Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/01851

 

 

 

 

                                               2021        06          16

                     101/ШШ2021/01851

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0, “Г б” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Олхонууд овогт Нанзаддоржийн А /рд:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,965,463.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Н.А нь  2017 оны 10 дугаар сарын  23-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ220716791 кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан, 2,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсаны сарын 3.5 хувийн хүүтэй болон гэрээний 2 дугаар зүйлд заасан зээлийн эрхийн үндсэн нөхцлийн дагуу зээлийн эрх бүхий картыг ашиглан зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь гэрээгээр  хүлээсэн үүргээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс зөрчиж, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн зээлдэгч Н.Ат холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд үндсэн төлбөр 2,100,001.29 төгрөг, бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүү 1,668,367.98 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 627,181.89 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 569,312.25 төгрөг, шимтгэл хураамж 600 төгрөг, нийт 4,965,463.41 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүү нь хоёр өөр хүүгийн төлбөр мэтээр байгаа боловч энэ нь хоёулаа нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардаж байгаа юм. Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн тус бүрийн задаргаа нь кредит картын тооцооллын хүснэгтэд тодорхой байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Миний бие Голомт банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-нд “Голомт банктай” кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг хоёр жилийн хугацаатай бэлэн бус гүйлгээний 2 хувийн хүүтэй байгуулсан. Үндсэн бэлэн бус 2,000,000 төгрөгийн зээлийн 2 хувийн хүү нь нэг сарын 40,000 төгрөг бөгөөд зээлийн гэрээний 2 жил буюу 24 сарын хүү нь 960,000 төгрөг болж байна. Мөн нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлийн хүүгийн 20 хүртлэх хувь буюу гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү нэг сарын 8,000 төгрөг болсон бөгөөд нийт 233,862 төгрөг, хугацаа хэтрүүлсэний 1 хувийн хүү нь сарын 20,000 төгрөг бөгөөд гэрээний шаардах эрх үүссэн цаг болох 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 сарын 30- ны өдрийг хүртэл 584,666 төгрөг болж байна. Иймд миний бие “Голомт банкны” шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2,818,528 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,100,000 төгрөг үлдсэн үйл баримтал маргахгүй. Харин нэхэмжлэгч талтай очиж уулзахад 3.100.000 төгрөгийн үнийн дүнгээр эвлэрч болно гэж надад ойлгуулчихаад одоо өөр үнийн дүн буюу 3,800,000 төгрөгөөр эвлэрч болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г б” ХХК нь хариуцагч Н.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,965,463.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г б” ХХК нь хариуцагч Н.Атой 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ220716791 дугаар бүхий кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан, уг гэрээгээр “Г б” ХХК нь 2,000,000 төгрөгийн эрхийн хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсаны сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, кредит карт эзэмшигч Н.А нь картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх гэрээний 5.2 дахь заалтад заасан үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч Н.А нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс зөрчиж, төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2,100,000 төгрөг үлдсэн үйл баримтад талууд маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсний хүүгийн хэмжээнд маргасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан. Иймд хариуцагч Н.Аын зээлийн үндсэн хүүг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.

 

Кредит картын зээлийн тооцооллоос үзвэл хариуцагч нь гэрээний хугацаанд 17,347,614 төгрөгийн зарлага гаргаад, 15,247,612 төгрөгийн орлого хийсэн, тэрээр зээлийн эрхийн дагуу бэлэн болон бэлэн бусаар зарлага гарган, орлого хийж байсан боловч 2,100,000 төгрөгийн зарлагыг эргүүлэн төлөөгүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал,

 

Бэлэн бус гүйлгээгээр 7,247,500 төгрөгийг кредит картнаас авсанаас 5,715,898 төгрөгийг төлж үлдэгдэл 1,531,601 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 10,100,114 төгрөгийг кредит картнаас авсанаас 9,531,714 төгрөгийг төлж үлдэгдэл 568,400 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийн үндсэн төлбөр төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч Н.А нь гэрээний хугацаанд ашигласан зээлийн төлбөрийн бэлэн гүйлгээний хүү 1,420,209 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 636,916 төгрөг нийт 2,057,125 төгрөгийн хүү төлөхөөс 388,758 төгрөгийг төлж, 1,668,367 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт төлөхөөр байна. Мөн талуудын байгуулсан гэрээний 2.1-т картнаас бэлэн мөнгө авах бүрт 100-200 төгрөгийн шимтгэл төлөхөөр тохиролцсон байна.

Иймд хариуцагч Н.Аоос зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,100,000 төгрөг, зээлийн хүүд 1,668,367 төгрөг, шимтгэл 600 төгрөг, нийт 3,768,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн хариуцагч Н.Аоос гаргуулахаар шаардсан хугацаа хэтрүүлсний хүү 627,181 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 569,312 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүү гэдэг нь хоёулаа нэмэгдүүлсэн хүү юм. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн нэршилийг дээрх хоёр өөр нэрээр байгуулсан” гэж тайлбарласан.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.5-д “зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно”, 3.6-д “төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно” гэж тус тус заасан байна.

 

Дээрх гэрээний 3.5, 3.6-д тус тус заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцээгүй, хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүүгийн  хэмжээ нь тус бүр зээлийн үндсэн хүүний 20 хувиас илүү хэтэрсэн байна.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ” гэж заасан.

 

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө тал болох иргэнд санал болгож байгаа талуудын байгуулсан гэрээний 3.5, 3.6-д тус тус заасан хүүгийн талаархи зохицуулалт нь  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч “Г б” ХХК нь эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Аоос зээлийн гэрээний үүрэгт 3,768,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,196,493 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Аоос 3,768,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,196,493 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75,253 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БЯМБАЖАРГАЛ