Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01746

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Эвсэг-57 СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ЭЭСЖ” ХХК-д холбогдох

70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Жамбалдорж, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд , шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭЭСЖ” ХХК ийн захирал С.Цэцэгээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяагийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/027 шийдвэрээр 1,436,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр олдохгүй эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн мөнгийг гаргуулж Эвсэг -57 СӨХ-ийн Голомт банкны 0000000 тоот дансанд хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Эвсэн-57 СӨХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ЭЭСЖ” ХХК-д холбогдох 70,200 төгрөг гаргуулах тухай шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч “ЭЭСЖ” ХХК нь нэхэмжлэгч Эвсэг-57 СӨХ-тэй хуулийн болон гэрээнд заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцсон, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй. Эвсэг-57 СӨХ нь “ЭЭСЖ” ХХК-ийг үндэслэлгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/027 шийдвэрээр эрэн сурвалжлуулсан байна. Иймд хариуцагч нь “ЭЭСЖ” ХХК нь хууль, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид ямар нэгэн үүрэгжүүлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдоос шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эвсэг-57 СӨХ нь хариуцагч Эм Эн Си Жи ХХК-д холбогдуулан шүүхэд эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч “ЭЭСЖ” ХХК нэхэмжлэгчийн өмнө хууль буюу гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээгээгүй, үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Эвсэг-57 СӨХ нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Эм Эн Си Жи”ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаснаар тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02700 дугаар шийдвэрээр хуулийн этгээдийг эрэн сурвалжилжээ./хх-ийн 5 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “ЭЭСЖ” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлсөн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02700 дугаар шийдвэрийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.,2 дахь хэсэгт заасныыр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.”  гэж заасан.

Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь: эрх зүйн маргааныг шүүх  хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигчдоос төлж байгаа мөнгөн төлбөрийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж буй мөнгөн хөрөнгө гэж ойлгоно. Шүүхийн зардлыг хэргийг шийдвэрлэх үед хэрхэн хувиарлах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд нэхэмжлэгчээс эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Эвсэг-57 СӨХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭЭСЖ” ХХК-д холбогдох 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.,2 дахь хэсэгт заасныыр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ