Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/886

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006013190885 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ж овгийн Бийн Б, 1972 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид г-14 дүгээр гудамжны 266 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Бийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Хтай түр зуурын үл ойлголцол болж, Х нь миний хөл муутайг далимдуулж, үг хэлээр доромжилж, миний машиныг цохиж, номерыг нь хуулах гэж оролдож танхайрсан бөгөөд тухайн үед эвлэрэлд хүрэх гэж оролдохгүй байсан. Энэ явдлаас сар гаран хугацааны дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн байцаагч, дэслэгч Отгонбаяр гэнэт дуудаж гэрчийн мэдүүлэг өг гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа яллах дүгнэлт, хэргийн материалтай танилц гэсний дагуу очиход яллагдагч болчихсон байсан. Би байцаагч Отгонбаяр болон прокурор Мөнхтуяа нарт хандаж “би гомдол гаргамаар байна” гэхэд “бид таны гомдлыг өөрийн шугамаар авч өгнө” гэж худлаа хэлэн яллах дүгнэлт үйлдэж намайг яллагдагч болгосон. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүгч Мөнхтуяагийн даргалсан шүүх хуралдаанаар намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол гарсан. Тухайн үед иргэн Х нь танхайрч, намайг болон эхнэрийг маань “гөлөг” гэж хараасан. Мөн намайг боосны улмаас хүзүү, хоолой хүрэн болсон боловч би цагдаа, шүүхэд хандаагүй билээ. Миний бие өөрийн буруугүй гэдгийг цагдаа, прокурор, шүүхэд хэлсэн боловч нэмэр болсонгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг худал гэж үзэж байна. Г.Х надтай тааралдахдаа зүүн дээд чамархай нь шалбархай, хамар нь нь мурий явж байсан. Тухайн үед “корона” вирус гарчихсан, хүн бүр маск зүүсэн байхад Г.Хяугбаатар маскгүй байсан. Иймд түүнийг хуучин гэмтэлтэй байсан гэж үзэж байна. Түүнчлэн би эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Том охин маань хөгжлийн бэрхшээлтэй, улсын асрамжид байдаг. Би өөрөө 7 жилийн өмнө хөлөө гэмтээгээд хазганаж явдаг болсон. Миний энэ байдлыг далимдуулж гудамжинд хүн намайг “гөлөг” гэж дуудсан. Хохирогч нь би байхад Г.Х цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргасанд гомдолтой байна. Иймд миний бие хохирогч бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дээрх байдлыг минь харгалзан үзэж, намайг буруугүй гэдгийг нотолж, асуудлыг маань шийдэж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Хын “...”Sonata 6” загварын автомашинтай төв замаас орон сууц руу эргээд явж байсан чинь өөдөөс орон сууц талаас “Prius 20” загварын автомашин гарч ирээд хажуугаар зөрөх зай байсаар байтал ... намайг “пизда минь чи гараачээ, муу сайн таксийчид” гэсэн. Би “гөлөг минь чи наад автомашинаа унаж чадахгүй юм бол зогсоолд тавиач” гэхэд автомашины жолооч шууд бууж ирээд цонхоор миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь хамарнаас цус гарсан. Тэгээд ... би машиных нь урд зогсоод цагдаа дуудсан чинь зугтаагаад явсан. ...” /хх 10-14/,

гэрч Б.Дэжидмаагийн “...45 орчим насны эрэгтэй хүн манай автомашинтай зөрөлдөх хангалттай зай байсаар байтал манай автомашиныг жолоодож явсан нөхөр Бтай зөрөхгүй, хэл амаар доромжилж, ... Б автомашинаасаа буугаад тэр залуугийн автомашин дээр очоод барьцалдаад авсан. ...” /хх 26-28/,

Б.Бы яллагдагчаар өгсөн “...45 орчим насны эрэгтэй хүн манай автомашинтай зөрөх хангалттай зай байсаар байтал манай автомашинтай зөрөхгүй, хэл амаар ... доромжлоод байхаар нь би автомашинаасаа буугаад тэр залуугийн автомашин дээр очоод барьцалдаад авахдаа зүүн гараараа нүүрэн тус газар 1 удаа цохисон. ...” /хх 41-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2720 дугаартай “...Г.Хын биед хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 17-18/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бы хохирогч Г.Хтай маргалдах явцдаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Б.Бы “...Миний бие өөрийн буруугүй гэдгийг цагдаа, прокурор, шүүхэд хэлсэн боловч нэмэр болсонгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг худал гэж үзэж байна. Г.Х надтай тааралдахдаа зүүн дээд чамархай нь шалбархай, хамар нь нь мурий явж байсан. ...Миний бие хохирогч бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дээрх байдлыг минь харгалзан үзэж, намайг буруугүй гэдгийг нотолж, асуудлыг маань шийдэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт шаардлагатай гэрч нарыг асууж тодруулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн гэм буруугийн талаар тодорхой мэдүүлжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/912 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ