Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01423

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01423

 

 

Б.А-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01164 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч Б.Ө-, НШШГГ-т тус тус холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8 335 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орон сууцны зээл төлөх зорилгоор Голомт банкаар үйлчлүүлж 8 335 900 төгрөгийг өөрийн зээлийн данс руу шилжүүлэх үйлдэл хийсэн боловч банкны теллерийн алдааны улмаас хариуцагч Б.Ө-ийн данс руу шилжүүлэгдсэн байна. Улмаар Б.Ө-эс андуурагдсан гүйлгээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан шилжүүлэхийг шаардсан боловч тус дансны зарлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн тул 8 335 900 төгрөгийг буцаан гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн энэ асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай уулзахад манайх шийдвэрлэх боломжгүй та шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг амаар өгсөн. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээд хооронд үүрэг үүсээгүй тохиолдол тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар мөнгийг буцаан шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.А-д мөнгийг буцаан олгох үүрэгтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.Ө- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8 335 900 төгрөгийг гаргуулах, мөн НШШГГ-т тус хөрөнгийг буцаан гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ө- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Б.А-тай 2008 онд танилцан, гэр бүл болж 2015 оныг хүртэл хамт амьдарсан. Тус хугацаанд 2013 онд бид 2 өрөө байр ипотекийн 8 хувийн зээлээр авч байсан. Тухайн үед миний бие үндсэн зээлдэгчээр, Б.А- нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2017 оныг хүртэл би байрны зээлийг төлдөг байсан. Гэтэл 2015 онд Б.А- нь Япон улс руу явж суралцах боломжтой болоод намайг хамт ажилладаг хүнээс минь мөнгө зээлүүлсэн. Цуг ажиллаж байсан хүнээсээ би 10 000 000 төгрөгийн бараа авч бусдад бөөний үнээс нь дор үнээр зарж тухайн мөнгийг Б.А-д шилжүүлсэн. Миний бие удаа дараа Б.А-д их, бага гэлтгүй мөнгө өгдөг байсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш ямар нэгэн байдлаар би Б.А-аас мөнгө нэхэмжилж байгаагүй. 2016 оноос хойш миний данс хаагдсан гэдгийг Б.А- нь мэдэж байгаа. Өөрөө андуурч шилжүүлээд намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаад нь гомдолтой байна. 2017 оныг хүртэл би байрны зээлийг төлж байсан. 2018 оноос хойш Б.А-ын эгч нь нөхөртэйгөө тус байранд амьдарч байгаа. Одоо би ямар нэгэн байргүй, данс хаагдаж түрээсийн байранд амьдарч байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А-ын шилжүүлсэн мөнгийг өрөндөө тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1493 дугаар шийдвэрээр Б.Ө-эс 24 872 343 төгрөгийг гаргуулж С ХХК-д, мөн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 3945 дугаар шийдвэрээр 9 829 094 төгрөгийг гаргуулж Ш.Б-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 456, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 526 дугаар тогтоолуудаар тус тус үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Ө-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 03/2522, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16070795/222 дугаар тогтоолоор арилжааны банкуудад дахь дансыг битүүмжилж, хасалт хийх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Б.Ө-ийн дансанд орсон мөнгөн төлбөрийг дансны хасалтаар татаж авсан, нэхэмжлэгч Б.А-ын 8 335 900 төгрөгийг өөрийнх нь данснаас хасалт хийгээгүй, хууль бус ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч Б.Ө- нь өөрөө дансны хасалтаар орж ирсэн мөнгө төлбөрт гомдол санал гаргаагүй, төлбөр авагч Ш.Б нь Б.Ө-ийн дансны хасалтаар орж ирсэн мөнгөн хөрөнгүүдийг авах хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Ө-эс 8 335 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, НШШГГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 524 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-эс 148 324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч Д.А нар давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ...НШШГГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо НШШГГ- нь Б.Ө-ийн дансанд орсон мөнгийг таталт хийсэн ажиллагаа нь хуульд нийцсэн ажиллагаа... мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж төлбөр барагдуулах ажиллагаа хийснийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй, мөн уг мөнгийг чөлөөлж, Б.А-д олгох хууль зүйн үндэслэлгүй юм гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс НШШГ байгууллагыг хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж огт маргаагүй бөгөөд харин үндэслэлгүй хөрөнгөжсөн Б.Ө-ийн дансан дахь мөнгө нь Б.А-ын мөнгө тул чөлөөлж, Б.А-д шилжүүлж өгөхийг даалгахыг хүссэн. Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу НШШГГ- нь битүүмжилсэн хөрөнгийг Б.А-д буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж маргасан.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01164 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь буюу НШШГГ-т холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Б.Ө-эс 8 335 900 төгрөг гаргуулах, НШШГГ-т тус 8 335 900 төгрөгийг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.А- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Ө-ийн Голомт банкны 4319233827 тоот дансанд байрны зээл А-аас гэх утгатайгаар 8 335 900 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт хэрэгт авагдсан, /хх3/ уг гүйлгээг банкны теллер андуурснаас хийгдсэн гэж тайлбарлажээ.

 

Б.Ө- нь дээрх мөнгийг өөрийн дансанд орж ирснийг үгүйсгээгүй, харин мөнгийг буцаах үндэслэлгүй, Б.А-аас авах авлагадаа тооцно гэж татгалзлаа тайлбарласан байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаар шийдвэрээр Б.А-, Б.Ө- нарын гэрлэлтийг цуцалж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 2-13 тоот 2 өрөө орон сууцыг Б.А-, Ө.Э нарын өмчлөлд шилжүүлж, уг байрны Голомт банк ХХК дахь ипотекийн зээлийг цаашид Б.А- төлж, Б.А-аас Б.Ө-д 1 250 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тус тус шийдвэрлэжээ. /хх5-6/

 

Шүүхийн шийдвэрт заасан 2 өрөө орон сууцыг Б.Ө-, Б.А- нар нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээр ипотекийн зээлээр худалдан авсан баримт хэрэгт авагдсан байх /хх7-8/ бөгөөд 8 335 000 төгрөгийг орон сууцны зээлийн төлбөрт төлөх ёстой боловч хамтран зээлдэгч Б.Ө-ийн данс руу андуурч гүйлгээ хийгдсэн гэх Б.А-ын тайлбар баримтаар нотлогджээ.

 

Хариуцагч Б.Ө- нь Б.А-аас авлагатай байсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул шүүх хариуцагч Б.Ө-эс 8 335 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан нийцжээ.

 

НШШГГ- нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 03/2522, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16070795/222 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.Ө-ийн арилжааны банкууд дахь дансыг битүүмжилж, битүүмжилсэн данснаас 9 829 094 төгрөгийн хасалт хийж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд Б.Ө-ийн дансанд мөнгө орсныг төлбөрт татаж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т заасан журмын дагуух ажиллагаа байна.

 

Иймд хариуцагч Б.Ө- нь өөрийн дансанд орж ирсэн 8 335 000 төгрөгийг гуравдагч этгээдэд төлбөл зохих төлбөрт суутгуулсан байх тул Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасан хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн гэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэг үүсэхгүй. Харин бусдын хөрөнгийг өр төлбөртөө тооцуулсан тэр хэмжээгээр өрөөс чөлөөлөгдсөн нь нэхэмжлэгчид учруулсан хохиролд тооцогдохыг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасан.

 

Дээрхээс дүгнэвэл Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, шүүх хариуцагч Б.Өнөр-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг түүнээс гаргуулж, НШШГГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ