогтоогдож байна. Мөн уг үйл баримтын талаар талууд тайлбарласан. /хх-ийн184-185 дугаар тал/

 

 Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааны зар болон уг өдөр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсон болохыг тус тус мэдсэн атлаа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүйтэй холбоотой гомдлоо 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нь учир дутагдалтай байна. /хх-ийн 176-186 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч Б.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/27833 тоот мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг үнэлсэн “Сэлэнгэ-Эстимэйт”  ХХК-ийн дүгнэлтийг мэдсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй.

 

Хариуцагчаас хэрэгт цуглуулж өгсөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2020/02429 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Лакс” ХХК болон Б.Э нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох “Сэлэнгэ-Эстимэйт”  ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 163-164 дүгээр тал/

 

Дээрх иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг буцаасан талаар шүүх хуралдаанд талуудын хэн аль нь тайлбарласан. Хэдийгээр уг нэхэмжлэлийг буцаасан захирамж хэрэгт авагдаагүй боловч талууд уг үйл баримтад хэн аль нь маргаагүй, тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх нэхэмжлэлийг буцааснаас хойш дахин шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол гаргаагүй байсаар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан нь ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан болохоо баримтаар нотлоогүй, тэрээр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан шинжээч Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-иас дүгнэлт гаргасан үед уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол энэ талаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хожим өөрийн хүсэлтээр “Хаан үнэлгээ” ХХК-иар дүгнэлт гаргуулсан нь “Сэлэнгэ-Эстимэйт”  ХХК-ийн дүгнэлтийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт”  ХХК-иас гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч НШШГГ нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон боловч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээ нь албан дугааргүй буюу “150 тоот” гэж тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГт холбогдох “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ