Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2020/00841

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: “И ц ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Жавхлант 10б тоотод оршин суух, Х овогт О-ийн О, Б овогт Э-ийн Б нарт холбогдох, 

зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Их Цалуу” ББСБ ХХК-с 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн зээлийн "гэрээний дугаар №179/ЗГ, барьцааны гэрээний дугаар №179/БГ, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг Баяншанд 9-24 тоот хаягт оршин суух 80087227 утасны дугаартай, ДП81082604 регистрийн дугаартай, Х овогт О-ийн О иргэн, хамтран зээлдэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг Баяншанд 9-24 тоот хаягт оршин суух, 99939275 утасны дугаартай, ДЮ82051210 регистрийн дугаартай, Б овог Э-ийн Б нарт 5.000,000 /Таван сая/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 5.5% хүүтэй олгосон. Энэ хугацаанд нийт 5.146.000 төгрөг хийснээс зээлийн үндсэн төлөлтөөс “44.305 төгрөг, зэзлийн үндсэн хүү 3.646.634 төгрег, нэмэгдүүлсэн хүү 755.061 ~өгрөг төлөгдсөн байна. Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлж, гзрагдуулаагүй ба өнөөдрийг хүртэл нийт 421 хоног хугацаа хэтрээд байна. Дээрх хугацаанд зээлийг барагдуулахаар гэрт очих, дуудан уулзах, ажлын газарт нь удаа дараа очиж уулзах, утсаар ярих, зурвас илгээх зэрэг бүхий л аргыг хэрэглэсэн боловч зээлийг бүрэн барагдуулаагүй ба тохирсон  хугацаанд төлбөрийг хийгээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн үндсэн хүүг зогсоож өөрийн боломжоор төлөх нөхцөлийг олгосон боловч зээл төлөгдөөгүй. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчид хандсан боловч харилцан тохиролцоонд хүрээгүй. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, шүүх хуралдаан явагдсан боловч 2020 оны 08-р сарын 24-ний өдрийн №133/ШЗ2020/02015 дугаартай сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсаргаагүй, бичиг баримтын зөрчилтэй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үндсэн зээл 4.255.695 төгрөг, хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 6.188.874 төгрөгийг төлүүлэх, зээлдэгчийн барьцааны хөрөнгө болох “Шинэ-Алтай ХХК” захад байрлалтай №229 дэлгүүр, барааны үлдэгдэл, 8866 ГАА дугаартай SSAHGYONG istana 0 авто машин болон бусад эх үүсвэрээр хангуулж өгөхийг хүсч өргөдөл гаргав. Зээлдэгч зээлийн гэрээг бүрэн танилцаж өөрөө хугацаа, хүү, эргэн төлөлтийн хуваарь дээр тохиролцдог. Зээлдэгч нь эргэн төлөлтийг хийх явцдаа эхний сар хүүг дутуу төлсөн. Бүх төлсөн мөнгийг тайлбартай нь хүргүүлсэн байгаа. Манай санхүүгийн программ засах боломжгүй байдаг. Э болохоор О-аас авлагатай байсан. Тэгээд мөнгө орж ирсэн гэж хэлдэг. Тухайн хүмүүсийн хоорондын зүйлийг би мэдэхгүй байна. Тухайн 580.000 төгрөгийг маргаан оруулж ирж байгааг ойлгохгүй байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг төлүүлж өнгө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. О.О миний зээлэндээ хийсэн 500.000 төгрөгийг зээл төлсөн гэж хасаагүй, өөр хүний зээл рүү шилжүүлсэн байгаа. Мөн зээл аваад анх төлсөн сараас эхлээд алданги аваад явсан байгаа юм. Миний бие уг зээлэндээ нийт 5.726.000 төгрөг төлсөн байгаа. “Их цалуу ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгийг үнэхээр О.О-ын зээлээс хассан бол алданги хүү бодогдохгүй байсан. Зээлийн эргэн төлөлтийг программаас нь харахад энэ хүн мөнгө хийгээд байдаг. Гэтэл хүү нэмэгдүүлсэн хүүд авдаг. Үндсэн зээлд авдаггүй. Өөрөөр хэлбэл 580.000 төгрөгийг хийхэд хасаагүй байж 372.000 төгрөг нь үндсэн хүүд явсан. Тэгээд нэмэгдүүлсэн хүүд авсан байдал харагдаж байгаа. Шүүхэд өгсөн нэхэмжлэлээс харахад үндсэн зээлээс нь 755000 төгрөг  хасагдсан. 5.627.000 төгрөг төлчихөөд байхад зөвхөн 755.000 төгрөгийг л үндсэн зээлээс хассан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа юм. О.О өөрийнхөө данснаас 580.000 төгрөг хийсэн. Үүнийг Энхчимэгийн зээлнээс хасчихаад О.О-ын зээлнээс хасахгүй байгаа. Энхчимэг гэдэг хүнийг заавал гэрчээр оролцуулж үүнийг асуулгах ёстой. О.О Э-тэй холбогдоод ярихаар наадах чинь миний мөнгө биш. Найз нөхөд хүмүүс яаж яваад миний зээлнээс хасагдсан талаар мэдэхгүй. Банк бусад О-ын зээлнээс хасаарай миний мөнгө биш гэж хэлсэн гэдэг. Цаашаа банк бусад юу гэж хэлдгийг мэдэхгүй. 580.000 төгрөгийг яагаад  О-ын  зээлнээс хасахгүй байгаа талаар ойлгохгүй байна. Тухайн үед 580.000 төгрөгийг О-ын зээлнээс хасаад явсан бол ийм зүйл болохгүй байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнд 12 сарын хугацаатай гэж байгаа. Энэ зээлийн гэрээний 5 дахь хэсгийн 5.1.11-д энэхүү гэрээний хугацаа нь гээд маш тодорхой заагаад өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад талуудаас хугацааг сунгах талаар санал гаргаагүй. Зээл хүүгийн төлбөрийг шилжүүлгээр хийсэн тохиолдолд компанийн дансаар орж ирсэн тохиолдолд төлбөр хийгдсэнд тооцно гэсэн байгаа. Гэтэл ямар ч хамаагүй Энхчимэг гэдэг хүний данснаас хасаад О зээл хийгээгүй гэж яриад байгаа нь эргэлзээтэй. Одоо болохоор О-аас авцаатай байсан. Тэгээд О-ын данснаас хийсэн гэж хэлж байна. Гэтэл О би энэ хүнд нэг төгрөгийн зээл байхгүй. Би өөрийн данснаас хийсэн гэж хэлдэг. О гэдэг хүн Энхчимэгт ямар нэгэн өр төлбөр байхгүй. Энэ мөнгийг үнэхээр цаг хугацаанд нь О-ын зээлээс хассан бол өнөөдрийн энэ зүйл яригдахгүй байсан. Харин ч илүү төлөлттэй явж байсан нь харагдаж байгаа. Иргэний хуульд зааснаар эхлээд үндсэн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүүг авахаар байгаа. Гэтэл хийсэн мөнгийг нь хүү нэмэгдүүлсэн хүүд авчихдаг. Үндсэн төлөлтөөс нэг ч төгрөг хасдаггүй, ингээд бодохоор энэ хүн дээр 113.000 төгрөгийн илүү төлөлттэй байсан нь харагдаж байна. 1.262.000 төгрөг хийхэд үндсэн зээлээс нэг төгрөг ч хасаагүй. 1.000.000 төгрөг хийхэд хүү, нэмэгдүүлсэн хүүд авсан байгаа. 700.000 төгрөг хийхэд мөн хүү, нэмэгдүүлсэн хүүд авсан. Мөнгө хийхээр л хүү, нэмэгдүүлсэн хүүд авчихдаг. Үндсэн зээлээс хасагдаагүй байдаг. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа хүүг хэзээнээс хэдэн хүртэл бодоод нэмэгдүүлсэн хүүг гаргаж ирээд байгаа юм. Нэмэгдүүлсэн хүүг хэдэн сарын хэдэн хүртэл бодсон юм бэ? гэдгийг тайлбарлаж хэлж чадахгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг хэзээ бодсон талаар бодоогүй байгаа. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө бүрэн сайн тодруулж шүүх хуралдаанд хэлж өгөх ёстой. Эвлэрүүлэн зуулчлах хүртэл хүү, алданги бодсон гэдэг боловч энэ нь мөн үндэслэлгүй байгаа. Ингээд О-ын данснаас хийсэн мөнгийг оруулахгүйгээр үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү аваад явсан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “Их цалуу ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

“Их цалуу ББСБ” ХХК нь хариуцагч Э.Б, О.О нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг төлүүлэх, зээлдэгчийн барьцааны хөрөнгө болох “Шинэ-Алтай ХХК” захад байрлалтай №229 дэлгүүр, барааны үлдэгдэл, 8866 ГАА дугаартай SSAHGYONG istana 0 авто машин болон бусад эх үүсвэрээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг төлүүлэх гэж өөрчилжээ.

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №179/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг өгч, авалцсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд 3.1.2-т сарын 5.5 хувиар хүү, 3.1.3-т нэмэгдүүлсэн хүү тооцохоор заажээ.

“И ББСБ” нь хэрэгт гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр, мөн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “И” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон байх тул зээл олгож, зээлийн гэрээний харилцаа үүсгэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 452 дугаар зүйлд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...зээл төлөх явцад 580.000 төгрөгийг О.О өөрийн данснаас зээлэндээ төлсөн байхад энэ Э-ийн мөнгө байна. Утган дээр нь Э-ийн утасны дугаар байна гэдэг байдлаар энэ хүний зээл рүү оруулахгүй Э-ийн зээлнээс хассан байдаг. Үүнээс болоод зээлийн алданги, хүү бодогдож явсан байгаа. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгийг үнэхээр О.О-ын зээлээс хассан бол алданги хүү бодогдохгүй байсан гэж тайлбарлаж маргажээ.

Нотолгооны хуваарь ёсоор нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүхэд гаргасан тайлбараа хэрхэн нотолж байгаа байдлыг авч үзэхэд “И ББСБ” ХХК-ийн дансанд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 580.000 төгрөг АТМ-ээс шилжиж орсон байх бөгөөд тухайн гүйлгээний утга дээр 99489191 гэж бичигдсэн байна. Уг дугаарын эзэмшигч нь Ц-ын Э болох нь “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18/7544 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Үйл баримтад дүн шинжилгээ хийх байдлаар нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд Ц-ын Э нь “Их цалуу ББСБ” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №94/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан зээлдэгч, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийх хуваарьтай байсан, 580.000 төгрөг 5 сарын 07-ны өдөр зээлдүүлэгчийн дансанд Ц.Э-ийн утасны дугаар бичсэн гүйлгээний утгатайгаар шилжиж орсон болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэргээр нотлогдож байх тул уг 580.000 төгрөгийг Ц-ын Э-ийн зээлийн төлбөрт шилжүүлсэн болох нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул нэмж нотлох баримт шаардах буюу гэрч /хаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа/ асуух үндэслэл, шаардлага тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч тал тайлбартаа Иргэний хуульд зааснаар эхлээд үндсэн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүүг авахаар байгаа. Гэтэл хийсэн мөнгийг нь хүү нэмэгдүүлсэн хүүд авчихдаг, үндсэн төлөлтөөс нэг ч төгрөг хасдаггүй гэж, Зээлийн гэрээ 12 сарын хугацаатай гэж байгаа. Энэ зээлийн гэрээний 5 дахь хэсгийн 5.1.11-д энэхүү гэрээний хугацаа нь гээд маш тодорхой заагаад өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад талуудаас хугацааг сунгах талаар санал гаргаагүй, гэрээний хугацаа дууссан хугацааны хүү тооцож нэхэмжилсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

Зээлийн гэрээ байгуулах үед талууд хүсэл зоригоо чөлөөтэй, бүрэн илэрхийлж, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч байгуулсан байх ба уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Бусад байдлаар шүүх талуудын хүсэл зориг, гэрээний нөхцөл зэргийг хөндлөнгөөс өөрчлөх, хөнгөлөх, гэрээнд зааснаас гадуур авч үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан ба тухайн дараалал нь зээлийн гэрээнд тооцогдох үүргийн тухайд бус харин тогтоогдсон өр төлбөрийг биелүүлэх гүйцэтгэхэд баримтлах дараалал юм.

Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл байх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба хүү бол ашгийн зорилготой, нэмэгдүүлсэн хүү хариуцлагын механизм болж хэрэглэгддэг тул зээлийн гэрээний хугацаа дууссан боловч тооцож байгаа хүү нь гэрээнд заасан хүү бус, хуульд зааснаар тооцож байгаа хүү тул зээлдэгч нь гэрээний хугацаа дууссан байхад хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

Хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг зээлээр авсан эсэх талаар маргаагүй байх ба хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн тооцооны хүснэгтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн хураамж 30.000 төгрөг нэхэмжилжээ. Энэхүү шаардлага нь зээлдэгч үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардал байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу зардлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Х овогт О-ийн О, Б овогт Э-ийн Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О, Э.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 184.172 төгрөгийг гаргуулан “И ББСБ” ХХК-д олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Х овогт О-ийн О, Б овогт Э-ийн Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О, Э.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 184.172 төгрөгийг гаргуулан “И ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Ц.ҮЙТҮМЭН