Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 0018

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очирваань,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908051471685 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа Төв аймагт нүүрс зардаг ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бөндөн овогт Батхуягийн Э /РД/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Үтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг боогоод нүд харанхуйлахаар нь би цохисон нь үнэн. Би санаатай гэмтэл учруулаагүй. Тухайн үед 2 шил архи уусан. Би гайгүй согтолттой байсан. 1.262.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Үыг зодсон гэм буруугаа хүлээж байна. Одоо хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа тул бага ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908051471685 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Үын: “...Би 4 литрийн монгол архи талдаа ортол ууснаас хойш юу ч санахгүй байгаа. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө Сумъяагийн гэрт сэрсэн. Миний хувцас цус болсон, хамраас цус гарч хатчихсан, толгой өндийж чадахааргүй их өвдөж байсан. Миний архи сайн гараагүй байсан болохоор өдөржингөө Сумъяагийн гэрт хэвтэж орой нь Сумъяагаар таксинд суулгуулж гэртээ ирээд хэвтэж хоносон. Маргааш нь мөн толгой өвдөөд босч чадахгүй өнжсөн. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э, эхнэрийн хамт Гэмтлийн эмнэлэг орж толгойн томографийн зураг авахуулсан. Энэ үед Э ажилтай гээд яваад өгсөн. Маргааш өдөр нь аав, ээж 2 гэрт ирээд түргэн дуудаж үзүүлэхэд яаралтай гэмтлийн эмнэлэг явж үзүүлэх хэрэгтэй гэсэн. ...Миний зүүн тохой хөхөрсөн, хамар хугарсан, 2 нүд хөхөрсөн, толгойн ар хэсгээр хавдсан байсан.  Намайг Э зодсон байсан. Өөрөө надад би чамайг цохисон гэж хэлсэн. Би эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.11-ний өдрийн 12183 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Үын биед тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-7/,

Шинжээч Н.Туяагийн: “М.Үын биед учирсан тархины зүүн чамархай, духны дэлбэнд эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүдийг салгахгүй, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин шуу тохойд учирсан гэмтлүүд, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Дээрх гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд эмнэлгийн тусламж аваагүй бол амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтэл байна” гэх мэдүүлэг /хх-106-108/,

Гэрч Ө.Сумъяагийн: “Ү, Лувсандаш, Пүрэвсүрэн, Э нарын хамт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны 20 цагт ажил тараад ...караокед ороод 0,75 литрийн архи нэг шилийг, пиво 8 шилийг аваад ууж байхад Ү явчихсан байсан. ...Тэгтэл Ү, Э нар хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй, маргалдаад байсан. Намайг очих үед Ү нүүр лүүгээ цохиулсан, хамар ам хэсэг нь цус болсон байсан. Тэгэхээр нь би “та 2 яах гэж хоорондоо ингэж байгаа юм, би орж амарлаа шүү” гэсэн. Тэгэхэд Ү, Э нар “бид 2 одоо унаа машин байхгүй яаж харих юм” гэхээр нь “тэгвэл манай гэрт орж хоноод яв” гэж хэлээд бид 3 орж амарсан. Маргааш нь Ү миний бие өвдөөд байна гээд босохгүй хэвтээд 18 цагийн үед би түүнийг таксинд суулгаад гэр лүү нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Гэрч Б.Бурмаагийн: “...Пүрэвсүрэн, Э нар 01 цагийн үед гаднаас орж ирээд “хальт гарчихаад ирье” гээд Үыг дагуулаад гарсан. ...Ү орондоо орсон, нүүр нь битүү хавдартай, 2 нүд нь хөхөрсөн байсан. ...Маргааш орой нь буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой гэртээ ирэхэд Э намайг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Гэрч О.Лувсандашийн: “...Сумъяагийн гэрт очиход Ү унтаж байсан бөгөөд хүнд зодуулсан байдалтай нүүр нь бүхэлдээ хавдсан, хамраас нь цус гараад хатчихсан байсан. Ү зодуулснаас хойш 2 хоног гэртээ хэвтээд 3-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Орой нь Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. ...Дараа нь Эөөс өөрөөс нь Үыг 1-2 удаа цохисон гэдгийг сонссон. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/,

Гэрч Э.Баярцэцэгийн: “...Үүрээр 04 цагийн үед Сумъяа, Ү, Э нар маш их согтолттой орж ирсэн. Үын нүүр тэр чигтээ хавдартай, ам, хамар хэсэг цус болсон байхаар нь асуухад Сумъяа “Харин тиймээ хоорондоо бага зэрэг маргалдаад” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-104-105/,  

Шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 30-ны орой ...Пүрэвсүрэн “2-уулаа Үын гэрт очъё” гэхээр нь би зөвшөөрсөн. Ү надад “чи Лувсандашийг дээрэлхсэн байна” гээд уурлаад байсан. Би “сүртэй зүйл биш, Лувсандаш бид 2 бага зэрэг маргалдсан юм” гээд бид 3 Сумъяагийн гэрт очихоор гарсан. Энэ үед Пүрэвсүрэн Үад “Э Сумъяагийн гэрт сууж байхаар нь дагуулаад гараад ирлээ, Сумъяа гэртээ байхгүй, эхнэр нь ганцаараа байна” гэж хэлэхэд Ү надад “чи Сумъяагийн эхнэртэй унтсан юм уу” гээд байсан. Би “юу гэж тийм зүйл болох билээ” гээд бид Сумъяагийн гэрт очих замдаа Пүрэвсүрэнгийн танил дүү 5 литрийн усны саванд хийсэн 4 литр монгол архи хүнээс авч өгөхөөр нь аваад ирсэн. Бид 4 монгол архиа хувааж уусан. Пүрэвсүрэн цагдаагийн машинд суугаад явчихсан. Сумъяа, Ү бид 3 архиа ууж дуусаж байхад би Үад “Сумъяагийн гэрт Сумъяаг хайгаад эхлээд ганцаараа ирсэн” талаараа ярихад “чи Сумъяагийн эхнэртэй унтсан юм уу” гээд байсан. Энэ яриагаа болихгүй дахин дахин яриад байхаар нь би “тийм зүйл байхгүй, яалаа гэж найзынхаа эхнэртэй унтах билээ” гээд уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Ү намайг цамцны захаас 2 гараараа барьж аваад боох гэхээр нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод, гарыг нь тавиулаад өөрөөсөө холдуулсан. Энэ үед Үын хамраас цус гарсан. ...Би нүүр, тохойнд учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан байх боломжтой. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-83-85/,

гэрч С.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-14-15/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-42/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-44/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-45/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-46/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-47-54/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө хохирогч Үтай маргалдан хүнд хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад хохирлыг төлсөн тул төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргахгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн дүүрэн тогтоох байсан. Хохирогчид 1.262.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Үыг зодож, тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Үын “...Миний зүүн тохой хөхөрсөн, хамар хугарсан, 2 нүд хөхөрсөн, хамар хугарсан, толгойн ар хэсгээр хавдсан. Намайг Э зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/, шүүх эмнэлгийн 12183 дугаар “1. М.Үын биед тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-7/, гэрч О.Лувсандашийн “...Эөөс өөрөөс нь Үыг 1-2 удаа цохисон гэдгийг сонссон” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч Ө.Сумъяагийн “...Ү, Э нар ...маргалдаад байсан. ...Ү нүүр лүүгээ цохиулсан, хамар ам хэсэг нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Б.Бурмаагийн “...Э намайг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн “...Ү намайг цамцны захаас 2 гараараа барьж аваад боох гэхээр нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод ...Үын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-83-85/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эийн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Үыг зодож, тархины зүүн чамархай, духны дэлбэнд тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зулайн зөөлөн эдийн няцрал, зовхи, шуу, тохойд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Үын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 1.262.000 төгрөгийн хохирлын баримт /хх-57-62/ гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтаар тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хохирогч М.Ү гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирлыг төлсөн боловч хор уршиг арилаагүй гэж үзэж байна. Ажилтай, тогтмол цалинтай гэх баримт хэрэгт байхгүй. Мөрдөн байцаалтад ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэж байцаалт өгснийг харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Архинаас үүдэлтэйгээр, мөн хохирогчийн зохих буруутай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч эхнэрээсээ салаад 4 сар болж байгаа. 2 бага насны хүүхэдтэй. Хорих ял оногдуулбал 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 3 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлсөн байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 2 тээврийн хэрэгсэл, 3 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгаа. Иймээс худалдан борлуулж торгох ялыг төлөх боломжтой...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зохих зүй бус үйлдэл нөлөөлсөн” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн “...Ү намайг цамцны захаас 2 гараараа барьж аваад боох гэхээр нь гараараа нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-84/-ээс өөр бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохиролд 1.262.000 төгрөг төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, тодорхой орлого олдог болох нь дансны хуулга, эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон, гэмт хэрэгтээ гэмшсэн байдалгүй, үйл баримтын зарим нөхцөл байдлын талаар маргаж байгаа зэрэг үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тодорхой орлого олдог болох нь дансны хуулга, эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Эийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөндөн овогт Батхуягийн Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.Ү гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР