Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 250

 

                                                                                   

Б.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Ундрах, 

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Очирваань,

Хохирогч  М.Үнэнбат,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Үнэнбатын гаргасан давж заалдах гомдлоор Б.Эд холбогдох эрүүгийн 1908051471685 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Үнэнбаттай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Үнэнбат нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.  

 

Хохирогч М.Үнэнбат заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Эд холбогдох хэргийн хохирогч М.Үнэнбат миний бие 2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө Б.Э гэгчид зодуулж тархины няцрал, цус харвалт, хамар ясны хугарал, таславчны хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал болон зовхи, шуу, тохойд цус хуралт зэрэг олон тооны гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөрийн чадвараа алдсан одоо хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа. Миний гэмтлийг шүүх эмнэлэг хүнд гэмтэл гэж тогтоосон ба Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн болно. Шүүхээс шүүх хурал болохыг мэдсэн, би Хөвсгөлөөс ирж амжаагүй. Б.Эд зодуулснаас бий болсон хор уршиг бүрэн гүйцэт арилаагүй байна. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдалгүй байхад торгох ял оногдуулж 3 жилийн дотор төлүүлэхээр шийдвэрлэснийг хохирогч миний бие хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Хэрвээ би шүүх хуралд оролцсон бол хохирлын талаар нэмж гаргаж өгөх нотлох баримтууд байсан. Бид нар цуг ажиллаж байсан, тэр үеэс хойш би ажил хийгээгүй. Эрүүл мэндийн байдлаас болж ажилгүй болсон тул цалингаа нэхэмжилнэ. Нийгмийн даатгал төлж байсан. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг оролцуулан дахин шүүх хурал хийж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Б.Э тус шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тайлбаргүй...” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очирваань тус шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчийн төрсөн эцэгтэй уулзаж хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хугацаанд шүүх хуралдааны тов гарсан. Бид хохирогчтой утсаар яриад “таны хохирол төлбөрийг төлье” гэхэд “манай аавтай яриад хохирлын асуудлыг шийдээд өгчих. Би шүүх хуралдаанд оролцож чадахгүй, хөдөө байна” гэсэн. Тэгэхээр шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй хэмээн гаргасан гомдол нь үндэслэлгүй. Шүүхээс ял шийтгэл оногдуулсан байдлын хувьд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт Б.Этэй холбоотой торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой буюу түүний хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаарх баримтууд авагдсан байдаг. Энэ хүрээнд шүүх ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хохирогч “12.000.000 төгрөгийг надад өгчих” гээд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 12.000.000 төгрөгийг авах ёстой гэж ойлгоод байх шиг байна. Гэвч энэ нь боломжгүй, харин шүүгдэгч хохирогчийн цалин хөлсний асуудлыг нь шийдвэрлэж өгөх боломжтой. ...” гэв.   

 

Прокурор Б.Ундрах тус шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хохирогчийн зүгээс анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох талаар хүсэлт гаргаагүй. Шүүх хуралдааны тов мэдэгдэхээр шүүхээс хоёр удаагийн оролдлого хийсэн байдаг. Үүний дагуу хохирогчийн аавтай нь ярихад “Сэлэнгэ аймагт хөдөө сүлжээгүй газар байгаа” гэсэн байдлаар тэмдэглүүлсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хэргийн материалд 1.262.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсний дагуу шүүгдэгч уг хохирлыг төлж баримтыг хэрэгт хавсаргуулсан. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан байдаг учир хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Үнэнбаттай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь “...тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт...” гэсэн гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч М.Үнэнбатын “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө Сумъяагийн гэрт сэрсэн. Миний хувцас цус болсон, хамраас цус гарч хатчихсан, толгой өндийж чадахааргүй их өвдөж байсан. Миний архи сайн гараагүй байсан болохоор өдөржингөө Сумъяагийн гэрт хэвтэж орой нь Сумъяагаар таксинд суулгуулж гэртээ ирээд хэвтэж хоносон. Маргааш нь мөн толгой өвдөөд босч чадахгүй өнжсөн. 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Энхтөр, эхнэрийн хамт Гэмтлийн эмнэлэг орж толгойн томографийн зураг авахуулсан. Энэ үед Энхтөр ажилтай гээд яваад өгсөн. Маргааш өдөр нь аав, ээж хоёр гэрт ирээд түргэн дуудаж үзүүлэхэд яаралтай гэмтлийн эмнэлэг явж үзүүлэх хэрэгтэй гэсэн. ...Миний зүүн тохой хөхөрсөн, хамар хугарсан, 2 нүд хөхөрсөн, толгойн ар хэсгээр хавдсан байсан. Намайг Энхтөр зодсон байсан. Өөрөө надад би чамайг цохисон гэж хэлсэн. ...”  /хх 35-36/,

 

гэрч Ө.Сумъяагийн “...Үнэнбат, Энхтөр нар хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй, маргалдаад байсан. Намайг очих үед Үнэнбат нүүр лүүгээ цохиулсан, хамар, ам хэсэг нь цус болсон байсан. Тэгэхээр нь би “та хоёр яах гэж хоорондоо ингэж байгаа юм, би орж амарлаа шүү” гэсэн. Тэгэхэд Үнэнбат, Энхтөр нар “бид хоёр одоо унаа машин байхгүй яаж харих юм” гэхээр нь “тэгвэл манай гэрт орж хоноод яв” гэж хэлээд бид гурав орж амарсан. Маргааш нь Үнэнбат миний бие өвдөөд байна гээд босохгүй хэвтээд 18 цагийн үед би түүнийг таксинд суулгаад гэр рүү нь явуулсан. ...” /хх 18-19/,

 

гэрч Б.Бурмаагийн “...Үнэнбат орондоо орсон, нүүр нь битүү хавдартай, хоёр нүд нь хөхөрсөн байсан. ...Маргааш орой нь буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ ирэхэд Энхтөр намайг зодсон гэж хэлж байсан. ...” /хх 27-28/,

 

гэрч О.Лувсандашийн “...Сумъяагийн гэрт очиход Үнэнбат унтаж байсан бөгөөд хүнд зодуулсан байдалтай нүүр нь бүхэлдээ хавдсан, хамраас нь цус гараад хатчихсан байсан. Үнэнбат зодуулснаас хойш 2 хоног гэртээ хэвтээд 3-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Орой нь Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. ...Дараа нь Энхтөрөөс өөрөөс нь Үнэнбатыг 1-2 удаа цохисон гэдгийг сонссон. ...” /хх 10-11/,

 

гэрч Э.Баярцэцэгийн “...Үүрээр 04 цагийн үед Сумъяа, Үнэнбат, Энхтөр нар маш их согтолттой орж ирсэн. Үнэнбатын нүүр тэр чигтээ хавдартай, ам, хамар хэсэг цус болсон байхаар нь асуухад Сумъяа “Харин тиймээ хоорондоо бага зэрэг маргалдаад” гэж хэлсэн. ...” /хх 104-105/,

 

Б.Эийн яллагдагчаар мэдүүлсэн “...Үнэнбат надад “чи Сумъяагийн эхнэртэй унтсан юм уу” гээд байсан. Би “юу гэж тийм зүйл болох билээ” гээд бид Сумъяагийн гэрт очих замдаа Пүрэвсүрэнгийн танил дүү 5 литрийн усны саванд хийсэн 4 литр монгол архи хүнээс авч өгөхөөр нь аваад ирсэн. Бид дөрөв монгол архи хувааж уусан. ...Сумъяа, Үнэнбат бид 3 архиа ууж дуусаж байхад би Үнэнбатад “Сумъяагийн гэрт Сумъяаг хайгаад эхлээд ганцаараа ирсэн” талаараа ярихад “чи Сумъяагийн эхнэртэй унтсан юм уу” гээд байсан. Энэ яриагаа болихгүй дахин дахин яриад байхаар нь би “тийм зүйл байхгүй, яалаа гэж найзынхаа эхнэртэй унтах билээ” гээд уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Үнэнбат намайг цамцны захаас хоёр гараараа барьж аваад боох гэхээр нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод, гарыг нь тавиулаад өөрөөсөө холдуулсан. Энэ үед Үнэнбатын хамраас цус гарсан. ...Би нүүр, тохойнд учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан байх боломжтой. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа. ...” /хх 83-85/,

 

шинжээч эмч Н.Туяагийн “...М.Үнэнбатын биед учирсан тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүдийг салгахгүй, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин шуу, тохойд учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд эмнэлгийн тусламж аваагүй бол амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтэл байна. ...” /хх 106-108/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн “1. М.Үнэнбатын биед тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх 12183 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Эийн хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогч М.Үнэнбат нь “...хор уршиг бүрэн гүйцэт арилаагүй байхад торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн, хохирлын талаар нэмж гаргаж өгөх нотлох баримтуудтай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

 

Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” -аас Б.Эд торгох ялыг сонгон оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор байх ба Б.Эд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Хохирогч М.Үнэнбатын нотлох баримтаа гарган мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн 1,262,845 төгрөгийг шүүгдэгч Б.Э төлсөн /хх 131/ байна.

 

Мөн хохирогч М.Үнэнбат нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд ирж амжаагүй талаараа давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлснээс гадна “...“Таван толгой түлш” ХХК-д жолоочоор ажиллаж байсан. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэсэн байх боловч энэ талаарх баримтаа болон хохирогч ажиллаж байсан байгууллагаасаа өвчтэй байсан хугацааны мөнгө авч байсан эсэх, тэтгэмж авсан эсэх зэрэг баримтуудаа энэхүү эрүүгийн хэрэгт гаргаагүй байх тул ажилгүй байсан хугацаа, тус хугацааны цалин хөлс, орлоготой холбоотой нотлох баримтуудаа гарган шийтгэх тогтоолоор болон эрүүгийн хэрэгтэй хамтатган хэлэлцээгүй орхисон гэм хорын хохирлуудаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд хохирогч Л.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Үнэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                                             ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ