Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00960

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00960

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.Г

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо  ҮТ ХХК

орон сууцны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, гэрч Б ХХК, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б ХХК-ийн захирал н.Хтай 2015 оны 11 дүгээр сард орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцыг худалдан авч урьдчилгаа төлбөр 11.767.200 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн. Байр баригдахгүй явсаар 2018 онд баригдах болж үлдэгдэл төлбөр 27.456.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 100 хувь төлж Б ХХК-ийн захирал Х.О-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээг шинэчилж хийсэн. 2020 оны 08 дугаар сард байр ашиглалтад орж Б ХХК-иас орон сууцыг актаар хүлээлгэж өгсөн. Орон сууцанд орох айлуудыг өөрсдөө зардлаа гаргаад балконы хаалтаа хий гэсэн тул 800.000 төгрөгөөр захиалж балконы вакум хаалт хийлгэчихээд зх-аас гэрээ нүүлгээд иртэл байрны түлхүүрний голыг солиод ҮТ ХХК-ийн ажилтан гэх  айл компаниас өгсөн байр гээд орчихсон байсан. Байдлыг тодруулж асуухад шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан М.Б би түлхүүрний голыг солиод ажилтанаа оруулсан гэж хэлсэн. Ингээд байрнаас гарахгүй өдийг хүрсэн. ҮТ ХХК ажилтанаа 10 дугаар сард гаргасан гэж тайлбарлаж байгаа бол би байрандаа ормоор байна. Иймд 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцны жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв. 

Хариуцагч ҮТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК-тай арматур худалдах худалдан авах гэрээ байгуулж 90 тонн арматур нийлүүлсэн. 2020 оны 02 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж арматурийн үнэд тооцож маргаан бүхий байрыг авч ажилтан н.М-ийг оруулсан. Я.Гийн талаар Б ХХК-наас асуухад ямар ч асуудалгүй, үл ойлголцол гарсан юм шиг байна гэсэн. Манай компанийн хувьд уг орон сууцыг эзэмшдэггүй болно. Эзэмшдэггүй тул манай компанийг байр чөлөөл гэх утгатай нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байгаа бөгөөд тэр байранд амьдарч байгаа хүнтэй учраа олох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮТ ХХК-ийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ҮТ ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн арматур төмрийг Б ХХК-нд нийлүүлсэн. Гэрээний хариу төлбөрт 10-д байр авахаар болж 1 мкв-ийг 1.250.000 төгрөгөөр тооцож Я.Гийн маргаж байгаа байрыг авах гэрээ хийсэн. 2020 оны 09 дүгээр сард ҮТ ХХК-ийн ажилтан н.Мийг тухайн байранд амьдруулсан. Гэтэл Я.Г гэж хүн ирээд Цагдаагийн байгууллагаар яваад биднийг байрнаас гарахыг шаардсан тул 2020 оны 10 дугаар сард н.М-ийг байрнаас гаргасан. Б ХХК-ийг уг байртай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан.  Энэ байранд ҮТ ХХК-ий ажилтанг амьдруулаагүй, манайх эзэмшээгүй тул нэхэмжлэгч хариуцагчаа буруу сонгосон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, гэрчийн тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч ҮТ ХХК-нд холбогдох 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Я.Г нь Б ХХК-тай 49.03 мкв  талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөр 11.767.200 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дансаар шилжүүлж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б блок 49.03 байрны үнэд 27.456.000 төгрөгийг төлж,  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б блок 8 давхар 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцыг  нийт 39.224.000 төгрөгөөр худалдан авах Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны хуулга, Б ХХК-нд мөнгө тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт, Орон сууц захиалгын гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчийн байгуулсан Орон сууц захиалгын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “ҮТ ХХК нь арматур төмөр Б ХХК-нд нийлүүлж төлбөрт 2020 оны 02 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Я.Гийн маргаж буй байрыг худалдан авч ажилтанаа оруулсан, орон сууцыг эзэмшээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” хэмээн тайлбарласан боловч тайлбарыг нотолсон баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

Орон сууц захиалгын гэрээний 1.2-т Б блок 2 өрөө 49.03 мкв нэгж үнэ 800.000 төгрөг нийт үнэ 39.224.000 төгрөг, 3.1-д орон сууцны барилгыг 2018 оны 04 дүгээр улиралд багтаан зураг, төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгнө гэж зааснаар нэхэмжлэгч Я.Г гэрээний үнэ 39.224.000 төгрөгийг төлж, Б ХХК  орон сууцыг актаар хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б ХХК-ийн захирал Х.О-ы мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б ХХК-ийн захирал Х.О-ы мэдүүлгээр Я.Гтой гэрээ байгуулагдсан, Б ХХК-ийн мэдэлд цөөхөн тооны бартерийн болон сул байр оногдсоны нэг нь 49.03 мкв талбайтай 2 өрөө 106 тоот орон сууц бөгөөд энэ нь компаний борлуулах байр болох нь тогтоогдож байна.

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б ХХК, Я.Г нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээгээр 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцыг Я.Г худалдан авч үнийг төлсөн тул  Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар орон сууцыг эзэмших эрхтэй байна.

Иймд 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцны жинхэнэ эзэмшигчээр Я.Гийг тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцны жинхэнэ эзэмшигчээр Я.Гийг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ҮТ ХХК-наас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА