Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01194

 

 

 

 

 

 

 

 

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01851 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,965,463.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 10 сарын 23-ны өдөр ЗГ220716791 дугаар Кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан. 2,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээ сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсан тохиолдолд сарын 3.5 хувийн хүүтэй болон гэрээний 2-т заасан үндсэн нөхцөлийн дагуу зээлийн эрх бүхий картыг ашиглан зарцуулалт хийсэн болно. Хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүү нь хоёр өөр хүүгийн төлбөр мэтээр байгаа боловч энэ нь хоёулаа нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр юм. Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн тус бүрийн задаргаа нь кредит картын тооцооллын хүснэгтэд тодорхой тусгасан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 11 сарын 18-ны өдрөөс зөрчиж, зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул үндсэн төлбөр 2,100,001.29 төгрөг, бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүү 1,668,367.98 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 627,181.89 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 569,312.25 төгрөг, шимтгэл 600 төгрөг, нийт 4,965,463.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 10 дугаар сарын 23-нд Г Б тай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг хоёр жилийн хугацаатай бэлэн бус гүйлгээний 2 хувийн хүүтэй байгуулсан. Үндсэн бэлэн бус 2,000,000 төгрөгийн зээлийн 2 хувийн хүү нь нэг сарын 40,000 төгрөг бөгөөд зээлийн гэрээний 2 жил буюу 24 сарын хүү нь 960,000 төгрөг болж байна. Мөн нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлийн хүүгийн 20 хүртлэх хувь буюу гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү нэг сарын 8,000 төгрөг болсон бөгөөд нийт 233,862 төгрөг, хугацаа хэтрүүлсэний 1 хувийн хүү нь сарын 20,000 төгрөг бөгөөд гэрээний шаардах эрх үүссэн цаг болох 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл 584,666 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,818,528 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,100,000 төгрөг байгаа талаар маргахгүй. Нэхэмжлэгч нь өмнө 3,100,000 төгрөгийн үнийн дүнгээр эвлэрч болно гэж байсан атлаа одоо 3,800,000 төгрөг гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.А-оос 3,768,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,196,493 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75,253 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Талуудын байгуулсан 2017 оны 10 сарын 23-ны өдрийн гэрээ нь 2 жилийн хугацаатай ба хүчинтэй хугацаанд 2,000,000 төгрөгнөөс бэлэн бус гүйлгзэний 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсаны 3,5 хувийн хүүг тооцож авах хуулийн зохицуулалттай байхад нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаагаар хүү тооцож хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна. Гэрээнд заасны дагуу 2,000,000 төгрөгийн бэлэн бус гүйлгээний 2 хувь нь нэг сарын 40,000 төгрөг бөгөөд нийт 24 сараар тооцоход нийт хүү нь 960,000 төгрөг болно. Үүнээс хариуцагч нь 388,758 төгрөгийн хүүг төлж 571,242 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, үндсэн хүү 571,242 төгрөг нийт 2,571,242 төгрөг төлөх байхад 3,768,970 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрээс 1,197,728 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч Н.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 2,100,001.29 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 1,668,367.98 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 627,181,89 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 569,312.25 төгрөг, шимтгэл хураамж 600 төгрөг, нийт 4,965,463.41 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 2,818,528 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргажээ./хх 1, 19/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Н.А- нь Г Б ХХК-тай 2017 оны 10 сарын 23-ны өдөр ЗГ220716791 дугаартай кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны сарын хүү 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, кредит карт эзэмшигч нь картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцож үүрэг хүлээжээ. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх 4-6/

 

Зээлдэгч Н.А- нь 2017 оны 10 сарын 23-ны өдөр ЗГ220716791 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 15,247,612 төгрөг төлсөн, 2018 оны 11 сарын 18-ны өдрөөс гэрээний үүргийг зөрчиж, төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг байгаа талаар талууд маргаагүй, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

 

Хариуцагч Н.А- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Г Б ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох зохицуулалтад нийцээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсний хүү 627,181 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 569,312 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв.

 

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 1995 оны 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй, харин 2019 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны хүү болох 846,202,97 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ. /хх 8/

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-нд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А-оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,100,000 төгрөг + зээлийн хүү 846,202,97 төгрөг = 2,946,202.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01851 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 2,946,202.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...75,253 төгрөг... гэснийг ...62,089 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР