Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/01297

 

                        

 

 

 

            

 

 2021          05          12                                         101/ШШ2021/01297

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, РД:, Ш ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Д.Г,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Н.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 577.510.786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Г, Н.Б нар нь ХААН банк ХХК-ийн Намъянжу тооцооны төвөөс 2019-06-28-ны өдөр тоот бизнесийн зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээнүүдийг байгуулан, гэрээ болон барьцаалбаруудыг зохих журмын дагуу бүртгүүлж 500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 19.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, санхүүжилтийн зээл зориулалтаар авсан. Зээлдэгчид зээлийн гэрээний барьцаанд Ш ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг  тоот, 22 м.кв талбайтай оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, тоот, 43 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Мөн өдөр Барилга, хот байгуулалтын яам, түүнийг төлөөлж төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Ш ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Г нартай тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ, тоот Барьцааны гэрээнүүдийг байгуулан Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан 2019/99 тоот дугаартай, тендерийн дугаар: БХБЯ/201902111 “Орон сууцны байрнуудын гадна дулаалга, дулааны техникиин шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 0-р хорооны дүгээр байрны/ ажлын гэрээг барьцаалсан.    

Зээлдэгчид нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 47.468.083 төгрөг, зээлийн хүү 30.729.648  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370.137 төгрөг, нийт 78.567.868 төгрөгийг төлсөн. Зээлдэгчид гэрээ барьцаалсан зээлийн урьдчилгаа санхүүжилтийг авсан боловч зээлээ төлөхгүй байсан тул банкнаас зээлийг төлүүлэх талаар ажиллагаа хийж Төв банкны зээлийн дэд хороогоор тус зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлээр 12 сарын хугацаатай хөнгөлөлт 5 сар, жилийн 19.3 хувийн хүүтэй зээл рүү хөрвүүлэх шийдвэр гарсан тул зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр чөлөөлөн шинэ гэрээгээр барьцаалахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч нар ажлын санхүүжилтийн мөнгийг өөр банкны харилцах дансаар бүрэн авсан байсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байна. Иймд банк 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №ЗГ/201944541189 тоот бизнесийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.3, 2.4.4.2, 2.4.5, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.15, 4.3, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.13, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6 дахь заалт, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №ШГ/201944541189 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.3.3, 2.4.1, 2.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Ш ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Г, Н.Б нарт холбогдуулан 2021 оны 02-р сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 452.531.917 төгрөг, зээлийн хүү 120.801.610 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.177.260 төгрөг, нийт 577.510.786 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани тус банкнаас 500.000.000 төгрөгийн зээлийг 2019 оны 06 сарын 28-нд зохих журмын дагуу авсан нь үнэн. Бид зээлийн төлбөрийг төлөхгүй байх ямар нэгэн асуудал гаргаагүй бөгөөд ажлын явц байдлыг тухай бүр тус банкны хариуцсан ажилтнуудад танилцуулан тайлбар мэдээлэл, бичиг баримтыг шаардсаны дагуу гарган өгч зээлийг төлөхөөр хамтран ажиллаж байсан. Мөн түүнчлэн 78.567.868 төгрөгийг тус банкинд төлсөн.

Бид дараах хэд хэдэн шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдал үүссэн. Үүнд:

1. Тус гэрээгээр авсан тендерийн ажлын хийгдэх ажлын тоо хэмжээ зөрүүтэй, зарим зайлшгүй хийгдэх ажлууд тендерийн бичиг баримтанд тусгагдаагүй байснаас бид нэмэлтээр 300.000.000 орчмын ажпыг хийсэн. Уг ажлын жагсаалт, тоо хэмжээ, үнэлгээ зэргийг тухайн үед ХААН банкинд гаргаж өгсөн. Тухайлбал, уг ажил нь нэг маягийн зураг, нэг маягийн төсвөөр дулаалах ажил, дээврийн ажил, хаалга цонхны ажил, халаат салхивчны ажил гэсэн 4 багц ажил байсан боловч улс төсвийн хүрэлцээгүйн улмаас 3 ажлыг хасаад зөвхөн дулаалгын ажлыг хийхээр тендер зарласан. Гэтэл дулаалгын ажилд багтаагүй дээврийн парпед төмөр, цонхны усны хаялга, цонхны амалгаа, тагтны амалгаа зэрэг ажлууд хасагдсан боловч эдгээр ажлуудыг зайлшгүй хийх ёстой тул хийхээс өөр аргагүй болсон. Мөн тендерийн бичиг баримтанд заасан зарим ажил нь тоо хэмжээний хувьд маш зөрүүтэй байсан. Тухайлбал, хаяавчийг 20 мм зузаантай цутгана гэсэн ба стандартаар бол 200-300 мм цутгадаг. Яг ажлыг хийхэд бид стандартын дагуу буюу 10 дахин зузаан цутгасан. Мөн хувь айлууд хийсэн стандарт бус дулаалгыг буулгах, хаяавчийг задлах зүсэх бутлах ажлыг тусгаагүй, тоо хэмжээ маш бага өгсөн зэргээс дээрх нэмэлт ажил, нэмэлт зардлыг манай компани хийж алдагдал үүрсэн.

2. Манай компани БНХАУ-ын Жиан су му, Су жоу хотын Да Шиан Хун Фэн Еэ, Канадын Giolex global Inc нартай албан ёсны төлөөлөгчийн гэрээг 2018 оны 05 сарын 19-д байгуулсан ба уг компаниас 2018 оны 06 сард ажил будаг захиалан 20000 доллар, гэрээний барьцаа 200.000 юань буюу тухайн үеийн ханшаар 130.000.000, албан ёсны борлуулагчийн дэлгүүрийн гэрээний засал, түрээсийн төлбөр 100.000.000 төгрөгийг авах байсан боловч Хятад дахь үйлдвэрийг өөр газар шилжүүлэх БНХАУ-ын Засгийн газрын шийдвэр гарсан тул албан ёсны төлөөлөгчийн гэрээг цуцлах болсон. Уг мөнгийг эргүүлэн авч зээлийг төлөхдөө ашиглах байсан боловч 2019 оны 01-р сарын 27-д дэлхий нийтээр тархсан КОВИД-19 цар тахлын улмаас Монгол улс хөл хорио тогтоон хилээ хаасны улмаас шинжээчид орж ирэх боломжгүй болсон. Уг мөнгө өнөөдрийг хүртэл хүлээгдэж байгаа. Энэ асуудлыг тухай бүр ХААН банкны хариуцсан ажилтанд мэдэгдэж шаардлагатай бичиг баримт, орчуулга зэргийг гаргаж өгч байсан.

3. Тендерийн бичиг баримт, Барилгын тухай хууль, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу уг гэрээт ажлын үнийн дүнгийн 5 хувьд гүйцэтгэлийн баталгаа гаргасан. Мөн 5 хувь нь нэг жилийн хугацаанд барьцаа хэлбэрээр захиалагч байгууллагад хүлээгдэж байдаг.

4. 2019 он дуусахад тухайн оны төсвийг зарцуулахгүй бол улс буцаан авах журамтай тул үлдэгдэл төсөв 10 хувь буюу 92,7 сая төгрөг байсныг 2019 оны 12-р сарын 30-д урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж Чингис хаанд банкинд байршуулсан. Бид ХААН банкинд өртэй, барьцаанд тавих хөрөнгөгүй тул Чингис хаан банкны уян хатан нөхцөлтэй байдлыг харгалзан үзээд уг банкинд урьдчилгаа төлбөрийн баталгаагаар байршуулсан. Гэтэл бид гэрээт ажлаа хийж дуусгаад 2020 оны 07-р сарын 23-д ажлаа хүлээлгэн өгсөн актыг гаргуулаад Чингис хаан банкинд очсон боловч уг банк төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдан, мөнгө гаргаж өгч чадахгүй байдалд орсон байсан. Бид уг асуудлаар Монгол банкинд хандсан боловч ямар нэг шийдвэртэй хариу гаргаагүй ба уг банкны асуудал өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаа болно.

5. Зээлийг төлөхийн тулд бид зүгээр суугаагүй бөгөөд 2019, 2020 онд ХААН банкинд гаргаж өгсөн нэр бүхий 5 ажил хийсэн. Уг ажлуудаас тодорхой төлбөрүүдийг хуваан төлөхөөр банктай тохиролцсон боловч 2020 онд тогтоосон цар тахлын хөл хорио, хязгаарлалтын улмаас улсын төсвийн бүрдүүлэлт муудаж санхүүжилтүүд саатсан. Улмаар зарим гэрээт ажлууд 2021 онд хийхээр болж хойшилсон нь бид санхүүгийн хувьд хүнд байдалд орох үндэслэл болсон.

6. Эрдэнэт үйлдвэрийн нийлүүлэлтийн 2 ажилд орсон боловч мөн дээрх шалтгааны улмаас гэрээ хойшилсон. Энэ бүхнээс үзэхэд манай компаний санхүүгийн байдал хүндрэхэд дэлхий нийтээр тархсан КОВИД-19 цар тахлын улмаас Монгол улс хилээ хаасан, хөл хорио тогтоосон байдал нөлөөлсөн.

2021 оны 04 сарын байдлаар үндсэн зээлийн төлбөр 452.537.917 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүгийн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2020-01-27-ны өдрөөс хөл хорио тогтоож хил хаасан, үйл ажиллагаа зогссон тул хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 06 сард хийсэн гэрээгээ шинэчлээд 2020-01-15-ны өдөр  дахин зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр. 2019 оны 06 сард авсан 500,000,000 төгрөгийн зээлийн ангиллыг өөрчлөх гэж гэрээгээ өөрчилсөн болохоос мөнгө нэмж аваагүй. Хаан банк 2019 оны гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 онд 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалаад нотариатаар орж бүртгүүлсэн. 2020 оны хэрэгжээгүй барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж авах хүсэлттэй байна. Үндсэн зээл 452.531.917 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, 2020 оны 1-р сараас хөл хорио тогтоосон учир төлөх боломжгүй болсон зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нарт холбогдуулан 2019-06-28-ны өдрийн тоот бизнесийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 452.531.917 төгрөг, зээлийн хүү 120.801.610 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.177.260 төгрөг, нийт 577.510.786 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нар нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 04 сарын байдлаар үндсэн зээлийн төлбөр 452.537.917 төгрөгийг  зөвшөөрч, хүүгийн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2020-01-27-ны өдрөөс хөл хорио тогтоож хил хаасан, үйл ажиллагаа зогссон тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

Хаан банк ХХК нь Ш ХХК, Д.Г, Н.Б /хамтран үүрэг гүйцэтгэгч/ нартай 2019-06-28-ны өдөр ЗГ-201944541189 дугаартай бизнесийн зээлийн гэрээг байгуулж, 500.000.000 төгрөгийг, жилийн 19.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, үндсэн зээлд 47.468.083 төгрөг, хүүнд 30.729.648 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 370.137 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээлийн үлдэгдэл нь 452.531.917 төгрөг үлдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 9 дүгээр сард төлбөрийг хийж, 2019 оны 10-р сараас гэрээний үүргийг биелүүлэхгүй зөрчил эхэлсэн байна.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчил үүссэн байхад зээлийн гэрээнд ямар нэг байдлаар нэмэлт өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардаж байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Харин хариуцагч Ш ХХК, хамтран эзэмшигч Н.Б нарын Хаан банкны  тоот дансанд орсон орлогоос 78.567.868,33 төгрөгийг 2019-08-07-ны өдрөөс 2021-01-29-ний өдрийг хүртэл хугацаанд таталт хийн зээлдэгч нарын үндсэн зээлээс хасалт хийж байсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 43 тал/

Хэдийгээр хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 1 жил гаруй хугацааны дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба зээлдүүлэгч нь бизнесийн зээлийн гэрээнд зааснаар үүргийн зөрчил гарсан даруйд тодорхой арга хэмжээг аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна. 

Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д “Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй” гэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээний хугацаа дууссан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 4.168.983 төгрөг, үндсэн зээл 452.531.917 төгрөг, нийт 456.700.900 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 120.809.887 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 заасныг тус тус баримтлан хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нараас 456.700.900 /дөрвөн зуун тавин зургаан сая долоон зуун мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 120.809.887 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.045.503,93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нараас 2.441.454 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХКолгосугай.  

3. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  101/ШЗ2021/05790 дүгээр захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА