Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 981

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

   

2019        12          20                                2019/ШЦТ/981

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Нямсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Иргэний нэхэмлэгч, хариуцагч Б.Лүндэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Х.Даваахүү,

Шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ананд овогт Жигмэддоржийн Мт холбогдох эрүүгийн  1903004080327 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо 31-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ананд овгийн Ж.М, /РД: ............

Шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Би Эм Жи Эл” ХХК-ний эзэмшлийн “Hyunda Mighty” маркийн 48-34 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан жолооч дараахи үүргийг хүлээнэ. а/Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэн, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн худрыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Хайлаастын 22 дугаар гудамжны 540 тоот хашааг мөргөж, тус хашаанд байшин барьж байсан Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Ц.Энхманлайгийн амь насыг хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюултай байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өглөө 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аж ахуйн хашаа нь дээр 09 цагийн үед ажил дээрээ очоод төмөр утас хийж түлшээ шалгаж үзээд асаагаад нөгөө хэдийгээ суулгаад Мөнхсэдэд гэх намайг хариуцдаг инженер болон хоёр туслахтайгаа хамт явсан. Тэгээд ажилладаг Толгой руугаа явсан юм. Гудамжуудаар явж байгаад арван хэдэн удаа зогсож өргөсөн байгаа. 14 цагийн үед хоолонд орсон. Хоолонд орчихоод гарч ирээд гудамжаар яваад дахиад утас хураасан байгаа. Гурав дөрвөн удаа зогсож утасуудаа хураачихаад явж байтал Мөнхсэдэд, Баттулга гэх туслахтайгаа буугаад бид хоёр утас хараад явъя чи хойноос яваад цагаан хутгын зогс гээд заасан болохоор заасан газар нь зогссон. Би тэгээд утас буугаад утас буулгасан. Утас буулгасан гэхээр сумаа доошоо буулгачихаа би кабендоо орсон. Мөнхсэдэд данхраадуудыг дээшээ хураасан. Данхраадуудыг хурааж дуусахад машины түлш талсдаад байхаар нь би цонхоороо эвээс эвээрэй гэж хэлсэн. Эвээс эвүүлээд кабена Мөнхсэдэдтэй өргөж ноцооскийг нь ноцооксдсон. Ноцооскыг нь нилээн ноцооскдсоны дараа овоо түлш ирчихлээ гээд буцаж кабена буулгаад орж суугаад машинаа асаачихаад эвээсээ авчихаарай гээд цонхоороо эвээс хийсэн туслахад хэлсэн. Тэгээд эвээсээ аваад хөдлөх гэтэл машин дахиад унтарсан. Тэгээд би туслахад нь араандаа хийх гэтэл араа нь орохгүй байсан. Тэгээд доошоо уруутсан. Карданаа татах гэтэл ажиллахгүй байсан. Би бүхий л арга хэмжээг авсан. Тэгээд тойроод эргэсэн чинь хүн амьтан харагдахгүй хашгараад байсан. Тэгээд би модноос нь өргөлцөөд байж байтал эмнэлгийн тэрэг ирсэн. Тэгээд би эмнэлэг дээр очоод сандал дээр сууж байхад миний бие муудаад би босож чадахгүй байсан. Тэгээд манай дүү ирсэн. Ийм л зүйл болсон...” гэв

Шүүгдэгч Ж.М  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би “Би Эм Жи Эл” ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр жолоочоор ажилд ороод уг компаний эзэмшлийн “маяти” маркийн 48-43 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох болсон юм. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт ажил дээрээ ирээд 09:10 минутын үед цахилгаанчин Мөнхсэдэд туслах гээд 2 залуугийн хамт гараад “М ойл” ШТС-аас 20,000 төгрөгт түлш хийгээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо “Далайхүү худалгааны төв”-ын араас эхлэж шонгийн мод дээр байх хуучин утаснуудыг буулгаж эхэлсэн. Ингээд 14 цагийн үед бид 4 цайндаа ороод буцаад ажилдаа орсон. 16 цагийн үед Хайлаастын 23 дугаар гудамжруу өгсөөд Мөнхсэдэдийн заасан газар болох цагаан худагны хажууд зогсоод машиныхаа дугуйнд эвээс хийгээд данхраадаа буулгаад өргөгчөө өргөөд Мөнхсэдэдийг ажиллуулсан. Мөнхсэдэд хуучин утсыг буулгаж дуусаад дараагийн хэсэг рүү явах гээд өргөгчөө буулгаад данхраадаа буулгаад хөдлөх гэсэн чинь түлш тасалдаад Мөнхсэдэдтэй кабинаа өргөж түлшийг насосоор татуулаад кабинаа буулгаад дотор сууж асаагаад нөгөө хэдийгээ явъя гэж хэлэхэд машин унтарч өнхөрч эхэлсэн. Би машиныг зогсоох гэсэн боловч зогсохгүй байсан. би араандаа хийх гэсэн боловч араа араандаа орохгүй байгаад байсан. Тэгээд машин жалга мөргөөд нэг сэрэхэд хүмүүч чарлаад орилж байсан. Түүнээс хойш би сайн санахгүй байна..” гэх /хх-ийн 64-66х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Тухайн өдрийн 16:30 цагийн үед манай хадам ээж над руу яриад манай хүүгийн бие муудаж байна хурдан эмнэлэг дээр хүрээд ир гээд над руу залгасан. Би гомдолтой байна. Жолоочийн талаас нэг удаа л надтай ирж уулзсан. Компанийн талаас нэг ч удаа хүмүүс ирж уулзаагүй. Надад маш их хэцүү байна. Миний нөхөр гэрээ авч явж байсан. Бид хоёр гадаад явах гээд бүх бичиг баримт материалаа бүрдүүлээд цэгцэлсэн байсан. Би өөрөө хоёр гурван хагалгаанд орсон. Надад ажил хийх боломж байхгүй. Дээрээс нь хоёрын хоёр хүүхэдтэй хоцорсон. Миний нөхөр гэр бүлээ авч явдаг байсан. Би аавынхаа гэрт хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Миний ээжийн биеийн байдал муу байна. Би ээж болон хоёр хүүхдээ хараад гартээ байдаг. Би маш их гомдолтой байна...” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн өдрийн 15 цагийн үед надруу хүү утсаар яриад “Би Золоо ахынд ирээд байшин дээр нь хамт юм хийж байна” гэж хэлж байсан. Ингээд 16 цаг өнгөрч байхад дүү Эрдэнэчимэг над руу залгаад “бид 3 машинд юм хийж байхад дээрээс машин орж ирээд Энхманлай ухаангүй байна” ямар ч байсан түргэн тусламж дуудсан” гэж гэж хэлээд утсаа тасалсан...” гэх /1-р хх-ийн 34х/,

Хохирогч Б.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Тухайн өдөр байшин дотроо бид гурав юм хийж байсан. Гэтэл машин тэрэг орж ирж байгаа дуу чимээ сонсогдоогүй. Ард аймаар дуу гараад нүд харанхуйлсан. Тэгээд нүдээ нээгээд харахад дугуйны ардаас өөрөө мөлхөөд гарч ирсэн. Тэгээд эхнэрийгээ харахад модонд хөл нь дарагдсан байсан болохоор би түүний дарагдсан модыг гаргах гээд эхнэр рүүгээ явах гэтэл миний хөл болохгүй байсан. Тэгээд хөл болохгүй байсан болохоор газарт унаад машин доогуур харсан чинь талийгаач машин доогуур амьсгаатай байсан. Тэгээд би авгай руугаа мөлхөхөд компанийн хүмүүс ирээд эхлээд манай авгайг гаргасан. Машины том модоор данхраадаж байгаад талийгаачийг гаргаж ирсэн. Тэгээд удаагүй байж байгаад эмнэлэгийн машин орж ирээд авсан. Би үнэхээр их гомдолтой байна. Намайг эмнэлэгт байхад Ж.Мын ээж, эгч нар нь ирсэн. Эмнэлэгт хэвтдэг өдөр компанийн менежир ирээд эмнэлгийн төлбөр хийгээд явсан. Миний эвдэрсэн хашаа байшин янзалж өгөөгүй. Энэ үйл явдлаас хойш надтай утсаар ч яриагүй. Би хохирол төлбөрийн талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн...” гэв.

Хохирогч Б.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 22-540 тоотод байх эцэг эхийнхээ гэрт эхнэрийн хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Ингээд эхнэртэйгээ тусдаа гарах гээд уг хашаанд байшин бариулж байсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр бариж байгаа байшин дотроо ойр зуурын юм хийгээд эхнэрийн зээ дүү Энхманлай хамт байж байхад эхнэр Б.Эрдэнэчимэг уг байшинд орж ирээд надаас нэг зүйл асуух шиг болсон чинь ард аймар чанга дуу гарсан. Тэгээд би юу билээ гээл нүдээ нээгээд хархад тэр машины зүүн хойд талын дугуйны харалдаа машин доор хэвтэж байсан. Ингээд би машины ар талын хар төмөрнөөс гараараа татаад гарч ирэхэд эхнэр машины урд хэсгийн харалдаа модонд дарагдсан байдалтай “энийг аваач ээ” гэж хэлэхээр нь би очих гэтэл хөл өвдөөд гишгэж чадахгүй мөлхөөд очиж байтал байшингийн арын хэсгээс үл таних 3 залуу гарч ирээд эхнэрийн дээр дарсан байсан моднуудыг авч байсан. Тэгээд би машин доогуур харахад талийгаач Энхманлай ухаан алдсан байдалтай машины баруун талын хойд дугуйны урд хэсэг буюу банкны доогуур хэвтэж байсан. Тэгээд би машиныг тойроод мөлхөөд явж байтал манай зүүн талын айлын хүн машины доогуур банз эвээд талийгаачыг гаргаж ирсэн. Тэгээд би урагшаагаа хараад сууж байхад миний 2 хөл халуун оригоод нүүрнээс цус гараад байж байхад түргэн ирээд талийгаачыг эхнэрийн хамт аваад би 105 машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Ийм л зүйл болсон...”  гэх /1-р хх-ийн 38-39х/,

Хохирогч Б.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Манай нөхөр, дүү хоёр байшиндаа байж байсан. Би цэцэрлэг тарах гэж байна уу гэж асуух гээд байшиндаа орж байхад гэнэт машин орж ирээд том том моднууд унаад модонд дарагдсан. Машин тэрэг ч дугаараагүй. Хүн амьтан ч хашиграагүй. Хэрвээ хүн орилж хашгарсан бол сонсох байсан. Хэрвээ хашгарсан бол байшингаасаа гарах байсан байх гэж бодож байна. Гэтэл гэнэтхэн машин орж ирээд манай дүү дарагдсан. Манай нөхрийн нүүр ам нь цус болоод гарч ирсэн. Тэгээд хүмүүс ирээд удахгүй эмнэлгийн тэрэг ирсэн. Бид өөрсдийн гэсэн орон гэртэй болох гээд хоёр талын аав ээжээсээ тэтгэвэрийн зээлийг нь гаргуулаад байшин бариулж байсан. Одоо хүүхдүүдтэйгээ хадамындаа амьдарч байна. Би гомдолтой байна ...” гэв

Хохирогч Б.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 22-540 тоотод байх хадам аав ээжийнхээ байшинд нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Ингээд нөхөртэйгээ тусдаа гарах гээд уг хашаанд байшин бариж эхлэсэн. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад би бариж байгаа байшин дотроо ороод нөхөрдөө юм хэлээд байж байхад гэнэт машины тар түр хийх чимээ сонсогдоод хойшоо алхахын завдалгүй машин байшинг мөргөөд байшин дотор ороод ирсэн. Ингээд би нэг харсан чинь миний хөл дээр мод унаад дарагдсан байдалтай байсан. Би өндийгөөд харахад талийгаач дүү маань машины доогуур 2 дугуйны гол хэсэлт дарагдаад эвгүй байрлалтай хэвтсэн хөл мушгирсан байдалтай хэвтэж байсан. Манай нөхөр болохоор тэр машины арын дугуйны хэсгээс нүүр ам нь нил цус болсон байдалтай мөлхөж гарч ирээд надруу ойртох гээд чадахгүй байсан. Ингээд удалгүй залуучууд энд тэндээс орж ирээд түргэн дуудаад миний дээр байсан модыг зайлуулаад намайг хавтан модон суулгаад тэндээс холдуулсан. Тэгэж байтал түргэн ирээд талийгаач дүү бид 2-г аваад гэмтэлрүү явсан. Манай нөхөр өөр түргэний машинтай ирсэн. Ийм л зүйл болсон...” гэх /1-р хх-ийн 43-44х/,

Гэрч Б.Мөнхсэдэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би “Би Эм Жи Эл” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анх туслах ажилтанаар ажилд орсон юм. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр ажил дээрээ 09 цагт ирээд Лүмбэн гэх хүнээс Аюулгүй ажилгааны зааварчилгаа аваад гарын үсэг дэвтэр дээр зураад цахилгаанчин Мөнхсэдэд, жолооч М, Номин-Эрдэнэ нартай Чингэлтэй 14 дүгээр хороо Хайлаастын 22 дугаар гудамжины гэрлийн утас буулгах ажил хийж байсан юм. Тэнд байсан худагны хажууд М машинаа байрлуулаад 4 данхараадаа өргөөд крандаа Мөнхсэдэд суулгаад Мөнхсэдэд шон дээр байх цахилгааны утаснуудаа шалгаад буцаагаад кранаа буулгаад явах гээд 4 данхраадаа хурааж байхад М “машин унтарлаа шүү, хойд дугуйнуудад эвээс хийчих” гэж хэлээд кабиндаа суусан. Тэгтэл машин унтарсан Мөнбаяр жолооч “ар талын дугуйныхаа эвээсүүдийг одоо авчих” гэж хэлэхээр би жолооч талынхан ар талын дугуйны эвээсний чулууг авсан, тэгтэл машин доошоо шууд уруудаад эрчээ аваад өнхрөөд явсан. Бид 3 араас нь гүйгээд очиход гудамжаар нэг шороо болоод шороо намдасны дараа харахад машин нэг айлын хашаа байшин мөргөөд зогссон байсан. Тэгээд бид 3 очиход тэр байшин дотор юм хийж байсан хүмүүс орлилдоод нэг эгч модонд дарагдсан байсан. Тэгээд бид 3 модыг холдуулаад байж байтал тэр эгч “цаана чинь нэг хүүхэд байгаа” гэж хэлэхээр нь машины доошоо харахад машин доогуур нэг эрэгтэй хүн дарагдсан байдалтай байсан. Мөн нөгөө талд нэг эрэгтэй хүн толгойн хагарсан цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид 3 тэр эгчийг гаргаад, дараа нь машины доогуур байсан эрэгтэй хүнийг гаргахын тулд машины рам доогуур эвээс мод хийж байгаад тэр залууг гаргаж ирсэн. Удалгүй түргэн ирээд тэр 3 хүнийг манай жолооч Мтай хамт гэмтэлийн эмнэлэг рүү авч явсан. Ийм л зүйл болсон....” гэх  /1-р хх-ийн 50-52х/,

Гэрч Э.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Мөнхсэдэд шон дээр байх цахилгаантай утаснуудаа шалгаад буцаагаад кранаа буулгаад явах гээд 4 данхраадаа хурааж байхад М “машин унтарлаа шүү, хойд дугуйнуудад эвээс хийчих” гэж хэлээд кабиндаа суусан. Тэгтэл машин унтарсан М жолооч “ар талын дугуйныхаа эвээсүүдийг одоо авчих” гэж хэлэхээр би жолооч талын ар талын дугуйны эвээсийн чулууг авсан. Тэгтэл машин доошоо шууд уруудаад эрчээ аваад өнхрөөд явсан...” гэх /1-р хх-ийн 58-60х/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-25х/,

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30х/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 31х/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 966 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Энхманлайн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн дарагдах, шахагдах, цохигдох, нидрэгдэх механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байх бөгөөд цээжний дарагдал, няцрал, баруун 4-5-р хавирга, зүүн талын 1-10-р хавирганы далд хугарал, цээжний хөндий дэх цусан хураа, зүүн уушгины уналт, гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
  4. Талийгаач Ц.Энхманлай нь цээжний дарагдал, няцрал, баруун 4-5-р хавирга зүүн талын 1-10-р хавирганы далд хугарал, цээжний хөндий дэх цусан хураа зүүн уушгины уналт гэмтлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.
  5. Талийгаач Ц.Энхманлай нь АВО системээр /1/ дүгээр бүлгийн харъяалалтай байжээ
  6. Талийгаач Ц.Энхманлай нь согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 68-72х/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 4901 дугаартай дүгнэлт:

  1. Б.Эрдэнэчимэгийн биед баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /1-р хх-ийн 88х/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 4902 дугаартай дүгнэлт:

  1. Б.Золбоогийн биед баруун тавхайн шаантаг ясны далд хугарал, дусны эдийн дутагдал бүхий шарх, том хэмжээний зулгарсан шарх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, хэвлий, ташаа, зүүн гуяны цус хуралт, зулгаралт, нурууны цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /1-р хх-ийн 101х/,

“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-128х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 3458 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн“Hyunda Mighty” маркийн 48-34 УНА улсын дугаартай авто машин урд талаар эвдрэл гэмтэлтэй, баруун хойд гадна дугуйн хээ элэгдэж, хийцийн утас ил гарсан гэмтэл нь стандарт шаардлага хангахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
  2. Бүхээг салхины шил, баруун зүүн их гэрэл, дохионы гэрэл, баруун шил арчигч, баруун зүүн гадна толь, урд нүүр, урд бамбай, жолооч талын хаалга бүхэлдээ, баруун хаалганы шил, багана, баруун, зүүн урд багана, урд самбар, жолооны хүрд, жолооны аппарат, хөндлөн татуурга, утааны яндан, жолоочийн суудал зэрэг эд ангиуд ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй. Баруун хойд гадна дугуй, зүүн хойд тоормосны эд анги ашиглалтын явцад үүссэн гэмтэлтэй байна.
  3. Ослын үед үүссэн эвдрэл гэмтлүүд осолд нөлөөлөхгүй. Шингэний осолд хэргийн материал ирүүлээгүй тул зүүн хойд тормосны эд анги тосоор бохирлогдсон, баруун хойд гадна дугуйн хээ элэгдсэн гэмтэл осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.
  4. Тормос шингэн дамжуулгатай, энгийн тоормосны системтэй. Хөдөлгүүр асахгүй, автомашин явахгүй, тоормосны дөрөөн дээр гишгэх боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй.
  5. Автомашин явахгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.
  6. Спидометр гадна харагдах байдал бүтэн. Автомашин явахгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Спидометрийн ажиллагаа нь хатуу зүйл мөргөх зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэл болохгүй.

“Хас үнэлгээ” ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 177х/

Шүүгдэгч Ж.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 196х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 203х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Ж.Мыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс  2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 499.4 зүйлд “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар Иргэний хариуцагч “Би Эм Жи Эл” ХХК-аас хохирогч Б.Золбоод эмчилгээний зардалд 2,254,000 төгрөг, Б.Эрдэнэчимэгт эмчилгээний зардалд 1,952,300 төгрөг, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол болох 10,615,600 төгрөг нийт 14,821,900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарт, амь хохирогч Ц.Энхманлайгийн оршуулах зан үйлд зарцуулсан 24,456,690 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэд тус тус олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.М иргэний нэхэмжлэгч “Би Эм Жи Эл” ХХК-ид гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол болох 3,611,000 төгрөгийг нөхөн төлөхөөр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүсэлт гарган завсарлага авч уг хугацаанд төлж барагдуулсан болно.

Иргэний хариуцагч “Би Эм Жи Эл” ХХК гэм буруутай этгээдээс, хохирогч Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг нарыг хойшид гарах эмчилгээний зардалаа иргэний хариуцагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ананд овгийн Жигмэддоржийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хариуцагч “Би Эм Жи Эл” ХХК-аас хохирогч Золбоод эмчилгээний зардалд 2,254,000 төгрөг, хохирогч Эрдэнэчимэгт эмчилгээний задалд 1,952,300 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 10,615,600 төгрөг нийт 14,821,900 төгрөгийг гаргуулан хохирогч Золбоо, Эрдэнэчимэг нарт, амь хохирогч Ц.Энхманлайгийн оршуулах зан үйлд зарцуулсан 24,456,690 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны Оюун-Эрдэнэд олгосугай.

5. Шүүгдэгч Ж.М иргэний нэхэмжлэгч “Би Эм Жи Эл” ХХК-ид гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,611,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хариуцагч “Би Эм Жи Эл” ХХК гэм буруутай этгээдээс, хохирогч Золбоо, Эрдэнэчимэг нарыг хойшид гарах эмчилгээний зардалаа иргэний хариуцагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.АРИУНБОЛД