Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00903

 

ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00960 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Гийн хариуцагч “Ү Т” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БХХК-ийн захирал н.Хажидмаатай 2015 оны 11 дүгээр сард орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, хууль сахиулагч хотхон, Б блок 2 дугаар орц 8 давхарт 106 тоот 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцыг худалдан авч урьдчилгаа төлбөр 11 767 200 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Байр баригдахгүй явсаар 2018 онд баригдах болж үлдэгдэл төлбөр 27 456 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 100 хувь төлж БХХК-ийн захирал Х.Отай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээг шинэчилж хийсэн. 2020 оны 08 дугаар сард байр ашиглалтад орж БХХК-иас орон сууцыг актаар хүлээлгэж өгсөн. Орон сууцанд орох айлуудыг өөрсдөө зардлаа гаргаад балконы хаалтаа хий гэсэн тул 800 000 төгрөгөөр захиалж балконы вакум хаалт хийлгэчихээд Зүүнхараагаас гэрээ нүүлгээд иртэл байрны түлхүүрийн голыг солиод “Ү Т” ХХК-ийн ажилтан гэх айл компаниас өгсөн байр гээд орчихсон байсан. Байдлыг тодруулж асуухад шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан М.Батболд би түлхүүрийн голыг солиод ажилтнаа оруулсан гэж хэлсэн. Иймд орон сууцны жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БХХК-тай арматур худалдах худалдан авах гэрээ байгуулж 90 тонн арматур нийлүүлсэн. 2020 оны 02 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, арматурын үнэд тооцож маргаан бүхий байрыг авч ажилтан н.Мөнхцэцэгийг оруулсан. Я.Гийн талаар БХХК-наас асуухад ямар ч асуудалгүй, үл ойлголцол гарсан юм шиг байна гэсэн. Манай компанийн хувьд уг орон сууцыг эзэмшдэггүй. Иймд манай компанийг байр чөлөөл гэх утгатай нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байгаа бөгөөд тухайн байранд амьдарч байгаа хүнтэй учраа олох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо хууль сахиулагч хотхон Б блок 2 дугаар орц 8 давхарт 106 тоот 2 өрөө 49.03 мкв талбайтай орон сууцны жинхэнэ эзэмшигчээр Я.Гийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ү Т” ХХК-наас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Гт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий байрыг хэн эзэмшилдээ байлгаж байгаа талаарх үйл баримт тогтоогдоогүй. Учир нь “Ү Т” ХХК арматур төмрийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ажилчдын гудамжинд байрлах өөрийн байрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг нотлох улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч Я Ганзориг нь “Ү Т” ХХК-ийг уг маргаан бүхий орон сууцыг эзэмшдэг гэж маргасан. Харин Хариуцагч уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулдаггүй тул тайлбараа гаргасан Энэ тохиолдолд нотлох чиг үүрэг нэхэмжлэгчид хуваарилагдаж байна  Уг орон сууцыг БХХК барьсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй. БХХК-ийн захирал Х.О гэрчээр оролцохдоо Я.Гтой байгуулсан гэрээнээс татгалзаж, мэдэгдэл өгсөн, мөнгийг нь буцааж өгнө, уг байранд хэн амьдарч байгааг мэдэхгүй байна гэх мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан “жинхэнэ эзэмшигч” гэх ойлголт хуульд байхгүй. Харин Иргэний хуульд “шударга эзэмшигч" гэх ойлголт бий. Шударга эзэмшигчийг тогтоохын тулд шударга бусаас нь ялгах буюу шударга бусаар эзэмшиж байгаа өөр этгээдээс эд хөрөнгө шаардахад хуулийн энэ заалт хамаарна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч “Ү Т” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, хууль сахиулагч хотхон, Б блок, 106 тоотод байрлах 2 өрөө, 49.03 м.кв талбайтай орон сууцны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч уг орон сууцыг эзэмшдэггүй гэж тайлбарлаж, эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Я.Г нь БХХК-тай Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, хууль сахиулагч хотхон, Б блокид байрлах 49.03 мкв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 767 200 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 27 456 000 төгрөгийг тус тус БХХК-д шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга, БХХК-д мөнгө тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт, орон сууц захиалгын гэрээ, гэрч БХХК-ийн төлөөлөгч Х.Оы мэдүүлэг хэрэгт авагджээ. /хэргийн 4-11, 68-71 дүгээр тал/

 

Талууд орон сууцны эзэмшлийн талаар маргаж байхад уг орон сууц хэний эзэмшилд байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Үүнийг тодруулснаар хариуцагчийг зөв тодорхойлох боломжтой.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “худалдан авсан орон сууцыг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх” гэх агуулгаар тайлбарлажээ. /хэргийн 1 дүгээр тал/ Анхан шатны шүүхээс энэ шаардлагын хүрээнд эрх зүйн үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаа хийгээгүй байгаа нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай.

 

Гэтэл шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг дээрх орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас ямар үүрэг шаардсаныг шүүх шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                       

                                          ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

 

                                                                                            С.ЭНХТӨР