Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

Ж.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч И.Хонгор,

Хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Г.Нямсүрэн,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Лүндэнгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/981 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч З.Хүрэлсүх, И.Хонгор, хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Г.Нямсүрэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Лүндэнгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Мт холбогдох эрүүгийн 1903004080327 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Ж.М нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 25 минутын үед  Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Би Эм Жи Эл” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Mighty” маркийн 48-43 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

3.4-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ. “а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,

10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэн, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”,

12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Хайлаастын 22 дугаар гудамжны 540 тоот хашааг мөргөж, тус хашаанд байшин барьж байсан Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Ц.Энхманлайгийн амь насыг хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюултай байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ж.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, иргэний хариуцагч “Би Эм Жи Эл” ХХК-аас хохирогч Б.Золбоод эмчилгээний зардалд 2,254,000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэчимэгт эмчилгээний зардалд 1,952,300 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 10,615,600 төгрөг, нийт 14,821,900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарт, амь хохирогч Ц.Энхманлайгийн оршуулах зан үйлд зарцуулсан 24,456,690 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэд олгож, шүүгдэгч Ж.М иргэний нэхэмжлэгч “Би Эм Жи Эл” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,611,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч “Би Эм Жи Эл” ХХК гэм буруутай этгээдээс, хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарыг хойшид гарах эмчилгээний зардалаа иргэний хариуцагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч З.Хүрэлсүх заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхиин шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдаж байна.

Учир нь:

Ж.М нь “Би Эм Жи Эл” ХХК-д ажилд ороод хуанлийн 21 хоногийн 18 өдөрт нь ажилласан, үүнээс 7 өдөрт нь өөр ажил үүрэг гүйцэтгэж, жолоочоор ердөө 11 өдөр ажиллаж, механикжсан тээврийн хэрэгсэлтэй харьцаж явахдаа гэмт хэрэгт холбогдсон.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хуулийн этгээд буюу ажил олгогч “Би Эм Жи Эл” ХХК нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй; 23 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийлгэхдээ тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлдвэрлэгчээс тогтоосон норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгох;

Автотээврийн тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдэд зааснаар тээврийн хэрэгслийн техникийн хяналт, стандартчилал, үзлэг явуулахад тээврийн хэрэгсэл өмчлөгч хуулийн этгээдийн хүлээх үүргийг тус тус тодорхой хуульчилсан байна.

Гэтэл эдгээр хуулиар тогтоосон шаардлагыг ажил олгогч “Би Эм Жи Эл” ХХК бүхэлд нь биелүүлээгүй, зөрчсөн төдийгүй тээврийн хэрэгсэл дээр суурилагдсан сагстай өргөх төхөөрөмжийг хяналтын байгууллагад бүртгүүлэх, техникийн магадлал хийлгүүлэх, удирдан ажиллуулах жолооч болон хүнийг сургалтад хамруулан аттестатчлах зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тогтоосон шаардлагыг давхар зөрчсөн нь нотлогдсон байна.

Жолооч Ж.Мыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар огт хангаагүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй механикжсан тээврийн хэрэгслээр ажилд гаргасан ноцтой нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсон байхад Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан үүргийг жолооч хангаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл юм.

Нэгэнт эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолоочид шилжүүлж ажилд гаргасан байх тул Замын хөдөлгөөний дүрмийн 10.1,12.3 дахь заалтыг зөрчсөн гэж жолоочийг буруутгах үндэслэлгүй, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэвэл, жолооч Ж.М нь налуу газар уруудсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахаар жолоочийн бүхээгт бололцоотой бүхий л үйлдлийг хийсэн боловч /эвдрэлтэй тормозны систем, шаардлага хангаагүй дугуйтай/ техникийн бүрэн бус байдлаас шууд шалтгаалж зогсоож чадаагүй, өөрөө гэмтсэн боловч хохирогч нарт туслалцаа үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

БНСУ-д ашиглаж байгаад импортоор оруулж ирсэн, насжилт ихтэй, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт сүүлийн 2 жилд оруулаагүй, тодруулбал, тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон Үндэсний стандартын шаардлагыг хангуулаагүй, Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр хөдөлгөөнд оролцохыг хориглосон байтал ажилд гаргасан буруутай үйлдэлд ажил олгогч компани эд хөрөнгийн хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд бүрнээ нийцнэ.

Гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн гэх жолоочийн үйлдэлтэй бус, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн өмчлөгчийн үйлдэлтэй холбоотой байхад шүүх буруу дүгнэж, ял шийтгэлээ.

Иймд гэм буруугүйгээр хор уршиг учруулсан жолооч Ж.Мын үйлдлийг цагаатгаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмгөөлөгч миний гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгөхийг хүсье.

Жич: Анхан шатны шүүх хорих ял оногдуулахдаа ганц бие эцэг Ж.Мын бага насны хүүхдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар шийдвэрлээгүй болохыг энд дурдаж байна. ...” гэжээ.  

 

Шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч И.Хонгор заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх нь бүрэн гүйцэт, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд Ж.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй байхад ийнхүү түүнд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсанд холбогдуулж энэхүү гомдлыг гаргаж байна.

Хамгийн гол гэм буруутайд тооцож буй үндэслэл нь: Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэж гол үндэслэлээ болгосон. Гэтэл жолооч нь захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн болон тус үндэслэлд дараах асуудлууд урган гарч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс үүнийг анхаарч үзээгүй.

1. Жолооч нь захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэж шүүхээс шууд дүгнэсэн үндэслэлийн хувьд:

 Тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг үндэслэсэн. Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-т “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ” гэж заасан байдаг. Ж.М нь “Би Эм Жи Эл” ХХК-ийн захирал Ш.Одгэрэлтэй 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн “Хөдөлмөрийн гэрээ” /1 дугээр XX 234 дугаар хуудас/ байгуулан тус компанид ажилтнаар нь ажиллаж байсныг харгалзаж үзэлгүй холбогдогчийг буруутгасан нь үндэслэлгүй юм . “Би Эм Жи Эл” ХХК нь ЗХАБТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.” Тус хуулийн 22.4-т “Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй байтал сүүлийн 2 жилийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан талаар мэдээлэл огт байхгүй /1хх 177-179/,

Мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэн, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг үндэслэсэн нь ..Мөнхсэдэд хуучин утсыг буулгаж дуусаад дараагийн хэсэг рүү явах гээд өргөгчөө буулгаад дамократаа хумиад хөдлөх гэсэн чинь түлш тасалдаад Мөнхсэдэдтэй кабинаа өргөж түлшийг насосоор татуулаад кабинаа буулгаад дотор сууж асаагаад нөгөө хэдийгээ явъя гэж хэлэхэд машин унтарч өнхөрч эхэлсэн...” гэх /1хх 64-66/,

Гэрч Мөнхсэдэдийн мэдүүлэгт “...явахаар асаах гэтэл машин асахгүй байсан. Тэгээд кабинаа сөхөөд хөөх помпийг дараад...” /1хх 50-52/ ...ажилд орсноос хойш 11 өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад 2 удаа түлш нь дуусаж унтарч байсан. Осол гарахаас 2 хоногийн өмнө буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажиллаа хийж явахад түлш нь дуусаж “Би Эм Жи Эл" ХХК-ийн захирал Ш.Одгэрэлээс жолооч Ж.Мын дансруу 25.000 төгрөг шилжүүлсэн /2хх 138/ байдаг, тухайн байгууллага нь өдөрт 20.000 төгрөгийн түлш хийж ажилд нь гаргадгийг холбогдогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын гэрэл зураг, схем зураг, банкны хуулга зэрэг баримтуудаас үзэхэд уг автомашины түлш нь дуусаж уулын уруу хэсгээс шууд уруудаж явсан нь харагдаж байна.

Мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Би машиныг зогсоох гэсэн боловч зогсохгүй байсан. Би араандаа хийх гэсэн боловч араа араандаа орохгүй байгаад байсан. /1хх 64-66/ зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг, /1хх 8-25/ зэрэг баримтуудаас үзэхэд Ж.М нь осол болох хүртэл 200 метр гариу явсан үүнийг ослын газрын бүдүүвч зураг мөн гэрэл зургийн үзүүлт жолооны хүрд, араа солидог ирчак толгойг хүртэл хугартал зогсоох арга хэмжээ авсан нь харагдаж байна. Өөрийн амь биеэ хайрласан бол үндэслэл болгоод байгаа зогсоох арга хэмжээ авахгүйгээр машинаасаа үсрээд буух боломжтой байсан ч гэсэн зогсоохын тулд эцсээ хүртэл тэмцэж, өөрийнхөө бие махбодиод гэмтэл учруулан, хойшдоо үр удмаа үлдээх боломжгүй болох хүртлээ эцсээ хүртэл зогсоох арга хэмжээ авсан байхад аваагүй гэж шууд үзэж, гэм буруутайд тооцоод буй нь үндэслэлгүй болно. Ийм эргэлзээтэй нотлох баримтууд байсаар байхад Ж.Мыг захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэх үйл баримтаар түүнд шууд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын ял оногдуулж буй нь үндэслэлгүй болно

2. Тухайн хэрэг гарсан нөхцөл байдал болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн хувьд:

Компанийн зүгээс техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй авто хэрэгслийг өгч бусдад эрсдэл үүсэх боломжтой гэдгийг мэдсээр байж, энэхүү нөхцөл байдлаа санаатайгаар нуун дарагдуулж, өөрсдийн компанийн ажил үүргээ гүйцэтгүүлсэн захирал Ш.Одгэрэл нь дараах хуулиудыг зөрчсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

А. “Би Эм Жи Эл” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Mighty” маркийн 48-34 УНА улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь 2018 он, 2019 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаагүй болно.

Б. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-т “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ”, 22.1-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.”, тус хуулийн 22.4-т “Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй.

           В. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 3458 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт”-нд “Hyundai Mighty” маркийн 48-34 УНА улсын дугаартай автомашины урд талаар эвдрэл гэмтэлтэй, баруун хойд гадна дугуй хээ элэгдэж, хийцийн утас ил гарсан гэмтэл нь стандарт шаардлага хангахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй гэж дүгнэсэн

Г. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт “...машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байх.”. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.”, 10.2 дахь хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжпийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.”, 10.3 дахь хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуй нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна.”, 10.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна”, 17.1. “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна.”, мөн хуулийн 17.2.3. “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт.”, 17.3. “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж тус тус заасан заалтыг зөрчсөн.

Д. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 11 дугаар сарын 4-ний өдрийн 305 дугаар тушаалын 3 дугаар хавсралт баталсан “Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.1.1. Энэхүү дүрмийн 1.2 заалтад дурдагдсан өргөгчийг ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ. 4.4.13. Автомашин дээр суурилагдсан өргөгчийг удирдан ажиллуулах ажлыг жолооч болон өргөгчийн сургалтад хамрагдан үнэмлэх авч, аттестатчилагдсан хүнд хариуцуулна. 4.4.10. Өргөгчөөр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: 3/ суралцаж, аттестатчилах шалгалтанд ороогүй хүнээр өргөгчийг эзэмшүүлэхийг хориглож, шаардлагатай үед дохиочин томилох эсэхийг тодорхойлох Сав, сагсны шал дээр ачааг буулгахад (өргөх) ашиглах ачаа оосорлох хэрэгсэл нь ЗТБХБ-ын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн дагуу техникийн магадлалыг хийлгээгүй бол ашиглахыг хориглоно.” гэж заасан аюулгүй ажиллагааны шаардлагууд зөрчсөн байна.

Е. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж тус тус заасан заалтуудыг болон Хөдөлмөр хамгаалал аюулгуй ажиллагааны зааварчилгаа огт өгч байгаагүй зэрэг үйлдлүүд нь бусдад эрсдэл үүсэх боломжтой гэдгийг мэдсээр байж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй авто хэрэгслийг өгч хууль дүрэм журмыг зөрчсөн нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлснийг шүүхээс анхаарч үзээгүй шийдсэн.

              3. Оролцогчийн эрхийг зөрчсөн байдлын хүрээнд:

  А. Мөрдөгч нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолдоо яллагдагч Ж.М болон өмгөөлөгчид танилцуулаагүй /2хх 181/, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3-д  зааснаар оролцогчид нь мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал мөрдөгч нь энэ хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6.1-д заасан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргах эрхийг хангаагүй болно.

Б. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №ХАБ-33 дугаарт шинжээчийн дүгнэлт нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайластын 22-540 тоотод байсан 3 иргэнд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох заалтуудад үйлчлэхгүй гэсэн. Тэгтэл “Би ЭМ Жи Эл” ХХК-ийн эзэмшлийн машиныг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдын болон өөрийн бие махбод, эд хөрөнгөнд хохирол учруулсан дээрх осол гарсан. Мөн энэ дүгнэлт нь тамга тэмдэг дарагдаагүй. /2хх 182-184/. Энэ дүгнэлтээр жолооч Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчихаад байхад үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шалгаж тогтоолгүй орхигдуулсан байдаг. Энэ дүгнэлтэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дугаар зүйлийн 2.3-т заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 В. Хавтас хэргийг хяналтын прокурор нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр миний бие хяналтын прокурорд хүсэлт гаргасан байхад хүсэлтийн хариуг хэрэг шүүхэд шилжсэний дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Энэ прокурорын хариу нь дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн.

Г. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмгөөлөгч миний гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 зүйлд зааснаар “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн”, 6.14 зүйлд зааснаар “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн”, 6.15 зүйлд зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн, 10 настай хүүхэдтэй ганц бие эцэг болон хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь учир дутагдалтай байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/981 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан жолооч Ж.Мын үйлдлийг цагаатгаж өгнө үү. ...” гэв. 

 

Хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Г.Нямсүрэн заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №2019/ШЦТ/981 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарт 14.821.000 төгрөг гаргуулж олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.

Учир нь: 1 дүгээр хавтас хэргийн 121-131 дүгээр талд “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан байх ба тус компаниар үнэлгээ хийлгэхдээ төлсөн үнэлгээний төлбөр 424.600 төгрөг, үнэлгээний компанийн төлөөлөгчийг хэрэг учрал гарсан газар ирүүлэх дуудлагын хөлс 10.000 төгрөг, мөн 2 дугаар хавтас хэргийн 123 дугаар талд тус бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утас, барилгын ажпын түрдэг тэрэг, мөн барилгын ажилд ашиглагдах 200-ийн төмөр поошиг нийт 400.000 төгрөг, 124 дүгээр талд тухайн барилгын хундаам буюу суурийн цутгалтын ажлын хөлсөнд 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, 125 дугаар талд палкаа зүсүүлэхдээ тээвэрлэсэн тээврийн хөлс 710.000 төгрөг, 126 дугаар талд 320.000 төгрөг, 127 дугаар талд хундаам буюу суурийн цутгалтыг цутгахад ашигласан Хово автомашинаар хайрга буулгахад 650.000 төгрөг зэргийг шүүх үнэлээгүй бөгөөд хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нар нь тухайн байшинг барихад гаргасан зардал юм. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гзмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна. Гэтэл хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын эд хөрөнгөд учирсан дээрх хохирол нь Ж.Мын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар “Би Эм Жи Эл” ХХК-иас гаргуулах ёстой байсан.

Мөн хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нар нь тухайн хэрэг болоход ажилд орох байсан бөгөөд хэрэг гарсан өдрөөс хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, Б.Золбоо нь тэргэнцэртэй, Б.Эрдэнэчимэг нь 2 суга таягтай болсон. Б.Золбоогийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар ажил хөдөлмөр эрхлээгүй болох нь нотлогдож байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж зааснаар гэмт хэрэг болсон цаг хугацаанаас хойш 2019.4.17-ны өдрөөс 2019.10 сар хүртэл ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул /энэ нь эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, өвчтөний карт зэргээр нотлогдоно./ тус бүрийг нь 6*320.000=1.920.000 төгрөгөөр тооцож, нийт 3.840.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарт олгож өгнө үү.

Иймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №2019/ШЦТ/981 дугаар шийтгэх тогтоолийн тогтоох хэсгийн 4 хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын болон эд хөрөнгийн хохиролд 21.776.500 төгрөг гаргуулж өгнө үү. ...” гэв.  

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Лүндэнгийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү нар нь хамтран гаргасан заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тус хэргийн холбогдогч Ж.М нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүээр хорооны нутаг дэвсгэрт компанийн эзэмшлийн “Hyunda Mighty” маркийн 48-34 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсаралтад заасан эвдрэл, гэмтэл , техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэн, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнп аюул, саад тулгахарыг мэдсэн үед тээдрийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчснөөр буруутгагдсан болно. Дээрх заалтууд нь компанийг буруутгасан заалт биш бөгөөд зөвхөн жолоочийн өөрийнх мэрэгжлийн үр чадвартай салшгүй холбоотой заалтууд болно.

Гэтэл шүүх нь шүүхийн тогтоолын 4, 5, 6 заалтуудад иргэний хуулийн холбогдох ямар заалт, хуулийн хэрэглээгээр буруутгаж, “Би Эм Жи Эл” ХХК-аас хохирогч нарт төлбөр гаргуулсан болохыг дурдаагүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар шүүхийн тогтоол нь эргэлзээтэй байгаа юм. Хавтас хэргийн 45 дугаар талд иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр татахдаа мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсэгт Шаравын Одгэрэлийг болгосон тогтоол нь хуулийн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл Иргэн Ш.Одгэрэл болгосон мөрдөгчийн тогтоол нь хууль бус юм.

Хавтас хэргийн 1-17 дугаар талд байгаа “Ашигт билгүүн” ХХК-ийн шинжээчдийг томилсон 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчдийг томилсон тогтоолтой иргэний хариуцагч, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг нь эдлүүлэхгүйгээр дүгнэлт гаргасан нь хэт нэг талын үнэлгээ бөгөөд хэргийн газрын үзлэгийн фото зураг дээрээс харахад дутуу баригдсан суурь, эд модон материал нь устаж үгүй болоогүй талаар маргалдаж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах, хэт нэг талын үнэлгээгээр үнэлж, дутуу барьсан, эхэлж байсан барилгын ажлыг байшин болгон үнэлсэн талаар үнэлгээчин шүүх хуралд тайлбарласан юм. Үнэлгээчин өөрийн үнэлгээг хамгаалж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Мыг “Би Эм Жи Эл” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Mighty” маркийн 48-43 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ. “а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэн, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин Хайлаастын 22 дугаар гудамжны 540 тоот хашааг мөргөж, хашаанд байшин барьж байсан Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг, Ц.Энхманлай нарыг дайрснаас Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Ц.Энхманлайгийн амь насыг хохирсон гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд,

 

шүүгдэгч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн гэж тодорхой хүсэлтүүдийг гаргаж байжээ. Ийм байхад мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотловол зохих жолооч Ж.М гэмт хэрэг үйлдсэн эсэх, ямар гэмт үйлдэл гаргасан болохыг тогтооход ач холбогдол бүхий тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах “...жолооч Ж.Мын хийсэн ямар үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн...” болох асуудлыг эргэлзээгүй тогтоохоор шинжээч томилж /мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй/ хэргийн үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй байна.

 

Жолооч Ж.Мын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулснаар тус хэрэгт нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн:

1.1-д заасан гэмт хэргийг яаж үйлдсэн,

1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр;

1.4-д заасан эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг асуудлууд эргэлзээгүй болно гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1903004080327 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүх шийтгэх тогтоолын:

тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасанд,

 иргэний хариуцагч “Би Эм Жи Эл” ХХК-ийн ямар үйлдэл нь хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг арилгах үндэслэл болж байгааг дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасанд нийцээгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Б.Мөнхбаярын жолоодож байсан Hyundai Mighty маркийн автомашины улсын дугаарыг 48-34 УНА, 48-43 УНА гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон...” гэж заасан байхад “...амь насыг хохироон...” гэж хууль зүйн болоод техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тус тус цаашид анхаарч, хуульд нийцүүлэн шийтгэх тогтоолыг тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүйгээр бичиж байхыг давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар  анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна. 

 

Давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн учир шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч нарын гэм буруугийн, хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн хохирлыг буруу тооцсон, иргэний нэхэмжлэгч, хариуцагч  Б.Лүндэнгийн өмгөөлөгч нарын иргэний нэхэмжлэлийг үндэслэлгүй шийдвэрлэсэн талаархи давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/981 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Мт холбогдох 1903004080327 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.  

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                   ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                   ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ