Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/01087

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Б-д  холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,403,101.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г Б нь Б.Б төй 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ1205050041 тоот зээлийн гэрээгээр 4,800,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувиар байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан боловч Б.Б  нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээл 4,711,816.79 төгрөг, зээлийн хүү 7,384,748 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,306,536.38 төгрөг, нийт 13,403,101.17 төгрөг байна.

Иймд Б.Б өөс ЗГ1205050041 тоот зээлийн гэрээний үүрэгт 13,403,101.17 төгрөгийг гаргуулж Г Б ХХК-д олгуулж өгнө үү.

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б өд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас Г Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хуульчилж өгсөн байдаг. Иргэний хуулийн 75.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байхаар хуульчилсан байдаг. Тиймээс Г Б ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болохыг заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч Б.Б өд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,403,101.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжллэийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1205050041 тоот  “Зээл болон барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 4,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

            Нэхэмжлэгч нь үндсэн зээл 4,711,816.79 төгрөг, зээлийн хүү 7,384,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,306,536.38 төгрөг, нийт 13,403,101.17 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

            Хариуцагч Б.Б  нь зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш нийт 432,716 төгрөг төлсөн бөгөөд сүүлийн төлөлт нь 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 95,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. /ХХ-ийн 7 дахь тал/

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж тус тус заажээ.

 

            Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон, мөн зээлийн гэрээний үүргийн зөрчил 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс хойш гарсан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13927 дугаар захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

            Дээрхи үйл баримтаас үзэхэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нь хөөн хэлцэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримтыг баримтаар нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,403,101.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Г Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Б.Б өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,403,101.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР