Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01075

 

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01075

 

 

С.Г-, Г.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/01416 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Г-, Г.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н-ад холбогдох

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн мөнгө, гэрээнээс татгалзсаны хохирол, алданги, хүүгийн төлбөрт нийт 109 852 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн орон сууц хөлсөх гэрээний үүрэгт 16 903 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг, алданги 16 500 000 төгрөг, нийт 33 403 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч М.Х С.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б-, С.Г- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-, С.Г- бид нар хариуцагчийн байр зарна гэсэн зарын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазрын гудамжид 60 дугаар байрны 47 тоот 1 өрөө 36,7 м.кв орон сууцыг худалдан авахаар болсон. Ингээд урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч үргэлжлүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 29 000 000 төгрөгийг цувуулан өгсөн байдаг. Гэхдээ энэ 29 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Бидний зүгээс байрны төлбөрийг хүүтэй төлөхөөр хариуцагчтай тохиролцож гэрээ байгуулсан. Бэлэн болон дансаар байнга мөнгө төлдөг байсан. Сүүлдээ дэлгүүр дээр ирээд л талх өндөг хүртэл аваад явдаг болсон. Ш.Н- нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж дураараа авирлан биднийг орон сууцанд үргэлжлүүлэн оруулахгүйгээр бусдад сарын 550 000 төгрөгөөр түрээсэлж их хэмжээний ашиг олж, хожим энэ орон сууцаа бусдад зарсан. Манай гэр бүл 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийтийн байр түрээслэн амьдарч түрээсийн төлбөрт 11 850 000 төгрөгийг төлж хохироод байна. Хариуцагчийн байранд амьдарч байх хугацаандаа 1 өрөө орон сууцыг 2 өрөө болгож завсарлахад 800 000 төгрөг зарцуулсан. Энэ хугацаанд хариуцагчийн Голомт банкны орон сууцны зээлэнд 12 989 000 төгрөг төлсөн. Үүний 6 808 000 төгрөгийг үндсэн зээлд, 6 181 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт хариуцагчид төлсөн. Мөн хариуцагчийн Хаан банкны дансаар 22 793 000 төгрөг, Капитрон банкаар 1 540 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн бэлнээр 1 480 000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 25-наас хойш бусдад түрээсэлж их хэмжээний ашиг олсон ба энэ ашгийн 50 хувь болох 9 900 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.8-д заасан орон сууцыг буцаан авсан боловч мөнгийг буцаан олгохгүй бол 7 хоног өнгөрсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги нэмж төлнө гэж заасны дагуу 29 000 000 төгрөгийн 50 хувь болох 14 500 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагч нь бид нараас үлдсэн мөнгийг хүүтэй авна гээд хүү алдангийг дэвтэр дээр нь бичиж авдаг байсан. Эхний 4 сар авах мөнгөндөө 2,8 хувийн хүү авна гэж гэрээ байгуулаад 21 130 000 төгрөг өгөхөөр байсан тул 23 000 000 төгрөг болгож гэрээ байгуулсан. 5 дахь сараас нь 3 хувийн хүү бодно гээд 2016 оны 01 дүгээр сары 06-ны өдөр 591 000 төгрөгийн хүү тооцож авсан. 2016 оны 01 дүгээр сарын 10-нд 582 428 төгрөгийн хүү бодож авсан гэх мэтээр авч байгаа үйлдэлд нь 16 000 000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд энэ мөнгөө буцааж өгөөгүй тул 50 хувьтай нь тэнцэх алданги болох 8 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ингээд бэлнээр өгсөн 10 000 000 төгрөг, Хаан банкны дансаар шилжүүлсэн 22 793 000 төгрөг, хариуцагчийн Голомт банкинд төлөх мөнгийг түүнд төлж дансаар болон бэлнээр өгсөн 12 989 000 төгрөг, бэлэн өгсөн 1 480 000 төгрөг, Капитрон банкаар шилжүүлсэн 1 540 000 төгрөг, Ш.Н-ад өөрт нь хүүтэй өгч байсан 16 000 000 төгрөг, үүний алданги 8 000 000 төгрөг, 29 000 000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 14 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээнээс учирсан хохирол болох засварын зардал 800 000 төгрөг, хариуцагчийн байраа бусдад түрээслэж олсон орлогын 50 хувь болох 9 900 000 төгрөг, 2018 оноос хойш түрээсийн байр дамжиж бусдад төлсөн төлбөр болох 11 850 000 төгрөг, нийт 109 852 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ орон сууцыг 2011 оны 6 дугаар сард Голомт банкны урт хугацааны зээлээр худалдан авсан. Улмаар худалдан борлуулахаар болж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Г.Б-, С.Г- нартай 2015 оноос хойш гурван ч удаа гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгчид өөрсдөө зээлээр худалдаж авах хүсэлт тавьсан бөгөөд Голомт банкинд 21 800 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг гэрээнд тусгаж энэ зээлийг хариуцагч нар төлөхөөр болсон. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохирсон хугацаандаа төлбөр төлөхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөны улмаас Голомт банкны зээлийг би өөрийнхөө орлогоор төлж байсан. Би удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, хугацаа олгосон боловч төлбөрийг төлөхгүй байсан тул 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр аргагүйн эрхэнд байрыг өөр хүнд түрээслэхээр болсон бөгөөд эдгээр хүмүүс энэ бүх цаг хугацаанд миний байранд үнэгүй амьдарсан. Улмаар 2015 оноос 2018 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд байрыг би өөр хэн нэгэн этгээдэд худалдаагүй, энэ хүмүүсийн төлбөрөө бүрэн барагдуулахыг 3 жил тэвчээртэй хүлээсэн. Ингээд сүүлдээ байраа буцаан авч бусдад түрээслэн, худалдсан байгаа. Энэ мөнгөнөөс минь хүртэл нэхэмжлэгч нар мөнгө зээлж авч байснаа өгөөгүй байгаа. Энэ хугацаанд эдгээр хүмүүсээс 22 793 140 төгрөгийг надад шилжүүлсэн бөгөөд энэ нь баримтаар нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.Н-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч нартай 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж, уг байрыг тухайн үед 68 000 000 төгрөгийн ханштай байсныг ярилцаж тохироод бэлэн мөнгөөр 58 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед байр маань 21 800 000 төгрөгийн барьцаанд байсан. Гэвч худалдан авагч тал мөнгө орж ирэхгүй байна, удахгүй байрны төлбөрийг төлнө гэх шалтгаанаар төлбөрийг хойшлуулж хугацаа алдсан. Ингээд байрны төлбөрийг боломжит хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр тохиролцон мөн Голомт банкны үлдэгдэл зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож байранд минь нүүж орсон. Гэвч тохирсон ёсоор төлбөрүүдийг төлөөгүй тул би өөрийн орлогоос төлж байсан. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Г.Б-, С.Г- нар бидэнд мөнгө хэрэгтэй байна, байранд чинь хүн суулгаад мөнгө зээлсний барьцаанд байранд суух хүсэлтэй хүн байна гээд А.Баттүшигийг надтай танилцуулсан. Учир нь н.Баттүшигээс зээлдүүлж байранд суух 11 000 000 төгрөгийг Г.Б-, С.Г- нар надаас зээлж эргэлдүүлье гэсэн санал хэлэхэд би зөвшөөрсөн. Ингээд 11 000 000 төгрөгийг Г.Б-т зээлдүүлсэн. Гэтэл Г.Б-, С.Г- нар зээлсэн мөнгөө өгөөгүйн улмаас дахин нэг жилээр гэрээг сунгахаас аргагүй нөхцөл байдалд орсон. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь би арга буюу өөр хүн олж байрандаа оруулж өмнөх хөлслөгчийн мөнгийг өгч байрнаас гаргасан. Нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл хугацаанд надад зээлсэн 11 000 000 төгрөгөө өгөөгүй бөгөөд байр худалдан авна гэж итгүүлэн 2015 оноос хойш 2018 он хүртэл байранд минь амьдарч намайг өдий хүртэл хохироож байгаад гомдолтой байна. Иймд Г.Б-, С.Г- нараас тухайн байранд амьдарч байсан хугацаа буюу тухай байрыг ашиглаж байсан хугацаа болох 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30 сар 22 хоног уг байрыг ашиглаж байсны төлбөр 550 000 төгрөгийг 30 сар 22 хоногоор тооцож 16 903 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг 11 000 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөгийн хамт нийт 33 403 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр хариуцагч Ш.Н-ад 13 000 000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр төлөөд уг орон сууцанд амьдарсан. Энэ хариуцагч бусдаас 10 гаруй сая төгрөг аваад сарын 500 000 төгрөгөөр тооцон түрээслэдэг атлаа бидний 13 000 000 болон 58 000 000 төгрөгийг сарын 500 000 байтугай нэг ч төгрөгийн хүүгүй олон жил болж байна. Мөнгө тооцож нэхэх учиргүй. Хоёр дугаарт, бид тухайн орон сууцны зардлыг сар бүр төлөөд барагдуулсан тул байр түрээслэж тооцож бодсон сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надад Ш.Н- 11 000 000 төгрөг өгөөгүй. Хэдийгээр энэ зээлийн гэрээг байгуулсан хэдий ч надад 4 700 000 төгрөгийг л өгсөн. Энэ мөнгийг буцааж өгөөгүй. Бид нараас авсан байрны мөнгөө өгөөгүй болохоор энэ мөнгийг буцааж өгөөгүй. 11 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 227 дугаар зүйлийн 227.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Н-аас 34 445 640 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч Г.Б-, С.Г- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75 406 360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ээс 4 700 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ш.Н-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 703 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 875 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 330 178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Г.Б-ээс 90 150 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш.Н-ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.Б- нь хариуцагч Ш.Н-тай 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазрын гудамж, 60 дугаар байрны 47 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 58 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 21 866 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг сар бүрийн төлбөр болох 256 000 төгрөгийг Ш.Н-ын өмнөөс сар бүрийн 20-ны өдрийн дотор төлж, орон сууцны үнийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ үйл баримтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар талууд нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн байна. Мөн нэхэмжлэгч хариуцагч нар нь орон сууцны үнийн 23 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан байдаг юм. Зээлийн хөрөнгөөр ирээдүйд бий болох хөрөнгө худалдан авах гэрээ, мөн зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэнээр хүчин төглөдөр болдог. Гэтэл талууд хуулийн энэ шаардлагыг хангаагүй гэрээ байгуулсан. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Гэтэл огт мөнгө шилжүүлэлгүйгээр зээлийн гэрээ байгуулсан нь тухайн гэрээ хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байна. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэлээр шилжүүлсэн бүх эд зүйлээ харилцан шилжүүлж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нарын хувьд байрыг буцааж өгсөн тул энэ үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Харин хариуцагчид нийт мөнгөн дүнгээрээ 65 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 65 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Нармандахаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа нийт 109 852 140 төгрөг нэхэмжилснээс шүүх 75 406 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Харин 34 445 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс хойш байрны төлбөрийг нэхэмжлэгч нараас төлж эхэлсэн болохыг хүлээн зөвшөөрч үүнийгээ нотлон Ш.Н-ын дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Гэтэл хэргийн 181 дэх талд авагдсан "дэвтрийн нэг хуудас баримтаар нэхэмжлэгч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд нийт 10 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Ш.Н-ын Хаан банкан дахь харилцах дансны хуулганы эхэнд байрны төлбөрт 2 000 000 төгрөг төлөгдсөнөөр байрны төлбөр төлөгдөж эхэлсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Г.Б-, С.Г- нар нь өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн "бидэнд мөнгө хэрэгтэй боллоо, мөнгө зээлсний барьцаанд байранд суух хүсэлтэй хүн олж ирлээ" гэж хэлээд А.Баттүшигийг танилцуулсан. А.Баттүшиг нь 11 000 000 төгрөгийг зээлэх, зээлийн хүүгийн оронд түрээсийн төлбөргүй уг байранд амьдрах гэсэн болзлыг хэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүх энэхүү үйл баримтаар "...Ш.Н-ыг гэрээ цуцалж, байрны үнэд авсан гэх төлбөрийг буцаан төлөх үүрэг үүссэн..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Тэрээр уг мөнгийг Г.Б-, С.Г- нар нь бидэнд зээлдүүлээч гэсэн санал гаргасныг хүлээн зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А.Баттүшигээс 11.000.000 төгрөгийг зээлэн Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн 1862 тоот дугаарт бүртгүүлэн гэрээ байгуулан авч, тэр даруйд бэлэн мөнгийг мөн Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн 1864 тоот дугаарт бүртгүүлэн Г.Б-т 11 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгөөс 4 700 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд А.Баттүшигээс шилжүүлэн авч Г.Б-ийн Хаанбанкан дахь 5031286872 тоот дансанд шилжүүлсэн болно. Харин шүүхийн шийдвэрт дурдагдсан 5 дугаар сарын 06-ны өдөр төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 231.1.1 заасан анз төлүүлэх эрхийг шууд үгүйсгэсэн нь хуульд нийцэхгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ээс 10 700 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 10 700 000 төгрөгийн алданги 5 350 000 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Г.Б-, С.Г- нараас тухайн байранд амьдарч байсан хугацаа болон тухайн байрыг ашиглаж байсан хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаас худалдах үүргээ гүйцэтгэсэн, хэрэв худалдан авах гэрээ байгуулаагүй байсан бол худалдагчид орох байсан орлого гэж тодорхойлсон болохоос түрээсийн төлбөрт тооцуулан хохирол гаргуулах санаа биш юм. Өөрөөр хэлбэл, Г.Б-, С.Г- нар нь орон сууцыг өөрийн эзэмшил ашиглалтанд байлгасан хугацааны төлбөр болох 16 903 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү. Иймд шийдвэрийг зарим хэсэгт өөрчлөлт оруулан, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондох эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, хэргийн оролцогчдын шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Г-, Г.Б- нар нь хариуцагч Ш.Н-ад холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 87 302 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 22 550 000 төгрөг, нийт 109 852 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 22 793 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 33 403 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр Ш.Н- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 6-47 тоот хаягт байрлах 36,7 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг С.Г-, Г.Б- нарын эзэмшилд шилүүлэх, нэхэмжлэгч нар орон сууцны үнэ болох 58 000 000 төгрөгийн 21 866 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийн сар бүрийн төлбөр болох 256 000 төгрөгийг Ш.Н-ын өмнөөс сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээж орон сууцны үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг үл маргах журмаар худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 77/

 

Мөн нэхэмжлэгч Г.Б-, хариуцагч Ш.Н- нарын хооронд 2015 оны 11 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, орон сууцны үнэд төлөх 23 000 000 төгрөгийг зээлдэгч Г.Б- нь 2 жилийн хугацаатай, зээлийн хүүг эхний 4 сард 2,8 хувийн хэмжээтэй тогтоож, түүнээс цааш сарын 3 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн хүүг сар бүрийн 05-ны өдөр тооцоо нийлж, зээлдэгчээс зээлдүүлэгчийн Хаан банкны 5034703735 тоот дансанд төлөх, зээлийн хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үлдэгдлээс өдрийн 0.1 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ сард 1 000 001 төгрөгөөс доошгүй хэмжээтэй байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 199/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээнүүдийг үндэслэн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүй, маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна.

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардлага гаргах боломжтой.

 

Гэтэл гэрээний зүйл болох орон сууц Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэж дээрх 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн хөрөнгөөр ирээдүйд орон сууц худалдан авах гэрээнд заасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд мэтгэлцээгүй, шүүх дүгнэлт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

 

Нөгөө талаар, хариуцагчийн Голомт банкинд төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн төлбөрт дансаар болон бэлнээр 3 072 000 төгрөг, 12 989 000 төгрөг төлсөн гэх зэргээр нэхэмжлэгч тал өөр өөрөөр тайлбарласан болон эдгээр төлбөр нь хариуцагчийн Хаан банкны дансанд шилжүүлсэн гэх 22 793 140 төгрөгөөс тусдаа төлөгдөж байсан эсэх нь тодорхой бус байхаас гадна нэхэмжлэгч Г.Б-ээс хариуцагч Ш.Н-ад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөр төлсөн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай байна. Мөн хариуцагч Ш.Н-ад нэхэмжлэгч С.Г- 40 гаруй сая төгрөг төлсөн гэж /хх-ийн 190/, нэхэмжлэгч Г.Б- 70 000 000 - 80 000 000 төгрөг шилжүүлсэн гэх /хх-ийн 161/ зэргээр харилцан адилгүй тайлбар гаргаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрийг тодруулах нь зүйтэй.

 

Дээр дурдснаар гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотойгоор талуудын хооронд гэрээний болон гэрээний бус ямар үүрэг үүсэхийг тодорхойлох, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, түүний дагуу хэнээс хэнд ямар хөрөнгийг хэдий хугацаагаар шилжүүлсэн эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасныг хэрэглээгүй гэсэн давж заалдах гомдолд заасан үндэслэлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй... гэсэн давж заалдах гомдолд тус тус дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/01416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 311 000 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 339 215 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ