Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2023/00183

 

С.А, А.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дүгээр шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 204/МА2023/00012 дугаар магадлалтай,

С.А, А.Ц нарын нэхэмжлэлтэй

Г.Б-ид холбогдох

Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, газрыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч А.Ц-ын өмгөөлөгч М.Д-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.А, А.Ц нар нь хариуцагч Г.Б-ид холбогдуулан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж газрыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***, *** дугаартай бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, Ө аймгийн А сумын ** дүгээр баг Х ** дугаар гудамжны * тоот газрыг бэлэглэгч С.А-т, Ө аймгийн А сумын ** дүгээр баг Х ** дугаар гудамжны ** тоот газрыг бэлэглэгч С.Д-д буцааж олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 204/МА2023/00012 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч А.Ц-ын өмгөөлөгч М.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хураамж төлсөн эсэхийг нягтлан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дараах тохиолдолд доор дурдсан дэс дарааллаар тодорхойлно”, 9.1.3-т “Өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд гэрээ, хэлцэл, эсхүл эрх шилжүүлсэн шийдвэрт тусгагдсан үнээр тодорхойлно” гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан С.А, Г.Б нарын хооронд 2020.08.20-ны өдөр байгуулсан *** дугаартай бэлэглэлийн гэрээ /хх-105 хуудас/, С.Д-г төлөөлж А.Ц, Г.Б нарын хооронд 2020.08.20-ны өдөр байгуулсан *** дугаартай бэлэглэлийн гэрээнүүдэд /хх-13 хуудас/ бэлэглэж буй хөрөнгүүдийг 2,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн дээрх газруудыг Г.Б-ид бэлэглэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч С.А. А.Ц нар нь улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй адилтган үзэж, нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч А.Ц-ын өмгөөлөгч М.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.09.22-ны өдрийн 001/ШХТ2023/01131 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлийн хүрээнд хянаж, гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч С.А, А.Ц нар нь хариуцагч Г.Б-ид холбогдуулан 2020.08.24-ний өдрийн *** тоот, мөн өдрийн *** тоот бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, уг гэрээгээр шилжүүлсэн газрыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч С.А, А.Ц нар нь Г.Боос тус бүр нь 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх гэрээнүүдийг хүчингүй болгуулахаар шаардсан боловч улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байхыг шаарддаг, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хураамж төлсөн эсэхийг нягтлан үзэж, хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. ...Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин шийдвэрүүлэхээр буцаав.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд шүүхэд гаргах нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг тодорхойлж заасан бөгөөд үүнд улсын тэмдэгтийн хураамж төлж, энэ тухай баримт хавсаргахыг шаарджээ.

Дээрх шаардлагыг биелүүлээгүй бол анхан шатны шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж буй зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөхийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан.

Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 удаагийн гүйлгээгээр нийт 78,950 төгрөг төлсөн /хх-3-4-р тал/ ба анхан шатны шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэгэнт иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй атал давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлт хийсэн нь алдаатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-167.1.5-д заасан аль нэг шийдвэрийг гаргадаг бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх хуулийн 167.1.4-т заасныг баримталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх үндэслэлээр шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох журам хуульд байхгүй болно.

Тодруулбал, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан, уг зохицуулалтад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан зарим үндэслэл хамаардаг, харин 65.1.11-д заасан буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэл багтаагүй байна.

Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх хуульд заагаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болсон тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

10.Анхан шатны шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд уг зөрчлийг илрүүлсэн аль ч шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх боломжтойг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 204/МА2023/00012 дугаар магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Ц 2023.07.25-ны өдөр төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМ                                   

ШҮҮГЧИД                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД