Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 154

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2010001970000 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1981 оны 09 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Эм Эм Би” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6-387 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Их монгол овогт Б-ын Б-/РД:ХД81092000/

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Скай хайпермаркет” ХХК-ийн И март худалдааны төвөөс 199.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 110.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 70.000 төрөгийн үнэ бүхий түрийвч 1 ширхэг, 139.900 төгрөгийн үнэ бүхий флаш 1 ширхэг, 5900 төгрөгийн үнэ бүхий оймс 1 хос тус тус хулгайлсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 524.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Эрүүгийн 20100019700000 дугаартай хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Ц.Уу-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч Ц.П-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

 “Т-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-37р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Пагмадуламын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48, 58-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50, 52-р хуудас/, дипломын хуулбар /хх-ийн 55-р хуудас/, “Э-ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Скай хайпермаркет” ХХК-ийн И март худалдааны төвөөс 199.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 110.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 70.000 төрөгийн үнэ бүхий түрийвч 1 ширхэг, 139.900 төгрөгийн үнэ бүхий флаш 1 ширхэг, 5900 төгрөгийн үнэ бүхий оймс 1 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 524.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-...Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-март худалдааны төвөөс 2020 оны 01-р сарын эхнээс хэд хэдэн удаагийн үйлдлээр жижиг эд зүйлс алдагдсан. Хяналтын камерийн бичлэгийг шүүлгэхэд 30 орчим насны эрэгтэй хүн аваад гарч байгаа нь тогтоогдсон. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тэр этгээд манай дэлгүүрт дахиж орж ирээд гарах үед нь харуулын албанаас саатуулж шалгахад саарал өнгийн оймс 1 хос болон плаш диск 1 ширхэгийг хулгайлаад машиндаа хийчихсэн байсан. Мөн өмнө нь 1 удаагийн үйлдлээр эмэгтэй загварын цүнх 2 ширхэг, эрэгтэй арьсан түрийвч 1 ширхэгийг хулгайлсан нь хяналтын камерийн бичлэгээр тогтоогдсон. Манай байгуулагын зүгээс алдагдсан эд зүйлсээс гар цүнх 1 ширхэг, оймс 1 хос, хард дикс зэргийг хүлээн авч түрийвчний үнэлгээ 70.000 төгрөг, эмэгтэй гар цүнхний үнэлгээ 110.000 төгрөг нийт 180.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тул одоо манай байгууллагын хувьд нэхэмжпэх зүйлгүй санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Ц.Уу-гийн:...2020 оны 01 сарын 04-ний өдрийн 09 цаг өнгөрч байхад дэлгүүрийн кассаар гарч байгаа борлуултын мэдээлэл үзэхэд нэг арьсан түрүүвч дутаад байхаар нь хамгаалалтын албанд мэдэгдсэн. Тэгээд камер шүүж үзэхэд намхан, хүрэн куртиктэй хүн манай дэлгүүрээс түрүүвч аваад хажуу тасгаас нэг цүнх авч байгаа нь харагдаж байсан... Тэгээд өнөөдөр хулгай хийсэн хүн орж ирэхэд нь хамгаалалтын албаныхан барьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч Ц.П-гийн...2020 оны 01 сарын 03-ны өдөр 09 цаг 50 минут өнгөрч байхад тасаг дээр ирэхэд нэг цүнх алга болсон байсан. Манай хажуу талын тасгийн охин танайхаас нэг хүн цүнх авсан гэж байсан. Гэтэл орой борлуулалтаа тулгахад цүнх зарагдсан мэдээлэл байхгүй байсан. Маргааш нь мөн дахин нэг цүнх кассаар гараагүй байхаар нь хамгаалалтын албанд мэдэгдсэн. Тэгээд камер шүүлгэхэд “танайхаас авсан зүйлээ нуугаад авч гарсан байна” гэж хэлсэн. Өнөөдөр орж ирэхэд нь хамгаалалтын албаны хүмүүс барьсан... Хар өнгийн жижиг цүнх 110.000 төгрөгийн үнэтэй, хар өнгийн цүнх нь 199.000 төгрөгийн үнэтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Д.Б-ын:...2020 оны 01 сард тасгуудаас манайхаас авсан бараанууд кассаар гараагүй байна гэсэн мэдээлэлийн дагуу манай хамгаалалтын алба И-мартын худалдааны төвийн камер шүүж хулгай хийсэн хүнийг мэдэж аваад өөрийн болон бусад салбарын хамгаалалтын ажилтанууддаа тарааж өгсөн... Гэтэл өнөөдөр буюу 2020 оны 01 сарын 14-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд хулгай хийж байсан хүн орж ирэхээр нь дагаж байгаад 0000 УБП улсын дугаартай цагаан өнгийн Тoyota Prius 20 маркийн авто машин дээр ирэхэд нь барьж авсан... Тэгээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 “Т-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Эмэгтэй цүнх 199.000 төгрөг, эмэгтэй цүнх 110.000 төгрөг, түрийвч 70.000 төгрөг, флаш диск 139.900 төрөг, оймс 5.900 төгрөг, нийт 524.800 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 34-37р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Б.Б-нь үйлчилгээний танхимд худалдааны төвийн ажилтантай ярилцан цүнх үзэж байгаад 09 цаг 25 минутанд цүнхийг авч цүнх, гутлын тасгаар эргэлдэж байгаад цүнхийг гартаа барин алхаж буй дүрс бичлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн:...Би 2020 оны 01 дүгээр сарын эхнээс хойш хэд хоногийн хугацаатай Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах И-март худалдааны төвөөс эмэгтэй загварын гар цүнх 2 ширхэг, түрийвч 1 ширхэг, плаш диск 1 ширхэг, хүүхдийн оймс 1 ширхэгийг тус тус хулгай хийж авсан нь үнэн... Би өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

            Шүүгдэгч Б.Б-нь И март худалдааны төвөөс эмэгтэй гар цүнх 2 ширхэг, түрийвч флаш 1 ширхэг, оймс 1 хос зэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирлын хэмжээг нийт 524.800 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Т-” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 34-37-р хуудас/ ба алдагдсан эд зүйлсээс гар цүнх 1 ширхэг, оймс 1 хос, хард дикс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгч түрийвчний үнэ 70.000 төгрөг, эмэгтэй гар цүнхний үнэлгээ 110.000 төгрөг нийт 180.000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- мэдүүлсэн байх тул /хх-ийн 21-р хуудас/ шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд тусгав. 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө биет байдлаар болон бэлэн мөнгөөр төлж барагдуулсан ба тэрээр өрхөөс ганцаараа хөдөлмөр эрхэлж эхнэр, бага насны 2 хүүхдээ тэжээдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. И овогт Б-ын Б-бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-д 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР