Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/01164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ө,

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т тус тус  холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,335,900 төгрөг гаргуулах, уг мөнгийг чөлөөлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх, хариуцагч Б.Ө , хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одсэлмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А  нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны зээл төлөх зорилгоор Голомт банкаар үйлчлүүлж 8,335,900 төгрөгийг өөрийн зээлийн данс руу шилжүүлэх үйлдэл хийсэн боловч банкны теллерийн алдааны улмаас хариуцагч Б.Ө -ийн данс руу шилжүүлэгдсэн байна.

Улмаар Б.Ө эс андуурагдсан гүйлгээгээр шилжүүлсэн мөнгө буцаан шилжүүлэхийг шаардсан боловч тус дансны зарлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн тул 8,335,900 төгрөгийг буцаан гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Мөн энэ асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай уулзахад манайх шийдвэрлэх боломжгүй та шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг амаар өгсөн.

Иймд Б.Ө ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,335,900 төгрөгийг гаргуулах, Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Ө -ийн Голомт банк дахь 4319233827 тоот дансны битүүмжилсэн 8,335,900 төгрөгийг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны зээл төлөх зорилгоор Голомт банкаар үйлчлүүлж 8,335,900 төгрөгийг өөрийн зээлийн дансруу шилжүүлэх үйлдэл хийсэн боловч банкны теллерийн алдааны улмаас хариуцагч Б.Ө -ийн дансруу шилжүүлэгдсэн. Улмаар Б.Ө эс андуурагдсан гүйлгээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан шилжүүлэхийг шаардсан боловч тус дансны зарлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн тул 8,335,900 төгрөгийг буцаан гаргах боломжгүй болсон. Б.Ө  болон Б.А  нарын хооронд ямар нэгэн өр авлагын харилцаа байгаа бөгөөд тухайн нөхцөлөөс Б.Ө  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас тухайн мөнгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгийг битүүмжилсэн байх тул тус мөнгийг Б.А д буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 492.1.1-т заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээд хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэсний дагуу үүсэж байна. Мөн Иргэний хуулийн 493.1, 493.6 зүйлүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэтгэх газарт холбогдуулан 494.1 дүгээр зүйлд зааснаар Б.А д буцаан олгох үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагч Б.Ө  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,335,900 төгрөгийг гаргуулах, мөн Н Ш Ш Г Г т тус хөрөнгийг буцаан гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Ө  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Б.А тай 2008 онд танилцаж гэр бүл болж 2015 оныг хүртэл хамт амьдарсан. Тус хугацаанд 2013 онд бид 2 өрөө байр ипотекийн 8 хувийн зээлээр авч байсан. Тухайн үед миний бие үндсэн зээлдэгчээр, Б.А  нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2017 оныг хүртэл би байрны зээлийг төлдөг байсан. Гэтэл 2015 онд Б.А  нь Япон улс руу явж суралцах боломжтой болоод намайг хамт ажилладаг хүнээс минь мөнгө зээлүүлсэн. Яагаад мөнгө зээлэх болсон гэхээр гэр бүл бөгөөд хүний нутагт очоод боловсрол эзэмшээд ирэхээр арай өөр харах өнцөгтэй болоод ирэх байх гэж бодсондоо зээлж өгсөн. Цуг ажиллаж байсан хүнээсээ би 10,000,000 орчим төгрөгийн бараа авч бусдад бөөний үнээс нь дор үнээр зарж тухайн мөнгийг Б.А д шилжүүлсэн. Миний бие удаа дараа Б.А д их, бага гэлтгүй мөнгө өгдөг байсан. Гэрлэлтээ цуцлуулсанаас хойш ямар нэгэн байдлаар би Б.А аас мөнгө нэхэмжилж байгаагүй. 2016 оноос хойш миний данс хаагдсан гэдгийг Б.А  нь мэдэж байгаа. Өөрөө андуурч шилжүүлээд намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаад нь харамсалтай байна. 2017 оныг хүртэл би байрны зээлийг төлж байсан. 2018 оноос хойш Б.А ын эгч нь нөхөртэйгөө тус байранд амьдарч байгаа. Одоо би ямар нэгэн байргүй, данс хаагдаж түрээсийн байранд амьдарч байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А ын шилжүүлсэн мөнгийг өрөндөө тооцуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г -ын газрын итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1493 дугаар шийдвэрээр Б.Ө эс 24,872,343 төгрөгийг гаргуулж Свийт Рөүд ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3945 дугаар шийдвэрээр 9,829,094 төгрөгийг гаргуулж Ш.Батмэргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 456, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 526 дугаар тогтоолуудаар тус тус үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Ө д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/2522, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16070795/222 дугаар тогтоолоор Арилжааны банкуудад дахь дансыг битүүмжилж, хасалт хийх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т “Төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих” мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж заасан.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Б.Ө -ийн дансанд орсон мөнгөн төлбөрийг дансны хасалтаар татаж авсан, нэхэмжлэгч Б.А ын 8,335,900 төгрөгийг өөрийнх нь данснаас хасалт хийгээгүй, хууль бус ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч Б.Ө  нь өөрөө дансны хасалтаар орж ирсэн мөнгө төлбөрт гомдол санал гаргаагүй, төлбөр авагч Ш.Батмэргэн нь Б.Ө -ийн дансны хасалтаар орж ирсэн мөнгөн хөрөнгүүдийг авах хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

            Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Б.Ө , Н Ш Ш Г Г т тус тус холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,335,900 төгрөг гаргуулах, уг мөнгийг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Н Ш Ш Г Г  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж, хариуцагч Б.Ө  нь Б.А аас авлагатай байсан, уг мөнгийг төлөх боломжгүй гэж тус утс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Б.Ө д холбогдох  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Голомт банк ХХК болон Б.Ө , Б.А  нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 2-13 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан болох нь тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаар шийдвэрээр Б.А , Б.Ө  нарын гэрлэлтийг цуцалж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 2-13 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Б.А , Ө.Эгшиглэн нарын өмчлөлд шилжүүлж, уг байрны Голомт банк дахь ипотекийн зээлийг цаашид Б.А  төлж, Б.А аас Б.Ө д 1,250,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тус тус шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкаар дамжуулан байрны зээл А-аас гэх гүйлгээний утгатайгаар 8,335,900 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу Б.А  нь орон сууцны зээлийг төлөх үүргийг хүлээж, гүйлгээний утга нь байрны зээл гэж шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд Б.Ө  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Хариуцагч Б.Ө  нь Б.А д мөнгө зээлсэн гэж тайлбарлах боловч уг үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлогдохгүй байх тул Б.Ө  болон Б.А  нарын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэхээр байна.

 

Н Ш Ш Г Г  нь Б.Ө -ийн дансанд орсон мөнгийг таталт хийсэн ажиллагаа нь хуульд нийцсэн ажиллагаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас эгүүлэн таталт хийж, уг мөнгийг чөлөөлөх боломжгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж төлбөр барагдуулах ажиллагаа хийсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй, мөн уг мөнгийг чөлөөлж, Б.А д олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд, хариуцагч Б.Ө эс 8,335,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, Н Ш Ш Г Г т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Ө эс 8,335,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, Н Ш Ш Г Г т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,524 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө эс 148,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР