Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/01613

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Монгол овогт Содномын Б /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0, БЗДНҮГ-3 ОНӨААТҮГ-т холбогдох,

БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2018 оны 05 дугаар сарын *******-нд БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-т жолоочоор ажилд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажилласан. Манай байгууллагын удирдлага 2020 оны 12 дугаар сард солигдож, даргаар Т.Э******* ирсэн. Тэрбээр ерөнхий инженерээр Г.Э*******ийг 2020 оны 12 дугаар сарын 21-нд, ерөнхий менежерээр С.П*******ыг 2021 оны 02 дугаар сард тус тус томилсон. Г.Э******* нь автын инженерийн мэргэжилгүй боловч ерөнхий инженерээр ирсэн өдрөөс хойш ажилчидтай зүй бусаар харьцдаг байсан ба үл ойлголцол их гарч байсан бөгөөд түүний алдаа дутагдлыг миний бие шууд хэлдэг байсан. Өөрөөр хэлбэл ажилчид биднийг байнга дарамталдаг.  2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөө ажлын байранд миний бие болон жолооч, ачигч нарыг ерөнхий инженер Г.Э******* дарамталсан. Энэ бүхнийг миний бие шууд хэлдэг байсан учраас намайг ажлын байранд архи уусан, согтуугаар ажилд гарахыг завдсан гэж худал үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан. Надад ийм сахилгын зөрчил гаргасан удаагүй бөгөөд жолооч, ачигч нарын төлөө дуу хоолойгоо хүргэсний төлөө намайг болон Ю.Д*******г ажлаас чөлөөлсөн. Г.Э*******ыг жолоочийн ажлаас чөлөөлж, ачигч болгосон юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д   “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй” болохыг баталгаатай эдлэхээр олгогдсон эрх байдаг боловч Г.Э******* нь биднийг ажлын мал мэтээр харьцдаг буюу амралтгүйгээр ажиллахыг шаарддаг. Шүдээ үзүүлэхээр чөлөө аваад ирсний дараа ажил тасалсан мэтээр дарамталдаг төдийгүй автомашины тоормос эвдэрсэн өдөр гаднаас засварчин дуудаж засвар хийлгэсний маргааш өдөр намайг засварчинтай хамт архи уусан мэтээр дуудаж, ажилд гаргахгүй байсан учраас арга буюу хүссэнээр нь бичиг хийж өгч байсан удаа ч бий. Ажлаас халсан тушаал 2021 оны 02 дугаар сарын 26-нд гарсан байхад надад огт мэдэгдээгүй ба 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд гаргаж байсан билээ.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, уг олговроос эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага Нийгмийн даатгалд 400 сая төгрөгийн өртэй, хариуцсан бүсийн 7 хороонд хог ачилт хуваарийн дагуу ордоггүйгээс айл өрхийн хог ачилт хоцрогдон өдөрт дунджаар 2 дуудлага нийслэлд очдог байсан. Хог ачилт хуваарийн дагуу ордоггүй байдалд машин техникийн эвдрэлээс гадна ажилчдын архидан согтуурах, хэд хоногоор чөлөө авдаг ажилдаа гардаггүй байдал маш их нөлөөтэй байсан. Тус байгууллагад Ерөнхий инженерээр ажиллаж байсан Ө.Э******* нь 2020 оны 12 сард ажлаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Г.Э*******ыг Ерөнхий инженерээр, Ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.О******* нь 2021 оны 01 сарын 02-ны өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлын зар байршуулан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс С.П*******ыг Ерөнхий менежерээр тус тус ажилд авсан. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хог тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар тахлын үед иргэдийг хоггүй орчинд амьдруулах тусгай үүрэг даалгавар нийслэлээс удаа дараа ирж байсан учраас бүх шатандаа хариуцлагаа өндөржүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ шаардлагын дагуу ажлын хойш татаж байгаа анхдагч хүчин зүйл болсон ажилчдын ажлын байранд ажлын цагаар архидах, эвдэрсэн техник хэрэгслээ засварлах нэрийдлээр архиддаг, цалин буусны дараагаар хэдэн өдөр шалтаг, шалтгаан тоочиж хэдэн өдөр ажилдаа ирдэггүй байдлын эсрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн. С.Б нь ажилд гарч явж байгаад сүүлийн рейс дээр уугаад согтуу машин барьдаг, эсвэл эрт ажлаа дуусгадаг талаар мэдээлэл хамт ажилладаг хүмүүсээс ирдэг байсан. С.Б нь 2021 оны  01 дугаар 26-ны өдөр ажил дээр архи уусан талаар өөрийн гараар бичиж өгсөн тайлбар байдаг. Мөн 2 сарын *******-ны өдөр дарга Т.Э*******, ерөнхий менежер С.П******* нар нийт ажилчидтай ажилд гарахаас нь өмнө бааз дээр уулзалт хийхээр очиход С.Б нь согтуу байсан бөгөөд “Урьд өдрийн архи гараагүй” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Улмаар манай байгууллагад ковид илэрсэнтэй холбоотой 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нийт ажилчдыг ПСР шинжилгээнд хамруулсан. Гэтэл С.Б нь шинжилгээний хариу гараагүй гэж 2 сарын 28-ны өдөр хүртэл ажилд гараагүй. Гэтэл шинжилгээний хариу нь 2 сарын 23-ны өдөр гарсан байсан бөгөөд дээрх хугацаанд архи ууж ажил тасалсан байдаг. Манай байгууллагын машинаа байрлуулдаг авто баазын удирдлагаас жолооч, ачигч нар хувцас солих өрөөнд архи уудаг асуудлаар удаа дараа албан бичиг ирсэн байдаг. Тус байгууллагаас С.Бийг 2 сарын 26-ны өдөр архи уусан талаар нэр цохож албан тоот ирсэн байдаг. С.Бийг шууд харьяалсан албан тушаалтан болох ерөнхий инженер, ХАБЭА инженерийн зүгээс архи ууж ажил тасалсан, ажлын байрандаа согтуу ирсэн талаар дүгнэлт, тодорхойлолт ирсэн байдаг. Манай байгууллага нь жолооч нартай “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ” хийсэн байдаг бөгөөд С.Бийн тушаал 2021 оны 2 сарын 26-ны өдөр гарч тухайн өдөртөө ажил хүлээлцүүлэхээр гарсан. Гэтэл С.Б нь гар утсаа авахгүй холбоо барих боломжгүй байсан тул 3 сарын 01-ний өдөр тушаалыг гардуулж өгсөн болно.

Манай байгууллагын зүгээс бүх хорио цээр зарласан энэ хэцүү үед аль болох ажилчдаа ажлаас чөлөөлөхгүй,         арга    хэмжээ авахгүй өөрт нь анхааруулж сануулах байдлаар нааштай хандсан. С.Бийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд ажлаас шууд чөлөөлөхөөр заасан тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн бидний эрхэлж байгаа ажил үйлчилгээ нь цаг нартай уралддаг, хариуцлагын маш өндөр түвшинг шаарддаг, хог тээврийн машин нь том оврын техник хэрэгсэл байдаг тул согтуу хөдөлгөөнд оролцсоноос үүдэн маш олон хүний амь насны асуудал яригддаг тул шүүх тал бүрээс нь харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-т холбогдуулан “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч С.Бийг 2018 оны 05 дугаар сарын *******-ны өдрөөс жолоочийн албан тушаалд авч ажиллуулсан, ажилтан нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны  өдөр хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан үйл баримтад зохигчид маргаагүй, тайлбарласан нь ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон.

БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.5 дахь заалтад заасныг тус тус үндэслэн С.Бийг  жолоочийн албан тушаалаас чөлөөлжээ. /хх-ийн 8 дугаар тал/

Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Монгол шуудангийн баримтаар тогтоогдсон ба тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан. /хх-ийн 24 дүгээр тал/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...С.Б нь ажлын байранд архидан согтуурч, архи уусан үедээ согтуугаар ажилд гарахыг завдсан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан” гэж тайлбарлаж, маргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь ажилтан С.Бийг ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч уг тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан.

Тодруулбал, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хэлдэг.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ноцтой зөрчил гаргасан болохыг  хэргийн 45-50 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдоно гэж мэтгэлцсэн. Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний нэгдсэн автобааз ОНӨААТҮГ-ын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичигт “...хувцас солих ажилчдын өрөөнд жолооч ачигч нар нус шүлсээ хаях, тамхи татах, архидан согтуурах гэх зэргийн зөрчлийг удаа дараа гаргаж байгаа тул нийт ажилчдад сануулж өгнө үү” гэжээ. Уг албан бичгээс үзэхэд ажилтан С.Бийг тухайлан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн тус байгууллагын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот албан бичигт “...Танай байгууллагын жолооч С.Б, Ю.Д******* нар нь ажилчдын хувцас солих өрөөнд архидан согтуурч, байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчлөө арилгаагүй тул зохих ёсны арга хэмжээг авч өгнө үү” гэжээ. Уг албан бичгээс үзэхэд ажилтан С.Бийг хэдэн оны хэдэнд сарын хэдэнд зөрчил гаргасан эсэх, уг зөрчлийг гаргасан болохыг баталгаажуулсан баримтгүй байна. Хэдийгээр тус байгууллагаас ажилтан С.Бийг ажлын байранд архидан согтуурсан талаарх албан бичгийг хариуцагч байгууллага руу хүргүүлсэн байх боловч тухайн зөрчил нь уг албан бичгээр дан ганц тогтоогдохгүй, тухайн гаргасан зөрчлийн тохиолдол бүрийг бусад баримтаар баримтжуулсан байх шаардлагатай.

Ажил олгогч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-ын дотоод хяналтын мэргэжилтэн, Ерөнхий инженер нараас байгууллагын ёс зүйн хороонд гаргасан гэх саналд дурдагдсан 2021 оны 01 дүгээр сарын 26, 2021 оны 02 дугаар сарын 10, 2021 оны 02 дугаар сарын *******-ны өдрүүдэд тус тус ажилтан С.Бөөс гаргасан гэх зөрчил нь бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд ёс зүйн хороонд гаргасан санал гэх баримт нь ажил олгогчоос гаргасан нэг талын үйлдсэн баримт байх ба уг саналд дурдагдсан зөрчлүүд бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй тохиолдолд шүүх уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар, хариуцагч байгууллагын дотоод хяналтын мэргэжилтэн, Ерөнхий инженер нараас байгууллагын ёс зүйн хороонд гаргасан гэх саналд үндэслэн тухайн байгууллагын ёс зүйн  хороо хуралдаагүй талаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Ажилтан С.Б нь ажил олгогчийн эзэмшлийн 71-60 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцан жолооддог болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Жолооч ачигч нарт байгууллагын дотоод журам болон тээвэр албаны журам танилцуулсан баримтаар тогтоогдсон. /хх-ийн 38 дугаар талын ар/

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 71-60 УБВ тээврийн хэрэгсэлд доголдол үүссэнтэй холбоотойгоор уг тээврийн хэрэгсэлд засвар хийх шаардлагатай байсан талаар шүүх хуралдаанд талуудын хэн аль нь тайлбарласан. Уг өдөр тээврийн хэрэгсэлд засвар хийхтэй холбоотойгоор жолооч С.Б нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах боломжгүй болсон байна.  Ажилтан С.Бөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Миний бие С.Б  01 сарын 26-нд 71-60 УБВ автомашинд засвар хийж, архи ууж ажилд гараагүй нь үнэн болно. Дахин ийм асуудал гаргахгүй, Ажилд гараагүй миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг ажил олгогчид өгчээ. 

Уг ажилтанаас өгсөн тайлбар болон дээрх үйл явдлыг харьцуулан дүгнэхэд жолооч С.Бийг согтуугаар ажилд гарахыг завдсан гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр ажилтан С.Б нь “архи ууж ажилд гараагүй” гэх тайлбарыг өгсөн нь түүнийг зөвтгөх үндэслэлгүй байх боловч тэрээр шүүх хуралдаанд “...уг өдөр автомашин засвартайгаас ажиллах боломжгүй байсан тул гэртээ архи ууж, энэ өдөр ажлаа тасалсан” гэж тайлбарласан.

Иймд ажилтны тухайн өдөр ажлаа тасалсан үйлдэл нь шууд ноцтой зөрчилд тооцогдох үндэслэлгүйн дээр хариуцагч нь  нэхэмжлэгчийг ажлын байр дээр удаа дараа архи уусан гэх тайлбараа баримтаар нотлохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  “...бид 2021 оны 02 дугаар сард уг байгууллагад ажилтанаар орсон. Ажлаа авснаас хойш хэд хэдэн удаа бааз дээр очиж байсан. Энэ үед жолооч С.Бөөс архи үнэртдэг байсан. Тухайн үед нь архи ууж болохгүй талаар амаар сануулаад өнгөрсөн. Бид өөрсдөө архи уудаггүй тул архи уусан хүний үнэрийг сайн мэднэ. Зориулалтын багажаар үнэртүүлж архи уусан болохыг тогтоогоогүй. Манай байгууллагад ийм багаж байхгүй. Нийт ******* жолоочтой ба эдгээр жолооч нарыг архи уусан эсэхийг үнэртэж мэддэг” гэж тайлбарласан.

Дээрх тайлбараас үзэхэд ажилтан С.Бийг ажлын байранд архи уусан эсэхийг зориулалтын багажаар шалгаагүй атлаа архи үнэртсэн гэх үндэслэл зааж, уг үндэслэлээр ажилтныг удаа дараа ажлын байранд архи уусан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна.

Нөгөө талаар, ажилтан С.Бийг ажил олгогчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүтээлч ажилтан, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгууллагын шилдэг ажилтанаар тус тус тодруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан байх ба үүнээс хойш 2 сарын хугацаанд ажилтан нь удаа дараагийн үйлдлээр ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий биш байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь зүйтэй атлаа ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд уг хуулийн зохицуулалтыг баримталсан байна.

Хариуцагч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч С.Бийг удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэх боловч үүнтэй холбоотой баримтгүй, ажилтны гаргасан гэх зөрчлийн тохиолдол бүрийг тухайн цаг хугацаанд тогтоогоогүй, зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэргийг үйлдээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад заасан ажилтныг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Иймд ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул С.Бийг БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

Харин нэхэмжлэгчийн БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй юм.

Ажилтан С.Б нь 2020 оны 12 дугаар сард 2,140,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 764,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 1,557,000 төгрөгийн цалин хөлс авсан авсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон. /хх-ийн 9-10 дугаар тал/  Үүнээс ажилтны 1 сарын дундаж цалин хөлсийг тооцож үзэхэд 1,475,000 төгрөг, 1 өдрийн цалин  /1,475,000 : 22 хоног/ 67,045 төгрөг байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс уг шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт ажлын 63 хоног ажилгүй байсан тул хариуцагчаас 4,223,835 төгрөг /67,045 х 63 хоног/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн ажилтан С.Бөд олговол зохих цалин олговор болох 4,223,835 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-т даалгах болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бийг хариуцагч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-аас 4,223,835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бөд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бөд олгох 4,223,835 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗДНҮГ-3ОНӨААТҮГ-т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 152,731 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БЯМБАЖАРГАЛ