Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/01163

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, Денверийн гудамж, Хийморь 56 тоотод байрлах М Т Х С Х  ТББ /РД: 8188564/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, Бага тойруу, 44-204 тоотод байрлах О Х ТББ /РД: 8022488/-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох  5,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батсуурь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Т.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Т Х С Х  ТББ нь О Х ТББ сургалт, судалгааны ажил хийхээр тохиролцож 2020 оны 10 сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг Гэрээгээр гүйцэтгэгч болох М Т Х С Х  нь сургалт ба судалгааны ажлыг гүйцэтгэх, захиалагч болох О Х ТББ нь Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ажлын хөлс болох 9,380,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч нь сургалт ба судалгааны ажлыг “Бодлогод нөлөөлөх сургалт, судалгаа” гэх сэдвийн дор 2 хэлэлцүүлэг, 2 сургалтыг захиалагчтай хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээгээр ажлын хөлсийг 9,380,000 төгрөг байхаар тохиролцсон. Түүнчлэн Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Захиалагч тал гүйцэтгэгч байгууллагын төрийн банкны 100900642317 дансанд ажлын төсвийн 80 хувийг байршуулсан байна”, 2.3-т “Захиалагч ажил гүйцэтгэж дууссаны дараах үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсны дараа ажлын 3 хоногт багтаан эцсийн төлбөрийг энэ зүйлийн 2.1-д заасан дансанд шилжүүлж гэрээг дуусгавар болгоно” гэж төлбөрийн нөхцөлийг тохиролцсон. Гэтэл О Х ТББ нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд төлбөрийн 39,6% буюу 3,720,000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд байршуулсан байдаг. Өөр ямар нэг төлбөр төлөөгүй. Гэрээт ажил 12 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэж дуусаад 29-ний өдөр тайлангаа өгсөн байдаг. Төлбөр хийгдээгүй шалтгаанаа санхүүгийн задаргаагаа өг зэргээр сунжруулж байсан. Гэхдээ гэрээт ажил хийгдэж дууссаны дараа “талархая, баярлалаа” зэрэг и-мэйлийг явуулж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрийг өгөхгүй гэж хэлэлгүй хойшлуулж байгаад 01 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн и-мэйлд мөнгийг өгөхгүй гэх эцсийн хариуг өгсөн. 

Иймд О Х ТББ-аас хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,660,000 төгрөгийг “М Т Х С Х ” ТББ-д гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О Х ТББ ба М Т Х С Х  2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хамтран ажилах тухай гэрээг баталсан бөгөөд өөр ямар нэгэн баримт бичиг, тухайлбал Ажлын даалгавар гэх зүйл батлаагүй. Харин гэрээний дагуу гүйцэтгэх ажлын талаар хоёр тал харилцан зөвшилцөж тохироод шийдсэн бөгөөд ажил гүйцэтгэх хугацаанд 2 хэлэлцүүлэг, 2 сургалт хийхээр тохирч амжилттай гүйцэтгэсэн бөгөөд ажлын төлөвлөгөө тайланг энд хавсаргасан. Хавсралт 5 болон хавтаст хэргийн 16 дах хуудсаас харж болно. Гүйцэтгэх ажлын даалгаварыг хоёр тал ярилцан зөвшилцсөнөөс гадна и-мэйлээр харьцсан баримтууд байгаа юм.

Жишээлбэл Хавсралт 6-г харж болно. Хариуцагч тайлбартаа дурдсан ажлын гүйцэтгэл биелэгдээгүй гэх асуудал өмнө нь огт дурдагдаж байгаагүй. Гэрээт ажил хийгдэж дууссаны дараа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхгэрэл захирал “Сургалт амжилттай явагдаж дууслаа талархая” хэмээн ажлын гүйцэтгэлд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлж имэйл явуулж байсан атал Сомо ТББ-аас гэрээт ажилд зарцуулахаар тусгасан мөнгөө нэгэнт авсан, ажлаа гүйцэтгүүлж дууссаны дараа “ажлын гүйцэтгэл биелэгдээгүй” гэж ярьж байгаа нь тун ойлгомжгүй бөгөөд ёс зүйгүй асуудал юм. Тайлбарт дурдагдсан логоны асуудал, сэдвийн асуудал, Сомо-гийн мөнгөөр өөрийгөө алдаршууллаа гэх бусад зүйлсийг бид түхай бүрд харилцан тайлбарлалцаж, зөвшилцөөд шийдээд явж байсан. Хэдийгээр гэрээнд тусгагдаагүй боловч хэлэлцүүлэг, сургалтаас бий болсон бүх материалыг О Х ТББ-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Гэрээт ажил гүйцэтгэж дуусмагц 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  М Т Х С Х гээс илгээсэн ажлын гүйцэтгэлийн тайлан, гэрээт ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл мөнгө болох 5,660,000 төгрөгийн нэхэмжлэлийн хариуд О Х ТББ 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хариу ирүүлсэн бөгөөд үүндээ санхүүгийн тайлан ирүүлээгүй учраас үлдэгдэл мөнгө төлөх шаардлага тогтоогдохгүй байна гэсэн хариу ирүүлсэн байдаг. М Т Х С Х гээс мөн өдрөө, 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр О Х ТББ-аас хүссэний дагуу санхүүгийн зардлын тайланг явуулсан. Урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 80 хувь гэж тохироод 3,720,000 шилжүүлсэн тухайд талууд нэгэнт гэрээндээ тохирсон байж 80 хувь бус 39 хувийг шилжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Урьдчилгаа төлбөрийн нөхцөл гэх хэлцэл яриа бидний хооронд бичгэн байтугай аман хэлбэрээр ч байгаагүй. Гэрээ зурагдсан даруйд урьдчилгаагаа төлөх үүрэгтэй ч бүрэн төлөөгүй бөгөөд энэ талаар Сүхгэрэлд сануулж байсан боловч тэр “Ковид-19 өөс болж бидний ажил хойшлогдож байна, ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байна, ажлаа эхлээд гүйцээе” гэснээс өөр ямар нэг тайлбар тухайлбал итгэл эвдсэн, ёс зүйгүй хандсан гэх мэт бусад зүйлсийг огтоос дурдаж байгаагүй болно. Үүнээс хархад О Х ТББ нь урьдчилгаа төлбөрөө төлөхгүй байх үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэдэг нь тодорхой харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд гэрээ хийхдээ ажлын даалгавар хэрэгжүүлэх хавсралт 1-ийг байгуулсан байдаг. Гэрээнд төсөв хөрөнгийг хэлэлцэж ярилцаж байсан. Төсөв төлөвлөгөөг харилцан тохиролцож чадаагүй учраас 80 хувийг шилжүүлж болох санагдаад 40 хувийг шилжүүлсэн байдаг. Сургалт хийсэн болон мэдээлэл хүргэх зэрэг хэсэг ажил нь хэрэгжээгүй байдаг. Эцсийн тайланд юу өгөх талаар 4 зүйлийг дурдсан байдаг. Зохигч хууль дүрмийн дагуу өгөх ёстойг зааж өгсөн байдаг. Манай талаас өгсөн хавсралт 2-ийн 2 заалт хэрэгжээгүй байсан учраас манайх мөнгө өгөх боломжгүй. Мөн сургалт нь танхимаар орох ёстой байсан боловч ковид-19 вирусийн улмаас танхимаар сургалт ороогүй учраас мөн танхимаар сургалт оруулах зардал хасагдана гэж үзэж байгаа. Манай зүгээс санхүү болон санхүүгийн тайлан авах талаар 1 сараас хойш и-мэйлээр хариу солилцож байсан. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн санхүүгийн тайлан нь хангалтгүй байсан. Төсөв хөрөнгийг яаж хэрхэн зарцуулсан болох нь тодорхойгүй байсан. Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргуулсан ажлын даалгаварт манай зүгээс тусгуулсан 2 ажлыг хассан байсан. Тиймээс хуурамч бичиг баримт гэж үзэж байна. Бидэнд хэрхэн яаж зардал гаргасан талаараа баримтыг тодорхой өгсөн бол бид төлбөрийг өгөх боломжтой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үүрэг гүйцэтгэгч тал нь Гэрээний 1.3 ба 5.7 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Захиалагчид хүлээлгэн өгсөн ба Захиалагчаас ажлын гүйцэтгэлийн талаар ямарваа санал, шүүмжлэл ирээгүй тул гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үлдэгдэл төлбөрөө шаардах эрхээ үндэслэжээ. Үүрэг гүйцэтгэгчийн Нэхэмжлэлд дурдсан дээрх үндэслэл нь үнэнд нийцэхгүй бөгөөд Захиалагч нь үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй юм. Үүрэг гүйцэтгэгч нь Гэрээний агуулга, ажлын даалгаврын зорилгыг анхнаасаа үл хайхран, Захиалагчийн хэрэгцээ шаардлагыг тооцохгүй зөвхөн өөрт байгаа бэлэн мэдээлэл зэргийг ашиглан хялбар аргаар гүйцэтгэж байгааг Захиалагч сануулж засаж залруулахыг хичээж ирсэн байдаг. Үүнийг гүйцэтгэгчтэй харьцаж байсан 1 цахим шуудан, Фэйсбүүк чатын бичлэгүүд нотолно. Гүйцэтгэгч нь Захиалагч талаас тодорхойлсон сургалт, судалгаа нөлөөллийн ажлын хүрээнд гэрээний 1.5-д тодорхой зааж өгсөн сургалтын материалуудыг ашиглан бүтээлчээр ажиллаж, мэргэжлийн өндөр түвшинд оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг таньж мэдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах ёстой байсан. Гэвч үүрэг гүйцэтгэгч нь гэрээний агуулга, ажлын даалгаврыг үл хэрэгсэж Үүрэг гүйцэтгэгч биш харин Захиалагч эсвэл бие даан төсөл хэрэгжүүлэгч гэмээр аашилж байсан тул Захиалагчийн зүгээс контракт ба грант ялгаатай шүү гэдгийг сануулж ирсэн байдаг. Талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зохицуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл гэдэг нь гэрээний агуулга болон гэрээнд заасан Ажлын даалгавар зэргээс харагдана. Тухайлбал, Гэрээний 1.1 дүгээр зүйлд “Энэхүү гэрээний зорилго нь Гүйцэтгэгч тал Захиалагчийн Ажлын даалгаврын дагуу сургалт ба судалгааны ажлыг Гүйцэтгэгч нь Ажлын даалгаварт заасан үүргээ Захиалагчтай тохиролцсоны дагуу зохих ёсоор гүйцэтгэхгүй байсан тул Захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасныг баримтлан, Гэрээний 3.6-д зааснаар доголдлыг арилгуулах талаар удаа дараа шаардаж анхааруулж байсан. Гэрээний 5.7 дугаар зүйлд ажил гүйцэтгэсэн дүнг Үйл ажиллагааны тайлан болон Санхүүгийн тайлан хэлбэрээр гаргаж өгөх, Ажлын даалгаврын 6-д Эцсийн тайланд ажлын үр дүнг ямар үзүүлэлтээр хэрхэн тайлагнахыг тоочин заасан. Тухайлбал, Ажлын даалгаврын 6 төслийн санхүүгийн тайланг зохих хууль журмын дагуу гаргаж санхүүгийн баримтуудын хамт Захиалагчид шилжүүлэх тухай тусгайлан тохирсон байна. Захиалагчийн зүгээс удаа дараа шаардсаны эцэст санхүүгийн тайлан хэмээн 1 хуудас маш ерөнхий төсөв гэмээр зүйлийг (Хавтаст хэрэг, хуудас 14) танилцуулж байсан тул гэрээгээр тохиролцсон тайлангийн шаардлага хангахгүй байгаа болон зардлын баримтууд (Хичээл сургалтад заасан багшийн ажлын хөлсөөс тооцсон хүн амын орлогын албан татвар, Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан бол НӨАТ баримт гэх мэт) хавсаргахыг шаардсан цахим шуудан илгээсэн байдаг, Захиалагч нь “М Т Х С Х ” гэсэн байгууллага гэдэг утгаар гэрээний хэрэгжилт, байгуулагын санхүүгийн бүртгэл, тайлан тооцоо хэрхэн явагдах талаар маш тодорхой ойлголттой байгууллага, мөн төсөв санхүү чиглэлийн өндөр мэргэжилтэй хувь хүнтэй харьцаж байгаа гэж үзэж байгаа юм. Гэтэл 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд бүтэн 2 cap, холбогдох мэргэжлийн болон төрийн ба төрийн бус байгууллагуудын ажилтнуудад заах сургалт, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх тайлан хангалтгүй, санхүүгийн тайлан тооцоог тооцох баримт гэх юмгүй байсан тул энэ талаар удаа дараа шаардсан боловч ганц хоёр хуудаст багтаасан дээрх тайлан гэгчээс өөр зүйл гаргаж өгөхгүй, санхүүгийн тайлан гээд 1 хуудас бичиг илгээж дээр нь зардлын баримт гаргах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь шударга бус, зохисгүй үйлдэл гэж Захиалагч тал үзэж байна. Талууд хэд хэдэн удаа цахим шуудангаар харилцсаны эцэст Гүйцэтгэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гэрээт ажлын төлбөрийн талаарх мэдэгдэл хавсралт 7 гэх бичгийг Захиалагчид илгээсэн байдаг. Энэхүү бичигтээ гэрээгээр тохирсон үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн тул Гэрээт ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаад эс биөлүүлбэл үлдэгдэл төлбөр болон Гүйцэтгэгчийн оюуны бүтээлийг завшсан асуудлаар шүүхэд хандана гэсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Захиалагч нь гэрээний гүйцэтгэлтэй холбоотой тайлбар биш харин үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг зохих ёсоор илгээхийг шаардаж байгаагаа дурдаад тооцоо нийлсний үндсэн дээр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж гэрээг хаах ёстой гэдгийг анхааруулж хариу бичиг илгээсэн байдаг (Хавсралт 8). Ийнхүү Захиалагч нь Иргэний хуулийн 346.2-т “ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэсэн хуулийн заалтыг баримтлан үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Гэрээ ба Ажлын даалгаварт зааснаар гаргаж өгөн үр дүнг тооцох ёстой гэсэн шаардлагыг удаа дараа тавьсаар ирсэн боловч гэрээний үр дүнг тооцох тайлан нотлох баримтыг одоог хүртэл зохих ёсоор бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гүйцэтгэгч нь Гэрээ ба Ажлын даалгаварт заасан үүргээ маш сул, нэр төдий биөлүүлсэн түүнчлэн цар тахлын улмаас хөл хорио тогтоож анх танхимын хэлбэрээр явуулахаар төлөвлөсөн зардал хэмнэгдэх нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан ажлын үр дүнгийн буурсан хэмжээгээр буюу Гүйцэтгэгчийн дансанд урьдчилан байршуулсан 3,720,000 төгрөгөөр гэрээг хааж нэхэмжилсэн Гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,660,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 80 хувь гэж тохироод 3,720,000 шилжүүлсэн гэдэг тухайд Захиалагч нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэрээний 2.1-д “Гүйцэтгэгчийн дансанд Бодлогод нөлөөх сургалт судалгаа хийх тухай гэрээ” буюу Ерөнхий гэрээний хавсралт болох Ажлын даалгаврыг харилцан зөвшилцөж, тохиролцсоны дараа нийт төсвийн 80 хувьтай тэнцэх төгрөгийг байршуулна, мөн Ажлын даалгаврт судалгааны хэлэлцүүлэг, сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулгыг Захиалагчтай хамтран боловсруулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл сургалт, хэлэлцүүлгийн төлөвлөгөөг тохиролцон баталсны дараа 80 хувьтай тэнцэх төлбөрийг Гүйцэтгэгчийн дансанд байршуулна гэж тохирсон. Хөтөлбөр болон төсөв зохиох талаар ирүүлсэн санал нь Захиалагчийн хүсэл, сонирхолд нийцэхгүй байсан тул 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цахим шуудангаар “Энэ төсвийн задаргаа хийж өгнө гэж тохироогүй билүү? Бараг 10 сая төгрөгт эцсийн бүтээгдэхүүнгүй хэдэн сургалт нь мөнгө зарцуулах зорилготой нь илт харагдаж байна.” гэж шаардсаны хариуд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гүйцэтгэгч нь дээр дурдсан “Сургалт судалгаа хийх тухай” гэсэн 2 хуудас бичиг (Хавсралт 6) Захиалагчид ирүүлсэн юм. Үүнийгээ Гэрээний дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөө бөгөөд санхүүгийн төсөв гэж тайлбарласан хэдий ч Захиалагчийн хүсэл, шаардлагад нийцээгүй. Гэвч Гэрээний дагуу сургалт, хэлэлцүүлэг хийх зар нэгэнт олон нийтэд хүргэгдсэн өөр талтай шинээр гэрээ хийх нь цаг хугацааны хувьд боломжгүй байсан тул Гүйцэтгэгч байгууллагыг цаашид шахаж шаардаад ч болтугай ажил гүйцэтгүүлэхээс өөр сонголт Захиалагчид байхгүй байсан. Ийнхүү 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Захиалагч нь Үүрэг гүйцэтгэгчийн тоот дансанд гэрээний үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх бус 40 хувьтай тэнцэх 3,720,000 төгрөгийг шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг байршуулахдаа Гэрээнд анх заасан дүнг бууруулсан нь дээр дурдсан Гүйцэтгэгчийн итгэл эвдсэн, ажилдаа ёс зүйгүй хандаж байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн нь бодит үнэн юм. Түүнчлэн Гэрээ байгуулах үед Ковидын нөхцөл байдал хүндрээгүй байсан ба Гэрээнд заасан бүх сургалт хэлэлцүүлгийг танхимын хэлбэрээр явуулахаар анхнаасаа төлөвлөж байсан тул сургалтын таним, тоног төхөөрөмж, цайны завсарлага, үдийн хоол, илтгэгчдийн урамшуулал зэрэг бүхий л зардлыг тооцож хангалттай байхаар мөнгийг шилжүүлэх шийдвэр гаргаж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Т Х С Х  ТББ нь хариуцагч О Х ТББ-д холбогдуулан 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь М Т Х С Х  ТББ гэрээнд заасан ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн, үр дүн гараагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардалын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу сургалт, хэлэлцүүлэг, бодлогын нөлөөллийн ажил, эцсийн тайлан гаргах ажлыг 9,380,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээний 1.1-д хийх ажлыг хавсралтад зааснаар гүйцэтгэнэ гэж заасан боловч талууд гэрээний хавсралтыг батлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 359 дүгээр 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх боломжгүй байна.

 

М Т Х С Х  ТББ-д ажилладаг эрдэмтэн, судлаачдын хувийн ур чадварт үндэслэн хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах тохиролцоо нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэв.

 

Хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 3,720,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахдаа 2 хэлэлцүүлэг, 2 сургалт зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх, төр ба хувийн хэвшилд сурталчлах, нөлөөлөх ажил зохион байгуулах, Вепс ба  глобал форумын хэрэгжилт, Ковид 19-ийн дараах хөгжлийн чиг хандлагын талаар судалгаа хийж, зөвлөмж гаргах, олон нийтэд сурталчлах, гарсан үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийт ба боловсролын байгууллагуудад түгээх гэх ажлыг хийж гүйцэтгэхээр санал ирүүлсэн. /2 дугаар хх-ийн 8 дахь тал/

 

Дээрхи ажлаас 1 дэх хэлэлцүүлэг, 2 сургалтыг зохион байгуулсан үйл баримтад талууд маргаагүй, харин 2 дахь хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, мөн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх, төр ба хувийн хэвшилд сурталчлах, нөлөөлөх ажил зохион байгуулах, Вепс ба  глобал форумын хэрэгжилт, Ковид 19-ийн дараах хөгжлийн чиг хандлагын талаар судалгаа хийж, зөвлөмж гаргах, олон нийтэд сурталчлах, гарсан үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийт ба боловсролын байгууллагуудад түгээх ажлууд хийгдээгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь 2 дахь хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэх боловч уг үйл баримтыг баримтаар нотлоогүй, мөн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх, төр ба хувийн хэвшилд сурталчлах, нөлөөлөх ажил зохион байгуулах, Вепс ба  глобал форумын хэрэгжилт, Ковид 19-ийн дараах хөгжлийн чиг хандлагын талаар судалгаа хийж, зөвлөмж гаргах, олон нийтэд сурталчлах, гарсан үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийт ба боловсролын байгууллагуудад түгээх ажлууд хийгдээгүй болох хавтаст хэрэгт авагсан баримтаар тогтоогдож байна.

 

М Т Х С Х  ТББ-ын гүйцэтгэсэн ажил 1 дэх хэлэлцүүлгийн хөлс 2,100,000 төгрөг, 2 сургалтын зардал 2,600,000 төгрөг, нийт 4,700,000 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын хөлс гэж үзэхээр байна.

 

Дээрхи 4,700,000 төгрөгөөс хариуцагч О Х ТББ-ын гэрээний урьдчилгаа төлбөр 3,720,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 980,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд, хариуцагч О Х ТББ-аас 980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М Т Х С Х  ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,680,000 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хоёрдугаар хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан үнийн саналаар ажлын үнэлгээг тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч О Х ТББ-аас 980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М Т Х С Х  ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,680,000 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,810 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР