Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

    2020           3              3                                        2020/ДШМ/248                                     

 

 

                              Ш.Б, Б.Б нарт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Б.Батбаяр, Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Б.Батбаяр, Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1902008320311 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бух овгийн Ш.Б, 2001 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УӨ01280330/;

 

2. Сартуул овгийн Б.Б, 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 10-60 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УШ99041334/;

 

Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.0866 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалж, Б.Бд мөнгийг дараа авахаар тохиролцож 50.000 төгрөгөөр худалдсан,

мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 2.1697 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шилэн болон төмөр саванд хийж бэлтгэн хадгалсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай бичгийн цаасны хамт 29 грамм жинтэй “өвс” болон 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ш.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт, Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бух овогт Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Сартуул овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ш.Б, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б, Б.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бий саатуулагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан UB смарт картыг шүүгдэгч Б.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бусад зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Гэнэн томоогүй зангаасаа болж “өвс” гэдэг зүйлийг сонирхож анх удаа хэрэглэж үзсэний улмаас тус гэмт хэрэгт холбогдсон.  Миний эцэг С.Баттогтох нь Онцгой байдлын ерөнхий газарт гал сөнөөгчөөр 30 жил нэр төртэйгөөр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би эцгийнхээ энэ сайхан мэргэжлийг өвлөж авахын тулд Дотоод хэргийн их сургуулийн харъяа ахлагчийн сургуулийн Онцгой байдлын ерөнхий газрын тэнхимийг амжилттайгаар аврагч гал сөнөөгч мэргэжлээр “Дэд ахлагч” цолтой төгсөж, цаашид мэргэжлээрээ ажиллаж улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллах чинь хүсэл зоригийг минь үнэлж, өсөж яваа залуу насыг минь, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг минь ойлгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ. 

 

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Бий гэм буруу болон тухайн хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс маргахгүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хэргийн талаар анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, урьд өмнө нь ямар нэг гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй тул түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг Б.Бд хэрэглэх бүрэн боломжтой ба заавал нийгмээс тусгаарлахгүйгээр нэг удаа боломж олгож, ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийг нь хангаж, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгож хэргийг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хэрэгт Б.Бийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай цаасны хамт 29 грамм жинтэй “өвс”, 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэх үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас хянаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ”, 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харъяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Прокуророос ямар үндэслэлээр хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харъяаллын дагуу шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн материалд тусгагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй. ...” гэв.  

 

            Шүүгдэгч Ш.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хуулийн мэдлэг байхгүйгээс болж мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаагч надаас тулгаж, “чи биедээ хадгалж, бас зарах гэж тохирсон” биз дээ гэж тулган, хөтөлсөн байцаалт авахад нь би сандарсандаа “тийм” гээд байцаалт өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “өвс” гэх ургамлыг татаж Б.Бд аваачиж өгсөн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоотод оршин суудаггүй. Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус байрыг цэвэрлэхээр найз Э.Нарангэрэлийн хамт очсон. Уг байранд би мансууруулах төрлийн хориотой зүйл хадгалаагүй. Байранд өмнө очиж байгаагүй гэдгийг байр түрээсэлж байсан хүмүүс болон манай гэрийнхэн мэднэ. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Бий ажил дээр очиж “шавар” гэх зүйлийг өгөх үед найз Э.Нарангэрэлийн хамт байсан. Тэр үед Б ажлынхаа ахтай хамт байсан. Эдгээр хүмүүс нь Б.Б бид хоёрыг мөнгө төгрөг яриагүй гэдгийг гэрчлэх хүмүүс юм. Иймд эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

    Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоот байрнаас “шавар” гэх бодисыг аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж Б.Бд өгсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байхад дээрх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харъяалах нутагт дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харъяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”, 2.7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харъяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харъяалах газар төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Хавтас хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг судлан үзэхэд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоот байрнаас эд мөрийн баримтаар хураан авсан шил болон төмөр савтай өвсийг хэн, хэзээ, хаанаас ямар байдлаар олж авсан, тэнд хэн, хэзээ хадгалсан, Ш.Бтай ямар холбоотой болох талаар хэрэгт цугларсан ямар ч нотлох баримт байдаггүй, энэ талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 Учир нь, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоот байрыг одоо түрээслэн амьдарч байгаа оршин суугчийн түрээсийн гэрээ, дээрх хаяг дээр Ш.Б оршин суудаггүй болохыг нотолсон хорооны тодорхойлолт, шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд оролцсон гэрч С.Оюунцэцэгийн “манайх 2019 оны 2 дугаар сард дээрх 81 тоот байрнаас нүүж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 9 дүгээр гудамжны 160 тоотод оршин суух болсон, 81 тоот байрыг 2019 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хэсэг залуус түрээслэн сууж байгаад гараад явсан. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би хүү Ш.Быг 81 тоот байраа цэвэрлэ, хэд хоногоос айл түрээслэх гэж байгаа гэж хэлсний дагуу Ш.Б 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надаас байрны түлхүүр аваад байрыг цэвэрлэхээр явсан. Түүнээс өмнө дээр 81 тоот байранд Ш.Б очиж байгаагүй” гэх мэдүүлгүүдийг судлан үзэхэд, миний үйлчлүүлэгч Ш.Б нь дээрх 81 тоотод оршин суудаггүй, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус байрыг цэвэрлэхээр найз Нарангэрэлийн хамт очсон болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, нотлох баримтууд илтэд харилцан зөрүүтэй байхад дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ш.Бын “Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 81 тоот байрыг цэвэрлэхээр найз Нарангэрэлийн хамт очсон юм. ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Бий ажил дээр очихдоо найз Нарангэрэл хамт очсон. Б.Бд шавар өгч, авах үед мөнгө төгрөг өгөх, авах талаар яриагүй. Тэр үед миний хажууд Нарангэрэл, Бий хажууд түүний ажлын ах байсан. Тэд нар Б.Б бид хоёр мөнгө төгрөг өгөх, авах талаар яриагүйг мэдэж байгаа. Эдгээр хүмүүсийг гэрчээр байцааж өгөөч” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч Бий “Ш.Б Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай ажил дээр ирэх үедээ найзтайгаа хамт хоёулаа ирсэн. Миний хажууд манай ажлын ах байсан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ш.Б, Б.Б нар шавар өгөх, авах үйл баримтыг харж байсан хоёр гэрч байсан болох нь тодорхой байхад дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч нарын өөрийнх нь “50.000 төгрөгөөр зарна. Сүүлд мөнгийг нь өгөөрэй” гэсэн мэдүүлгээр “шүүгдэгч Ш.Б нь шавар хэмээх мансууруулах бодисыг бусдад худалдсан гэм буруутай болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон” гэж дүгнэхэд илтэд эргэлзээтэй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж тодорхой заасан байна. Мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгч шүүгдэгч Ш.Быг “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд зүгээр ганцхан юм асууя. Тавхан үг хэлчих” гэж хуурч гэрчээр байцааж байгаад тэр мэдүүлгээр нь өөрийг нь яллаж болохгүй. Мөн шүүгдэгч Б.Бий “50.000 төгрөг өгч, авахаар тохиролцсон" гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан өөр ямар нэгэн нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Бий ажил дээр Ш.Б, Б.Б нар өвс өгч, авалцах үед хажууд нь байсан гэх хоёр гэрчээс тэнд болсон үйл баримтын талаар асууж, тодруулж, 81 тоотод дээрх өвсийг хэн, хэзээ хадгалсан болохыг хуульд “заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж, харъяалах Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлд “Дуу дүрсний бичлэг хийх”, 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “хөндлөнгийн гэрчтэй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол дуу дүрсний бичлэг хийнэ” гэж хуульчилжээ. Гэтэл хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Бын бие болон хувцас хэрэглэл, мөн орон сууцанд хийсэн үзлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг зөрчсөн байна. Тухайлбал, хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ш.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэлийн дээрээсээ 3 дахь догол мөрд “үзлэгийг ажлын бус цагаар явуулж байгаа бөгөөд хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дуу дүрсний бичлэг хийж, HUAWEI маркийн гар утсаар дүрс бичлэг хийж, гэрэл зураг авч үр дүнг бэхжүүлж авахаар тогтов” гэжээ. Гэтэл тухайн тэмдэглэлийн хавсралт болон хавтас хэрэгт ямар нэгэн дуу дүрсний бичлэг авагдаагүй байна. Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй үед дуу дүрсний бичлэг хийнэ гэж заасныг зөрчиж дуу, дүрсний бичлэг огт хийгээгүй атлаа хийсэн мэт тэмдэглэл үйлдсэн байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтооход шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчдаас авсан мэдүүлгүүдээс яллагдагч Б.Б, Ш.Б хоёр нь хэзээ, хэрхэн уулзаж “сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис” өгч, авалцсан талаар тогтоогоогүй.  Яллагдагч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байгаад Сугараа гэх залуутай Фэйсбүүкээр холбогдсон юм. Тэгээд бид хоёр фэйсбүүк чатаар ярилцаж байгаад би Сугараагаас 50.000 төгрөгөөр шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис авахаар тохиролцсон...” гэсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б болон Ш.Б нарын фэйсбүүк чат болон бусад харилцаа холбоог шалгаж үзээгүй, энэ талаар тодруулаагүй. Түүнчлэн Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “энэхүү сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис манай найз Чуугийгийн үлдээгээд явсан цамцны халааснаас олдсон” гэж мэдүүлсэн.  Гэтэл мөрдөгч тухайн хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт болох тухайн цамцыг хураан аваагүй, цамцны эзэн болон тэрхүү мансууруулах бодисын эх сурвалжийг тогтоогоогүй нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэдгийг илтгэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Чуугий гэх этгээдийн орхисон цамцны халааснаас тухайн бодис олдсон гэх, мөрдөгч тэр хүний талаар тодруулах ёстой байсан ч тодруулаагүй. Насанжаргал гэх хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Орон сууцнаас хураан авсан эд зүйлийг Н.Баасансугарынх гэж шууд үнэлэн, тухайн орон сууцанд хэн амьдардаг, хэний өмчлөл, үзлэг нэгжлэг хийхээс өмнө хэн амьдарч байсан эсэхийг тодруулаагүй байдаг. Шүүгдэгч болон түүний ээжийн мэдүүлгээр бол тухайн орон сууцыг түрээсэлж байсан бөгөөд шүүгдэгч тэнд амьдардаггүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Мөрдөгч эд мөрийн баримт хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө хураан авах тухай прокурорын шийдвэрийг танилцуулж, хураан авах эд мөрийн баримтыг сайн дураар гаргаж өгөх, зааж өгөх боломжийг тухайн хүнд олгоно” гэж заасны дагуу хураан авах тухай прокурорын шийдвэрийг танилцуулах шаардлагатай байсан. Гэтэл хавтас хэрэгт хураан авах тухай прокурорын шийдвэр байхгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны зөрчил гэж үзэхээр байна. Б.Б болон Ш.Б нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Б.Бийг өмгөөлөгчтэй, харин Ш.Быг өмгөөлөгчгүй оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсний 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж заасныг зөрчсөн байна. Б.Б мэдүүлэхдээ, тухайн мансууруулах бодисыг Ш.Баас авахдаа ажлын газрын хүнтэйгээ ажил дээрээ хамт байсан гэх, Г.Баасансугар нь мөн Б.Бтэй уулзахдаа найзтайгаа хамт очиж уулзсан гэжээ. Гэтэл дээрх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэрэг бүртгэлт, мөрөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий ажиллагаанууд нь хууль заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй гэж үзэхээр байтал шүүхээс хэргийг шийдвэрлэн ял оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж, Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ял оногдуулсан. Гэвч Ш.Бын хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан” гэх гэмт хэргийн субъектив талын нэмэгдэл шинжийг хангаагүй байна. Ш.Б нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ цаашид зарж борлуулж, ашиг ольё гэсэн санаа сэдэлгүй байсан. Мөн түүнчлэн энэхүү нөхцөл байдал нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, бусад нотлох баримтаас харагдаж байна. Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилиг 2019 оны 11 дүгээр сарын 11-нд яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд “яллагдагч нарын мэдүүлэгт шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 50.000 төгрөгөөр зарах асуудал яригддаг боловч яллагдагч Бий мэдүүлэгт “тэр үед мөнгөгүй байсан болохоор дараа өгье гэхэд харилаа гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг, мөн Ш.Бын “Б.Б тухайн үед мөнгөгүй байсан, дараа өгье гэхээр нь би явсан” гэх мэдүүлгээс харахад манай үйлчлүүлэгч шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.Бд худалдах гэсэн субъектив талын шинж тогтоогдохгүй байна гэж дурджээ. Мөн худалдсан гэж үзэхэд 50.000 төгрөгийг яллагдагч Бээс Ш.Бт бэлэн мөнгөөр болон бусад хэлбэрээр төлсөн гэх баримт хавтас хэрэгт байхгүй байна. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр 43 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харахад Ш.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, харин үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Гэтэл улсын яллагч Ш.Бын үйлдлүүдийг хэд хэдэн гэмт хэрэг хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлж, улмаар шүүх прокурорын зүйлчлэлийг зөвтгөн гэм буруутайд тооцож, зүйлчлэл тус бүр дээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлэх ялыг нэмж нэгтгэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангаж байсан тул уг заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг 1 жилээр тогтоож шийдвэрлэх боломжтой байсан боловч анхан шатны шүүх дээрх заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Анхан шатны шүүх эдгээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж манай үйлчлүүлэгчид ял халдааж байгаа нь шүүгдэгч Ш.Бын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ш.Б, Б.Б нарын үйлдлийг хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангалттай нотлогдсон гэж үзэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.Б нь гэм буруу дээрээ маргадаггүй. Харин шүүгдэгч Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаад, анхан шатны шүүх хуралдааны үеэр нэмж өмгөөлөгч аваад “тухайн нөхцөл байдлыг мэдэх хүмүүс байгаа, дахин гэрч асуулгах шаардлагатай” гэж ярьж эхэлсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ш.Б нь гэм буруутай болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Ш.Бын мэдүүлгийн дагуу Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоот байранд үзлэг хийхэд 2.1697 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. Ш.Б нь худалдаалах зорилготой байсан болох нь орон байранд нэгжлэг хийж байх үед гарсан бодисын хэмжээгээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад орон байранд үзлэг, нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй учир гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан. Б.Б, Ш.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй . ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.0866 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, Б.Бд мөнгийг нь  дараа авахаар тохиролцож 50.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг,

мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 15-81 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 2.1697 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шилэн болон төмөр саванд хийж бэлтгэн хадгалсан гэмт хэрэг,

 

шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай бичгийн цаасны хамт 29 грамм жинтэй “өвс” болон 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ш.Бын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хорооллын гэрээ цэвэрлэж байхдаа талийгаач найз Чуугийгийн үлдээгээд явсан цамцыг нь олсон. Уг цамцыг хувцасны шүүгээнээс гаргаад хаях гэсэн чинь халаасанд нь нэг цагаан дэвтрийн цаастай боолттой юм байхаар нь онгойлгож үзэхэд өвс гэх нэршилтэй мансруулах ургамал, мөн уг ургамлаас гаргаж авсан шавар гэх зүйлс байсан. Уг зүйлсийг тухайн үедээ тоогоогүй, хувцасны шүүгээний ёроолд хийгээд орхисон юм. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай найз Б.Б над руу өөрийнхөө дугаараас залгаж, утсаар ойр зуур юм ярьж байхад өвс олдох уу гэж асуухаар нь юу билээ гэж бодоод гэнэт Чуугийгийн цамцны халаасанд байсан өвс, шавар зэргийг санаад надад байгаа гэж хэлэхэд Б.Б 50.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгээд Б.Бий ажил болох Баянмонгол хороололд байдаг гэрэл зургийн студидэд очиж, Б.Бтэй уулзсан бөгөөд Чуугийгийн цамцны халаасанд байсан шавар гэх зүйлийг өгчихөөд гэрлүүгээ явсан.

...Би Б.Бд каннабис ургамлаас гаргаж авдаг шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 50.000 төгрөгөөр Б.Бд худалдаалахаар тохиролцож ажил дээр нь аваачиж өгсөн, гэхдээ тэр үед мөнгийг нь дараа авъя гэж хэлээд шавраа өгчихөөд гэрлүүгээ явсан. Би Б.Бд өвс өгөөгүй, цагаан өнгийн асаагуурт наасан шавар гэх бодис өгсөн. Цаасанд боодолтой өвсийг нь би өөрөө хэрэглээд дуусгачихсан. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 15 дугаар байрны 81 тоотод хүн амьдардаггүй, би 7 хоногтоо хоёр гурван удаа очиж хонодог.

Урьд өмнө нь би өвс, шавар гэх зүйлсийг бусдад зарж байгаагүй. Талийгаач найз Чуугийг амьд сэрүүн байхад нь түүний гаргаж ирсэн өвснөөс нь ганц хоёр удаа хэрэглэж байсан. ...” /1хх 144-146, 174-175/,

 

шүүгдэгч Б.Бий яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байхдаа 12 цагийн үед Сугараа гэх залуутай фэйсбүүкээр холбогдсон. Тэгээд бид хоёр фэйсбүүк чатаар ярилцаж байгаад би Сугараагаас 50.000 төгрөгөөр шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авахаар тохиролцсон. Тэгээд 18 цагийн үед Сугараа манай ажил дээр ирээд надад асаагуурт наасан шавар, мөн тамхины хайрцагт хийсэн шавар гэх бодисыг өгсөн. Би яг тэр үед мөнгөгүй байсан болохоор 50.000 төгрөгийг нь дараа өгөхөөр болсон. Орой 21 цагийн үед ажлаасаа гарч яваад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Би шавар гэх зүйлийг нь Сугараа буюу Ш.Баас 50.000 төгрөгөөр худалдаж авсан, гэхдээ мөнгийг нь өгөөгүй байсан. Харин цаасанд боодолтой өвсийг нь 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хороололд нэг танихгүй хүнээс зүгээр авсан. Би тэр хүний талаар сайн мэдэхгүй, хороололд санамсаргүй тааралдаад надад өгсөн юм.

Мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, бодис нэг их хэрэглэдэггүй. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр анх удаа өвс хэрэглэж үзсэн. Сугараагаас авсан шавар гэх зүйлээс хэрэглэж үзээгүй. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өвс гэх зүйлийг дүнсэн тамхи шиг цаасанд ороож татсан, тэгээд маргааш нь Сугараатай фэйсбүүк чатаар хоорондоо ярилцаж байхад шавар гэх зүйл байдаг гэж хэлэхээр нь сонирхож үзмээр санагдаад авъя гэж хэлсэн. ...” /1хх 139-140/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5811 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс болон шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ МШХ” гэж хаяглан битүүмжилсэн гялгар уутанд 2 талдаа хар өнгийн шавар мэт зүйл наалдсан “Хамгийн сайн асаагуур” гэсэн бичигтэй цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, хар ногоон өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон Улаанбаатар смарт гэсэн карт 1 ширхэг, цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 ширхэг, “Caster” гэсэн тамхины хайрцагтай хар өнгийн шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 67-68/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5961 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Баасансугар 10.21” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.Баасансугар 10.21” гэж хаягласан шээсэнд илэрсэн тетрагидроканнобинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. ...” /1хх 74-75/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5962 дугаартай “...Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ногоон өнгийн төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “URBANEK” гэсэн бичиглэлтэй шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, таган дээрээ www.gazarshim.mn гэсэн бичиглэлтэй шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, төмөр сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 78-79/ дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд  оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн уг бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ш.Бын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар Б.Бд мөнгийг дараа авахаар тохиролцож 50.000 төгрөгөөр худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шилэн болон төмөр саванд хийж бэлтгэн гэртээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бий “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ш.Быг 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосон нь, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тус тус тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Б “... Анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Г.Наранбаатар “...Б.Бий хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн,

 

шүүгдэгч Ш.Б “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Бий ажил дээр очиж “шавар” гэх зүйлийг өгөх үед найз Э.Нарангэрэлийн хамт байсан. Тэр үед Б ажлынхаа ахтай хамт байсан. Эдгээр хүмүүс нь Б.Б бид хоёрыг мөнгө төгрөг яриагүй гэдгийг гэрчлэх тул хэргийг шалгаж өгнө үү. ...” гэсэн,

 

өмгөөлөгч Б.Чинбат “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Бий ажил дээр Ш.Б, Б.Б нар өвс өгч, авалцах үед хажууд нь байсан гэх хоёр гэрчээс үйл баримтын талаар тодруулж, 81 тоот байранд өвсийг хэн, хэзээ хадгалсан болохыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

өмгөөлөгч  Б.Батбаяр “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн,

 

өмгөөлөгч Х.Баатарбилэг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны  10 дугаар сарын 10-нд 18 насанд хүрсэн байсан бөгөөд түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг журамлан ялыг багасгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Б.Б нь  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Бий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан байх тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгөх”-ийг хүссэн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Ш.Баас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулах эсэхийг тодруулахад “өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэж мэдүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар /1хх 57-59,144-146/ тогтоогдсон, түүнээс өөрийнх нь зөвшөөрснөөр өмгөөлөгчгүй мэдүүлэг авахад хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалж, Б.Бд мөнгийг дараа авахаар тохиролцож 50.000 төгрөгөөр худалдсан, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороололд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шилэн болон төмөр саванд хийж бэлтгэн хадгалсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн газрын харьяалах шүүхээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлд “Дуу дүрсний бичлэг хийх”, 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч дараахь мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны үед хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд гар утсаар зураг авч бэхжүүлсэн байна. Харин мөрдөгч дуу, дүрсээр бэхжүүлэн авч гэж бичсэн боловч дүрс бичлэг хийгээгүй байна. Гэхдээ үзлэг хийсэн тэмдэглэлийг гэрэл зургаар бэхжүүлж болохыг хуульд заасан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Ш.Б нь шүүгдэгч Б.Бд “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.0866 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг мөнгийг дараа авахаар тохирч 50.000 төгрөгөөр худалдсан, шүүгдэгч Б.Б ч уг бодисыг мөнгийг нь дараа нь өгнө гэж авсан, уг үйлдлийг хийхдээ хоёулаа байсан болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн мэдүүлсэн боловч шүүгдэгч Ш.Б нь анхан шатны шүүх хуралдаанд “шавар гэх зүйлийг Б.Бд худалдаагүй. Энэ хэрэгт Нарангэрэл гэгч гэрч байсан” талаар мэдүүлжээ.

 

Хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг асуулгах хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад тавих боломж бүрэн байсан боловч энэ талаар зөвхөн шүүхийн хэлэлцүүлэг дээр хүсэлт гаргасан байх бөгөөд тухайн гэрч гэх этгээдээс мэдүүлэг авах ажиллагааг хийлгүйгээр хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Б, Б.Б нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой.

 

Хавтас хэрэгт байгаа баримтаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаа хууль бусаар явагдсан талаар баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нарын хэн алины мэдүүлэг тууштай, эргэлзээ бүхий байдал байхгүй байна.

 

Мөн шүүгдэгч Ш.Б нь Баянгол дүүргийн 12 хороо, 6 дугаар бичил хорооллын 15-81 тоотод оршин суух бүртгэлтэй болох нь түүний иргэний үнэмлэх /1хх 123/ болон тус дүүргийн 12 хорооны засаг даргын тодорхойлолтоор /1х-211/ тогтоогддог бөгөөд тэрээр уг орон сууыг тодорхой цаг хугацаанд ашиглаж байсан нь тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймээс шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын “оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Б.Батбаяр, Б.Чинбат нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах“ талаар тус тус гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Гэхдээ анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Быг гэм буруутайд тооцохдоо тус бүрт нь “олж авсан, хадгалсан, худалдсан” гэж гэм буруутайд тооцсон байх тул давж заалдах шатны зүгээс утга найруулгын хувьд зөвтгөн өөрчлөх нь  зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

“Шүүгдэгч Бух овогт Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “Шүүгдэгч Бух овогт Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж өөрчилсүгэй.

 

  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Б.Батбаяр, Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                            ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                           ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ