Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 14

 

Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.******* Нарийн бичгийн дарга: Д.Ганчимэг нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2018оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Га-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Жа- би анх 2013 оны 09 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалаар Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор орж 4 жил 4 сар ажиллаад 2018 оны 01 сарын 09-ний өдрийн Б/01 тушаалаар ажлаас халагдсан. Би 4 жил ажиллахдаа дотоод журам зөрчсөн тохиолдол байхгүй. Миний эзэмшилд байсан албаны Ланд-80 маркийн 00-00 ЗАА дугаартай машинд сүүлийн 2 жил ямар ч сэлбэг авч өгөөгүй, би өөрийнхөө мөнгөөр байнга сэлбэг авч тавьж байсан. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж танай шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Б.Жа- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Б.Жа- нь Шилүүстэй сумн ЗДТГ-т жолооч хийж байгаад үндэслэлгүй буюу намын харъяалалаар халагдсан. Миний бие ээлжийн амралтаа 2017 оны 08 сарын 26-нд авч 2017 оны 09 сарын 07-нд ажилдаа орсон. 2018 оны 01 сарын 09-нд ажлаас халагдсан тул 2017 оны 09 сарын 08-наас 2018 оны 01 сарын 09 хүртэлх хугацааны амралтын мөнгө 134.000 төгрөгийг тооцуулах, 2017 оны 12 сарын цалингийн тооцоо дууссан боловч 2018 оны 01 сарын 01-нээс 01 сарын 09-н хүртэл хугацаанд ажилласан цалин болох 126.970 төгрөгийг олгоогүй тул нэхэмжлэлийг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Га- анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Б.Жа- нь өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагагүй хандаж эзэмшиж буй машин техникээ ариг гамгүй эдэлж байсан. Б.Жа- нь ажилд томилогдсон түр тушаалтай байсан. Энэ хугацаандаа 2 удаа сахилгын шийтгэл авсан нь ажилдаа хариуцлагатай хандаж чаддаггүйг нотолж байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу эзэмшиж байгаа машин техникээ ариг гамгүй эдэлж өөрийн гэсэн сэтгэл гаргадаггүй. Ланд 80 машин нь хэдийгээр ашиглалтын хугацаа дуусч байгаа хэдий ч жолооч сэтгэл гаргасан, мөн ур чадвартай бол өдий хүртэл ашиглаж байх боломжтой. Энэ машин 2017 оны 08 сараас хойш огт хөдлөөгүй, 2017 онд албан хэрэгцээнд ашиглаагүй болно. Эзэмшиж байгаа машин техник нь ашиглагдахгүй байсан учир жолооч Б.Жа- 2017 онд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. 2017 оны ажлын тайлангаа бичиж авч ирэх үүрэг даалгаварыг удаа дараа өгсөн боловч үл ойшоож ажлын тайлан өгөөгүй. Оны эцэст урамшуулал олгох болоход би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө миний урамшууллыг өгөөч, сум хөгжүүлэх сангаас зээл олгооч, машинаа хямдхан хувьдаа авмаар байна гэж хүсэлт гаргасан. Б.Жа- нэхэмжлэлдээ Ланд 80 машинд огт засвар үйлчилгээ хийж байгаагүй байсан мэтээр бичсэн байна. 2015, 2016 онд 3.0 сая орчим төгрөгийн засвар хийгдсэн байгаа гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн 2017 оны 09-р сарын 08-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны амралтын мөнгө 134.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01-р сарын 09-ний өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Тайж овогт Бархасжавын *******ыг Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор болох 1.087.790 төгрөгийг, мөн 2018 оны 01-р сарын 02-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 126.970 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Б.Жа-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогын 090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 103.904 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Га- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын28-ны өдрийн 280 дугаартай шүүхийн шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Жа- нь албаны хэрэгцээний Ланд-80, усны цистерн машинуудыг эзэмшиж байх хугацаандаа ариг гамгүй эдэлж, машинаа эвдэлж төрийн үйлчилгээг хэвийн хангахад ихээхэн хүндрэл учруулж байсны дээр Ланд-80 машины зарим эд ангийг хувь хүмүүст өгсөн нь нотлогдож байгаа.

2. Усны машины ус сордог помпыг хөлдөөж консны тросыг эвдсэний дээр энэ машиныг би барьж чадахгүй байна гэж өөрөө хэлж байсан нь жолоочийн ур чадвар муу болох нь нотлогдож байна.

3. Жилийн эцэст ажлаа дүгнүүлээгүй бөгөөд ажлын тайлан өгөөгүй цорын ганц ажилтан. Энэ нь хийсэн ажил байхгүй, бас ажлаа тайлагнах чадваргүйг харуулж байна.

4. 2014, 2017 онуудад сахилгын шийтгэл авч байсаныг гэдгийг шүүх анхааран үзэх ёстой

Иймд эдгээр байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж 2 талыг хангалттай маргуулж гомдлыг хянан үзээгүй гэж ойлгосны улмаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Г.Га- гэдэг хүн гомдол гаргасан. Уг гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хариуцагч гомдолдоо Б.Жа- гэдэг хүн Ланд-80 маркын машиныг ариг гамгүй эдэлж, жолоочийн ур чадвар муугаас болж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл учруулсан. Мөн Ланд-80 машины зарим эд ангийг хувь хүнд өгсөн гэж гэрч асуулгана гэсэн байдаг. Энэ нь яагаад үндэслэлгүй гэж үзэж байна вэ? гэхээр нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь зүйлийг үндэслэсэн. Ингэхдээ нэхэмжлэгчийн ур чадварыг тогтоолгосон хөндлөнгийн байгууллагын дүгнэлт хавтаст хэрэгт байдаггүй. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Мөн машины зарим эд ангийг хувь хүнд өгсөн гэж үзээд, гэрч асуулгах тухай дурдсан. Тэгэхээр гэрч асуулгах асуудлыг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Мөн нэхэмжлэгчийг жилийн эцэст ажлаа дүгнүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл жилийн эцэст Б.*******ын ажлыг дүгнээд, ур чадварын нэмэгдэл олгосон баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн хариуцагчийн гаргасан эрх зүйн актанд сахилгын шийтгэл гэсэн асуудал байхгүй учраас энэ талаар ярих үндэслэлгүй. Ийм учраас хариуцагчийн тайлбарууд үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх зохигчидын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Жа- нь хариуцагч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажлаас чөлөөлсөн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажил олгогч нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэг байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Жа- нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон үйл баримт болон сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР