Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/884

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Хурцын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Бд холбогдох 2010001970105 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Иовгийн Бын Б, 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, "Эм Эм Би" ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6-387 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Б.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "С" ХХК-ийн “И” худалдааны төвөөс 199.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 110.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч 1 ширхэг, 139.900 төгрөгийн үнэ бүхий флаш диск 1 ширхэг, 5900 төгрөгийн үнэ бүхий оймс 1 хос тус тус хулгайлсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 524.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Иовогт Бын Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Бг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай зохицуулалт юм. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилсан байхад Б.Бд хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол, гомдол байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "С" ХХК-ийн “И” худалдааны төвөөс 199.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 110.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч 1 ширхэг, 139.900 төгрөгийн үнэ бүхий флаш диск 1 ширхэг, 5900 төгрөгийн үнэ бүхий оймс 1 хос тус тус хулгайлж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 524.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын "...Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” худалдааны төвөөс ... эд зүйлс алдагдаад байсан ба харуулын албаныхан хяналтын камерын бичлэг шүүж 30 орчим насны эрэгтэй хүн хулгай хийж байгааг тогтоосон. ...Тэр этгээд манай дэлгүүрт дахин ирэх үед нь ... цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ... саатуулж шалгахад саарал өнгийн оймс 1 хос, флаш диск 1 ширхэгийг хулгайлсан байсан. ...Өмнө нь 2 удаагийн үйлдлээр эмэгтэй загварын цүнх 2 ширхэг, эрэгтэй арьсан түрийвч 1 ширхэгийг хулгайлсан. ..." /хх 20-21/,

гэрч Ц.Ууганзаяагийн "...Борлуулалтын мэдээлэл үзэхэд нэг арьсан түрийвч дутаад байсан. Тэгээд камер шүүж үзэхэд намхан, хүрэн куртиктэй хүн манай дэлгүүрээс түрийвч, хажуу тасгаас нэг цүнх авч байгаа нь бичигдсэн байсан. ..." /хх 24-25/,

гэрч Д.Болдын "...Хулгай хийсэн хүний зургийг нь аваад өөрийн болон бусад салбарын хамгаалалтын албанд тарааж өгсөн. ...Тэгтэл ... 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хулгай хийсэн хүн орж ирэхээр нь дагаж байгаад 36-26 УБП улсын дугаартай цагаан өнгийн машин дээрээ ирэхээр нь барьж авсан. ..." /хх 28-29/,

Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 1 дүгээр сарын эхнээс хойш хэд хоногийн хугацаатай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” худалдааны төвөөс эмэгтэй загварын гар цүнх 2 ширхэг, түрийвч 1 ширхэг, флаш диск 1 ширхэг, хүүхдийн оймс 1 хос тус тус хулгайлж авсан нь үнэн, ... өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа. ...” /хх 46/ гэх мэдүүлгүүд,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 13, 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-18/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бгийн "С" ХХК-ийн “И” худалдааны төвөөс нийт 524.8000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд олгосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын “...Миний бие байгууллагын алдагдсан эд зүйлийг биетээр болон мөнгөөр тооцож авсан болно. Цаашид манай байгууллагаас нэхэмжлэх зүйлгүй. ...” /хх 69/ гэсэн мэдүүлгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасныг хэрэглээгүй нь буруу болжээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь шүүгдэгчийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл хэрхэн шийдвэрлэх, цаашид гарах үр дагаврыг нь тайлбарлан анхааруулж байгаа заалт тул прокурор Б.Хурцын “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилсан байхад Б.Бд хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглээгүй байна. ...” гэсэн утга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрт үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нэмэлт заалт оруулахаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг Б.Бд мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ