Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01330

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01330

 

Э- СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01746 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э- СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Э Э- ХХК-д холбогдох хохиролд 70 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э Э- ХХК-аас 1 436 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн төлөөлөгч нь хаягтаа байхгүй гэсэн тул түүнийг эрэн сурвалжуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/027 шийдвэрээр Э Э- ХХК-ийн захирлыг эрэн сурвалжилсан. Уг хүсэлтийг гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг Э Э- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Э Э- ХХК нь Э- СӨХ-той хуулийн болон гэрээнд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул тус СӨХ-ны өмнө хүлээсэн үүрэггүй болно. Э- СӨХ нь Э Э- ХХК-ийг үндэслэлгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/027 шийдвэрээр эрэн сурвалжлуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э- СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Э Э- ХХК /рд:2021625/-д холбогдох 70 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Э Э- ХХК нь 2010 онд барилга барьж өгөхдөө цахилгаанаар хангах дэд станц бариагүй, барилгын гадна талын кабелийн ашиглалтыг шилжүүлээгүй болон Төрийн өмчийн хорооны тогтоол гараагүй байхад Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн гэрээнд барилгын гадна тэжээлийн 380В 3 фазын кабелийн ашиглалтыг хариуцахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2/1380 дугаар албан бичигт дурдсан. Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Э Э- ХХК-тай гэрээ хийхдээ 7 зүйлийг дутуу бүрдүүлж, байрны оршин суугчдын цахилгаан хангамжийг шилжүүлсэн. Манай байрны 380В цахилгаан хангах кабель аль хэсэгтээ гэмтсэн олдохгүй байгаа тул тус кабелийг засварлах зардалд 1 436 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Гэвч Э Э- ХХК нь хаягтаа байхгүйн улмаас тус компанийн захирлыг эрэн сурвалжуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Иймд Э Э- ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э- СӨХ нь хариуцагч Э Э- ХХК-д холбогдуулан тус компани болон түүний захирал Ч.Буянхишигийг эрэн сурвалжуулах хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02700 дугаар шийдвэрээр Э Э- ХХК болон түүний захирал Ч.Буянхишигийг эрэн сурвалжилж, нэхэмжлэгч Э- СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх-5/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулснаас дүгнэвэл үүрэг гүйцэтгэгчийн хохирол төлөх үндэслэл нь үүргийн зөрчил, уг зөрчилд гэм буруутай байх юм.

Гэвч хариуцагч Э Э- ХХК нь нэхэмжлэгч Э- СӨХ-ны өмнө ямар үүрэг хүлээсэн ньтодорхойгүй тул хохирол шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э Э- ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байх ба уг үүргээ гүйцэтгээгүй байх, үүргээ гүйцэтгээгүй нь түүний буруугаас болсон, улмаар үүргийн зөрчилтэй холбоотой хохирол үүрэг гүйцэтгүүлэгчид үүссэн байх шалгаант нөхцөлд хохирол төлөгдөх учиртай.

Иймд нэхэмжлэгч Э- СӨХ нь хариуцагч Э Э- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА