Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2021/00006

 

“И ББСБ” ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2020/00841 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “И ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Жавхлант 10б  тоотод оршин суух, Х овогт О.О, Б овогт Э.Б нарт холбогдох,

зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И ББСБ” ХХК-с 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн "гэрээний дугаар №179/ЗГ, барьцааны гэрээний дугаар №179/БГ, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг Баяншанд 9-24 тоот хаягт оршин суух 80....... утасны дугаартай, ДП........... регистрийн дугаартай, Х овогт О.О иргэн, хамтран зээлдэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг Баяншанд 9-24 тоот хаягт оршин суух, 99....... утасны дугаартай, ДЮ............ регистрийн дугаартай, Б овог Э.Б нарт 5.000,000 /Таван сая/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 5.5% хүүтэй олгосон. Энэ хугацаанд нийт 5.146.000 төгрөг хийснээс зээлийн үндсэн төлөлтөөс 44.305 төгрөг, зээлийн үндсэн хүү 3.646.634 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 755.061 төгрөг төлөгдсөн байна. Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлж, барагдуулаагүй ба өнөөдрийг хүртэл нийт 421 хоног хугацаа хэтрээд байна. Дээрх хугацаанд зээлийг барагдуулахаар гэрт нь очих, дуудан уулзах, ажлын газарт нь удаа дараа очиж уулзах, утсаар ярих, зурвас илгээх зэрэг бүхий л аргыг хэрэглэсэн боловч зээлийг бүрэн барагдуулаагүй ба тохирсон хугацаанд төлбөрийг хийгээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн үндсэн хүүг зогсоож өөрийн боломжоор төлөх нөхцөлийг олгосон боловч зээл төлөгдөөгүй. 2020 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч харилцан тохиролцоонд хүрээгүй. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, шүүх хуралдаан явагдсан боловч 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №133/ШЗ2020/02015 дугаартай сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсаргаагүй, бичиг баримтын зөрчилтэй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үндсэн зээл 4.255.695 төгрөг, хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 6.188.874 төгрөгийг төлүүлэх, зээлдэгчийн барьцааны хөрөнгө болох “Шинэ-Алтай” ХХК-ний захад байрлалтай №229 дэлгүүр, барааны үлдэгдэл, 8866 ГАА дугаартай SSAHGYONG istana 0 авто машин болон бусад эх үүсвэрээр хангуулж өгөхийг хүсч өргөдөл гаргав. Зээлдэгч зээлийн гэрээг бүрэн танилцаж өөрөө хугацаа, хүү, эргэн төлөлтийн хуваарь дээр тохиролцдог. Зээлдэгч нь эргэн төлөлтийг хийх явцдаа эхний сар хүүг дутуу төлсөн. Бүх төлсөн мөнгийг тайлбартай нь хүргүүлсэн байгаа. Манай санхүүгийн программ засах боломжгүй байдаг. Ц.Э болохоор О.О-аас авлагатай байсан. Тэгээд мөнгө орж ирсэн гэж хэлдэг. Тухайн хүмүүсийн хоорондын зүйлийг би мэдэхгүй байна. Тухайн 580.000 төгрөгийг маргаан оруулж ирж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 6.188.874 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. О.О миний зээлэндээ хийсэн 500.000 төгрөгийг зээл төлсөн гэж хасаагүй, өөр хүний зээл рүү шилжүүлсэн байгаа. Мөн зээл аваад анх төлсөн сараас эхлээд алданги аваад явсан байгаа юм. Миний бие уг зээлэндээ нийт 5.726.000 төгрөг төлсөн байгаа. “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгийг үнэхээр О.О-ын зээлээс хассан бол алданги хүү бодогдохгүй байсан. Зээлийн эргэн төлөлтийг программаас нь харахад энэ хүн мөнгө хийгээд байдаг. Гэтэл хүү нэмэгдүүлсэн хүүд авдаг. Үндсэн зээлд авдаггүй. Өөрөөр хэлбэл 580.000 төгрөгийг хийхэд хасаагүй байж 372.000 төгрөг нь үндсэн хүүд явсан. Тэгээд нэмэгдүүлсэн хүүд авсан байдал харагдаж байгаа. Шүүхэд өгсөн нэхэмжлэлээс харахад үндсэн зээлээс нь 755.000 төгрөг хасагдсан. 5.627.000 төгрөг төлчихөөд байхад зөвхөн 755.000 төгрөгийг л үндсэн зээлээс хассан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа юм. О.О өөрийнхөө данснаас 580.000 төгрөг хийсэн. Үүнийг Ц.Э-ийн зээлнээс хасчихаад О.О-ын зээлнээс хасахгүй байгаа. Ц.Э гэдэг хүнийг заавал гэрчээр оролцуулж үүнийг асуулгах ёстой. О.О Ц.Э-тэй холбогдоод ярихаар наадах чинь миний мөнгө биш. Найз нөхөд хүмүүс яаж яваад миний зээлнээс хасагдсан талаар мэдэхгүй. Банк бусад О.О-ын зээлнээс хасаарай миний мөнгө биш гэж хэлсэн гэдэг. Цаашаа банк бусад юу гэж хэлдгийг мэдэхгүй. 580.000 төгрөгийг яагаад О.О-ын зээлнээс хасахгүй байгаа талаар ойлгохгүй байна. Тухайн үед 580.000 төгрөгийг О.О-ын зээлнээс хасаад явсан бол ийм зүйл болохгүй байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнд 12 сарын хугацаатай гэж байгаа. Энэ зээлийн гэрээний 5 дахь хэсгийн 5.1.11-д энэхүү гэрээний хугацаа нь гээд маш тодорхой заагаад өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад талуудаас хугацааг сунгах талаар санал гаргаагүй. Зээл хүүгийн төлбөрийг шилжүүлгээр хийсэн тохиолдолд компанийн дансаар орж ирсэн тохиолдолд төлбөр хийгдсэнд тооцно гэсэн байгаа. Гэтэл ямар ч хамаагүй Ц.Э гэдэг хүний данснаас хасаад О.О зээл хийгээгүй гэж яриад байгаа нь эргэлзээтэй. Одоо болохоор О.О-аас авцаатай байсан. Тэгээд О.О-ын данснаас хийсэн гэж хэлж байна. Гэтэл О.О би энэ хүнд нэг төгрөгийн зээл байхгүй. Би өөрийн данснаас хийсэн гэж хэлдэг. О.О гэдэг хүн Ц.Э-т ямар нэгэн өр төлбөр байхгүй. Энэ мөнгийг үнэхээр цаг хугацаанд нь О.О-ын зээлээс хассан бол өнөөдрийн энэ зүйл яригдахгүй байсан. Харин ч илүү төлөлттэй явж байсан нь харагдаж байгаа. Иргэний хуульд зааснаар эхлээд үндсэн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүүг авахаар байгаа. Гэтэл хийсэн мөнгийг нь хүү нэмэгдүүлсэн хүүд авчихдаг. Үндсэн төлөлтөөс нэг ч төгрөг хасдаггүй, ингээд бодохоор энэ хүн дээр 113.000 төгрөгийн илүү төлөлттэй байсан нь харагдаж байна. 1.262.000 төгрөг хийхэд үндсэн зээлээс нэг төгрөг ч хасаагүй. 1.000.000 төгрөг хийхэд хүү, нэмэгдүүлсэн хүүд авсан байгаа. 700.000 төгрөг хийхэд мөн хүү, нэмэгдүүлсэн хүүд авсан. Мөнгө хийхээр л хүү, нэмэгдүүлсэн хүүд авчихдаг. Үндсэн зээлээс хасагдаагүй байдаг. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа хүүг хэзээнээс хэдэн хүртэл бодоод нэмэгдүүлсэн хүүг гаргаж ирээд байгаа юм. Нэмэгдүүлсэн хүүг хэдэн сарын хэдэн хүртэл бодсон юм бэ? гэдгийг тайлбарлаж хэлж чадахгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг хэзээ бодсон талаар бодоогүй байгаа. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө бүрэн сайн тодруулж шүүх хуралдаанд хэлж өгөх ёстой. Эвлэрүүлэн зуулчлах хүртэл хүү, алданги бодсон гэдэг боловч энэ нь мөн үндэслэлгүй байгаа. Ингээд О.О-ын данснаас хийсэн мөнгийг оруулахгүйгээр үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү аваад явсан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Х овогт О.О, Б овогт Э. Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, нийт 6.188.874 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О, Э.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 184.172 төгрөгийг гаргуулан “И ББСБ” ХХК-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00841 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Уг шийдвэр нь хуулийн дагуу үнэн зөв гарч чадаагүй хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтыг шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгч талд ашигтайгаар бүрдүүлэн, хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл “И ББСБ” ХХК-ий нэхэмжлэлтэй О.О, Э.Б нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутад болсон билээ. Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ямар нэгэн нотлох баримт гаргуулах санал хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдаан завсарлаж шүүхийн санаачилгаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамж гарсан юм. Шүүхийн зүгээс гаргуулсан нотлох баримттай холбоотойгоор хариуцагч талаас гэрч Ц.Э-ийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргахад шүүхийн зүгээс шүүх хуралдаан дунд шаардлагатай бол хүсэлтийг шийдвэрлэнэ гэж шүүх хуралдаан үргэлжилсэн, хариуцагч талаас гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй шүүх хуралдаан үргэлжилсэн. Шүүх хуралдаан завсарлаад шүүхийн зүгээс гаргуулсан нотлох баримтаа үнэлээд шийдвэр гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар зээл төлөх явцдаа зээлэндээ 580.000 төгрөгийг хариуцагч О.О өөрийн данснаасаа хийсэн байдаг. Энэ мөнгийг хариуцагч нарын зээлнээс хасахгүйгээр зээл төлсөн утга дээр нь Ц.Э-ийн дугаар бичигдсэн гэх үндэслэлээр зээлнээс нь хасахгүйгээр хугацаа хэтэрсэн гэж хүү, алданги тооцож явсан байгаа. Үүнийг шүүх санаачлагаараа Ц.Э-ийн утасны дугаар мөн байна гэж үзээд нотлох баримт гаргуулж авсан атлаа хариуцагч талын хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00841 дугаар шийдвэр нь хуулийн дагуу үнэн зөв гарч чадаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч О.О, Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 6.188.874 төгрөг гаргуулах, зээлдэгчийн барьцааны хөрөнгө болох “Шинэ-Алтай ХХК” захад байрлалтай №229 дэлгүүр, барааны үлдэгдэл, 8866 ГАА улсын дугаартай “SSAHGYONG istana O” автомашин болон бусад эх үүсвэрээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 5.5 хувь, жилийн 66.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурснаар тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсжээ.

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.4-т заасны дагуу зээлийн гэрээний ерөнхий хугацаа 12 сар буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нараас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүй ба зээлийг төлөх хугацаа өнгөрөөд 3 жил болж байгаа, зээлийн хүүг зогсоогоод 1 жил гаруй болж байгаа, олон сар жилээр зээл төлөх хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй учир хариуцагчийн төлөх боломжгүй гэдэг хүсэлтийг аваад хугацааг хойшлуулж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаануудад өгч буй тайлбараар хариуцагч О.О-ын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зээлэнд шилжүүлсэн 580.000 төгрөгийг зээлээс хасагдаагүй гэж маргаж байгааг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус гүйлгээний утга дээр бичигдсэн 99..... утасны дугаар нь зээл төлөгч Ц.Э-ийн утасны дугаар учраас Ц.Э-ийн зээлээс хасагдсан тухай тайлбарлаж, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах...” зохицуулалтын дагуу 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээний утга дээр бичигдсэн 99...... дугаарын утасны эзэмшигч хэн болохыг “Мобиком корпораци”-иас тодруулж, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шалгуулахад уг 99........ дугаарын эзэмшигч нь Ц.Э мөн болох нь тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар “И ББСБ” ХХК-ний зээл төлөлтийн дансанд 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хариуцагч О.О-ын данснаас  580.000 төгрөгийг гүйлгээний утга хэсэг дээр Ц.Э-ийн нэр, утасны дугаарыг бичиж, зээлийн төлөлт хийгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

 Зээлдүүлэгч нь зээлийн эргэн төлөлт хийхэд зээлдэгчийн данс харагддаггүй бөгөөд гүйлгээний утга хэсэг дээр Ц.Э-ийн нэр утасны дугаар бичигдсэн байсан учраас түүний зээлийн төлөлт гэж үзсэн гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна.

Учир нь “...О.О, Ц.Э нар нь найз нөхдийн холбоотой бөгөөд Ц.Э нь нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээл авсан зээлдэгч бөгөөд Ц.Э нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч О.О нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, гэрчээр Ц.Э-ийг асуулгахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч тэрээр хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд шүүх хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Дээрх байдлуудаас үзэхэд хариуцагч О.О нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн эргэн төлөлт 580.000 төгрөгийг өөрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийсэн гэдгээ шүүхэд нотолж чадаагүй гэж үзэх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2, 3.1.3-т зааснаар хариуцагч О.О, Э.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4.255.695 төгрөг, зээлийн хүү 1.789.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113.449 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 6.188.874 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтанд Иргэний хуулийн 451, 453, 222 дугаар зүйлийн 222.7 зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагадаа зээлдэгчийн барьцааны хөрөнгө болох “Шинэ-Алтай ХХК” захад байрлалтай №229 дэлгүүр, барааны үлдэгдэл, 8866 ГАА улсын дугаартай SSAHGONG istana O машин болон бусад эх үүсвэрээр хангуулж өгөхийг хүссэн байхад нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь болон хариуцагч О.О нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр зээлдэгч О.О нь зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохирчээ.

 

Иймд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар барьцааны зүйлийг захиран зарцуулах эрхтэй болохыг дурдаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2020/00841 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...222 дугаар зүйлийн 222.7-д ...” гэсний дараа “...453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт...” гэж, “...олгосугай...” гэснийг “...олгож...” гэж, “...үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулах эрхтэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

     ШҮҮГЧИД                            Б.А

 

                                                          Т.Ж