Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01124

 

 

 

 

 

 

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01087 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Б.Б-өд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 13 403 101.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г- ХХК нь хариуцагч Б.Б-төй 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 800 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн 20 хувиар байхаар тохиролцож зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан боловч Б.Б- нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 4 711 816 төгрөг, зээлийн хүү 7 384 748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 306 536 төгрөг, нийт 13 403 101 төгрөг байна. Иймд Б.Б-өөс зээлийн гэрээний үүрэгт нийт 13 403 101 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас Г- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хуульчилж өгсөн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байхаар хуульчилсан байдаг. Тиймээс Г- ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болохыг заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Б.Б-өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 403 101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан бөгөөд Б.Б- нь уг хугацаанд нийт 520 911 төгрөгийг төлснөөс өөр эргэн төлөлт хийгээгүй тул 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн эргэн төлөлтөө хийхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хаягаар болон утсаар нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад уг хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа шүүх хуралдаан болоход хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулдаг байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн зүгээс уг хуралдааны явцад уг хэрэгт хамааралтай өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх дээрх үйл баримтуудыг тайлбарлаж байсан. Гэтэл тухайн хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой, хэрэгт ач холбогдол бүхий нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, тус тайлбарт ач холбогдол өгөлгүй хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 13 403 101 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Б.Б-өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13 403 101.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаж байх бөгөөд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримтыг нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны үед энэ талаар тайлбар гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн гэх тайлбарыг тус тус гарган маргаж, нэхэмжлэгч энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо тухайн маргаантай холбоотой хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 8-ны өдрийн 101/ШЗ2018/08448 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

 

Талуудын маргааны зүйл болж буй зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар талууд хангалттай мэтгэлцээгүй, холбогдох нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх-ээр заасан бөгөөд анхан шатны шүүх дээрх хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Иймд маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 966 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ