Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01219

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01163 дугаар шийдвэртэй “М” ТББ-ын нэхэмжлэлтэй “О” ТББ-д холбогдох хамтран ажиллах гэрээний төлбөрт 5 660 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батсуурь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Т.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ТББ нь “О” ТББ-тай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургалт, судалгааны ажил хийх зорилготой хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч болох “М” ТББ нь сургалт ба судалгааны ажлыг гүйцэтгэх, захиалагч болох “О” ТББ нь ажлын хөлс болох 9,380,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Гүйцэтгэгч нь сургалт ба судалгааны ажлыг бодлогод нөлөөлөх сургалт, судалгаа гэх сэдвийн дор 2 хэлэлцүүлэг, 2 сургалтыг захиалагчтай хамтран зохион байгуулахаар захиалагч тал гүйцэтгэгч байгууллагын төрийн банкны 100900642317 дансанд ажлын төсвийн 80 хувийг байршуулах, ажил гүйцэтгэж дууссаны дараах үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсны дараа ажлын 3 хоногт багтаан эцсийн төлбөрийг шилжүүлж гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон.

Гэтэл “О” ТББ нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд төлбөрийн 39,6 хувь буюу 3,720,000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд байршуулсан ба өөр ямар нэг төлбөр төлөөгүй. Гэрээт ажил 12 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэж дуусаад 29-ний өдөр тайлангаа өгсөн. Төлбөр хийгдээгүй шалтгаанаа санхүүгийн задаргаагаа өг зэргээр сунжруулж байсан. Гэхдээ гэрээт ажил хийгдэж дууссаны дараа талархая, баярлалаа зэрэг и-мэйлийг явуулж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрийг өгөхгүй гэж хэлэлгүй хойшлуулж байгаад 01 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн и-мэйлд мөнгийг өгөхгүй гэх эцсийн хариуг өгсөн.

Логоны асуудал, сэдвийн асуудал, Сомо-гийн мөнгөөр өөрийгөө алдаршууллаа гэх бусад зүйлсийг бид түхай бүрд харилцан тайлбарлалцаж, зөвшилцөөд шийдээд явж байсан. Хэдийгээр гэрээнд тусгагдаагүй боловч хэлэлцүүлэг, сургалтаас бий болсон бүх материалыг “О” ТББ-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Мгээс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “О” ТББ-аас хүссэний дагуу санхүүгийн зардлын тайланг явуулсан. Урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 80 хувь гэж тохироод 3,720,000 шилжүүлсэн тухайд талууд нэгэнт гэрээндээ тохирсон байж 80 хувь бус 39 хувийг шилжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Урьдчилгаа төлбөрийн нөхцөл гэх хэлцэл яриа бидний хооронд бичгэн байтугай аман хэлбэрээр ч байгаагүй.

Гэрээ зурагдсан даруйд урьдчилгаагаа төлөх үүрэгтэй ч бүрэн төлөөгүй бөгөөд энэ талаар захиалагчид сануулж байсан боловч тэр Ковид-19-өөс болж бидний ажил хойшлогдож байна, ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байна, ажлаа эхлээд гүйцээе гэснээс өөр ямар нэг тайлбар тухайлбал итгэл эвдсэн, ёс зүйгүй хандсан гэх мэт бусад зүйлсийг огтоос дурдаж байгаагүй болно. Үүнээс хархад “О” ТББ нь урьдчилгаа төлбөрөө төлөхгүй байх үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд “О” ТББ-аас хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээ хийхдээ ажлын даалгавар хэрэгжүүлэх хавсралт 1-ийг байгуулсан байдаг. Төсөв, төлөвлөгөөг харилцан тохиролцож чадаагүй учраас 80 хувийг шилжүүлж болох санагдаад 40 хувийг шилжүүлсэн байдаг. Сургалт хийсэн болон мэдээлэл хүргэх зэрэг хэсэг ажил нь хэрэгжээгүй. Эцсийн тайланд юу өгөх талаар 4 зүйлийг дурдсан байдаг. Зохигч хууль, дүрмийн дагуу өгөх ёстойг зааж өгсөн.

Манай талаас өгсөн хавсралт 2-ийн 2 заалт хэрэгжээгүй байсан учраас мөнгө өгөх боломжгүй. Мөн сургалт нь танхимаар орох ёстой байсан боловч Ковид-19 вирусийн улмаас танхимаар сургалт ороогүй, танхимаар сургалт оруулах зардал хасагдана гэж үзэж байгаа. Төсөв хөрөнгийг яаж, хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байсан. Бидэнд хэрхэн яаж зардал гаргасан талаараа баримтыг тодорхой өгсөн бол бид төлбөрийг өгөх боломжтой байсан.

Үүрэг гүйцэтгэгч тал нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн ба захиалагчаас ажлын гүйцэтгэлийн талаар ямарваа санал, шүүмжлэл ирээгүй тул гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үлдэгдэл төлбөрөө шаардах эрхээ үндэслэжээ.

Гэтэл 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд бүтэн 2 cap, холбогдох мэргэжлийн болон төрийн ба төрийн бус байгууллагуудын ажилтнуудад заах сургалт, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх тайлан хангалтгүй, санхүүгийн тайлан тооцоог тооцох баримт гэх юмгүй байсан тул энэ талаар удаа дараа шаардсан боловч ганц хоёр хуудаст багтаасан дээрх тайлан гэгчээс өөр зүйл гаргаж өгөхгүй, санхүүгийн тайлан гээд 1 хуудас бичиг илгээж дээр нь зардлын баримт гаргах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь шударга бус, зохисгүй үйлдэл гэж үзэж байна. Талууд хэд хэдэн удаа цахим шуудангаар харилцсаны эцэст гүйцэтгэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээт ажлын төлбөрийн талаарх мэдэгдэл хавсралт 7 гэх бичгийг захиалагчид илгээсэн байдаг.

Гүйцэтгэгчийн дансанд урьдчилан байршуулсан 3,720,000 төгрөгөөр гэрээг хааж нэхэмжилсэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,660,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Сургалт, хэлэлцүүлгийн төлөвлөгөөг тохиролцон баталсны дараа 80 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд байршуулна гэж тохирсон. Түүнчлэн гэрээ байгуулах үед Ковидын нөхцөл байдал хүндрээгүй байсан ба гэрээнд заасан бүх сургалт, хэлэлцүүлгийг танхимын хэлбэрээр явуулахаар анхнаасаа төлөвлөж байсан тул сургалтын танхим, тоног төхөөрөмж, цайны завсарлага, үдийн хоол, илтгэгчдийн урамшуулал зэрэг бүхий л зардлыг тооцож хангалттай байхаар мөнгийг шилжүүлэх шийдвэр гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Оюу толгойн хяналт ТББ-аас 980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,680,000 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,810 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт “Оюу Толгой Хяналт” ТББ-аас 980,000 төгрөг гаргуулаж “М” ТББ-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Учир нь шүүх талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 2 сургалт, 2 хэлэлцүүлэг зохион байгуулахаас 2 сургалт, 1 хэлэлцүүлэг зохион байгуулсан гэдэг нь үйл баримтаар нотлогдож байна гээд хэлэлцүүлэг ба сургалт зохион байгуулсан төлбөрийг 2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан үнийн саналаар ажлын үнэлгээг тооцсон байдаг.

Энд дурдсан үнийн санал нь талуудын хувьд харилцан зөвшилцөөгүй баримт төдийгүй нэхэмжлэгч тал нь дээрх баримтыг хуурамчаар бүрдүүлж нэхэмжлэлдээ хавсаргасан талаар миний бие шүүхэд хариуцагчийн хувьд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдааны явцад удаа дараа мэдүүлж байсан.

Шүүх сургалт, хэлэлцүүлэг хийх төлбөрийн талаар талуудын тохиролцсон энэхүү албан бичгийг үндэслэл болголгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан хуурамч баримтыг үндэслэж 1 хэлэлцүүлгийн зардлыг 2,100,000 төгрөгөөр, 2 сургалтын зардал 2,600,000 төгрөгөөр нийт 4,700,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзээд гэрээний урьдчилгаа төлбөр болгон олгосон 3,720,000 төгрөгийг хасч үлдэх 980,000 төгрөгийг хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэн. Гэтэл талуудын тохирсон “Сургалт судалгаа хийх тухай” албан бичигт заасан үнийн дүнгээр бол 1 хэлэлцүүлэг 2,100,000 төгрөг, 2 сургалтын зардал 1,600,000 төгрөг нийт 3,700,000 төгрөг болох ёстой бөгөөд нэхэмждэгчид олгосон урьдчилгаа төлбөрөөс харин ч 20,000 төгрөг хариуцагчид буцаан олгох ёстой байхаар юм.

Иймд шүүхээс шийдвэрлэсэн 980,000 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, шүүх хуралдааны үеийн мэдүүлэгт үндэслэн дээр дурдсан үйл ажиллагааг гэрээний дагуу гүйцэтгээгүй байна гэж үзсэн. Тухайлбал 1 хэлэлцүүлэг, 2 сургалтыг зохион байгуулсны дараа “... Зөвлөмж боловсруулж түүнийгээ Засгийн газарт хүргүүлэх, төр ба хувийн хэвшилд сурталчлах, нөлөөлөх ажил зохион байгуулах, ВЕР8 ба Глобал форумын хэрэгжилт, Ковид 19-ийн үед татварын шинэ хуулийн хэрэгжилтийн чиг хандлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, олон нийтэд сурталчлах, гарсан үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийт ба боловсролын байгууллагуудад түгээх ажлууд хийгдээгүй болох нь хэвтаст хэрэгт автагдсан баримтаар тогтоогдсон” тул нийт 5.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 4,680,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шүүх шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Гагцхүү энэхүү гомдлын 1-д тайлбарласнаар хуурамч нотлох баримтад үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийн 980,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэлийн шаардлага болох 5,600,000 төгргөгийг төлөх үндэслэл бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “М” ТББ нь хариуцагч “Оюутолгойн хяналт” ТББ-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“М” ТББ болон “Оюутолгойн хяналт” ТББ-ын хооронд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “М” ТББ нь сургалт, хэлэлцүүлэг, бодлогын нөлөөллийн ажил, эцсийн тайлан гаргах ажил гүйцэтгэх, “Оюутолгойн хяналт” ТББ нь ажлын хөлс 9,380,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх8-9/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

 “М” ТББ нь дээрх гэрээний дагуу 1 хэлэлцүүлэг, 2 сургалт зохион байгуулсан, “Оюутолгойн хяналт” ТББ нь гэрээний урьдчилгаа төлбөрт 3,720,000 төгрөгийг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Гэрээний 1.2-т “гэрээний зүйл нь хавсралт 1-д буй ажлын даалгаварт тохирсон сургалт, хэлэлцүүлэг, бодлогын нөлөөллийн ажил ба эцсийн гүйцэтгэлийн тайлангаас бүрдэнэ” гэж тохиролцсон. Гэвч талууд хавсралтыг батлаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хавсралт батлаагүй тохиолдолд бодитоор хийгдсэн ажлыг дүгнэж зохих хөлсийг төлүүлэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно. Нэхэмжлэгч тал 2 хэлэлцүүлэг, 2 сургалтыг зохион байгуулснаар гэрээний хөлсийг бүрэн шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч бодитоор 1 хэлэлцүүлэг, 2 сургалт зохион байгуулсан гэж анхан шатны шүүх үйл баримтыг тогтоосон. Энэ тогтоосон үйл баримтыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй давж, заалдах гомдол гаргаагүй.

 

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлаас 1 хэлэлцүүлэгийн хөлс 2,100,000 төгрөг, 2 сургалтын зардал 2,600,000 төгрөг гэж анхан шатны шүүх дүгнэхдээ 2 дугаар хавтас хэргийн 8-9 дүгээр талд авагдсан баримтыг үнэлсэн нь буруу болжээ. Уг баримт нь хуулбар хувь байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангаагүй тул нотлох баримт болохгүй юм.

 

Харин хариуцагч тал тайлбартаа хавсаргаж нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн “М” ТББ-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Сургалт судалгаа хийх тухай” албан бичигт тодорхойлсон байдлаар ажлын хөлсний хэмжээг тогтоох нь зүйтэй байна. /1хх112-118, 198-199/

Учир нь “М” ТББ-аас гаргасан үнийн саналыг “Оюутолгойн хяналт” ТББ хүлээн авч, уг үнийн саналд хариу өгөөгүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-д “ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй” гэж заасны дагуу ажлын хөлсийг тохирсон гэж үзнэ.

 

Иймд уг албан бичигт зааснаар 1 хэлэлцүүлгийг 2,100,000 төгрөг, 2 сургалтыг тус бүр 800,000 төгрөг буюу нийт 1,600,000 төгрөг гэж дүгнэж хариуцагч нь нэхэмжлэгчид 3,700,000 төгрөг төлөхөөс 3,720,000 төгрөг төлж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлс төлөх үүргийг биелүүлсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Оюутолгойн хяналт” ТББ-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний хөлсөд 5 660 000 төгрөг гаргуулах тухай “М” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА