Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01036

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01036

 

 

 

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Н.Батзориг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/01298 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Нт холбогдуулан гаргасан Сэлэнгэ- Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3716 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Лакс XXK, Дэн атар говь ХХК-аас 2 878 608 537 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 7 275 496 төгрөг гаргуулан Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040852, Ү-2204019299, Ү-2204040853, Г-2204014031 /Нэгж талбарын 3021/0016/ дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоот одоогийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 17, 18, 19 тоотод байрлах 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 2210 м.кв талбайтай авто засварын зориулалттай газар, 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилгыг барьцаалсан. Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хopoo, Хоршооллын 17, 18, 19 тоотод байрлах 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 2210 м.кв талбайтай авто засварын зориулалттай газар, 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга зэргийг 1 149 444 000 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний Хаан үнэлгээ ХХК нь 1 784 597 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон боловч өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3716 дугаар захирамжаар Лакс ХХК, Дэн-Атар говь ХХК-аас 2 878 608 537 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040853 дугаарт бүртгэгдсэн 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040852 дугаарт бүртгэгдсэн 762 м.кв
талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн
Ү-2204019299 дугаарт бүртгэгдсэн 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл
хөдлөх эд хөрөнгө, Г-2204014031 дугаарт бүртгэгдсэн 2210 м.кв талбайтай газрыг
битүүмжлэн, хурааж 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөндлөнгийн шинжээч
томилоход 1 149 444 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 804 610 800 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 2429 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7783 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар буюу 574 722 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулахад 576 750 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёр дахь албадан дуудлага худалдааны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч Голомт банк ХХК нь дэнчин болон худалдан авсан мөнгөн хөрөнгийг байршуулж, худалдан авсан. Хөл хорионы улмаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөл шилжүүлэх асуудал удааширсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нт холбогдох Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3716 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Лакс ХХК болон Дэн атар говь ХХК-аас 2 878 608 537 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7 275 496 төгрөгийн хамт гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор захирамжилсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040852, Ү-2204019299, Ү-2204040853, Г-2204014031 /нэгж талбарын 3021/0016/ дугаарт бүртгэлтэй БЗД-ийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоот /одоогийн БЗД-ийн 24 дүгээр хороо, хоршооллын 17, 18, 19 тоот/-д байрлах 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 2210 м.кв талбайтай автозасварын зориулалттай газар, 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга зэрэг бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу битүүмжлэн, хураасан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 тоот Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот хөрөнгө үнэлсэн тухай албан тоотоор 1 149 444 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хаан үнэлгээ ХХК-д 2021 оны 02 дугаар сард хүсэлт гарган үнэлгээ хийлгэсэн бөгөөд тус газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан авсан бөгөөд тухайн үнэлгээгээр миний өмчлөлийн дээрх хөрөнгүүдийг 1 784 597 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх үнэлгээний талаар Нт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д ... үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн заалтын дагуу хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч НШШГГ-ын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Даваасүрэн болон ШШГЕГ-ын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа н.Намсаманд нар хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс ...нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аас дүгнэлт гаргасан үед уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол энэ талаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хожим өөрийн хүсэлтээр Хаан үнэлгээ ХХК-аар дүгнэлт гаргуулсан нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн. Компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах заалтын дагуу дахин үнэлгээ хийж, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2019 онд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/01298 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нт холбогдуулан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ласк ХХК, Дэн Атар говь ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2 878 608 537 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3716 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг төлөөгүй байна. /хх 62-64/

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох талаар явуулсан хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040852, Ү-2204019299, Ү-2204040853, Г-2204014031 /Нэгж талбарын 3021/0016/ дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоот одоогийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 17, 18, 19 тоотод байрлах 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 2210 м.кв талбайтай авто засварын зориулалттай газар, 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох, үнийн санал авах зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 75-77, 82-83, 88-89, 94-95/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд харилцан тохиролцоогүй буюу үнийн зөрүүтэй харилцан адилгүй санал ирүүлсэн тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, уг шинжээч эд хөрөнгийг 1 149 444 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 104, 107-134/

 

Хариуцагч нь шинжээчийн дээрх үнэлгээг төлбөр төлөгчид 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/27833 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нь хоёр дах албадан дуудлага худалдааны зар болон уг өдөр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсон болохыг мэдсэн мөртлөө энэ талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд гаргаагүй байна. /хх 163-164/

 

Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, хэргийн 107-133 дугаар тал дах Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагчаас ирүүлсэн албан хүсэлт, байгуулсан гэрээ, ирүүлсэн мэдээллүүдийг анхдагч мэдээлэл, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн баримт бичгүүд, салбарын судалгаа, мэдээлэл болон цахим хуудас дах мэдээ, мэдээллүүдийг үнэлгээнд ашигласан байна. Тухайлбал, Үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040852, Ү-2204019299, Ү-2204040853, Г-2204014031 /Нэгж талбарын 3021/0016/ дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 60/5 тоот одоогийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 17, 18, 19 тоотод байрлах 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 2210 м.кв талбайтай авто засварын зориулалттай газар, 762 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 228 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилгыг харьцуулах замаар хөрөнгийн үнэлгээг хийж зах зээлийн үнэлгээг 1 149 444 000 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалд нийцжээ./хх 108/

 

Мөн дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аас дүгнэлт гаргасан үед уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тохиолдолд энэ талаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хожим өөрийн хүсэлтээр Хаан үнэлгээ ХХК-аар дүгнэлт гаргуулсан нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/01298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ