Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01165

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01165

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/01297 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 577 510 786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ерөнхий Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш ХХК, тус компанийн захирал Д.Г, Н.Б нар Х ХХК-ийн Намъянжу тооцооны төвтэй 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201944541189 тоот бизнесийн зээлийн гэрээ, БГҮ/201944541189 тоот барьцааны гэрээг байгуулан, 500 000 000 төгрөгийг санхүүжилтийн зээлийн зориулалтаар жилийн 19.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, зээлдэн авсан. Зээлийн барьцаанд Ш ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204094531 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 14-р хороо, 14-р хороолол /13336/, Намъянжу гудамж, 49-р байр, 6 давхар, 9 тоот, 22 м.кв талбайтай оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204094529 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13336/, Намъянжу гудамж, 49-р байр, 6 давхар, 10 тоот, 43 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн өдөр Барилга, хот байгуулалтын яам, түүнийг төлөөлж төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Ш ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Г нартай №ШГ/201944541189 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ, №БГХ/201944541189 тоот Барьцааны гэрээнүүдийг байгуулан Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан 2019/99 тоот дугаартай, тендерийн дугаар: БХБЯ/201902111 Орон сууцны байрнуудын гадна дулаалга, дулааны техникийн шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5,6-р хорооны 5,12,16,41 дүгээр байрны/ ажлын гэрээг барьцаалсан. Зээлдэгчид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 47 468 083 төгрөг, зээлийн хүү 30 729 648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 370 137 төгрөг, нийт 78 567 868 төгрөг төлсөн. Зээлээ төлөхгүй байсан тул банкнаас зээлийг төлүүлэх талаар ажиллагаа хийж Төв банкны зээлийн дэд хороогоор тус зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлээр 12 сарын хугацаатай хөнгөлөлт 5 сар, жилийн 19.3 хувийн хүүтэй зээл рүү хөрвүүлэх шийдвэр гарсан тул зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр чөлөөлөн шинэ гэрээгээр барьцаалахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч нар ажлын санхүүжилтийн мөнгийг өөр банкны харилцах дансаар бүрэн авсан байсан бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Иймд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/201944541189 тоот бизнесийн зээлийн гэрээний 2.4.1, 2.4.3, 2.4.4.2, 2.4.5, 4.2.1, 4.2.6, 4.2.15, 4.3, 5.1.1, 5.1.13, 7.1, 7.6 дах заалт, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ШГ/201944541189 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.3.1, 2.3.3, 2.4.1, 2.4.2 дах заалтыг тус тус үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар хариуцагч нараас үндсэн зээл 452 531 917 төгрөг, зээлийн хүү 120 801 610 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 177 260 төгрөг, нийт 577 510 786 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг төлөхгүй байх ямар нэгэн асуудал гаргаагүй бөгөөд ажлын явц байдлыг тухай бүрт банкны хариуцсан ажилтнуудад танилцуулан тайлбар мэдээлэл, бичиг баримтыг шаардсаны дагуу гарган өгч зээлийг төлөхөөр хамтран ажиллаж байсан. Зээлийн төлбөрт 78 567 868 төгрөг төлсөн. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдал үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Гэрээгээр авсан тендерийн ажлын хийгдэх ажлын тоо хэмжээ зөрүүтэй, зарим зайлшгүй хийгдэх ажлууд тендерийн бичиг баримтанд тусгагдаагүйгээс нэмэлтээр 300 000 000 орчим төгрөгийн ажил хийсэн. Энэ талаарх ажлын жагсаалт, тоо хэмжээ, үнэлгээ зэргийг тухайн үед Хаан банкинд гаргаж өгсөн. Тухайлбал, уг ажил нь нэг маягийн зураг, нэг маягийн төсвөөр дулаалах ажил, дээврийн ажил, хаалга цонхны ажил, халаалт салхивчны ажил гэсэн 4 багц ажил байсан боловч улс төсвийн хүрэлцээгүйн улмаас 3 ажлыг хасаад зөвхөн дулаалгын ажлыг хийхээр тендер зарласан. Гэтэл дулаалгын ажилд багтаагүй дээврийн парпед төмөр, цонхны усны хаялга, цонхны амалгаа, тагтны амалгаа зэрэг ажлууд хасагдсан боловч эдгээр ажлуудыг зайлшгүй хийх ёстой байсан тул хийсэн. Мөн тендерийн бичиг баримтанд заасан зарим ажил нь тоо хэмжээний хувьд маш зөрүүтэй байсан. Хаяавчийг 20 мм зузаантай цутгана гэсэн ба стандартаар бол 200-300 мм цутгадаг. Ажлыг хийхэд стандартын дагуу буюу 10 дахин зузаан цутгасан. Мөн хувь айлууд хийсэн стандарт бус дулаалгыг буулгах, хаяавчийг задлах, зүсэх, бутлах ажлыг тусгаагүй, тоо хэмжээ маш бага өгсөн зэргээс нэмэлт ажил, нэмэлт зардлыг компани хийж алдагдал үүрсэн. БНХАУ-ын Жиан су му, Су жоу хотын Да Шиан Хун Фэн Еэ, Канадын Giolex global Inc нартай албан ёсны төлөөлөгчийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, уг гэрээгээр 2018 оны 06 сард ажил будаг захиалан 20 000 ам.доллар, гэрээний барьцаа 200 000 юань буюу тухайн үеийн ханшаар 130 000 000 төгрөг, албан ёсны борлуулагчийн дэлгүүрийн гэрээний засал, түрээсийн төлбөр 100 000 000 төгрөгийг авах байсан боловч Хятад дахь үйлдвэрийг өөр газар шилжүүлэх тухай БНХАУ-ын Засгийн газрын шийдвэр гарсан тул албан ёсны төлөөлөгчийн гэрээг цуцлах болсон. Уг мөнгийг эргүүлэн авч зээлийг төлөхдөө ашиглах байсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улс хөл хорио тогтоон хилээ хаасны улмаас шинжээчид орж ирэх боломжгүй болж, мөнгө өнөөдрийг хүртэл хүлээгдэж байгаа. Энэ асуудлыг тухай бүр Хаан банкны хариуцсан ажилтанд мэдэгдэж шаардлагатай бичиг баримт, орчуулга зэргийг гаргаж өгч байсан. Тендерийн бичиг баримт, Барилгын тухай хууль, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу уг гэрээт ажлын үнийн дүнгийн 5 хувьд гүйцэтгэлийн баталгаа гаргасан. Мөн 5 хувь нь нэг жилийн хугацаанд барьцаа хэлбэрээр захиалагч байгууллагад хүлээгдэж байдаг. 2019 он дуусахад тухайн оны төсвийг зарцуулахгүй бол улс буцаан авах журамтай тул үлдэгдэл төсөв 10 хувь буюу 92.7 сая төгрөг байсныг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж Чингис хаанд банкинд байршуулсан. Барьцаанд тавих хөрөнгөгүй тул Чингис хаан банкны уян хатан нөхцөлтэй байдлыг харгалзан үзээд уг банкинд урьдчилгаа төлбөрийн баталгаагаар байршуулсан. Гэтэл гэрээт ажлаа хийж дуусгаад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн актыг гаргуулж Чингис хаан банкинд очсон боловч тус банк төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдан, мөнгө гаргаж өгч чадахгүй байдалд орсон байсан. Энэ асуудлаар Монгол банкинд хандсан боловч ямар нэг хариу гаргаагүй ба уг банкны асуудал өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаа. Зээл төлөхийн тулд зүгээр суугаагүй бөгөөд 2019, 2020 онд Хаан банкинд гаргаж өгсөн нэр бүхий 5 ажил хийсэн. Уг ажлуудаас тодорхой төлбөрүүдийг хуваан төлөхөөр банктай тохиролцсон боловч 2020 онд тогтоосон цар тахлын хөл хорио, хязгаарлалтын улмаас улсын төсвийн бүрдүүлэлт муудаж санхүүжилтүүд саатсан. Улмаар зарим гэрээт ажлууд 2021 онд хийгдэхээр болж хойшилсон нь санхүүгийн хувьд хүнд байдалд орох үндэслэл болсон. Эрдэнэт үйлдвэрийн нийлүүлэлтийн 2 ажилд орсон боловч мөн дээрх шалтгааны улмаас гэрээ хойшилсон. Компанийн санхүүгийн байдал хүндрэхэд дэлхий нийтээр тархсан КОВИД-19 цар тахлын улмаас Монгол улс хилээ хаасан, хөл хорио тогтоосон байдал нөлөөлсөн. 2021 оны 04 дүгээр сарын байдлаар үндсэн зээлийн төлбөр 452 537 917 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хөл хорио тогтоож хил хаасан, үйл ажиллагаа зогссон тул хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 06 дугаар сард авсан 500 000 000 төгрөгийн зээлийн ангиллыг өөрчлөхөөр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан боловч нэмж зээл аваагүй. Хаан банк 2019 оны гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 онд 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалаад нотариатаар бүртгүүлсэн. 2020 оны хэрэгжээгүй барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж авах хүсэлттэй байна. Үндсэн зээл 452 531 917 төгрөгийг төлнө. Харин 2020 оны 01 дүгээр сараас хөл хорио тогтоосон учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэжээ. .

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нараас 456 700 900 /дөрвөн зуун тавин зургаан сая долоон зуун мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 120 809 887 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 045 503.93 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нараас 2 441 454 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2021/05790 дүгээр захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурджээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэргийн бодит байдалд нийцээгүй, нэг талыг хэт барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, Иргэний хуулийн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт ... Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлнэ, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна..., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч нар нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгч нарыг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Хариуцагч нар гүйцэтгэсэн ажлын санхүүжилтын мөнгө болох 927.7 сая төгрөгийг бүрэн олгож дууссан талаар захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №3/3531 албан тоотыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх харгалзан үзээгүй алдаа гаргасан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба зээлдүүлэгч нь бизнесийн зээлийн гэрээнд зааснаар үүргийн зөрчил гарсан даруйд арга хэмжээ аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна. гэж нэхэмжлэгчийн гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчимтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нарт холбогдуулан үндсэн зээлд 452 531 917 төгрөг, зээлийн хүүд 120 801 610 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 177 260 төгрөг, нийт 577 510 786 төгрөг нэхэмжилснээс хариуцагч тал үндсэн зээлийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зээлдэгчийг гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 120 809 887 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийг буруу тайлбарлажээ.

Хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Х ХХК-тай ЗГ/201944541189 дугаартай бизнесийн зээлийн болон барьцааны гэрээг, мөн өдөр Х ХХК нь Барилга хот байгуулалтын яам болон Ш ХХК-тай ШГ/201944541189 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 500 000 000 төгрөгийг санхүүжилтийн зээлийн зориулалтаар жилийн 19.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд барьцааны гэрээнд нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах, Ш ХХК болон Барилга хот байгуулалтын яамны хооронд хийгдсэн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2019/99 тоот тендерийн БХБЯ/201902111 тоот дугаартай орон сууцны байрнуудын гадна дулаалга, дулааны техникийн шинэчлэл ажлын гэрээний төлбөрийн шаардах эрхийг банк шилжүүлэн авч зээлийн төлбөрийг төлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 9-20/ Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэргийн 113-115 дугаар талд Х ХХК болон Ш ХХК, Д.Г нарын хооронд хийгдсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 500 000 000 төгрөгийг жилийн 19.3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх тухай зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ авагдсан байх боловч уг гэрээний талаар зохигчид гэрээ бодитоор хэрэгжээгүй, хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хүүг төлсөн тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулж, нэмж 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахаар тохиролцсон боловч гэрээ хэрэгжих боломжгүй болсон, тийм учраас уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж, нэхэмжлэгч нь зөвхөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд уг тайлбараа дэмжиж оролцсон.

Хариуцагч тал зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ 2019 оны 10 дугаар сараас эхлэн зөрчиж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 11, 42/

Хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 500 000 000 төгрөг, зээлийн хүүд 34 898 630.14 төгрөг, нийт 534 898 630.14 төгрөг төлөхөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 26 702 784 төгрөг төлж, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4 397 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 392 050 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 46 625 817 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 428 859 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 21 357 төгрөг, нийт 51 865 083 төгрөг тус тус төлсөн байна.

Талуудын байгуулсан гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно, 2.4.5-т зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заажээ. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/ 22 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч нь үүнийг үгүйсгэж маргаагүй. Мөн хариуцагч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа үндэслэлээ ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоон бизнесийн үйл ажиллагаа зогссон, төрийн байгууллагын зүгээс олгох санхүүжилт саатсан, гадаадаас орж ирэх мөнгө орж ирээгүй гэж тодорхой тайлбарласан байна. Нэхэмжлэгч банкны зүгээс үүрэг гүйцэтгэх талаар мэдэгдэл өгч байсан болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй, гэрээнд зааснаар үүргийн зөрчил гарсан даруйд тодорхой арга хэмжээ аваагүй гэж дүгнэн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээ нэмэгдэхэд зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхээ алдаагүй.

Дээрх байдлаар хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг зээлийн төлөлт хийсэн хугацаа тус бүрээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу тооцоход хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн хүүд 31 461 643 төгрөг төлөхөөс 26 702 784 төгрөг төлж, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 4 758 859 төгрөг байсан байна. Уг дүнгээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 4 397 000 төгрөгийг хасахад зээлийн хүүгийн үлдэгдэл 361 859 төгрөг байжээ.

Тэрээр гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлөгдсөн төлбөр тус бүрийг үндсэн зээлээс хасч тооцоход хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 22 хоногийн хүү 5 816 438 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 31 хоногийн хүү 8 195 890 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 26 хоногийн хүү 6 873 973 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 195 хоногийн хүү 51 554 795 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 27 хоногийн хүү 7 132 759 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 131 хоногийн хүү 31 377 390 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 9 хоногийн хүү 2 155 699 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 1 хоногийн хүү 239 295 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 6 хоногийн хүү 1 435 704 төгрөг, нийт 114 781 943 төгрөг төлөхөөр байх ба уг дүн дээр зээлийн хүүгийн үлдэгдэл 361 859 төгрөгийг нэмэхэд нийт 115 143 802 төгрөгийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү төлөгдөөгүй байна.

Харин хариуцагчийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 47 468 083 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 452 319 917 төгрөг байна. Иймд хариуцагч нь үндсэн зээлд 452 319 917 төгрөг, зээлийн хүүд 115 143 802 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23 028 760 төгрөг, нийт 590 492 479 төгрөг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 577 510 786 төгрөг нэхэмжилсэн тул энэ хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан талуудын зарчимд нийцнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч талыг дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 452 531 917 төгрөг, зээлийн хүүд 120 801 610 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 177 260 төгрөг төлөөгүй талаарх зээлийн бүртгэлийн карт гэх баримт ирүүлснийг зээлдэгчийн зүгээс няцаагаагүй болно. /хх 42/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/01297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш ХХК, Д.Г, Н.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 577 510 786 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 2.441.454 гэснийг 3 045 503 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 999 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ