Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 16

 

С.Цо-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Хариуцагч байгуулагын төлөөлөгч: С.******* Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Ж.До- Нарийн бичгийн дарга: Д.Ганчимэг нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 351 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******ы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Цо- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Тус аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс сахиул, галчаар томилогдон ажиллаж, ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгарч идэвх зүтгэлтэй ажиллаж байсан. Гэтэл тус байгууллагындаргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар намайг сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл тухайн тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг заажээ. 2016 оны намраас эхлэн дүн бүртгэгч Д.*******аа байгууллагын хашаанд өөрийн машинаа авч ирж тавьсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарах өдөр Д.*******аа нь миний машины 2 дугуйг намайг сольсон байна гэж байгууллагын хамт олонд хэлж гүтгэсэн байсан. Тухайн машиных нь дугуйг дүн бүртгэгч Д.*******аа, нөхөр Ц.******* өөрөө сольж авч явсан гэдгийг түүний нөхөр нь өөрт хэлээгүй юм уу, эсвэл мэдсэн ч намайг ажлаас халсны дараа өөрийн нөхрөө оруулахаар улайрсан Д.*******аагийн улаан цагаандаа гарсан үйлдэл ч байж болох бөгөөд тэр санасандаа хүрч одоо нөхөр нь миний оронд сахиулаар орж ажиллаж байгаа. Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хэлэхдээ архи уусан учраас ажлаас халлаа гэж хэлсэн. Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр ажлын цагаар архи уугаагүй бөгөөд орой ажил тарсны дараа 20 цагийн үед хөдөөнөөс хуриманд ирсэн хүмүүс манайд ирсэн. Тэр хүмүүстэй нэг шил архи уугаад тэр хүмүүс 21 цаг өнгөрөөгөөд манайхаас явсан. Тэгээд байж байтал 2 цагдаа тарвага хурааж, устгуулахаар ирсэн. Тэгээд надаас дарга болон ажилтнуудын утсыг асуухад би мэдэхгүй гэж хэлээд гэр лүүгээ орсон. Тэгээд тэр хүмүүс дарга руу яриад ажлынхан бүгдээрээ цуглаад тухайн тарвагыг устгасны дараа ажилчдын хурал хийсэн байсан. Тэр хуралд намайг оролцуулаагүй, өглөө ажил цугласны дараа намайг дуудаад ажлаас халлаа гэж хэлсэн. Миний байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын цагийг өдөрт 6 цаг, 7 хоногт 30 цаг байхаар заасан бөгөөд тус байгууллагын ажилчид ч өглөө 09 цагаас ажилдаа ирээд үдээс хойш 16 цаг цагт тардаг, миний ажлын цаг байгууллагын ажилчидтай адилхан өглөө 09 цагт эхлээд 16 цагт дуусдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд илүү цагаар болон шөнөөр ажиллахаар тусгаагүй, илүү цагаар болон шөнөөр ажилласны нэмэгдэл хөлс олгодоггүй мөртлөө ажил тарсны дараа оройн цагаар архи уусныгзөрчил гаргасан хэмээн ажлаас чөлөөлснийг өөрийнхөө архи уусан явдлыг зөвтгөөгүй ч ажил тарсны дараа оройн цагаар архи уусан байхад ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус төвийн даргын 2017 оны 08-р сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл, мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Цо- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Говь-Алтай аймгийнЗоонозын өвчин судлалын төвийн дарга нь хууль зөрчсөн тушаалаа халхавчилж, намайг шүүхэд хандсаны дараа өөрийнхөө алдааг засах гэж 2017 оны 08 сарын 16-ны өдөр гаргасан Б/13 тоот тушаалаа өөрчилж, мөн дээрх шигээ үндэслэлгүй 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан энэ тушаалаа надад танилцуулж, өгсөн мэтээр хариу тайлбартаа бичсэн байх бөгөөд миний бие ийм тушаал гарсныг мэдээгүй, уг хариу тайлбартай танилцахдаа энэ тушаалтай анх танилцлаа. Иймд дээрх 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн миний бие нь тус байгууллагад сахиул галчаар ажилладаг байсан. Дээрх тушаалуудад сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай гэсэн байх бөгөөд намайг галчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй мөртлөө 2017 оны 09 сарын 15-ны өдрөөс байгууллагын галлагаа эхэлсэн боловч галчаар ажиллуулахгүй байгаа болно. Иймд хавсарч ажиллаж байсан галчийн үүрэгт ажлын нэмэгдэл хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: С.Цо- нь ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаа 2017 оны 8 сарын 21-нд авч 24-нд байгууллагын хашаанаас нүүж явахдаа ЗӨСТ-ны даргын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаал буюу тус төвийн даргын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн С.Цо-ыг ажлаас чөлөөлөх Б/14 тоот тушаалаар хүчингүй болсон тушаалаар шүүхэд хандсан байна. Энэ нь энэ хүний ажлын хариуцлагагүй, аливаа ажилд хөнгөн хуумгай ханддагыг харуулж байна. Манай байгууллагын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалыг бичих явцад байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан Д.*******аа нь бичлэгийн алдаа гаргаж буруу бичснээ 2 хоногийн дараа буюу 2017 оны 08 сарын 18-нд нягтлан мэдэж тайлбарлан ирж, шинэ тушаалыг хууль журмын дагуу өмнөх бичлэгийн алдаатай тушаал болох Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, шинэ тушаал болох С.Цо-ыг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаал гаргаж байгууллагын архив, бичиг хэрэг хөтлөлтийн дэвтэрт бүртгэн баталгаажуулж ажилласан байдаг. Гэвч Д.*******аа тушаал бичих явцад буруу бичиж хайхрамжгүй хандсанбуруугаа хүлээж байгаа ч хүчингүй болсон тушаал нэхэмжлэгчид өгснөө нэхэмжлэгч С.Цо-ын буруугаас болсон гэж үзэж байгаа юм байна. Иймд С.Цо-ын байгууллагын хүчингүй болгосон тушаалаар шүүхэд хандсан хөнгөн хуумгай, хариуцлагагүй байдал нь нэхэмжлэгч С.Цо-, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан Д.*******аа нарын буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Цо- нь өөрийн төрсөн ах, эхнэрийн хамт 3-лаа манай байгууллагад ажилладаг тул манайх шиг 20 хүнтэй байгууллагын 15%-г гэр бүл ах дүүгээрээ эзлэн, ажилчдыг айлган сүрдүүлдэг, байгууллагын явуулж байгаа аливаа ажлын эсрэг хамт олныг турхирдаг, төрийн ажлыг цалгардуулдаг энэ байдлаасаа болж арга хэмжээ авахуулж байсан. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа нэхэмжлэлдээ миний архи уусан нь зөв, ажлын цаг дууссан байсан, төрийн тусгай албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явахад нь тэдэнд ажил болон ажилчид, удирдлагынхаа талаар болон тэдэнтэй яаж холбогдох мэдээлэл өгөөгүй саад хийсэн нь зөв гэж өөрийгөө өмөөрч зөвтгөж байгаа нь энэ хүн хаана ямар байгууллагад, ямар хариуцлагатай ажил хийж байгаа, өөрийн ажлын байрны тодорхойлолт, эрх үүргээ мэддэггүй, мэдсэн ч мэдээгүй царайлдаг, удаа дараа ажлын цагаар архидан согтуурч ажлын хариуцлага алдаж улмаар даажирч байгууллагын даргын өрөөнд орж агсам согтуу тавьж, сандлаар цохихыг завдсан. Иймд энэ хүнийг манай ажлын хариуцлага маш өндөр дэглэмийн байгууллага болох онцгой объектод ажиллах боломжгүй гэж байгууллагын хурал болон дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн юм.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2017 оны 18-ны өдөр ажилчдыг цуглуулж хурал хийж Б/14 тоот тушаалыг уншиж танилцуулсан. 2017 оны 08 сарын 21-ний өглөө 09 цаг 30 минутын орчим С.Цо- нь дахин согтуугаар байгууллагын даргын өрөөнд дайрч орж ирэн байгууллагын дарга С.*******ыг заналхийлж хэл амаар доромжлон сандлаар цохихыг завдан агсан согтуу тавьсан энэ үед бичиг хэргийн ажилтан Д.*******аа орж ирэн С.Цо-т хандан та ингэж болохгүй согтуу байгаа юм уу гээд тушаалыг өгөхөд та нарт хамаагүй гэж орилж хашгиран тушаалаа авахгүй шидээд хэл амаар доромжлоод гарч явсан. /Энэ үйлдлээрээ цагдаад шалгагдан зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авагдсан/ С.Цо- нь сахиулын үндсэн ажлаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Сэдийн Цо-ыг Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн сахиул галчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс нэхэмжлэгч С.Цо-ын ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19ний өдрийг хүртэл хугацааны цалин 4.650.708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цо-д олгож, Хөдөлмөрийн хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн галчийн үүрэгт ажлыг хавсарч гүйцэтгэх байсан үеийн нэмэгдэл хөлс болох 1.200.000 төгрөгийг хариуцагч байгууллага болох Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс гаргуулж нэхэмжлэгч С.Цо-д олгож, нэхэмжлэгчид олгох олговор 5.850.708 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувиар суутган зохих сан болон дансанд шилжүүлэхийг ажил олгогчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 178.761 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгтус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-нийөдрийн 351 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдахдаа ажил олгогч нь Б/14 дугаартай тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтад нэхэмжлэгч өөрийнх нь мөн хариуцагч гэрч нарын мэдүүлгээр ажлын цагаар архи уусан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилд эргүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргахдаа 2017 оны 08 дугаар сарын 16-наас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цалинтай тэнцэх олговор, галчийн ажлыг хавсран гүйцэтгэх үеийн нэмэгдэл хөлс 1.200.000 төгрөгийг тусд нь гаргаж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ...Иймд анхан шатны шүүхийн 351 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Манай байгууллага бол Монгол Улсын онцгой объект, дэглэмийн байгууллага гэж явагддаг. Тарваган тахал өвчин нь өндөр хорын чанартай нянгаар үүсгэгддэг. Олон улсын хөл хориотой өвчин юм. Манай Говь-Алтай аймаг бол тарваган тахлын голомтод нутгаараа улсад нэгдүгээрт ордог. Энэ голомтод нутаг болох Эрдэнэ, Чандмань, Цогтын нутгаас олдсон тарваган тахлын сэгээс амьд цагаан хулгана дээр халдваржуулалт хийгээд, өндөр харуул хамгаалалттай ажиллаж байсан. Энэ үед нэхэмжлэгч нь байгууллагын эзэнгүй орхиж, архидан согтуурсан байдаг. Үүнээс болж Говь-Алтай аймгийн болон Монгол Улсын ард иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсэх эрсдэлтэй учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгаа. Сахиул нь галчийг хавсран гүйцэтгэдэг болохоос биш цалингийн санд галчийн цалин гэж ирдэггүй. Ингэхдээ жил бүрийн 01 тушаал дээр тийм хүн галчийн ажлыг хавсран гүйцэтгээд, 150000 төгрөгийн нэмэгдэл авна гэж оруулдаг. Иймд 150000 төгрөг нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр сахиулын цалинтай хамт бичигдээд, нийлбэр дүнгээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл бодогддог юм. Ийм учраас нэхэмжлэгч нь галчийн цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд, 08 дугаар сарын 20-ны өдөр ирж тушаалаа авахдаа согтуу ирж, надад агсам тавьж, хэл амаар доромжилж, зодохыг завдсан. Энэ зөрчил нь Цагдаагийн байгууллагаар баталгаажаад, Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээ авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь таг чиг алга болсон. Тэгээд 09 дүгээр сарын 15-ны өдөр нэгдсэн халаалт эхлэхэд галлагааг дараагийн хүн хийгээд явсан юм. Маргаан бүхий тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон хөдөлмөрийн дотоод журмын ажлын байран дээр архидан согтуурсан гэсэн заалтыг үндэслэл болгосон. Гэтэл анхан шатны шүүхээс заавал ямар зөрчил гаргасан гэдгийг дурдаагүй гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ж.До- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 351 дүгээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөөд давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч байгууллага нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэдэг. Энэ дүгнэлт бол үндэслэлгүй юм. Үүнийг хариуцагч тайлбарлахдаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын хурал дээр нэхэмжлэгчид тушаалыг уншиж танилцуулсан. Мөн нэхэмжлэгчийг дуудаж, тушаалыг гардуулж өгөхөд өөрөө авахгүй явсан байдаг. Ийм учраас Б/14 тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх үндэслэл болохгүй. Мөн ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтан нь ямар зөрчил гаргасныг дурдаагүй гэж дүгнэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны тогтоолд зааснаар ажилтанг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заавал дурдах ёстой гэсэн хуулийн шаардлагын дагуу маргаан бүхий тушаалыг гаргасан. Энэ байдлыг анхан шатны шүүх үнэлээгүй. Тэгэхээр ажлаас чөлөөлсөн тушаалд ажилтны гаргасан зөрчлийг заавал дурдах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй байна. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргахдаа 2017 оны 08 дугаар сарын 16-наас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цалинтай тэнцэх хэмжээний олговор, галчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан нэмэгдэл болох 1.200.000 төгрөгийг тусд нь олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нь С.Цо- нь сахиулаар ажиллаж байсан. Тухайн үед ажлын байран дээр галч гэсэн орон тоо, бүтэц байхгүй. Мөн галчийн цалингийн төсөв гэж байдаггүй. Сахиулын ажлын байрны тодорхойлолтод зааснаар сахиул хүн галлагааны хувьд галчийг хавсарч хийж, нэмэгдэл 150000 төгрөг авдаг юм. Ингээд нэхэмжлэгчийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Харин галлагааны үе бол 2017 оны 09 дүгээр сарын 15-аас эхэлж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч нь галч хийе гэж ирээгүй. Байгууллага нь галлагааны асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр хүнийг ажиллуулах нь зөв юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ намайг галчаар ажиллуулаагүй, тиймээс галчийн цалингаа авъя гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3 дахь зүйлд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүрэг үүсээгүй байхад хэргийн материалтай танилцаад явсан. Учир нь анхны шүүх хуралдаан дээр итгэмжлэлээ гаргаж өгсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4 дэх талд Хөдөлмөрийн тухай хуулийн 41.5, 41.4 гэж алдаатай бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гараагүй учраас уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах гомдол гаргасан.

Ажилтан нь ажлын байран дээр архи уусан гэдэг үндэслэлээр ажил олгогч ажлаас чөлөөлсөн байдаг. Ажилтны архи уусан байдлыг гэрч Одонзул, хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх зохигчидын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч С.Цо- хариуцагч Говь-Алтай аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстөй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлсэнийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Эрүүл мэндийн сайдын А/161 тоот тушаал, Байгууллагын дотоод журмын 7.4, 8.13 дахь заалт зэргийг үндэслэн С.Цо-ыг тус байгууллагын сахиул, галчийн ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалаараа өмнө нь гаргасан Б/13 тоот тушаалаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болгон залруулсаныг буруутгах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар С.Цо- нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй учраас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Цо-ыг энэ үндэслэлээр Говь-Алтай аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвийн сахиул, галчийн ажилд эгүүлэн тогтоосон нь буруу биш байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Цо-ын сахиул, галчийн ажлыг хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл хөлс нь түүний цалин хөлс-нд тооцогдох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг анхаараагүй байна.

Нэхэмжлэгч С.Цо-ын цалин хөлс нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бүрэн бичигдсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн цалин хөлснөөс бодож олгосон атлаа дахин нэмэгдэл хөлс тооцож гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд галчийн ажлыг хавсран гүйцэтгэсэний хөлсийг тусад нь тооцож, ажилгүй байсан олговор дээр нэмж гаргуулсан нь давхардсан байх тул ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл хөлс 1.200.000 төгрөгийг хасч, шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 351 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

Шийдвэрийн 4, 5, 6, 7 дугаар заалтын дугаарыг 3, 4, 5, 6 гэж, Шийдвэрийн 3 заалтын 5.850.708 төгрөг гэснийг 4.650.708 төгрөг гэж, Шийдвэрийн 4 дэх заалтын 178.761 төгрөг гэснийг 89.361 төгрөг гэж тус тус шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР