Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 20

 

Ш.Ба-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа/онлайн/ Хариуцагч: Р.Жа- Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 540 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Р.Жа-ы давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ба- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Р.Жа-тай харилцан тохиролцооны үндсэн дээр Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ******* айлын орон сууцны ******* тоот 46 мкв бүхий 2 өрөө орон сууцыг 50.600.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаанд 20******* оны 02 сарын 07-нд 9 сая төгрөг, 3 сарын 01-нд 1 сая төгрөг, өгч үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул Р.Жа-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Р.Жа-ы дүү Р.Мө- бид хамтран ажиллах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг барьсан тул би Р.Жа-д итгэж төлбөрөө бүрэн барагдуулаагүй байхад нь оруулсан. Р.Жа- нь Р.Мө- бидний хооронд үүссэн маргаантай байдлыг далимдуулан надаас авсан орон сууцны төлбөрийг төлөхгүй өдийг хүрч намайг хохироож байгаа тул хуульд заасны дагуу Р.Жа-аас 39.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Жа- анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ш.Ба- түүний эхнэр Г.Но- нар нь энэ ******* айлын орон сууцыг миний дүү Р.Мө-, бэр Д.От- нарын хамт барьж байхдаа ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй байдалд хүрээд 20*******-02-07-нд цагаан сараас 2-3 хоногийн өмнө надад та ******* тоотын 2 өрөө байрыг ав, эхний ээлжинд 10.0 сая төгрөг урдчилгаанд өгчих, цагаан сар болох гээд ажилчид цалингаа нэхээд байна гэж хэлсэн. Энэ үед ажилчид нь цалин хөлсөө нэхээд коридорт зогсчихсон байсан. Ийм байдалд байсан учир би зөвшөөрч байр авах нь зөв гэж үзсэн учир 2017.02.07-ны өдөр 9 сая төгрөгийг Ба-ийн эхнэр Но-ийн дансанд хийсэн.Дараа нь 3 сарын 01-нд 1.0 сая төгрөгийг шилжүүлсэн. 6 сард цементийн үнэ 1.5 сая төгрөгийг От-ийн дансанд шилжүүлсэн. /Эд нар хамтран ажиллаж байсан учир/ Ингээд би энэ байранд нүүж орсон. 2015 оны 06 сард би энэ байрыг авч чадахгүй болсноо, буцааж өгөөд урьдчилгааны мөнгөө авъя гээд бичгээр өгсөн. Ба- надаас урьдчилгаа авах үед ******* тоотынордерийг миний нэр дээр гаргаж өгсөн байснаа *******аа эгчээ би өөрөө өөртөө байр зарсан болох гээд байна гээд ордер нь миний нэр дээр байхгүй болохгүй юм байна гээд 20******* оны 8 сард өөрийнхөө нэр дээр болгосон. Иймд бидний хооронд байгуулсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус учир би Ба-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Р.Жа-ы хууль бус эзэмшлээс Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоот 46 мкв бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, Монгол улсын Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үр шим 15.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.450 төгрөгийг улсын орлого болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Р.Жа-аас 70200 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Жа- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч Р.Жа- би Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 540 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. шүүхийн шийдвэрийг би 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан. Ш.Ба-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүгч Ш.Одонзул шийдвэрлэхдээ илэрхий нэг талд үйлчилж талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэж, хариуцагч миний эрх ашгийг хохироолоо.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ шүүхэд тодорхойлж, хариуцагч түүнийг нь хууль зүйн хувьд няцааж байж талуудын хооронд мэтгэлцээн явагдах ёстой бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд хуульчлан заасан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ямар хуулийн заалтад үндэслэж байгаагаа огт тодорхойлоогүй байхад шүүгч хэрэгт авагдсан Ш.Ба-ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч намайг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан гол нөхцөл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх, уг хөрөнгө нь бусдын хууль бус эзэмшилд байх явдал бөгөөд Ш.Ба-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь бодит байдал дээр түүний нэр дээр гараагүй, эхлээд миний нэр дээр гарч дараа нь Ш.Ба- таны нэр дээр байж болохгүй юм байна, миний нэр дээр байх ёстой юм байна гээд 20******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ш.Ба- бэлэглэлийн гэрээ гэж гэрээ хийж өөрийнхөө үндсэн дээр түүний нэр дээр шилжүүлсэн бөгөөд шүүгч энэ нөхцөл байдлыг судалж шалгаагүй мөртлөө өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн намайг уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Би орон сууцны урьдчилгаа төлбөрт 11500000 төгрөг цувуулан төлсөн бөгөөд уг орон сууцыг бариулж байсан Ш.Ба-, Но-, Мө-, От- нарын хооронд маргаантай асуудал гарахаар нь орон сууцаа эргүүлж аваад миний мөнгийг өгчих гэсэн саналыг Ш.Ба-эд өөрт нь гаргасан боловч та байрандаа амьдарч бай, бид таныг байраа өг гэж хэлээгүй байна гэж хэлчихээд одоо болохоор намайг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа, орон сууцаа авна гэж шаардсан нь үндэслэлгүй бөгөөд миний өгсөн 11500000 төгрөгийг хэл амгүй буцаагаад өгсөн бол би шүүхээр явж маргалгүй энэ байрыг буцаан өгөх боломжтой байсан юм.

Ш.Ба-, Но- нар надаас үндэсгүйгээр удаа дараа их хэмжээний мөнгө авахыг хүсэж мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж бидний хооронд маргаан удаан хугацаагаар үргэлжилсэн. Энэ үед би урьдчилгаанд өгсөн мөнгөө аваад байрыг суллаж өгье гэдгээ хэлж байсан. Тэд хууль бус хуурамч гэрээ хийсэн атлаа гэрээний үүргийн биелэлт гэж их хэмжээний мөнгө нэхэх, түрээсийн хөлс гэж мөн их хэмжээний мөнгө нэхэх зэргээр надаас мөнгө л авахыг хүсээд байсан.

Өмнөх хэргийг шүүгч Балжинням шийдэх гэж байхад би гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх сөрөг нэхэмжлэлийг маань хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан.

Мөн Ба-, Но- нарыг нэхэмжлэлээ татаж авсаныг баталж шийдэхдээ дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж буруу шийдсэн. Би Ба-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аагийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэх тайлбарт хариу тайлбар бичихдээ Балжинням шүүгчийн шийдсэн хэргийг энэ хэрэгт авч нотлох баримт болгох хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх өөрийн архивт байгаа материалыг татаж аваагүй, энэ талаарх миний хүсэлтийг хангаагүйгээр хэргийг шийдвэрлэж бидний маргааныг буруу шийдвэрлэлээ.

Өмнөх хэргийн материалыг авч хавсарган цаашид ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж би дээрх хүсэлтийг гаргасан болно. Мөн анхан шатны шүүх намайг ******* тоот 2 өрөө байрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэн албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг байрыг Ш.Ба-, Но- нарын зөвшөөрлөөр эзэмшиж байгаа . Үүнийгээ ч энэ хүмүүс үгүйсгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өмнөх хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хавсаргуулж бусад ажиллагааг явуулж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Ш.Ба-ийн надтай анх байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ намайг хуурч мэхлэн ордерийг өөрийн нэр дээр шилжүүлэхдээ байгуулсан бэлэглэлийн гэрээний аль аль нь хууль зөрчсөн хуурамч хууль бус гэрээ учир уг гэрээнүүдийг хууль бус гэрээнд тооцох ёстой. Миний хүсэлтийг хангаж өмнөх хэргийн материалуудыг энэ хэрэгт хавсарган гэрээнүүдийг хууль бус гэж тооцож шийдвэрлэх боломжийг шүүх надад олголгүй, би хүсэлтээ шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр гаргаад байхад 2018 оны 07 дугаар сарын 06-нд буюу хоёрхон хоногийн дараа шийдсэнд гомдолтой байна.

Шүүх талуудын шүүхэд гаргасан тайлбарыг хооронд нь харьцуулж дүгнээгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хуульд үндэслээгүй байхад энэ талаар түүний төлөөлөгчөөс асууж тодруулаагүй хэргийн нөхцөл байдал, үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өмчлөгч өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг түүнээс асууж, хариуцагчийн маргаж байгаа үндэслэлийн аль хэсгийг нь зөвшөөрч, аль хэсгийг нь зөвшөөрөхгүй байгааг тодруулан маргаантай байгаа хэсэгт хууль зүйн үнэлэлт өгөх нь шүүгчийн үүрэг байтал энэ асуудалд хайхрамжгүй хандаж, эрх зүйн маргааныг шударга, хууль зүйн үндэслэлтэй, үнэн зөв, хараа бусаар шийдвэрлэх албаны үүргээ огт биелүүлээгүй, нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэр гаргасан шүүгч Ш.Одонзулд гомдолтой байна.

Анхан шатны шүүх миний гаргасан хүсэлтийг хангалгүй, хэргийг дутуу шалгаж энэ хэрэгт ач холбоотой нотлох баримтууд Балжинням шүүгчийн хаасан хэрэгт байгаа гэдгийг хүсэлтэндээ илэрхийлж энэ хэрэгт хавсаргуулахыг хүссэн миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхиж, Ба- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх *******аагийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв гэж үзэж нэг талыг баримталж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасангүй.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 540 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү гэжээ.

Хариуцагч Р.Жа- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* багийн ******* айлын орон сууцны 2 давхарт хүүтэйгээ амьдарч байсан. Гэтэл миний дүү эхнэртэйгээ Ба-, Но- нар нийлээд шинэ байр барьсан. Байр нь ашиглалтанд ороод ажилчдын цалингаа тавьж чадахгүй байна. Та ажил хийдэг хүн байна аргалаад хэдэн төгрөг олоод өгчих бид нар 8 хувийн хүүтэй лезингийн зээлд хамааруулаад өгнө банкинд таньдаг хүмүүс байгаа гэсэн эхний ээлжинд та 10.000.00 төгрөг олоод өгчих цагаан сараас өмнө байрандаа орчих настай хүн байна шинэ сайхан дулаахан байранд орчих гэсэн. Удаагүй байрны ордераа өөрийн нэр дээрээ гаргаж авсан. Удалгүй энэ 4 хоорондоо маргалдаж ашиг, хонжоо дээрээ тохиролцоогүйгээс болж маргалдсан. Энэ хооронд Ба-, Но- нар та тайван байж бай гэсэн тэгээд тайван амьдарч байтал өнөөдөр ийм зүйл боллоо. Би орох орон гэргүй байж байгаад танай байранд оръё гээд ороогүй урьдчилгаа 11.500.000 төгрөг төлсөн. Манай дүү та байраа авч чадахгүй бол зарчих гэсэн гэтэл Ба- намайг та хөгшин настай, миний эгч шиг хүн та тайван л байж бай таниас байраа авахгүй гэсэн. Гэтэл нэг өдөр Ба-, Но- нар манай гэрт ирсэн та байрнаас гар гэсэн тэгэхэд би эгч нь байрнаасаа гаргана эгчийнхээ өгсөн мөнгийг л өгчих гэсэн. Миний тухайд Ба-, Но- нарыг залуу хүмүүс юмны учирыг олох байх гэж бодож явсан гэтэл ийм үр дүнд хүрлээ. Би хавар уг байрыг сулласан байгаа. Ба- өөрөө надтай яриад тохирсон зүйл байхгүй өөрөө шүүх хуралдаандаа ч оролцохгүй. Шүүх хуралдааны үеэр надаас дааж давшгүй мөнгө нэхээд байх юм. Би миний хэргийг буруу шийдвэрлэж шийдсэн учраас гомдолтой байна. Өөрийн өгсөн 11.500.00 төгрөг өгсөн түүнийгээ авч байж байрнаас нь гарах саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа ярих учиртай гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа мэт ярьж байгааг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байна гээд, 20******* оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Р.Жа- нь хууль бус өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа. Энэ хугацаанд орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг худалдан авах хэлцлийн дагуу үлдэгдэл мөнгө 39.100.000 төгрөг төлүүлэх гэсэн шаардлагуудыг Р.Жа-д удаа дараа тавьж байсан. Хууль зүйн үүднээс Ш.Ба- нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Үндсэндээ Р.Жа- нь 20******* оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь 20******* оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Р.Жа-, Ш.Ба- нарын хооронд хийгдсэн гэрээ юм. Энэ гэрээн дээр талууд маргадаггүй. Р.Жа- нь Ш.Ба-тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаасаа өмнө энэ орон сууцанд амьдарч эхэлсэн. Тэгэхээр Ш.Ба- нь өөрийн эзэмшлийн орон сууцаа захиран зарцуулах, орон сууцыг эдлүүлсэний үр шимийг нь хүртэх эрхээ алдаж байна. Талуудын хооронд хийгдсэн хэлцлийг Р.Жа- нь тайлбарлахдаа нэхэмжлэгч биш этгээдүүдтэй хамааралтай үүнээс хамаарсан төлбөр мөнгийг төлөлцсөн гэсэн тайлбарыг хэлдэг. Гэвч Р.Жа- нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, Ш.Ба- гэдэг иргэний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хэлцэл хийгээд хууль бусаар эзэмшсэн. Р.Жа- нь Ш.Ба-эд байрны урьдчилгаанд 11.500.000 төгрөг өгсөн гэдэг боловч тус мөнгийг Ш.Ба-ийн нэр дээр шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн, ямар ч баримт байдаггүй. Харин Р.Жа-ы өөрийнх нь төрсөн дүү Р.Мө-, бэр От- нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөгдсөн асуудлаас үүсэлтэйгээр Р.Жа- нь орон сууцанд ороод амьдарчихдаг. Хэдийгээр энэ нь тэдний хооронд хийгдсэн аман хэлцэл ч юм уу, тохиролцоо ч юм уу байгаа юм шиг харагдах боловч үнэндээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэнийх нь нэр дээр бүртгэгдсэн байна. Тэр хүний нэр дээр хийгдсэн гэрээ, хэлцлийн дагуу тэр иргэний нэр дээр төлөгдсөн хөрөнгийн мөнгө, төлбөр үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах татгалзлаа нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Р.Жа- нь хууль бус эзэмшлийг өөртөө бий болгоод 20******* оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа. Энэ орон сууцанд амьдарч байгаа хугацааныхаа үр шимийг нэхэмжлэгч Ш.Ба- нь хүртэх эрхтэй. Р.Жа- нь Ш.Ба-эд 20******* оны 02 дугаар сараас хойшхи хугацааны орон сууцыг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон учраас үүнээс хүртэх үр шимийг 1 сард 250.000 төгрөгөөр тооцож нийт 15.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Ш.Ба- нэхэмжилсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж дүгнээгүйгээс талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ба- хариуцагч Р.Жа-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 39.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Р.Жа-ы хууль бус эзэмшилээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, уг орон сууцыг ашигласаны хөлсөнд 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хэрэгт авагдсан талуудын тайлбараар 20******* оны 03 дугаар сарын 21-нд Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах *******-р байрны ******* тоот орон сууцыг талууд худалдах, худалдан авахаар тохирч гэрээ хийсэн, гэрээний үндсэн дээр хариуцагч уг байранд оршин сууж байгаа талаар тайлбарлажээ.

Хэргийн 59 дүгээр хуудсанд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдсан байна.

Хэрэгт орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаарх талуудын тайлбар, орон сууц худалдах худалдан авах гэрээ болон гэрээний дагуу хариуцагчаас шилжүүлсэн төлбөрийн баримт, (хавтаст хэргийн 38 дугаар хуудасны ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга) зэрэг байхад шүүх дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, хэрвээ гэрээ байгуулагдсан гэж үзсэн тохиолдолд талуудын гэрээнээс татгалзаж байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүйгээс талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Р.Жа- нь 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа Балжинням шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 329 дугаартай захирамжтай хэргийн материалыг авч энэ хэрэгт хавсаргаж өгөхийг хүссэн байхад хариуцагчийн дээрх хүсэлт болон тайлбарыг нягталж үзэлгүй, хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчжээ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 540 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Р.Жа-ы давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Р.Жа-ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш ******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР