Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 18

 

В.Мя-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.******* Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.******* Нарийн бичгийн дарга: Д.Ганчимэг нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Мя- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

В.Мя- миний бие 2017 оны 4-р сарын 29-нд гэрээсээ гарч яваад гудамжинд архи ууж агсам согтуу тавьсан хүнтэй таарч чулуугаар цохииулж хэл амаар доромжлуулж биеэ хамгаалж шинэ Зөрчлийн хуулиар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн шийтгэл авсан ба анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байтал намын болон хувийн ашиг сонирхолоор засаг дарга Х.Ба- нь ажлаас чөлөөлсөн. Х.Ба- засаг даргаар томилогдсон өдрөөсөө эхлэн намын шаардлага шахалт гэж ажлын байрны дарамтыг төсвийн байгууллагын ажилчдад байнга үзүүлж байна. ...Намайг 2018 оны 2-р сарын 2-ны өдрийн мэдэгдэх, 2018 оны 2-р сарын 06-ны Б/03 захирамждаа эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн гэж мэдэгдэх хуудас, захирамжаа гаргасан байна. Иймд би шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй давж заалдах шатны шүүхэд очсон, уг ажлыг үргэлжлүүлэн хийх боломжтой гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нас барсан биеэр хорих ял эдэлж байх тохиолдолд уг ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй гэж үзэж байна. Ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Ба- анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

В.Мя- нь ажлын цаг баримталдаггүй, ажил тасладаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй байнга архи ууж өөрийн ажилчдаа дарамтлах асуудлыг гаргадаг, бусадтай удаа дараа зодоон хийж байсан ёс зүйгүй хүн юм. Тэрээр 2014 онд ажлын байран дээрээ архидан согтуурч ажлаасаа чөлөөлөгдөж байсан. 2017 онд хүн зодож хүнд гэмтэл учруулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай тогтоолоорторгох ял шийтгүүлсэн байна. Иймд холбогдох хуулиудын дагуу ажлаас нь чөлөөлсөн болно. Миний бие сумын Засаг даргаар томилогдон ажилласнаас хойш хууль бусаар нэгч хүн ажлаас чөлөөлөөгүй бөгөөд одоогоор хэн нэгэнд ямар нэгэн хариуцлага тооцсон зүйлгүй, төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан билээ. В.Мя- нь намайг гүтгэн нэр төрд халдаж байгааг энэ дашрамд сануулж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн Мя-г Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.981.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч В.Мя-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох олговор 1981000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл тэмдэгтийн хураамжтөлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас тэмдэгтийн хураамжид 46646 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын17-ны өдрийн 439 дугаартай шүүхийн шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

... Идэр сумын Засаг даргын захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагаас гаргасан тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт ...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол гэж заасан. Идэр сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах боломжгүй байна. ...Дээрх тайлбарыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн дүгнэлтэндээ тайлбарласан боловч энэ талаар шийдвэртээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хуулийг буруу тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамаарахгүй байгууллага захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартайшийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Х.Ба-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамж нь захиргааны акт мөн үү? гэдэг асуудал гарч ирнэ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд 37.1-т зааснаар Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Тэгэхээр сумын Засаг дарга нь захиргааны байгууллага мөн үү? гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заагаад өгсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд тодорхой заасан. Сумын төвд бол 4 төрийн байгууллага байдаг бөгөөд Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Сургууль, Цэцэрлэг орно. Үүнээс Сургууль, Цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг сумын Засаг дарга тус тус томилдог. Энэ нь 4-лээ төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан. Гэтэл Сургууль, Цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой маргааныг захиргааны шүүх шийдвэрлээд, харин Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн эрхлэгчтэй холбоотой маргааныг иргэний шүүх шийдвэрлэдэг. Гэтэл дээрх 4 байгууллага нь захиргааны байгууллага бөгөөд бүгд захиргааны байгууллагаас томилогддог. Мөн гаргаж байгаа захирамж нь хүртэл сөрөг нөлөөлөл бүхий акт юм. Тэгэхээр нэхэмжлэгчтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.4-т зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол гэж заасан. Тэгэхээр захиргааны байгууллагаас бусад байгууллагатай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргасан. Энэхүү гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл захиргааны акт мөн үү? биш үү? гэдэг асуудал яригддаг. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа учраас захиргааны актад хамаарна. Гэхдээ иргэний хэргийн шүүх шийдвэрлэх үү? эсхүл захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх үү? гэдэг асуудал үүсч байна. Захиргааны акт гэж юу хэлэх вэ? гэхээр нийтийн эрх зүйн эсрэг чиглэсэн үйл ажиллагаатай холбоотой актыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэгчид холбогдуулан Идэр сумын Засаг дарга захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан. Сумын Засаг даргын захирамж нь актын хувьд зөвхөн нэг хүний эсрэг хөдөлмөрлөх эрхтэй холбогдуулан гаргасан. Өөрөөр хэлбэл нийтийн эрх зүйн хэм хэмжээг зохицуулсан акт биш юм. Иймд нэхэмжлэгчтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. Хариуцагчийн өмгөөлөгч нь Сургууль, Цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой маргааныг захиргааны шүүх шийдвэрлээд, харин Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн эрхлэгчтэй холбоотой маргааныг иргэний шүүх шийдвэрлэдэг нь эргэлзээтэй гэж тайлбарлалаа. Тэгэхээр гаргаж байгаа захиргааны акт нь нийтийн эсрэг чиглэж байна уу? эсхүл нэг хүний эсрэг чиглэж байгаагаас хамаарч шүүхийн харьяалалын асуудал яригдана. Түүнээс биш захиргааны байгууллагаас гаргасан акт болгоныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч В.Мя- хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстөй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлсэнийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Завхан аймгийн Идэр сумын засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаараа тус сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан В.Мя-г Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Завхан аймгийн Идэр сумын соёлын төвийн эрхлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан хаагч, нөгөө талаар ажил олгогч нь В.Мя-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн учраас талуудын хооронд хөдөлмөрийн маргаантай харилцаа үүссэн гэж үзэж, хэргийг иргэний хэргийн харьяалалын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч В.Мя- нь Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд тэрээр Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, торгох ялаар шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогч нь В.Мя-г Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.7 дахь хэсэгт зааснаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох ёстой.

Гэтэл В.Мя-д шүүхээс оногдуулсан ял нь торгуулийн ял байх бөгөөд уг ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.Мя- ажил үүрэгээ гүйцэтгэх боломжтой бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7-г зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР