Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2020/00741

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 14-р байр, 28 тоотод оршин суух, Ховогт Ц-ийн Э-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ГАА-ийн ЗӨСТ-д холбогдох,

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.077.584 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх, цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай ГАА-ийн ЗӨСТийн даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар магадлалаар Говь-Аптай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00172 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Ц.Э намайг тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн юм. Намайг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн авсан юм. Иймд миний бие 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 11.077.584 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны НДД болон ЭМД-т нөхөн бичилт хийлгүүлэх, миний цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: Ц.Э миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилдаа орсон юм. Намайг ажилд орсон өдрөөс эхлээд үйлчлэгчийн ажил давхар хий гэдэг байдлаар дарамталж эхэлсэн. Миний үйлчлэгчийн ажлыг нь хийгээд үдээс өмнө тал өрөөгөө цэвэрлээд үдээс хойш цэвэрлээгүй өрөөнүүдээ цэвэрлэх гэхэд надад үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан байсан. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 тоот ГАА-ийн ЗӨСТ-ийн даргын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь 2019 оны 02 дугаар сард ажлаасаа халагдсан. 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улсын Дээд Шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байхад миний утсад мессеж ирсэн. Таны тушаал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Ажилдаа ирж ор гэж бичсэн байсан. Би эргэж залгаад орой болчихсон юм чинь маргааш өглөө очъё гэж хэлсэн. Маргааш нь 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очсон. Үдээс хойш С.Батсайхан өрөөндөө дуудсан. Ороход ширээн дээр хөдөлмөрийн гэрээ бэлдээд тавьчихсан байсан. Би уншиж үзээд энэ гэрээний зарим заалт нь надад таалагдахгүй байна. Би уншиж танилцаад хуульд нийцсэн эсэхийг харж байгаад болох болохгүйг нь хэлээд гарын үсэг зурж болох уу? гэсэн чинь тийм юм байхгүй. Өрөөнөөс гарч болохгүй гэрээнд гарын үсгээ зур гэж хэлсэн. Өмнө нь ажлаас чөлөөлөөд буцаагаад ажилд  нь авсан Ц-тай яг ингэж гэрээ байгуулж байсан. Энд хэд хоносон ч хамаа байхгүй. Чи зурж байж гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би хууль мэддэг хүнээс асууж, зөвлөгөө авч байгаад гэрээ байгуулмаар байна гэсэн чинь зур гэж хэлсэн. Тушаалд яагаад ТҮЭМ-1-1 гэж байгаа юм бэ. Би өмнө нь ТҮЭМ-2-3-аар цалинжиж байсан. Яагаад өөрчилсөн юм бэ гэхэд шинээр ажилд авч байгаа хүнийг ингэдэг юм  гэж хэлсэн. Миний өмнөх хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан. Байнгын ажлын байр хугацаагүй байдаг. Би энэ байгууллагад 17 жил ажилласан. Яагаад 1 жилийн хугацаатай гэж байгаа юм бэ гэж асуухад шинээр авч байгаа ажилтныг ингэдэг юм. Би мэддэг юм. Чи зур гэж хэлсэн. Би өрөөнөөс нь гарахын тулд  таалагдахгүй ч гэсэн гарын үсгээ зураад гарсан. Төрийн албаны зөвлөл дээр очоод ингээд байна ажилд орсон өдрөөс эхлээд ийм зүйл боллоо. Би энд ажиллахад хэцүү юм байна. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам ийм байна гэж хэлэхэд Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт чинь батлагдаагүй байгаа. Батлагдсан бол дээр нь Төрийн албаны зөвлөл тэдэн сарын тэдний өдөр батлав гэж гэсэн тамга, гарын үсэг зурагдсан байдаг. Тийм учраас та хуучнаараа явна гэж хэлсэн. Тэгвэл би шүүхэд хандаж өргөдлөө өгье гэж хэлсэн чинь та шүүхэд хандаад наад асуудлаа шийдвэрлүүл, батлагдаагүй юм байна дарга ажилтнаа хэдийн хэдээр цалинжуулахыг шийдвэрлэдэггүй. Төрийн албаны зөвлөл шийдвэрлэдэг гэж хэлсэн. Энэ талаар тайлбар хийгээд өг гэж хэлэхэд тайлбараа шүүх хуралдаан дээрээ хэлчих гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хонож байсан чинь хажууд сууж байсан ах нэг зүйл ярьсан. Чамайг хохироосон юм чинь хаашдаа мөнгөө өгөх байх. Харин гэрээгээ цуцлах юм уу, ямар нэгэн байдлаар эвлэрэх хэрэгтэй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичгээ аваачиж өгсөн чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага танай байгууллага нэлээн асуудалтай байгаа учраас даргатайгаа зохицоод мөнгөө төлүүлэхийг бод гэсэн бичиг өгсөн. 2 хонож байсан чинь хажуу талын хүн ярьсан юм яриад л байсан. Намайг С.Батсайхан дуудахаар нь ороход шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шийдвэрлүүлэхгүй. Би чиний нэхэмжилж байгаа мөнгийг чинь яаж ийж байгаад барагдуулъя. Тийм учраас чи дараагийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх мөнгөө гарч иртэл түр хүлээж байгаач гэж хэлсэн. Би хугацаа гайгүй юм шиг байна. Тэгье гэж хэлсэн. Хүн учирлаад хэлж байгаа юм чинь зөвшөөрнө шүү дээ. Маргааш, нөгөөдрөөс нь дахин өрөөндөө дуудсан. Орсон чинь мөнгөнөөсөө татгалзахгүй бол болохгүй юм шиг байна гэж хэлсэн. Би татгалзаж огт чадахгүй. Татгалзахгүйгээр өөрийн чинь хэлснээр барагдуулж л байвал заавал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг оролцуулахгүйгээр барагдуулвал болно гэж хэлсэн. Гэтэл дахиж дуудаад арга хэмжээг чинь цуцаллаа. Шатлалыг чинь ахиуллаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа мөнгөө яаж төлөхийг шийдвэрлье гэж хэлсэн. За гэчихээд байж байтал арга хэмжээ цуцалсан шийдвэр, шатлал ахиулсан шийдвэрийг өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа мөнгөнөөсөө татгалзахгүй бол болдоггүй гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөндөө удаан ажилгүй явуулсан учраас би хохирсон тийм учраас би хохирлоо барагдуулна гэж хэлсэн. Шүүх рүү хамт яваад татгалзчихвал болдог гэж байна гэхээр нь тийм зүйл байхгүй байлгүйдээ. Ямар нэгэн тохиролцоо бичиг цаас хийдэг байлгүйдээ гэж хэлсэн. Дараа нь 10 дугаар сард дуудаж бичиг өгсөн. Уг бичигт шатлал ахиулаад 2 жил болоод тэтгэвэртээ гар. 11.000.000 төгрөгөөсөө татгалз гэсэн бичиг өгөөд ийм юм хийгээд тохиролцъё гэж хэлсэн. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа хүн 45 нас хүрээд өөрөө хүсвэл ажлаасаа чөлөөлөгдөж болно. Өөрөө хүсээгүй бол 55 нас хүртлээ ажиллаж болно гэж хуульд заасан байгаа учраас би юун 2 жил ажиллаад тэтгэвэртээ гарах вэ? Юун мөнгөнөөсөө татгалзах вэ? Би хохирсон хүн. Энэ чинь болохгүй юм шиг байна гэж хэлсэн чинь чи хүнээс асуу, үзүүл. Гарын үсгээ зураад тамга дараад өгчихвөл болчихно. Мөнгөнөөсөө татгалзахгүй бол болдоггүй гэж байна гэж яриад байсан. Би хүнээс асуугаад байх юу байх вэ дээ удалгүй ороод энэ чинь надад таалагдахгүй байна зөвшөөрөхгүй, хууль дүрэмдээ нийцэхгүй юм байна би хохирлоо барагдуулна гэж хэлсэн. Арга хэмжээ авсан, шатлал бууруулсан тушаал гаргасан нь огт үндэслэлгүй байсан. Гэтэл намайг хурдан хөдөлмөрийн гэрээ байгуул. Манай үйлчлэгч амарчихсан байна. Би чамаар ажлыг нь хийлгэх гээд байна гэж хэлсэн. Би үйлчлэгчийн ажил хийхгүй. Өөрт оногдсон ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Хуульд иргэн ажлын байранд заасан ажлаа хийнэ. Өөр ажил хийлгэхээр бол 40 хувьтай тэнцэх цалин өгнө. Ажилтан өөрөө хүссэн тохиолдолд гэж байгаа шүү дээ. Би цэвэрлэгчийн ажил хийж дахиж асуудалд ормооргүй байна гэж хэлсэн. Өмнө нь үйлчлэгч Баяраа эгчийг яаж гаргасныг мэдэхгүй. Нэг мэдэхэд гарчихсан байсан. Намайг ажлыг нь хий гэж дарамталсан. Би жил гаруй хугацаанд ямар ч цалингийн 40 хувь авахгүйгээр өөрийн ажлын байрны тодорхойлолт заагаагүй ажил хийж байгаад арга хэмжээ авахуулсан. Тийм учраас би чадахгүй гэдгээ хэлсэн. Би 09 дүгээр сарын 03, 04-ний өдрөөс ямар ч байсан ажлаа хүлээлцэг. Ажлаа хийж байя гэж бодоод ажлаа хийж байсан. 09 дүгээр сарын 05, 06-ны өдөр амралтын өдөр байсан. Би амралтын өдөр ажлаа хийх биш. 1 дэх өдөр ирсэн чинь өрөөндөө дуудаад үйлчлэгчийн ажлаа хийгээгүй байна. Утсаар ярьлаа, гарч орлоо арга хэмжээ авна. Би чамайг ажилд авсан. Болоо юм биш үү. Би дарга мэдэв үү! гэсэн өнгө аястай юм хэлсэн. Би үйлчлэгчийн ажил угаасаа хийхгүй. Ажил хүлээлцэж байж хийнэ шүү дээ. Ядаж ажлаа хүлээлцчихээд арга хэмжээ авч болно шүү дээ. Тэгэхээр нь би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Би дарамтлуулаад үйлчлэгчийнх нь ажлыг 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хийсэн. С.Батсайханы өрөөг өдөр алсгалахгүй цэвэрлэсэн. Өөрийнхөө ажлыг ч хийсэн. Тэр хооронд энийг чинь цуцаллаа, болилоо. Үүнээс хойш аятайхан ажлаа хий гэхэд нь тэгье гэж хэлсэн. Дараа нь нэхэмжилсэн мөнгөө цуцал гээд байсан. Зөвшилцөөгүй учраас арга хэмжээ, шатлал хоёрыг чинь цуцаллаа гэж нарийн бичиг надад утасдаж хэлсэн. Намайг арга хэмжээ цуцалсан шийдвэрийнхээ эх хувиа өгөөтөх гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэж асуухад шүүхэд өгөх гэж байна гэж хэлсэн. Та нарт эх хувь нь байдаггүй юм уу? Надад нэг хувь байж байвал зүгээр байна гэж хэлэхэд баримтад хавсаргачихсан учраас хуулбарлаж авч болохгүй байна. Тийм учраас чиний эх хувийг авч шүүхэд өгөх гэж байна гэхээр нь би ямар сонин юм бэ? Надад 1 хувь нь байх ёстой юм чинь гээд нотариатаар батлуулаад авчихсан байсан. Дараа нь нарийн бичиг залгаад чиний арга хэмжээ, шатлалыг чинь хэвээр болголоо шүү гэж хэлсэн. Ямар үндэслэлтэй хэвээр болгосон юм. Би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн чинь чи мөнгөнөөсөө татгалзаж, саналыг хүлээн зөвшөөрөөгүй учраас татгалзаж байгаа юм. Тэр чинь байхгүй болсон гэж бодоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм бол тайлбараа өгчих. Сануулах арга хэмжээгээ цуцалчихаад буцаагаад хэвээр байлгана гэсэн чинь ямар учиртай юм бэ? Би ойлгохгүй байна. Тийм бол сануулах арга хэмжээг цуцалснаа сэргээж байна гэсэн бичгээ өгчих гэсэн боловч өгөөгүй. Тийм учраас хавтаст хэргийн материалд нотариатаар батлуулсан хувиа өгсөн. Тийм тийм учраас тушаалаа буцаагаад сэргээсэн гэсэн бол тэр баримтыг нь шүүхэд өгөх байсан байх гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь ГАА-ийн ЗӨСТийн хог хаягдлын ажилтан, бэлтгэмэлчээр ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаж Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  магадлалаар Ц.Э-ийг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын Дээд шүүх хуралдаад Ц.Э-ийг ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. Гэхдээ ноцтой зөрчлийг нь баталгаажуулах нотлох баримтыг дутуу гаргаж өгсөн гэж үзсэн. Цагдаагийн байгууллагаар тогтоолгоод нотлох баримтаар өгсөн байсан. Гэтэл бичлэгийнхээ хувийг CD дээр буулгаж өгөөгүй гэх мэтээр нотлох баримтыг хангалгүй өгсөн гэж үзээд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Энэ шийдвэрийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ГАА-ийн ЗӨСТийн бэлтгэмэлчийн ажилд нь эргүүлэн томилсон. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай магадлалаар бэлтгэмэлчийн ажилд нь эргүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорыг олгож, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, хувь дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай гэж заасан байгаа учраас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гэж ойлгож байгаа. Тийм учраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд авах хүртэл хугацааны цалинг хуулийн дагуу бодож олгоно уу гэсэн тайбартай байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад цалингийн шатлал ахиулж ТҮЭМ-2.3-аар цалинжина гэж шаардсан байсан. Энэ шаардлагад хариу тайлбар хэлэхэд бид төрийн албанд хамгийн сүүлд гарсан хууль, тогтоомжийг мөрдөж ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосон.  Энэ тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгууллагын даргын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосон тушаал гарсан. Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ-1-ээр цалинжиж явсан. Ц.Э ТҮЭМ-2-оор цалинжина гэж байгаа. ТҮЭМ-2-оор шүдний эмчийн туслах, туслах сувилагч, түргэн тусламжийн жолооч гэсэн хүмүүсийг цалинжуул гэсэн байдаг. Манай байгууллагийн бэлтгэмэлч Ц.Э шүдний эмчийн туслах, сувилагч, түргэн тусламжийн жолооч биш. Манайд шүдний эмчийн туслах, сувилагч, түргэн тусламжийн жолооч гэсэн орон тоо байхгүй. Ийм байхад ТҮЭМ-2-оор цалинжина гээд байх юм. Тус тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын хамгийн сүүлд гаргасан төрийн байгууллагад баримтлах ёстой тогтоол юм. Би Засгийн газрын тогтоолын дагуу цалинжуулчихаад үүнийхээ буруутан нь болчихоод явж байна. Тийм учраас ТҮЭМ-2-оор цалинжина гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 3 дахь нэмэгдүүлсэн шаардлага нь байгууллагын даргын тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага байдаг. Ц.Эийг Улсын дээд шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилд нь эргүүлэн ав гэсэн шийдвэр гарсны дагуу би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд нь эргүүлэн авсан. Өмгөөлж байгаа болон өмгөөлүүлж байгаа хүмүүс бие биедээ хуулийн мэдлэгийг олгож өгөөч гэсэн хүсэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч би ялсан, ялсан хүн яаж ч болно гэдэг ойлголттой болсон байсан. Би 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд аваад тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана гэж дурдсан. Ямар нэгэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж байж хөдөлмөрийн харилцаанд ордог. Тийм учраас хөдөлмөрийн гэрээгээ байгуулъя гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээнд өмнөх хөдөлмөрийн гэрээний зүйл заалтаас өөр өөрчлөлт ороогүй. Толгой, мөр нь өөрчлөгдсөн. Төрийн албаны зөвлөлийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолт гэдэг нэр нь өөрчлөгдсөн. Түүнээс хөдөлмөрийн гэрээний зүйл заалт өмнөх оныхоос огт өөрчлөгдөөгүй. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулъя гэхээр Ц.Э ялсан гэдэг байдлаар хандсан. Яагаад ялсан бэ? гэдгийг нь өмгөөлөгч нь тайлбарлаж өгөөгүй юм шиг байгаа юм. Ц.Э нь ёс зүйгүй ноцтой зөрчил гаргаад ажлаас чөлөөлөгдсөн. Ноцтой зөрчил нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон. Гэтэл хариуцагч талаас нотлох баримт хангалтгүй өгсний улмаас ялагдсан. Энэ байдлыг тайлбарлаж өгөөгүй байна. Ц.Э ажилдаа орж ирэхдээ нүдний шилтэй байж байдаг. Би Ц.Э-т хандаж та нүдний шилээ авчихаач, гадуур хувцсаа тайлчихаач гэсэн шаардлага тавихад өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргаад чи надтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Би шүүх цагдаагаар явна. Өмгөөлөгчдөө аваачиж үзүүлнэ гэж хэлдэг. Тэгвэл өмгөөлөгчтэйгээ ярь. Хөдөлмөрийн гэрээгээ өмгөөлөгчөө дагуулж авчраад хийсэн ч болно. Хөдөлмөрийн харилцаа үүсгэхийн тулд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж хэлсэн. Гэтэл ямар байдлаар хандсаныг нь нэхэмжлэгчийн ярьсан тайлбараас дүгнэж болно. Би сүүлдээ өөрөө тайлбарлаж өгсөн. Би зөвхөн ГАА-ийн ЗӨСТийн төлөөлөгч. Ганцхан надтай шүүхдээд байгаа юм биш. Байгууллагатай шүүхдээд байгаа юм. Би байгууллагыг төлөөлөөд үүрэг хариуцлага хүлээгээд явж байгаа болохоос С.Батсайхан гэдэг хүнийг үзэн ядсан сэтгэлээр битгий хандаач. Би энэ байгууллагыг удирдаад байж байна. Чи бид 2 өглөө ирээд уулзана. Орой хамт тарна. Өмгөөлөгч гэж харайгаад байх юм. Чамд өмгөөлөгч чинь ажил олгоод байгаа юм уу? Би ажил олгоод байгаа юм уу? Ёс зүйтэй байгаач гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл Ц.Э шууд өмгөөлөгчрүүгээ залгаад С.Батсайхан намайг дарамталж байна. Одоо зурахаас. Өөрт чинь хэлчихье гэж ярьсан. Ийм ёс зүйгүй. Аль аль нь мэргэжлийн ёс зүйтэй баймаар байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг огт гүйцэтгээгүй. Гараад машиндаа суучихдаг. Гадуур хувцастай, нүдний шилтэйгээ суугаад хэнтэй ч дугарахгүй. Юм хэлэхээр буруугаар ойлгохоор шийдчихсэн байна гэдэг шиг өмнөөс хар яр гэсэн байдалтай байдаг. Би дуугүй л байсан. Хамт олонтойгоо ч дугарахгүй. Чи өрөөгөө цэвэрлээч. Үйлчлэгч амарчихсан учраас өрөөгөө цэвэрлүүлмээр байна гээд мэргэжилтнүүд шаардлага тавихад би шалыг чинь угаах ёстой юм уу? Угаах ёсгүй юм уу? Өмгөөлөгчөөсөө асууж ирнэ гэж хэлдэг. Шал угаахыг өмгөөлөгчөөсөө асуух ямар шаардлагатай юм бэ? Утсаар залгаад асуугаач. Ажлын бус цагаар яв. Ажлын цагаар битгий яваад бай гэсэн шаардлага тавьсан. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөсөн. Ажлын цагаар гадуур хувцастай явсан. Ямар ч ажил хийгээгүй. Ийм учраас ГАА-ийн ЗӨСТийн хамт олны хурлаар оруулаад сануулах арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэгч Ц.Э-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтаст хэрэгт тус төвийн ажилчдын хурлын тэмдэглэл, ажлын цагаар гадагшаа гарах чөлөөний бүртгэл, ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, сануулах арга хэмжээ авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, бэлтгэмэлчийн ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам зэрэг нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас утсаар залгаад Ц.Э ирээд С.Б-ы дансыг хаагаад миний мөнгийг гаргаж өг гэж байна. Шүүхийн шийдвэр гарсан юм уу? гэж асуусан. Би шүүхийн шийдвэр гараагүй. Шүүх хуралдаан ч болоогүй гэж хэлсэн. Ц.Э С.Б-аас л авна гэсэн ойлголттой. Дансыг нь хаа. Мөнгө гаргаж өг гэсэн байдлаар ханддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан танай байгууллага ямар сонин юм бэ? Та нар чинь нэг тогоон дотор байж хоорондоо хэл амаа олчихож болдоггүй юм уу? Та яагаад байдаг юм бэ? гэсэн тайлбар хэлж байсан. Би Ц.Э-ийг дуудаж уулзаад хоёулаа өглөө босоод уулздаг. Чи бид 2 өдөр болгон бэлтгэмэлчийн ажил, шал угаахаас болоод муудалцаж байна. Төрийн ажил зөндөө байхад хоорондоо хэрэлдээд 2 тийшээ хараад хялалзаж, цэхэлзээд баймааргүй байна. Чи ялсан юм байгаа биз. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгээд чамайг ажилд чинь авсан. Тийм учраас хоёулаа гэрээ, хэлцэл байгуулаад тохиролцож болдоггүй юм уу? Би чиний хүсээд байгаа цалингийн шатлалыг чинь ахиулаад ТҮЭМ-3 болгоод өгье. Сануулах арга хэмжээ авсанд эмзэглээд байгаа юм бол хүчингүй болгоод өгье. Чи ажлаа хийхгүй явж байгаад арга хэмжээ авахуулсан. Тийм учраас чи нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзчих. Чи 2 жилийн хугацаанд нэхэмжлээд байгаа 11.000.000 төгрөгөө хэд нугалаад авчих юм байна. Ийм боломж байна уу? гэж асуухад би наадахыг чинь үзье. Гэхдээ чи надад баримт гаргаж өг гэж хэлсэн. Би 2 тушаалаа хүчингүй болгосон. Шатлал ахиулсан тушаал гаргаж өгсөн. Гэтэл би энийг шүүхэд аваачиж өгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзчихаад ирье гээд гараад явсан. Эргэж орж ирснээ манай өмгөөлөгч байхгүй байна. Хөдөө явчихаж. Би өмгөөлөгчөөсөө асуухгүй бол огт болохгүй байна. Би утсаар холбогдоод асуусан чинь болохгүй. Чи нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж болохгүй. Чи хохирно гэж байна. Тохиролцож болохгүй юм байна. Гэхдээ 11.000.000 төгрөгөө гаргуулж авъя. Чи 2 тушаалаа хүчингүй болгочих гэж хэлсэн. Тэгэхэд нь би чамд тушаал гаргаад өгчихсөн шүү дээ. Чи нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзах ёстой. Татгалзахгүй байсаар байтал шүүх надад нэхэмжлэлийг чинь танилцуулчихлаа. Би хүчингүй болгосон тушаал өгчихсөн байсаар байхад шүүхэд тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан байна. Энэ гэрээ, хэлэлцээр чинь юу болох юм бэ? гэж асуусан. Ц.Э тэгвэл би дахиад судалъя гэж хэлсэн. Улсын Дээд шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх зөвлөмж байдаг юм байна. Итгэхгүй байгаа бол хоёулаа цаасан дээр буулгаад эвлэрлийн гэрээ байгуулъя. Эвлэрлийн гэрээ байгуулахад чи нэхэмжлэлээсээ татгалзана. Би ингэнэ гэсэн зүйл байдаг юм байна. Өмгөөлөгч нь Ц.Э-т чи С.Б-тай эвлэрч болохгүй. Тэр чинь мангас шиг хүн байна. Чамайг яавал ч яачихна. Гэрээ байгуулж болохгүй. Гэрээ байгуулах юм бол хохирно гэж гэж ойлгуулсан юм шиг байгаа юм. Тийм учраас Ц.Э огт болохгүй юм байна гээд байгаад байсан. Тэгэхээр нь би Ц.Э-ийг сайн бод. Асууж сурагла. Эвлэрлийн гэрээ байгуулаад цаасан дээр буулгачихвал шүүгчийн захирамж гарчихдаг юм байна. Шүүгчийн захирамж гарчихсан байхад би чамайг хулхидах ямар ч үндэслэл байхгүй. Би чамайг ТҮЭМ-3.5-аар цалинжуулна гэсэн л бол цалинжуулна. Арга хэмжээ авахаа больчихсон гэсэн л бол арга хэмжээ авахгүй. Хэрэв би чамайг хулхидах гээд ажлаас чинь халах гээд байх юм бол чи шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад захирамжаа авч оч. Тэр үед шүүгчийн захирамжийн дагуу ажиллуулах ёстой байдаг юм байна. Цаасан дээр буулгая гэж хэлэхэд би энийг чинь аваад явлаа гээд дахиад өмгөөлөгчрүүгээ явсан. Асууж тодруулаад яв. Судал гэж хэлсэн. Би сүүлдээ хамт олныхоо хурал дээр Ц.Э-ээс уучлалт гуйсан. Бид хоорондоо эвлэрэх санал тавьсан. Ц.Э бид хоёрын дунд одоо ямар нэг асуудал байхгүй. Нэг нь дарга, нэг нь ажилтан. Та нар ч гэсэн хамт олны халуун дулаан уур амьсгалаар энэ хүнийг хүлээж аваарай. Энэ хүн ингээд байна гээд орж ирээд даргатай хэрэлдээд маргалдаад байх асуудал байхгүй шүү. Ц.Э байгууллагын ахмад ажилтан. Халуун дулаан уур амьсгалаар хүлээж аваад ажлаа хийцгээе гэж хэлсэн. Гэтэл эвлэрлийн гэрээг авч яваад эргэж ирэхдээ огт болохгүй гэж байна гэж хэлсэн. Утсаар залгаад чи ерөөсөө будаа болох юм байна. Чи эвлэрлийн гэрээ байгуулж болохгүй гэж хэлсэн. Ц.Э ёс зүйгүй үйлдэл гаргаад шүүгч нарын өмнө намайг янз янзаар хэлж болдог. Би хэлж болдоггүй. Нохой хуцаад байвал өмнөөс хуцаад байвал адилхан нохой болно. Тийм учраас би доромжлуулаад явж байдаг. Би Ц.Эт ийм тийм гэж тайлбарлаж хэлэх ямар ч боломжгүй байдаг. Улсын дээд шүүх дээр очооод намайг яаж доромжиллоо. Эвлэрлийн гэрээ байгуулах саналыг өөрөө хүлээж аваагүй. Ц.Э би өөрөө яваад судаллаа. Аудитор эгчээсээ ч хүртэл асуусан. Чи намайг ТҮЭМ-3-аар цалинжуулсан бол сүүлд нь акт болдог гэж байна. Би буцаад актын төлбөр төлж чадахгүй. Тийм учраас ТҮЭМ-3-аар цалинжихгүй гэж хэлсэн. Тийм учраас өөрийнх нь хүсэлтээр ТҮЭМ-3-аар цалинжуулаагүй. ТҮЭМ-2-оор цалинжина гээд байдаг. Хамгийн сүүлийн ТҮЭМ-2-оор шүдний эмчийн туслах, сувилагч, түргэн тусламжийн жолооч байгаа. Би Ц.Эийг түргэн тусламжийн жолоочийн цалингаар цалинжуулалтай биш. Тийм учраас ТҮЭМ-1-ээр цалинжуулна. Тэр нь шил угаагч гэсэн албан тушаал. Шил угаагч гэдэг ажлыг Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажлын байрны тодорхойлолтод заачихсан байгаа. Ц.Э нь лабораторт шил сав болон хувцас хэрэглэлийг угаана. Лабораторт ажиллахад бүх байдлыг бэлтгэж өгнө гэсэн үг. Тийм учраас шил угаагчтай адилхан үүрэг гүйцэтгэж байгаа учраас хамгийн ойролцоогоор нь ТҮЭМ-1-ээр цалинжуулсан. Хамгийн сүүлд хэлэхэд нэхэмжлэлийн мөнгөн дүнг хууль журмын дагуу бодож олгоно уу? нэмэгдүүлсэн шаардлага, цалингийн шатлалыг ахиулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ГАА-ийн ЗӨСТд холбогдох, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.077.584 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх, цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай ГАА-ийн ЗӨСТийн даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч ГАА-ийн ЗӨСТд холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.077.584 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх, цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай ГАА-ийн ЗӨСТийн даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.077.584 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Хариуцагчийн төлөөлөгч С.Б нь ... Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай магадлалаар бэлтгэмэлчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорыг олгож, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, хувь дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай гэж заасан байгаа учраас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гэж ойлгож байгаа. Тийм учраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд авах хүртэл хугацааны цалинг хуулийн дагуу бодож олгоно уу...гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Ц.Э нь ГАА-ийн ЗӨСТ-д бэлтгэмэлчээр ажиллаж байгаад ГАА-ийн ЗӨСТ-ийн даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар шүүхэд хандсанаар Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай магадлалаар ...Ц.Э-ийг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн бэлгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00414 дугаартай тогтоолоор ...магадлалд “бэлгэмэлчийн” гэснийг бэлтгэмэлчийн гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Б-ны гомдлыг хангахгүй орхисон буюу Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхин хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00414 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй буюу энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт хийхгүй юм.

Хариуцагч байгууллага шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байраар хангасан болох нь ГАА-ийн ЗӨСТийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг бодитойгоор биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно. Иймд нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болдог байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Э-т ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч ГАА-ийн ЗӨСТ-өөс гаргуулах үндэслэлтэй байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь ажилгүй байсан хугацааны олговрыг бодохдоо ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл ажилгүй байсан хугацааг тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг тооцсон. Давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэхэд  нэмж нөхцөл байдал тогтоохгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэргийн хүрээнд хянаж шийдвэрлэдэг тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо тухайн үед ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрийг оруулан тооцсон, ажилд орсон тушаал гарсан өдрөөс цалин бодогдож  тооцогдож байдаг тул Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан шүүх хуралдаан болсон өдрийн дараагийн өдрөөс нэхэмжлэгч Ц.Э-ийг ажилд эгүүлэн томилогдсон тушаал гарсан өдрийн өмнөх өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаа гэж тодорхойлсон болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Э-ийн 0634548 дугаартай нийгмийн даатгалын  дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон эх хувиас тухайн ажилтны сүүлийн гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 631.725+690.172+581.541=1.903.438 : 3 сар=634.479:21.5= 29.511 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 335 өдрөөр тооцож үзвэл олговрын хэмжээ 29.511*336=9.915.696 /есөн сая есөн зуун арван таван мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөг байна.  

Нэхэмжлэгч Ц.Э-т 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааг нийт 335 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны олговорт  9.915.696 /есөн сая есөн зуун арван таван мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөг ГАА-ийн ЗӨСТөөс гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ц.Э-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГАА-ийн ЗӨСТдаалгах үндэслэлтэй байна.

ГАА-ийн ЗӨСТийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай бэлтгэмэлч Ц.Э-т сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.Э-т ГАА-ийн ЗӨСТийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн бэлтгэмэлч Ц.Э-т сануулах арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Байгууллагын дотоод журмын 7.1.1, 11.1.3, 11.1.7, 11.1.8, 11.1.12, 11.1.13, Хөдөлмөрийн гэрээний 2.4.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн бэлтгэмэлч Ц.Э нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хийж гүйцэтгэхгүй ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөж, зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаар ажлын байрандаа байхгүй ажил тасалж буй тул сануулах арга хэмжээ авсан байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно: 21.1.1-д ажлын байрны буюу албан тушаалын нэр, 21.1.2-д ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, 21.1.3-д үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, 21.1.4-д хөдөлмөрийн нөхцөл гэж заажээ.

Хариуцагч тал тайлбарлахдаа: ...хог хаягдлын ажилтан ариутгагчаа хавсран хийж болно гэсэн байдаг. Манай Зоонозын өвчин судлалын төвд үйлчлэгчийн орон тоо байдаг гэхдээ ажлын байрны тодорхойлолтод үйлчлэгчийг амарсан үед бэлтгэмэлч үйлчлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэнэ гэж оруулсан байгаа гэж тайлбарлажээ.

Ажилтны гүйцэтгэвэл зохих ажил үүргийг албан тушаалын тодорхойлолтод заасан байхаас гадна хөдөлмөрийн  гэрээнд заавал тусгах гол нөхцөл гэж хуульчилсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3-т ...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохгүй гэсэн заалтын агуулгаар хэрэгждэг.

Иймд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг хийж гүйцэтгэхийг ажилтнаас шаардахгүй тул Ц.Э сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах тухай шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг харъяалуулан заасан байна.

2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын ангиллыг заахдаа ТҮЭМ-2-3 гэж заасан байгаа бөгөөд ажилд эгүүлэн томилж, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ангиллыг ТҮЭМ-1-1 гэж заажээ.

Энэ талаар нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа: Би өмнө нь ТҮЭМ-2-3-аар цалинжиж байсан. Яагаад өөрчилсөн юм бэ гэхэд шинээр ажилд авч байгаа хүнийг ингэдэг юм  гэж хэлсэн. Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт чинь батлагдаагүй байгаа. Батлагдсан бол дээр нь Төрийн албаны зөвлөл тэдэн сарын тэдний өдөр батлав гэж бичээд тамга дарж, гарын үсэг зурагдсан байдаг. Тийм учраас та хуучнаараа явна гэж хэлсэн. Нийгмийн даатгалын дэвтрээс нь харахад 2019 оны 01 дүгээр сараас цалин, хөлс буураагүй 691.172 төгрөг авч байсан нь харагдаж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороход ТҮЭМ-1-1 болгож бууруулсан нь үндэслэлгүй байна гэж,

Хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосон.  Энэ тогтоолоор  ТҮЭМ-2-оор шүдний эмчийн туслах, сувилагч, түргэн тусламжийн жолооч байгаа. Би Ц.Э-ийг түргэн тусламжийн жолоочийн цалингаар цалинжуулах боломжгүй. ТҮЭМ-1 дээр шил угаагч гэсэн албан тушаал байгаа. Шил угаагч гэдэг ажлыг Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажлын байрны тодорхойлолтод заачихсан байгаа. Ц.Э нь лабораторт шил сав болон хувцас хэрэглэлийг угаана. Лабораторт ажиллахад бүх байдлыг бэлтгэж өгнө гэсэн үг. Шил угаагчтай адилхан үүрэг гүйцэтгэж байгаа учраас хамгийн ойролцоогоор нь ТҮЭМ-1-ээр цалинжуулсан гэж тайлбарлажээ.

Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад бэлтгэмэлчийн ажил нь тусгагдаагүй байх бөгөөд талуудын маргааны зүйлийг буюу уг ажил албан тушаалыг тухайн жагсаалтын аль хэсэгт дүйцүүлэх, адилтгах талаар шүүх шууд дүгнэлт хийх боломжгүй, цалингийн шатлал бууруулсан маргааны гол үндэслэл нь хөдөлмөрийн маргаан таслах комисс болон Төрийн албаны зөвлөлд харъяалагдах асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч ГАА-ийн ЗӨСТөөс ажилгүй байсан хугацаа 336 хоногийн олговорт 9.915.696 /есөн сая есөн зуун арван таван мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулан Х овогт Ц-ийн Э-т олгож, ГАА-ийн ЗӨСТ-ийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсныг ТҮЭМ-ийн 2-3 болгон өөрчлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА-ийн ЗӨСТ-өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын 9.915.696 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн 173.601 төгрөгийг, сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 243.801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч ГАА-ийн ЗӨСТ-өөс ажилгүй байсан хугацаа 336 хоногийн олговорт 9.915.696 /есөн сая есөн зуун арван таван мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулан Х овогт Ц-ийн Э-т олгож, ГАА-ийн ЗӨСТийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсныг ТҮЭМ-ийн 2-3 болгон өөрчлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ц.Э-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ГАА-ийн ЗӨСТдаалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА-ийн ЗӨСТ-өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын 9.915.696 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн 173.601 төгрөгийг, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 243.801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН