Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        05          15                                        2020/ШЦТ/912

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж. овогт Б.ийн Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01319 0885 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1972 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Ж. овогт Б.ийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Х.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Би он, сарыг нь сайн санахгүй байна. Бүтэн сайн өдөр байсан. Хүүхдийн бие өвдөөд би Эх нялхасын эмнэлэг рүү өөрийн эхнэр Дэжидмаа, 6 настай хүү Баттүшиг, 2 нас гарантай охин Эрдэнэгүнж, хөгжлийн бэрхшээлтэй охин 22 настай Болормаагийн хамт явж байсан. Рояал Хаусын хойд талын Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн арын 2 эгнээ замын баруун гар талын хойд талын нэгдүгээр эгнээнд дүүрэн машин тавьчихсан байсан. Нэлээн чөлөөтэй байхаар нь явж байсан чинь Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн ард иртэл төв замаас машин ороод ирсэн. Тэгэхээр нь хажуу тийшээ кармаа руу орж зай тавьж өгчихөөд “яваач” гэсэн чинь өмнөөс ирсэн машины жолооч “гөлөг минь гөлөгнүүдээ аваад зайлаач” гэж доромжилсон. Миний урдаас, төв зам талаас дахиад машинууд ороод ирсэн. Соната загварын машин байсан. Би машинаа зогсоочихоод очоод “чи хөгшөөн явчихаач” гээд гуйсан чинь Х. “гөлөг минь чамайг ална шүү” гэж дайрсан. Хуяг-Очир өргөдөл, гомдол гаргахдаа дандаа худлаа гаргасан. Отгонбаяр байцаагч намайг “та нэг ирээд гэрчийн мэдүүлэг өгчихөөч” гэсэн чинь би яллагдагч болчихсон явж байна. Би үүнд гомдолтой байна. Гомдол гаргах ёстой хүн нь би гэж байцаагч, прокурорт удаа дараа хэлсэн боловч “бид нар өөрсдийнхөө шугамаар тэр хүнд арга хэмжээ авна” гэж хэлж байгаа боловч одоог хүртэл авсан зүйл байгаа эсэхийг мэдмээр байна. Хэрэг болсон гэх өдөр Х. эхлээд хэрүүл өдөж намайг дуудаж, хөл муутай намайг заамдаж арын машин дээр дарж унагааж, бусад машины жолооч нар салгасан чинь миний машины номерыг хуулах гэж дайрсан. Ер нь бол би хохирсон хүн нь байгаа. Гэтэл Х. нь өргөдөл гомдол гаргахдаа “намайг цохисон, машины арыг хонхойтол цохисон” гэсэн байсан. Би хэрэгтэй танилцаагүй байж байгаад сүүлд яллах дүгнэлттэй танилцахаар очиход “намайг цохисон, машиныг хонхойтол цохисон” гэж өргөдөл гаргаж, мэдүүлэг өгсөн байсан. Би тухайн үед эвлэрчих байх гэж бодоод Х.ын машин дээр очиж 2-3 удаа уулзах гэсэн боловч таксинд явж байгаа бололтой нэг залуухан эмэгтэй суулгачихсан таксиныхаа мөнгийг авч байсан. Хэрэгт “хувийн таарамжгүй харьцаа” гэж бичсэн байсан. Би Х.ыг ерөөсөө таньдаггүй, хувийн ямар ч харилцаа байхгүй. Бид хоёр нийгмийн жижиг маргаанаас болж муудалцсан нь үнэн. Би хохирогч. Өргөдөл, гомдол гаргаж явах ёстой хүн нь би байгаа. Би энэ талаараа өргөдөл, гомдол гаргамаар байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Х. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17:00 цагийн орчимд Рояал Хаусын хойд талын нэг урсгалтай зам дээр 4213 УБГ улсын дугаартай Соната-8 маркийн автомашинтайгаа төв замаас орон сууцны хороолол руу эргээд явж байсан чинь өөдөөс орон сууц талаас 4918 УБН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Пруис-20 автомашин гарч ирээд хажуугаар зөрөх зай байсаар байтал машинаа холдуул гэсэн. Урд машин тулсан байна гэсэн чинь намайг “пизда минь чи гарчихаач ээ, муу сайн таксичид” гэсэн. Би “гөлөг минь чи наад автомашинаа унаж чадахгүй юм бол зогсоолд тавьчихаач ээ” гэхэд автомашины жолооч шууд бууж ирээд цонхоор миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь хамарнаас цус гарсан. Тэгээд би түлхэж буугаад харилцан барилцаж авсан, хойд урд талын жолооч нар салгасан. Тэгээд би машиных нь урд зогсоод цагдаа дуудсан чинь зугатаагаад явсан. Би хүнд зодуулсандаа гомдолтой байна. Би тухайн үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн лүү үзүүлэхээр явсан. Өөр ямар нэгэн эмнэлэгт үзүүлж харуулсан зүйл байхгүй. Компьютер томографийн зураг авахуулаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/,

- Гэрч Б.Дэжидмаагийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17:00 цагийн үед би нөхөр С.Б., хүү Батхишиг нарын хамт Рояал Хаусын хойд талын зам дээр 4918 УБН тээврийн хэрэгсэлтэй явж байхад эсрэг урсгалд цагаан өнгийн автомашин жолоодож явж байсан 45 орчим насны эрэгтэй хүн манай автомашинтай зөрөлдөх хангалттай зай байсаар байтал манай автомашиныг жолоодож явсан нөхөр С.Б.тай зөрөлдөхгүй, хэл амаар доромжилж, тэр цагаан автомашины жолооч нөхөр бид хоёрыг “гөлөгнүүд ээ, яваач, ямбий сэг уначихаад” гээд хэлэхэд С.Б. автомашинаасаа буугаад тэр залуугийн автомашин дээр очоод барьцалдаад авсан. Тэгтэл урд, хойно байсан автомашины жолооч нар тэр хоёрыг салгасан. Тухайн үед манай нөхөр С.Б. нь Х. гэх хүнтэй хоорондоо барьцалдаж байхыг нь харсан, харин нэг нэгнийгээ цохисон, зодолдсон зүйл олж хараагүй. Манай нөхөр С.Б.ыг Х. нь “гөлөг өө, яваач ээ” гэж хэлснээс болж маргалдсан. Манай нөхөр С.Б.ы биед ил харагдах гэмтэл байхгүй байсан. Харин Х. гэх хүний нүүр нь хөмсөгний гол хэсэгтээ шалбарч улайсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2720 тоот: “Г.Х.ын биед хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.” гэжээ /хх-ийн 17-18/,

- Б.Б.ы яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17:00 цагийн үед эхнэр Дэжидмаа, 6 настай хүү Баттүшиг, 2 настай охин Эрдэнэгүнж, 22 настай хөгжлийн бэрхшээлтэй охин Болормаа нарын хамт Рояал Хаусын хойд талын зам дээр 4918 УБН тээврийн хэрэгсэлтэй явж байхад эсрэг урсгалд мөнгөлөг өнгийн автомашин жолоодон явж байсан 45 орчим насны эрэгтэй хүн манай автомашинтай зөрөлдөх хангалттай зай байсаар байтал манай автомашинтай зөрөлдөхгүй хэл амаар доромжилж, эхнэр бид хоёрыг “гөлөгнүүд ээ, яваач, зайлаарай, хуванцар уначихаад” гээд доромжлоод байхаар нь би автомашинаасаа буугаад тэр залуугийн автомашин дээр очоод барьцалдаад авахдаа зүүн гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Харин тэр жолооч машинаасаа бууж ирээд намайг миний ард талд зогсч байсан автомашины хамар дээр боож, миний малгайг авч шидсэн. Тэгтэл урд хойно байсан автомашины жолооч нар бид хоёрыг салгасан. Тэр мөнгөлөг автомашины жолооч миний автомашины номерыг хуулах гэж оролдсон. Харин урд хойд талд зогсч байсан жолооч нар тэр залууг болиулсан. Тухайн үед би Х. гэх хүний нүүрэн тус газар 1 удаа зүүн гараараа цохисон. Х. нь намайг “гөлөг өө, яваач ээ” гэж хэлснээс болж маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Б.Б. нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Х.тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Х., гэрч Б.Дэжидмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2720 тоот дүгнэлт, Б.Б.ы яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь “ Би хохирогч. Өргөдөл, гомдол гаргаж явах ёстой хүн нь би байгаа” гэж мдүүлэх боловч хэрэгт ямар Г.Х.т зодуулсан гэх талаар гомдол гаргаж байгаагүй байна.Мөн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2720 тоот : “Г.Х.ын биед хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,тухайн үед үүсгэгдсэн шинэ гэмтэл болохыг тогтоожээ.

Шүүгдэгч Б.Б.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Г.Х. нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул Б.Б. нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж. овогт  Б.ийн Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА