Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/01416

 

 

 

 

 

 

 

 

                         2021           05            18

101/ШШ2021/01416                                

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 60 дугаар байр, 47 тоот хаягт оршин суух Хул адуут овогт Самбуугийн Ганхуяг /РД:ХЗ69082577/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 хэсэг 23-1154 тоот хаягт оршин суух Цагаагчин овогт Гомбын Баярцэцэг /УД79082901/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 60 дугаар байр, 47 тоот хаягт оршин суух Боржигон овогт Шаравдоржийн Нармандах /РД:ЙС79081017/-д холбогдох,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн мөнгө, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, алданги, хүүгийн төлбөрт нийт 109,852,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг, алдангид 16,500,000 төгрөг, гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 16,903,000 төгрөг, нийт 33,403,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Баярцэцэг, С.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баярцэцэг, С.Ганхуяг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид нар хариуцагчийн байр зарна гэсэн зарын дагуу 2015 оны 11-р сарын 03-нд Баянзүрх дүүргийн 25-р хороо Жалханз хутагт Дамдинбазрын гудамжид 60-р байрны 47 тоот 1 өрөө 36,7 мкв орон сууцыг худалдан авахаар болсон. Ингээд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч үргэлжлүүлэн төлсөөр 2018 оны 5 сарын 25-ны өдөр гэхэд 29,000,000 төгрөгийг цувуулан өгсөн байдаг.

Гэвч Ш.Нармандах нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж дураараа авирлан биднийг орон сууцанд оруулахгүйгээр үргэлжлүүлэн бусдад сарын 500,000 төгрөгөөр түрээслэн их хэмжээний ашиг давхар олж, биднийг хохироож өдий хүрлээ.

Бид 2018 оны 5 сарын 25-аас хойш нийтийн байр, орон сууцанд амьдран 7 сая гаруй төгрөгийн төлбөр төлж хохироод байна. Мөн Голомт банкны зээлд 3.072.000 төгрөг төлсөн. Дээр нь уг нэг өрөө орон сууцыг 2 өрөө болгож тохижуулахад 800,000 төгрөгийн зардал гарсан.

Иймд 58,195,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан авч өгнө үү гэжээ.

      

         Нэхэмжлэгч Г.Баярцэцэг, С.Ганхуяг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сарын 03-ны өдөр зарын дагуу байр үзэж, уг байрыг зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд тус байранд амьдарч байгаад 2018 оны 5 сарын 25-ны өдөр байрнаас гарсан.

Бидний зүгээс байрны төлбөрийг хүүтэй төлөхөөр хариуцагчтай тохиролцож гэрээ байгуулсан. Бэлэн болон дансаар байнга мөнгө төлдөг байсан. Сүүлдээ хариуцагч дэлгүүр дээр ирээд л талх өндөг хүртэл аваад явдаг болсон. Энэ байдлаас болж одоо идэх хоол, ундгүй өлөн хоосон амьдарч байна.

Ингээд бид сүүлдээ мөнгөө хугацаандаа төлж чадахгүй болж, хааяа тодорхой хэмжээний хуримтлал өр үүсгээд тэрийгээ төлж явсаар сүүлдээ төлж чадахгүй болсон. Ш.Нармандах нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж дураараа авирлан биднийг орон сууцанд амьдруулахгүй болж 2010 оны 5 сарын 25-ны өдөр бусадтай түрээсийн гэрээ байгуулж, 550,000 төгрөгөөр түрээсэлж их хэмжээний ашиг олж, сүүлдээ энэ орон сууцаа бусдад зарсан.

Манай гэр бүл 2018 оны 5-р сарын 25-ны өдрөөс хойш нийтийн байр түрээслэн амьдарч түрээсийн төлбөрт 11,850,000 төгрөгийг төлж хохироод байна. Хариуцагчийн байранд амьдарч байх хугацаандаа 1 өрөө орон сууцыг 2 өрөө болгож завсарлахад 800,000 төгрөг зарцуулсан.

Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа ажиллагааны явцад 30,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Энэ хугацаанд хариуцагчийн Голомт банкны орон сууцны зээлэнд 12,989,000 төгрөг төлсөн. Үүний 6,808,000 төгрөгийг үндсэн зээлд, 6,181,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт хариуцагчид өөрт нь өгч байсан. Мөн хариуцагчийн Хаан банкны дансаар 22,793,000 төгрөг, мөн капитрон банкаар 1,540,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн бэлнээр 1,480,000 төгрөгийг хариуцагчид өгсөн.

Нэгэнт гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул бид өгсөн мөнгөө хүү, алдангитай нь хариуцагчаас буцааж авах нэхэмжлэл гаргаж байна.

 Хариуцагч нь 2018 оны 5-р сарын 25-наас хойш бусдад түрээсэлж их хэмжээний ашиг олсон ба энэ ашгийн 50 хувь болох 9,900,000 төгрөгийг бид авах ёстой гэж үзэж байна.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.8-т заасан орон сууцыг буцаан авсан боловч мөнгийг буцаан олгохгүй бол 7 хоног өнгөрсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги нэмж төлнө гэж заасны дагуу 29,000,000 төгрөгийн 50 хувь болох 14,500,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Гэхдээ энэ 29,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Учир нь доорх шаардлагууд дотор явж байгаа тул нэхэмжлэхгүй. Харин энэ үнийн дүнгээс алданги гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь бид нараас үлдсэн мөнгийг хүүтэй авна гээд хүү алдангийг дэвтэр дээр нь бичиж авдаг байсан. Эхний 4 сар авах мөнгөндөө 2,8 хувийн хүү авна гэж гэрээ байгуулаад 21,130,000 төгрөг өгөхөөр байсан тул 23,000,000 төгрөг болгож гэрээ байгуулсан. 5 дахь сараас нь 3 хувийн хүү бодно гээд 2016 оны 1-р сары 6-ны өдөр 591,000 төгрөгийн хүү тооцож авсан. 2016 оны 1-р сарын 10-нд 582,428 төгрөгийн хүү бодож авсан гэх мэтээр мөнгө авсан үйлдэлд нь 16 сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд энэ мөнгөө буцааж өгөөгүй тул 50 хувьтай нь тэнцэх алданги болох 8 сая төгрөгийг нэхэмжилж байна.

Ингээд бэлнээр өгсөн 10,000,000 төгрөг, Хаан банкны дансаар шилжүүлсэн 22,793,140 төгрөг, хариуцагчийн Голомт банкинд төлөх мөнгийг түүнд төлж дансаар болон бэлнээр өгсөн 12,989,000 төгрөг, бэлэн өгсөн 1,480,000 төгрөг, Капитрон банкаар шилжүүлсэн 1,540,000 төгрөг, Ш.Нармандахад өөрт нь хүүтэй өгч байсан 16,000,000 төгрөг, үүний алданги 8,000,000 төгрөг, 29,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 14,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн гэрээнээс учирсан хохирол болох засварын зардал 800,000 төгрөг, хариуцагчийн байраа бусдад түрээслэж олсон орлогын 50 хувь болох 9,900,000 төгрөг, 2018 оноос хойш түрээсийн байр дамжиж бусдад төлсөн төлбөр болох  11,850,000 төгрөг, нийт 109,852,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Нармандах, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Билгүүн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие энэ орон сууцыг 2011 оны 6 сард Голомт банкны урт хугацааны зээлээр худалдан авсан. Улмаар худалдан борлуулахаар болж зар тавьсан. Үүний дагуу нэхэмжлэгч нартай уулзаж, зээлээр авах хүсэлтийг нь хүлээн авсан. Үүнээс хойш буюу  2015 оны 11 сарын 03-ны өдрөөс хойш гурван ч удаа гэрээ байгуулж байна.

Энэ хүмүүс өөрсдөө зээлээр худалдаж авах хүсэлт тавьсан бөгөөд Голомт банкинд 21,800,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг гэрээнд тусгаж энэ зээлийг хариуцагч нар төлөхөөр болсон. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохирсон хугацаандаа төлбөр төлөхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөны улмаас Голомт банкны зээлийг би өөрийнхөө орлогоор төлж байсан.

Би удаа дараа шаардаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, хугацаа олгосон боловч төлбөрийг төлөхгүй байсан тул 2018 оны 5 сарын 25-ны өдөр аргагүйн эрхэнд байрыг өөр хүнд түрээслэхээр болсон бөгөөд энэ хүмүүс энэ бүх цаг хугацаанд миний байранд үнэгүй амьдарсан.

Мөн 2018 оны 5 сарын 25-ны өдөр эдгээр хүмүүс өөрсдөө түрээслэгч Баттүшигийг олж ирсэн. Тэгээд түрээсийн төлбөрт авах мөнгөө бид нарт зээлдүүлээч гэсэн саналыг нь хүлээн авч 11,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.

Улмаар 2015 оноос 2018 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд байрыг би өөр хэн нэгэн этгээдэд худалдаагүй, энэ хүмүүсийн төлбөрөө бүрэн барагдуулахыг 3 жил тэвчээртэй хүлээсэн. Ингээд сүүлдээ байраас буцаан авч бусдад түрээслэн, худалдсан байгаа. Энэ хугацаанд эдгээр хүмүүсээс 22,793,140 төгрөгийг надад шилжүүлсэн бөгөөд энэ нь баримтаар нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Ш.Нармандахын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие нэхэмжлэгч нартай 2015 оны 11 сарын 3-ны өдөр уулзаж, уг байрыг тухайн үед 68,000,000 төгрөгийн ханштай байсныг ярилцаж тохироод бэлэн мөнгөөр 58,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед байр маань 21,800,000 төгрөгийн барьцаанд байсан. Гэвч худалдан авагч тал мөнгө орж ирэхгүй байна, удахгүй байрны төлбөрийг төлнө гэх шалтгаанаар төлбөрийг хойшлуулж хугацаа алдсан.

Ингээд байрны төлбөрийг боломжит хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр тохиролцон мөн Голомжт банкны үлдэгдэл зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, гэрээ хүртэл байгуулж, байранд минь нүүж орсон.

Гэвч тохирсон ёсоор төлбөрүүдийг төлөөгүй тул би өөрийн орлогоос төлж байсан.

2018 оны 5 сарын 25-ны өдөр Г.Баярцэцэг, С.Ганхуяг нар бидэнд мөнгө хэрэгтэй байна. байранд чинь хүн суулгад мөнгө зээлсний барьцаанд байранд суух хүсэлтэй хүн байна гээд А.Баттүшигийг надтай танилцуулсан. Учир нь Баттүшигээс зээлдүүлж байранд суух 11,000,000 төгрөгийг Баярцэцэг, Ганхуяг нар надаас зээлж эргэлдүүлье гэсэн санал хэлэхэд би зөвшөөрсөн.  Ингээд 11,000,000 төгрөгийг Г.Баярцэцэгт зээлдүүлсэн. Гэтэл Г.Баярцэцэг, С.Ганхуяг нар зээлсэн мөнгөө өгөөгүйн улмаас дахин нэг жилээр гэрээг сунгахаас аргагүй нөхцөл байдалд орсон. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь би арга буюу өөр хүн олж байрандаа оруулж өмнөх хөлслөгчийн мөнгийг өгч байрнаас гаргасан.

Нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл хугацаанд надад зээлсэн 11,000,000 төгрөгөө өгөөгүй бөгөөд байр худалдан авна гэж итгүүлэн 2015 оноос хойш 2018 он хүртэл байранд минь амьдарч намайг өдий хүртэл хохироож байгаад гомдолтой байна.

Иймд Г.Баярцэцэг, С.Ганхуяг нараас тухайн байранд амьдарч байсан хугацаа буюу тухай байрыг ашиглаж байсан хугацаа болох 2015 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30 сар 22 хоног уг байрыг ашиглаж байсны төлбөр 550,000 төгрөгийг 30 сар 22 хоногоор тооцож 16,903,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах, мөн зээлийн гэрээний үүрэг 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөгийн хамт нийт 33,403,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Бид хоёр хариуцагч Ш.Нармандахад 13 сая төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр төлөөд уг орон сууцанд амьдарсан. Энэ хариуцагч бусдаас 10 гаруй сая төгрөг аваад сарын 500,000 төгрөгөөр тооцон түрээслэдэг атлаа бидний 13 сая болон 58 сая төгрөгийг сарын 500,000 байтугай, нэг ч төгрөгийн хүүгүй олон жил болж байна. Мөнгө тооцож нэхэх учиргүй. Хоёрдугаарт, бид тухайн орон сууцны зардлыг сар бүр төлөөд барагдуулсан тул байр түрээслэж тооцож бодсон сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь шудрага ёсонд нийцэнэ гэж бодож байна. Энэ мөнгө төгрөг зээлсэн талаар Г.Баярцэцэг тодорхой ярих байх гэв.

 

Нэхэмжлэгч Г.Баярцэцэг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Надад Ш.Нармандах 11 сая төгрөг өгөөгүй. Хэдийгээр энэ зээлийн гэрээг байгуулсан хэдий ч надад 4,700,000 төгрөгийг л өгсөн. Бид нараас авсан байрны мөнгөө өгөөгүй болохоор энэ мөнгийг буцааж өгөөгүй. 11 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бид нарыг хохироочихоод одоо байранд амьдарч байсан хугацааны мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ганхуяг, Г.Баярцэцэг нар нь хариуцагч Ш.Нармандахад холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 87,302,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 22,550,000 төгрөг, нийт 109,852,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын 22,793,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба нэхэмжлэгч нарт холбогдуулан 33,403,000 төгрөг гаруулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт хийж үзвэл,

Нэхэмжлэгч нарын гэрээний үүрэгт төлсөн гэх 87,302,140 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд

Зохигч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр худалдагч тал Ш.Нармандах нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 6-47 тоот хаягт байрлах 36.7 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс худалдан авагч С.Ганхуяг, Г.Баярцэцэг нарын эзэмшилд шилүүлэх, худалдан авагч талаас тухайн орон сууцны үнэ болох 58,000,000 төгрөгөөс 21,866,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийн сар бүрийн төлбөр болох 256,000 төгрөгийг Ш.Нармандахын өмнөөс сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд дээрх орон сууцны үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг үл маргах журмаар худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 77 дугаар тал/

Дээрх орон сууцны үнээс 23 сая төгрөгт нь холбогдох хэсэгт нэхэмжлэгч Г.Баярцэцэг, хариуцагч Ш.Нармандах нар зээлийн гэрээ байгуулж /2015 оны 11 сарын 04-ний өдөр/, зээлдэгч Г.Баярцэцэг нь 23,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, зээлийн хүүг эхний 4 сард 2.8 хувийн хэмжээтэй тогтоож, түүнээс цааш сарын 3 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн хүүг сар бүрийн 5-ны өдөр тооцоо нийлж, зээлдэгчээс зээлдүүлэгчийн Хаан банкны 5034703735 тоот дансанд төлөх, зээлийн хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үлдэгдлээс өдрийн 0.1 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ сард 1,000,001 төгрөгөөс доошгүй хэмжээтэй байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 199 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний агуулга, зорилго, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд зохигчид хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Тус гэрээнүүд нь гэрээ байгуулсан субъект болон гэрээний агуулга, гэрээний хэлбэр болон гэрээ байгуулах зорилго түүний илэрхийлэл буюу субъектив шинжийн хувьд хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нараас гэрээний үүргийн зөрчлийг хариуцагч талыг гаргасан гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нарыг гэрээний дагуу үнэ төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан гэж тус тус тайлбарлаж байна.

Зохигчдын хэн алиных нь тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш.Нармандах нь 2015 оны 11 сарын 04-ний өдөр орон сууцыг худалдан авагч талын эзэмшилд шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нар уг орон сууцанд 2018 оны 5 сарын 25-ны өдөр хүртэл амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцлагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нараас дээрх гэрээний үүрэгт 87,302,000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэж тайлбарлаж, мөнгө шилжүүлсэн нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Бэлнээр 10,000,000 төгрөг, Хаан банкны дансаар 22,793,140 төгрөг, хариуцагчийн Голомт банкинд төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн төлбөрт дансаар болон бэлнээр нийт 12,989,000 төгрөг, бэлэн мөнгөөр 1,480,000 төгрөг, Капитрон банкны дансаар 1,540,000 төгрөг, хариуцагч Ш.Нармандахтай байгуулсан 23 сая төгрөгийн зээлийн төлбөрт 16,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж үзэж, үүнээс 16,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 8,000,000 төгрөг, 29,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 14,500,000 төгрөг нийт 87,302,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагчаас гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 22,793,140 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын хэн алиных нь тайлбараар нэхэмжлэгч нарын үүргийн зөрчил буюу гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй шалтгааны улмаас хариуцагч гэрээнээс татгалзаж, 2018 оны 5 сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшлээс авч бусдад түрээслэн, улмаар худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Баярцэцэгийн Хаан банкны 5031286872 тоот дансны хуулга /хх-ийн 34-72 дугаар тал/, хариуцагч Ш.Нармандахын Хаан банкны 5034703735 тоот дансны хуулга /хх-ийн 104-155 дугаар тал/-аар нэхэмжлэгч нарын гэрээний үүрэгт хариуцагчид дансаар 22,793,140 төгрөгийг төлсөн гэх тайлбар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нарын 10,000,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан гараар бичсэн дэвтрийн нэг хуудас баримтаар нэхэмжлэгч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 10,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч Г.Баярцэцэг, хариуцагч Ш.Нармандах нар хэн аль нь гарын үсэг зурсан байна. /хх-ийн 181 дүгээр тал/

Хариуцагчаас дээрх баримтыг үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нараас 10,000,000 төгрөг /3,000,000+ 4,500,000+ 400,000+ 100,000+ 2,000,000/-ийг бэлнээр төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн энэ хуудсанд бичигдсэн нэхэмжлэгч нараас хариуцагчид бэлнээр төлсөн гэх 3,173,428 төгрөг /300,000+300,000+200,000+500,000+150,000+800,000+157,640 +300,000/-ийн тухайд, дээрх төлөлтүүд нь нэхэмжлэгч Г.Баярцэцэгийн Хаан банкаар шилжүүлсэн 22,793,140 төгрөгийн үнийн дүнтэй давхцаж байх бөгөөд 172,500 төгрөгийн баримт давхцаагүй байх тул энэ мөнгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн Голомт банкинд төлөх ёстой төлбөрөөс 12,989,000 төгрийг хариуцагчид өөрт нь өгсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан гар бичмэл баримтад зөвхөн Г.Баярцэцэгийн гарын үсэг зурагдсан, агуулгын хувьд үлдэгдэл төлбөрийн талаар тооцон бичсэн тэмдэглэл хэлбэртэй бичгийн баримт байх тул энэ баримтаар нэхэмжлэгч нарыг хариуцагчид 12,989,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 192 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч нарын Голомт банкны дансаар 12,989,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нараас хариуцагчид Капитрон банкнаар 1,540,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, Капитрон банкны шилжүүлгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-ийн 179 дүгээр тал/

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нар нь хариуцагчид 1,540,000 төгрөг /100,000+140,000+500,000+200,000+300,000+300,000/-ийг шилжүүлсэн байх хэдий ч эдгээр мөнгө нь үнийн дүнгийн хэмжээ болон цаг хугацааны хувьд хариуцагчийн  хаан банкинд шилжүүлсэн 22,793,140 төгрөгт багтаж байна. /хх-ийн 105-106 дугаар тал/

Нэхэмжлэгч нараас орон сууцны үнэ болон хүүгийн төлбөрт нийт 16,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, энэ тайлбар нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 сарын 04-ний өдрийн 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр нотлогдоно гэж нэхэмжлэлийн нэг шаардлагыг тодорхойлсон.

Нэхэмжлэгч С.Ганхуяг, хариуцагч Ш.Нармандах нар 2017 оны 4  сарын 04-ний өдөр 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, энэ гэрээгээр С.Ганхуяг нь 16,000,000 төгрөгийг зээлдүүлэх, Ш.Нармандах нь 2 сарын дараа буюу 2017 оны 6 сарын 04-ний өдөр буцаан төлөхөөр тохиролцсон байна.

Зохигчдын хэн алиных нь тайлбараар энэ зээлийн гэрээ байгуулагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс орон сууцны үнэд 16,000,000 төгрөгийг төлсөн гэдгээ  баталгаажуулахын тулд энэхүү гэрээг хийсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй.

Харин хариуцагчаас энэ гэрээнд тусгагдсан 16,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн Хаан банкнаар цувуулан шилжүүлсэн 22,793,140 төгрөгт багтаж байгаа. Тухайн үед тооцоо нийлэхэд 16,000,000 төгрөг болсон бөгөөд нэмж шилжүүлсээр нийт 22,793,140 төгрөг болсон тул энэ үнийн дүнг дахин нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын тайлбараар талуудын хооронд 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нар нь 22,793,140 төгрөгөөс гадна дахин 16,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нараас 16,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн гэж үзэж энэ үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Талуудын тайлбараар тэдгээрийн хооронд 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нараас орон сууцны үнэд 16,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул алдангид 8,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нарын бэлнээр 1,480,000 төгрөгийг хариуцагчид цувуулан өгсөн гэх шаардлагын тухайд хэрэгт авагдсан гар бичмэл баримтуудаас хариуцагчийн гарын үсэг бүхий үнийн дүнтэй хэсгийг тооцож үзэхэд нэхэмжлэгч нараас нийт 1,480,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна. /хх-ийн 32 дугаар тал/

Нэхэмжлэгч нараас алдангид 14,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 29,000,000 төгрөг нэхэмжлэхгүй хэдий ч 29,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 14,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Зохигчдын хооронд 2018 оны 5 сарын 25-ны өдөр “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах болзолт гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээгээр худалдан авагч тал нь худалдан авч буй орон сууцны Голомт банкны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 18,230,000 төгрөгийг төлөх үүргийг, мөн орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 10,770,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд сарын 3 хувийн хүүтэй төлөх үүргийг, худалдагч тал нь үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талууд хэн аль нь дээрх гэрээг 2015 оны 11 сарын 03-ны өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээ баталгаажуулж хийсэн гэж тайлбарлаж байна.

Гэрээний 2.2-т “гэрээ байгуулснаар худалдагч талд урьдчилгаа болгож 29,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж С.Ганхуяг, Г.Баярцэцэг, хүлээн авсан Ш.Нармандах” гэж хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нараас 29,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хэмжээнд багтаж байгаа гэж тайлбарлан, харин орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан өгөөгүй тул энэ гэрээний 2.8-д заасны дагуу алдангид 14,500,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

Талуудын хэн алиных нь тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар 2018 оны 5 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нар хариуцагчтай тохиролцсоны үндсэн дээр орон сууцыг хариуцагчийн эзэмшилд буцаан шилжүүлж, хариуцагчийн бусадтай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийн тодорхой хувийг зээлж авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 9-10, 156, 196-198 дугаар тал/.

Иймд гэрээнд заасан “байраа хүлээн авсан боловч мөнгийг буцаан олгохгүй 7 хоног өнгөрсөн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө” гэх гэрээгээр тохиролцсон хугацаа үгүйсгэгдэж байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

Иймд хариуцагчаас алдангид 14,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т “зээлээн худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах  эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Дурдсан үндэслэлүүдээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа 34,445,640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нарын гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 22,550,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд,

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт, “Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт, “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нараас хариуцагчийн орон сууцаа 2018 оны 5 сарын 25-ны өдрөөс хойш бусдад түрээслэн олсон орлогын 50 хувь болох 9,900,000 төгрөг, 2018 оны 5 сарын 25-ны өдрөөс орон сууцны хөлсөнд төлсөн төлбөрт 11,850,000 төгрөг, хариуцагчийн орон сууцанд амьдарч байх хугацаандаа засвар хийхэд зарцуулсан зардалд 800,000 төгрөг, нийт 22,550,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагчаас гэрээний үүргийн зөрчлийг нэхэмжлэгч тал гаргасан буюу үнэ төлөх үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул хохирол төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч талаас гэрээнд заасан хугацаандаа үнэ төлөх үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах эрхийг хариуцагч тал хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчаас хохирол шаардах эрхгүй байна.

Иймд хохиролд 22,550,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 227 дугаар зүйлийн 227.2-т тус тус зааснаар хариуцагчаас 34,445,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75,406,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөрт 16,903,000 төгрөг, нийт 33,403,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 4,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Г.Баярцэцэг, Ш.Нармандах нар 2018 оны 5 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгчээс 2018 оны 5 сарын 25-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, хүүгүй, 11 сая төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгчээс зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 156 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгийг буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго, агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлээс дүгнэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч Ш.Нармандах нь дээрх гэрээний дагуу 4,700,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 11,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байх бөгөөд  хариуцагчаас 11,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан Г.Баярцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5031286872 тоот дансны баримтаар Ш.Нармандах нь 2018 оны 5 сарын 6, 27, 28-ны өдрүүдэд 4,700,000 төгрөг /1,000,000+2,000,000+1,700,000=4,700,000/-ийг шилжүүлсэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 196-198 дугаар тал/

Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 4,700,000 төгрөг авсан гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Хариуцагчаас гэрээний 2.6-д зааснаар алдангид 5,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Гэрээний 2.6-д “зээлдэгч хугацаандаа мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 00.5 хувиар алданги тооцно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсантай холбоотойгоор орон сууцны үнэд төлсөн төлбөрийг буцаан авах нөхцөл байдал үүсэн, энэ талаар маргаантай байсны улмаас зээлийн гэрээний дагуу авсан 4,700,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш.Нармандах нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч талын үнэ төлөх үүргийн зөрчлийн улмаас цуцлаж, 2018 оны 5 сарын 25-ны өдрөөс бусдад хөлслүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үеэс орон сууцны үнэд авсан төлбөрийг буцаан шилжүүлэх үүрэг үүссэн. Энэ үүргээ биелүүлээгүй байх бөгөөд буцаан төлөх төлбөрийн хэмжээн дээр талууд маргаантай байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд зээлийн гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги шаардах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчаас орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 16,903,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нарын орон сууцанд амьдарч байсан хугацаа буюу 30 сар 22 хоногийг өдрийн 550,000 төгрөгөөр тооцож, орон сууцыг үнэ төлбөргүй ашиглаж байсан гэж тайлбарласан. 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт, “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т “энэ хуулийн 264.1-т заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж зохицуулсаны дагуу хариуцагч нь хохирол шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зохицуулсан.

Хэдийгээр хариуцагч худалдан авагч талын үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрх үүссэн хэдий ч нэхэмжлэгч нарыг амьдарч байсан цаг хугацааг бусдад түрээслэн олох байсан орлого 16,903,000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Баярцэцэгээс 4,700,000 төгрөгийг гаргуулж, Ш.Нармандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,703,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21,657,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба хариуцагчаас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хугацаа авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад тэмдэгтийн хураамжийг тооцож 266,235 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Нармандахаас 34,445,640 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч Г.Баярцэцэг, С.Ганхуяг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75,406,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс 4,700,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ш.Нармандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,703,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756,875 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 330,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярцэцэг, С.Ганхуяг нарт олгож, нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид 266,235 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,815 төгрөгийг улсын орлогод үлдээн, нэхэмжлэгч Г.Баярцэцэгээс 90,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш.Нармандахад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.БАЯРМАА