Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 540

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, хариуцагч Р.Жа-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-г Улаанбаатар хот Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар оролцуулан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ш.Ба-ийн нэхэмжлэлтэй Р.Жа-д холбогдох орон сууц чөлөөлүүлэх, уг орон сууцны үр шим болох 15.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Ш.Ба- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ш.Ба- миний бие Р.Жа-тай харилцан тохиролцооны үндсэн дээр Завхан аймгийн******* сумын ******* баг ******* айлын орон сууцны ** тоот 46мкв бүхий 2 өрөө орон сууцыг 50.600.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаанд 2013 оны 02 сарын 07-нд 9 сая төгрөг, 3 сарын 01-нд 1 сая төгрөг, өгч үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул Р.Жа-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Р.Жа-ы дүү Р.******* бид хамтран ажиллах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг барьсан тул би Р.Жа-д итгэж төлбөрөө бүрэн барагдуулаагүй байхад нь оруулсан. Р.Жа- нь Р.******* бидний хооронд үүссэн маргаантай байдлыг далмидуулан надаас авсан орон сууцны төлбөрийг төлөхгүй өдийг хүрч намайг хохироож байгаа тул хуульд заасны дагуу Р.Жа-аас 39.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Р.Жа- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Ба- түүний эхнэр Г.Но- нар нь энэ ******* айлын орон сууцыг миний дүү Р.*******, бэр Д.От- нарын хамт барьж байхдаа ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй байдалд хүрээд 2013-02-07-нд цагаан сараас 2-3 хоногийн өмнө надад та 13 тоотын 2 өрөө байрыг ав, эхний ээлжинд 10.0 сая төгрөг урдчилгаад өгчих, цагаан сар болох гээд ажилчид цалингаа нэхээд байна гэж хэлсэн. Энэ үед ажилчид нь цалин хөлсөө нэхээд коридорт зогсчихсон байсан. Ийм байдалд байсан учир би зөвшөөрч байр авах нь зөв гэж үзсэн учир 2017.02.07-ны өдөр 9 сая төгрөгийг Ба-ийн эхнэр Но-ийн дансанд хийсэн. Дараа нь 3 сарын 01-нд 1.0 сая төгрөгийг шилжүүлсэн. 6 сард цементийн үнэ 1.5 сая төгрөгийг От-ийн дансанд шилжүүлсэн. /Эд нар хамтран ажиллаж байсан учир/ Ингээд би энэ байранд нүүж орсон. 2015 оны 06 сард би энэ байрыг авч чадахгүй болсноо, буцааж өгөөд урьдчилгааны мөнгөө авъя гээд бичгээр өгсөн. Ба- надас урьдчилгаа авах үед 13 тоотын ордерийг миний нэр дээр гаргаж өгсөн байснаа Жагаа эгчээ би өөрөө өөртөө байр зарсан болох гээд байна гээд ордер нь миний нэр дээр байхгүй болохгүй юм байна гээд 2013 оны 8 сард өөрийнхөө нэр дээр болгосон. Иймд бидний хооронд байгуулсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус учир би Ба-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.*******- нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:...хариуцагч Р.Жа-аас шүүхэд хүргүүлсэн тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна. Үүнд Р.Жа-ы хууль бус өмчлөлөөс Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* айлын орон сууцны 13 тоот эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй 46м2 талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх, мөн Р.Жа- нь уг орон сууцыг 2013 оны 02 сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 сарын 20-ны өдөрх хугацаанд эзэмшиж ашиглаж ирсэн тул энэ хугацааны эзэмшсэн зардлыг эзэмшсэн хугацааны 60 сараар тооцов. Нэг сарын төлбөрийг 250.000 төгрөгөөр бодож нийт 15 сая төгрөгийг Р.Жа-аас гаргуулж өгнө үү гэж өөрчлөн нэмэгдүүлж байгаа болно гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Р.Жа- нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ш.Ба-ийн төлөөлөгч Б.*******-гийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлэх гэсэн тайлбартай танилцаад хариу тайлбар гаргаж байна. Б.*******- нь шүүхэд ирүүлсэн бичигтэй Ш.Ба-ийг надаас байрны үнийн урьдчилгаанд 11.500.000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч бичсэн байна. Би уг байрыг хууль бусаар өмчлөөгүй, Ба-, Но- нар 2013 онд цагаан сарын өмнө ажилчдынхаа цалинг өгч чадахгүй хүнд байдалд орчихсон байхдаа намайг, энэ байрыг та аваад 10.000.000 төгрөг өгөөч гэсний дагуу би банкнаас 10.000.000 төгрөгний зээл авч 2013 оны 02 сарын 07-ны өдөр энэ хүмүүст өгөхөд ажилчид нь миний тавилгыг зөөж энэ байранд оруулж өгсөн. Мөн бусдаас авсан цементийн үнэ болох 1.500.000 төгрөгнийх нь өрийг би төлж өгсөн. Гэтэл Б.*******- Ба-эд 1 ч төгрөг өгөөгүй, Ба- биечлэн аваагүй гэж бичжээ. Ба- шүүх шийдтэл та санаа зоволтгүй зүгээр л байж бай гэсэн. Би урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж аваад байрыг суллаж өгье гэдэг хүсэлтээ ч шүүхэд бичгээр гаргаж өгч байсан. Иймд намайг уг байрыг хууль бусаар өмчилсөн гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй, албадан гаргуулахыг хүсэж байгааг зөвшөөрөхгүй, би албадан гаргуулах шаардлага ч байхгүй. Мөн надаас 60 сарын төлбөрт 15 сая төгрөг нэхэж байгааг зөвшөөрөх ямар ч үндэс байхгүй. Бидний хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хууль ёсоор хийгдээгүй. Ба-ийн намайг хууран мэхэлж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар би сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Нэгэнт хууль бус хүчин төгөлдөр бус гэрээ хийгдсэн учир намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэсгүй. Ийм учир Б.*******-гийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлэх гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ба-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2013 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Р.Жа- нь хууль бус өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа. Энэ хугацаанд орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг худалдан авах хэлцлийн дагуу үлдэгдэл мөнгө 39.100.000 төгрөг төлүүлэх гэсэн шаардлагуудыг Р.Жа-д удаа дараа тавьж байсан. Хууль зүйн үүднээс Ш.Ба- нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлөхүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Үндсэндээ Р.Жа- нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Р.Жа-, Ш.Ба- нарын хооронд хийгдсэн гэрээ юм. Энэ гэрээн дээр талууд маргадаггүй. Р.Жа- нь Ш.Ба-тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаасаа өмнө энэ орон сууцанд амьдарч эхэлсэн. Тэгэхээр Ш.Ба- нь өөрийн эзэмшлийн орон сууцаа захиран зарцуулах, орон сууцыг эдлүүлсэний үр шимийг нь хүртэх эрхээ алдаж байна. Талуудын хооронд хийгдсэн хэлцлийг Р.Жа- нь тайлбарлахдаа нэхэмжлэгч биш этгээдүүдтэй хамааралтай үүнээс хамаарсан төлбөр мөнгийг төлөлцсөн гэсэн тайлбарыг хэлдэг. Гэвч Р.Жа- нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, Ш.Ба- гэдэг иргэний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хэлцэл хийгээд хууль бусаар эзэмшсэн. Р.Жа- нь Ш.Ба-эд байрны урьдчилгаанд 11.500.000 төгрөг өгсөн гэдэг боловч тус мөнгийг Ш.Ба-ийн нэр дээр шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн, ямар ч баримт байдаггүй. Харин Р.Жа-ы өөрийнх нь төрсөн дүү Р.*******, бэр От- нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөгдсөн асуудлаас үүсэлтэйгээр Р.Жа- нь орон сууцанд ороод амьдарчихдаг. Хэдийгээр энэ нь тэдний хооронд хийгдсэн аман хэлцэл ч юм уу, тохиролцоо ч юм уу байгаа юм шиг харагдах боловч үнэндээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэнийх нь нэр дээр бүртгэгдсэн байна. Тэр хүний нэр дээр хийгдсэн гэрээ, хэлцлийн дагуу тэр иргэний нэр дээр төлөгдсөн хөрөнгийн мөнгө, төлбөр үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах татгалзлаа нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Р.Жа- нь хууль бус эзэмшлийг өөртөө бий болгоод 2013 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа. Энэ орон сууцанд амьдарч байгаа хугацааныхаа үр шимийг нэхэмжлэгч Ш.Ба- нь хүртэх эрхтэй. Р.Жа- нь Ш.Ба-эд 2013 оны 02дугаар сараас хойшхи хугацааны орон сууцыг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон учраас үүнээс хүртэх үр шимийг 1 сард 250.000 төгрөгөөр тооцож нийт 15.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Ш.Ба- нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэв.

Хариуцагч Р.Жа- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Ба-, Р.Мө, Д.От, Г.Но- нар 4 байр бариад ... ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна. Та ажил хийдэг хүн байна 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд энэ байрыг аваач. Бид 8 хувийн зээлд хамруулаад өгье... гэхээр нь би байрны урьдчилгаанд эхлээд 10.000.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөг өгөөд байранд орсон. Би энэ байрны доод давхарт нь амьдардаг байсан юм. Тухайн үед буюу 2013 оны 02 дугаар сард цагаан сар нөгөөдөр нь болно гэж байхад ажилчид нь цалингаа авах гээд коридорт нь эгнээд зогсчихсон байсан. Тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгтэл тэр дөрөв 4-үүлээ ирээд надаас 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд байранд орооч гээд гуйгаад байхаар нь би банк руу ороод 10.000.000 төгрөгийн зээл аваад байрны урьдчилгаанд гэж бичээд Ба-ээ чиний нэр дээр мөнгөө хийх үү? гэж асуухад ... Та миний нэр дээр хийж болохгүй, Но-ийн нэр дээр мөнгөө хий... гэж Ш.Ба- хэлсэн. Тэгэхээр нь би Р.*******, Д.От- гэж нэрээр мөнгөө хийх үү? гэж асуусан чинь ... үгүй ээ. Но-ийн дансанд хий... гэж хэлсэн. Тэгээд би 10.000.000 төгрөгнөөсөө 9.000.000 төгрөгийг, дараа нь 1.000.000 төгрөгийг Г.Но-ийн дансанд хийсэн. Мөнгөө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар хүргүүлсэн байгаа. Дараа нь 1.500.000 төгрөгийг яаж өгсөн гэхээр тэр 4-ын барилгын материалын үнэ нэхэгдээд хүмүүс ирж Р.*******ын гэрийн хаалгыг нүдээд, Р.*******ын хаалгыг нүдсэн хүн манай хаалгыг нүддэг байсан. Тэгээд ... барилгын материалын үнэ 1.500.000 төгрөг нэхэгдээд байна. Танд мөнгө байна уу... гэхээр нь би байрныхаа мөнгөнөөс хагасалж байвал гэж бодоод байрны урьдчилгаанд гэж бичээд 1.500.000 төгрөгийг Д.От-ийн бил үү? хэнийх нь бил ээ нэр дээр шилжүүлсэн. Баримтыг нь нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Ингээд би 11.500.000 төгрөг байрны урьдчилгаанд өгөөд байранд орсон. Тэгээд Ш.Ба- ...байрны 8 хувийн зээл гарахаар таньд хөөцөлдөж өгье. Надад ХАС банкинд таньдаг хүн байгаа... гэж хэлсэн. Тэгээд Ш.Ба- байрны ордерийг миний нэр дээр гаргаад, бид хоёр 8 хувийн зээлд хамрагдах гээд банкуудаар явсан. Гэтэл банк намайг тэтгэвэрт гарах нас дөхсөн байна. Байрны 8 хувийн зээлд хамрагдах ямар ч боломжгүй юм байна гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би Ш.Ба-эд ...эгч нь ерөөсөө байрнаас чинь гаръя, өөрийнхөө хуучин байранд орчихъё... гэж хэлсэн чинь Ш.Ба-, Г.Но- хоёр ...за яахав, та байж бай... гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...би хэрэггүй юм хийчих шиг боллоо, байрнаасаа гаръя... гээд маргаан болоогүй байх үед Г.Но-, Ш.Ба- 2-т хэлсэн. Тэгсэн тэр 2 ...та тайван байж бай, бид 2 таныг ямар байрнаасаа хөөж байгаа биш... гэж хэлсэн. Тэгээд дараа нь би Ш.Ба-эд ...байрныхаа мөнгийг цувуу, увуу хийж байя... гэсэн чинь ...одоо ерөөсөө юуны ч гүйлгээ хийж болохгүй. Бид 4-ын дунд маргаан үүссэн учраас маргаан дуустал та байж бай... гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...би энэ хэрүүл маргаантай байрнаас гармаар байна... гэсэн чинь Ш.Ба- ...та зүгээр тайван л байж бай, би эгч шигээ хүнийг хөөж гаргахгүй, та тохитой, тухтай сайхан байранд байж бай гэхээр нь би баярлаад нээрээ энэ 4-ын ажил цэгцрэхээр болох юм байна гэж ойлгосон. Тэгээд энэ 4 маргалдаад байхаар нь би маргаантай байрнаас ерөөсөө гаръя гэж бодоод 2015 онд байрнаас гаръя гэдэг хүсэлтээ бичгээр хийж Ш.Ба-эд өгсөн. Дараа нь 2016 онд Г.Но- намайг шүүхэд өгсөн байхаар нь би ...эгч нь хууль, санхүүгийн мэдлэг байхгүй, шүүх хуралдаан энэ тэр гэж явмааргүй байна, эгч нь ядарсан хүн 2-лаа тохиролцъё... гэж хэлсэн. Тэгтэл Т.Балжинням шүүгч та ямар санал тавьж байгаа юм бэ? гэхээр нь би Г.Но-т ...эгчдээ 8.000.000 төгрөг өгчих, эсвэл 11.500.000 төгрөгөө өгчих эгч нь 3.500.000 төгрөгөөр нь байранд чинь яаая даа гэсэн засвар хийгээд байраа суллаад өгье... гэж хэлсэн. Тэгтэл Г.Но- тохиролцохгүй гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая Д.От-тэй гээд нэг зүйл ярьсныг нь би сайн тогтоосонгүй. Нэгдүгээрт: миний хувьд Д.От-тэй гэрээ хийж гарын үсэг зурсан юм байхгүй. Хоёрдугаарт: Би энэ байрыг ерөөсөө түрээслэж сууж байгаагүй. Ямар ч хүн байрныхаа урьдчилгааг нь эхэлж өгчихөөд мөнгөө хөөцөлдөж байгаад дараа нь үлдэгдэл мөнгөө цувуулж увуулаад өгдөг биз дээ. Тэгэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ намайг энэ байранд 2013 оны 02 дугаар сараас байрыг түрээслэж амьдаръя гэсэн юм шиг юм яриад байх юм. Түүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч Ш.Ба-, Г.Но- 2 өөрсдийнхөө төлөө яагаад шүүх хуралдаанд өөрсдөө оролцож болдоггүй юм бэ? Уг нь Ш.Ба-, Г.Но- бид 3 хоорондоо зохицоод болчих байх гэж бодож байсан юм. Гэтэл одоо ямар ч ул үндэсгүй, дааж давшгүй зүйлийг надаас нэхэмжилж байна. Хэрэв би тэр 2-той 2013 оны 02 дугаар сараас байр түрээслэнэ гэж гэрээ байгуулсан байсан бол байрны урьдчилгаанд би юу гэж 11.500.000 төгрөг өгөх юм бэ?, намайг бодоход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэргэжил мэдлэг боловсролтой хүн байх шиг байна. Тэгсэн мөртлөө ямар ч ул үндэсгүй зүйлээр дайрч давшилж байгааг ойлгохгүй байна.

Харин ч би тэр 4-ыг ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байж байхад нь тус болсон. Миний 2 давхарт байсан тавилгыг 5 минутын дотор 20-иод хүн нэг нэг юм барьж тэвэрч гүйгээд шинэ байранд оруулаад намайг үнсээд, Ш.Ба-, Г.Но- 2 хүртэл надад сүү, хадаг бариад баярлаад ...миний эгч тус болсон... гэж хэлж ярьж байсан. Гэрчүүд ч байгаа. Би хүнд итгэж, хүнийг баярлуулж яваад өнөөдөр дааж давшгүй өрөнд орчихоод сууж байгаа юм шиг байна. Тэр 4 намайг ...тэвдсэн үед ёстой тус боллоо, урт наслаарай, сайхан байранд жаргаарай... гэж хэлж байсан. Би сайхан байранд амьдарсан гэдгээ үгүйсгээгүй. Ш.Ба- хэлэхдээ ...та тайван байж бай, та настай хүн, таныг хүндэлнэ... гэж хэлсэн. Харин ч би Ш.Ба-, Г.Но- 2-той нийлээд бэрээ муу хэлээд л явж байсан. Тэгтэл өнөөдөр нөхцөл байдал тэс өөрөөр эргэж надад ийм хатуу хандана гэж би бодож байсангүй. Тэгээд би Ш.Ба-эд ...эгчид нь 8 хувийн байрны зээл олдохгүй байна гээд хэлсэн чинь Ш.Ба- ...За Жагаа эгчээ таны нэр дээр байрны ордер байхаар болохгүй юм байна. Миний нэр дээр болгоё... гээд өөрийнхөө нэр дээр ордерээ гаргуулж авсан. Одоо байрных нь ордер Ш.Ба-ийн өөрийнх нь нэр дээр байхад Ш.Ба-эд хохирсон зүйл нь юу байгааг мэдэхгүй байна. Би байрыг нь нурааж авч явсан биш. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.От-тэй гээд нэг зүйл ярьсныг нь би сайн тогтоосонгүй. Би Д.От-т материалын үнэ гэж 1.500.000 төгрөг л өгсөн. Өөрөөр би харьцаагүй. Угаасаа намайг Ш.Ба- ...Д.От-, Р.******* 2-той харьцаж болохгүй шүү, тэдэнд дахиад мөнгө өгөх юм бол салхинд хийсгэсэн гэж бодоорой... гэж хэлсэн. Ш.Ба- хэлэхдээ ...мөнгийг манай эхнэр Г.Но-ийн дансанд л хийж бай... гэж хэлсэн. Тэгээд Ганбатын Но- гэсэн дансанд мөнгөө хийсэн. Гэтэл нэг ч төгрөг өгөөгүй, аваагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Мөнгө хийсэн баримт байсаар байхад эхнэр, нөхөр 2 нийлж авчихаад дараа нь мөнгө аваагүй гээд байх юм. Би 2015 онд байрнаас нь гаръя, байрны урьдчилгаанд өгсөн 11.500.000 төгрөгөө авъя гэдэг хүсэлтээ тэр 4-ыг 4-үүлээ Л.Эхлэлт шүүгчийн өрөөнд сууж байхад нь өгсөн. Тэгтэл шүүх хуралдаанаас гараад Ш.Ба-, Г.Но- 2 ...Жагаа эгчээ та яагаад байрнаас гаръя гээд байгаа юм бэ, таныг хөөгөөгүй шүү дээ, та миний эгчээс ялгаа юу байхав, таныг Р.*******, Д.От- 2 гар гэж хөөвөл битгий гараарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...та 4 ийм маргаантай байгаад байхаар эгч нь санаа зовоод байх юм гэж хэлсэн. Тэгээд энэ 2 намайг сайхан байранд байлгах гээд л тэгээд байгаа юм байна гэж бодоод би тухайн үед баярласан. Тэгээд тэр 4 хүний маргаантай асуудал цэгцрэхээр би асуудлаа цэгцлэе гэж бодоод хүлээтэл өдий хүрлээ. Ш.Ба-, Г.Но- 2 юм хийдэг залуу улсууд, тэр байрыг засаж янзлаад зарахад хохироод байх юм байхгүй л байх. Би тэр 4 хүнд чухал үед нь тус болсон, тэрийгээ мартаагүй байх ёстой. Би байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө аваад байрыг нь суллаж өгье гэсэн саналаа хэлдэг байсан. Ш.Ба-, Г.Но- 2 намайг 8 хувийн байрны зээлд хамруулж өгнө гэхээр нь л би орсон. Тэгээд сүүлдээ тэтгэвэрт гарах дөхсөн, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хүнгүй гээд зээлд хамрагдах боломжгүй гэхээр нь би байрнаас нь гаръя гэдгээ тэр 2-т удаа дараа хэлдэг байсан. Манай ээж, аав 2 хүртэл байрныхаа мөнгийг сард 1.000.000 төгрөг ч юм уу, 500.000 төгрөг ч юм уу бага багаар нь хийгээд бай гэхээр нь би Ш.Ба-ээс би байрныхаа мөнгийг цувуулаад хийгээд байж болох уу? гээд асуусан чинь Ш.Ба- ... болохгүй. Одоо бид нарын дунд маргаан гарсан байгаа учраас та нэг ч төгрөг хийж болохгүй шүү, тэр тусмаа Р.*******, Д.От- 2-т өгч болохгүй шүү... гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээрээ ч Р.*******, Д.От- 2-той байрны гэрээ хийсэн биш, юу гэж тэдэнд мөнгө өгөхөв гэж бодсон. Би бас Ш.Ба-эд манай хүргэний HOWO машин байна тэрийг чамд өгөөд байрыг чинь авчихъя гэж санал хэлсэн. Дараа нь нэг газар байна. Миний 2 дүү юм хийдэг хүмүүс байна миний газрыг авч зараад мөнгө болгочих гэж өөрт байгаа боломжит бүх нөхцлөө би Ш.Ба-, Г.Но- 2-т тайлбарлаж хэлсэн. Би хүний байранд луйвардаж ороод түрээсийн мөнгөө өгөхгүй, байрны мөнгө өгөхгүй амьдарсан юм биш. Надад ингэж хатуу хандаж болохгүй, би ийм хатуу хандуулахаар ч юм хийгээгүй. Хамгийн гол нь өөрсдөө намайг тайван байж бай гэж хэлчихээд өнөөдөр ийм байдалд хүргэсэн. Би Ш.Ба-, Г.Но- 2-ыг надад хатуу хандсан гэж хэлэхгүй, тэр хоёр бас залуу, ухамсартай улсууд. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч заримдаа Ш.Ба-, Г.Но-, Д.От-, Р.******* 4-ын маргааны асуудалтай намайг холбож яриад байх юм. Тэр 4 хүний хоорондын ашиг хонжоо, юу ярьж юу хийснийг би мэдэхгүй, надад хамаа ч байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр надад эвлэрэх боломж байсан. Гэхдээ арай амьдралгүй санал тавьсан. Би Г.Но-, Ш.Ба- 2-тойгоо учраа олчих байх гэж бодож байгаа. Бас ч үндсэн хөрөнгө нь байна, би өөрөө урьдчилгаа өгөөд орсон, миний зүгээс боломжит бүх нөхцлөө хэлсэн, байрнаас нь гаръя гэдгээ ч удаа дараа хэлж байсан болохоор надад буруу байхгүй гэж бодож байна. Одоо би байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө аваад байрнаас нь гарах л саналтай. Энэ асуудлыг та бүхэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ба- нь хариуцагч Р.Жа-д холбогдуулан орон сууц худалдсаны үлдэгдэл төлбөр 39.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******- нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж хариуцагч Р.Жа-ы хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, уг орон сууцны үр шимд тооцож 15.000.000 төгрөгийг Р.Жа-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Хариуцагч Р.Жа- уг орон сууцыг баригдаж байх үед Ш.Ба-ийн эхнэр Г.Но-ийн дансанд 10 сая төгрөг, От-ийн дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлж байсан учир уг мөнгөө авахаас нааш орон сууцнаас гарахгүй, 15.000.000 төгрөг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ш.Ба- нь Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлах *******-р байрны 13 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Завхан аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 81-23515 тоот лавлагаагаар тогтоогдож байна.

Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бусэзэмшлээс шаардах эрхтэй, ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхэйбайхаар зохицуулсан байна.

Иймд хариуцагч Р.Жа-ы хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Орон сууцны үр шим 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх 2 өрөө орон сууцыг хариуцагч Р.Жа- 2013 оноос 2018 он хүртэл 60 сарын хугацаанд эзэмшиж ашиглаж ирсэн, иймд дээрх хугацааны үр шимийг сарын 250.000 төгрөгөөр тооцож нийт 15.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа орон сууцны үр шимийг сард 250.000 төгрөг гэж тооцохдоо Завхан аймагт 2 өрөө орон сууцыг түрээсэлж байгаа дундаж үнээр тооцсон гэж тайлбарлажээ.

Иймд 2 өрөө орон сууцны үр шим гэдгийг уг орон сууцны түрээсийн төлбөр гэж ойлгох үндэстэй байна.

Маргааны зүйл болох Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлах *******-р байрны 13 тоот 2 өрөө орон сууц нь Эд хөрөнгөөмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан ... газар, түүнээс салгамагцзориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж ... зэрэг эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгө гэнэ гэж тодорхойлсноор үл хөдлөх эд хөрөнгө мөн төдийгүй, мөн хуулийн 4-р зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасан байна.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж байгаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөх гэрээг бичгээр байгуулж Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, мөн нөгөөтэйгүүр орон сууцны үр шимийг сард 250.000 төгрөг гэж тооцохдоо хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, Завхан аймагт 2 өрөө орон сууцыг түрээсэлж байгаа дундаж үнэ гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлага түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас ньүнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Р.Жа-ы хууль бус эзэмшлээс Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны 13 тоот 46мкв бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2. Монгол улсын Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үр шим 15.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.450 төгрөгийг улсын орлого болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Р.Жа-аас 70200 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ