Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 215/МА2021/00001

 

            Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 741 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 14-р байр, 28 тоотод оршин суух, Х овогт Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох,

 

2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.077.584 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх, цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э миний бие ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд шүүхэд хандаж, шүүх тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэрийн дагуу намайг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн авсан юм. Нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар шийдвэрлэснээс хойш ажилд томилогдох хүртэлх хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11.077.584 төгрөг гаргуулж, уг хугацааны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх, ажилд авахдаа цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: Намайг ажилд орсон өдрөөс эхлээд үйлчлэгчийн ажил давхар хий гэдэг байдлаар дарамталж эхэлсэн. Үйлчлэгчийн ажлыг нь хийгээд үдээс өмнө тал өрөөгөө цэвэрлээд үдээс хойш цэвэрлээгүй өрөөнүүдээ цэвэрлэх гэхэд надад үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан байсан. Арга хэмжээ авсан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 тоот Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байхад миний утсанд мессеж ирсэн. Таны тушаал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Ажилдаа ирж ор гэж бичсэн байсан. Би эргэж залгаад орой болчихсон юм чинь маргааш өглөө очъё гэж хэлсэн. Маргааш нь 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очсон. Үдээс хойш С.Б өрөөндөө дуудсан. Ороход ширээн дээр хөдөлмөрийн гэрээ бэлдээд тавьчихсан байсан. Би уншиж үзээд энэ гэрээний зарим заалт нь надад таалагдахгүй байна. Би уншиж танилцаад хуульд нийцсэн эсэхийг харж байгаад болох болохгүйг нь хэлээд гарын үсэг зурж болох уу? гэсэн чинь тийм юм байхгүй. Өрөөнөөс гарч болохгүй гэрээнд гарын үсгээ зур гэж хэлсэн. Тушаалд яагаад ТҮЭМ-1-1 гэж байгаа юм бэ. Би өмнө нь ТҮЭМ-2-3-аар цалинжиж байсан. Яагаад өөрчилсөн юм бэ гэхэд шинээр ажилд авч байгаа хүнийг ингэдэг юм гэж хэлсэн. Би өрөөнөөс нь гарахын тулд таалагдахгүй ч гэсэн гарын үсгээ зураад гарсан. Төрийн албаны зөвлөл дээр очоод ингээд байна ажилд орсон өдрөөс эхлээд ийм зүйл боллоо. Би энд ажиллахад хэцүү юм байна. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам ийм байна гэж хэлэхэд Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт чинь батлагдаагүй байгаа. Батлагдсан бол дээр нь Төрийн албаны зөвлөл тэдэн сарын тэдний өдөр батлав гэсэн тамга, гарын үсэг зурагдсан байдаг. Тийм учраас та хуучнаараа явна гэж хэлсэн. Тэгвэл би шүүхэд хандаж өргөдлөө өгье гэж хэлсэн чинь та шүүхэд хандаад наад асуудлаа шийдвэрлүүл, батлагдаагүй юм байна дарга ажилтнаа хэдийн хэдээр цалинжуулахыг шийдвэрлэдэггүй. Төрийн албаны зөвлөл шийдвэрлэдэг гэж хэлсэн. Энэ талаар тайлбар хийгээд өг гэж хэлэхэд тайлбараа шүүх хуралдаан дээрээ хэлчих гэж хэлсэн.

Намайг С.Б дуудахаар нь ороход шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шийдвэрлүүлэхгүй. Би чиний нэхэмжилж байгаа мөнгийг чинь яаж ийж байгаад барагдуулъя гэж хэлсэн. Арга хэмжээг цуцалсан шийдвэр, шатлал ахиулсан шийдвэрийг өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа мөнгөнөөсөө татгалзахгүй бол болдоггүй гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөндөө удаан ажилгүй явуулсан учраас би хохирсон тийм учраас би хохирлоо барагдуулна гэж хэлсэн. Дараа нь 10 дугаар сард дуудаж бичиг өгсөн. Уг бичигт шатлал ахиулаад 2 жил болоод тэтгэвэртээ гар. 11.000.000 төгрөгөөсөө татгалз гэсэн бичиг өгөөд ийм юм хийгээд тохиролцъё гэж хэлсэн. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа хүн 45 нас хүрээд өөрөө хүсвэл ажлаасаа чөлөөлөгдөж болно. Өөрөө хүсээгүй бол 55 нас хүртлээ ажиллаж болно гэж хуульд заасан байгаа учраас би юун 2 жил ажиллаад тэтгэвэртээ гарах вэ? Юун мөнгөнөөсөө татгалзах вэ? Би хохирсон хүн. Энэ чинь болохгүй юм шиг байна гэж хэлсэн чинь чи хүнээс асуу, үзүүл. Гарын үсгээ зураад тамга дараад өгчихвөл болчихно. Мөнгөнөөсөө татгалзахгүй бол болдоггүй гэж байна гэж яриад байсан.

Манай үйлчлэгч амарчихсан байна. Би чамаар ажлыг нь хийлгэх гээд байна гэж хэлсэн. Би үйлчлэгчийн ажил хийхгүй. Өөрт оногдсон ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Хуульд иргэн ажлын байранд заасан ажлаа хийнэ. Өөр ажил хийлгэхээр бол 40 хувьтай тэнцэх цалин өгнө. Ажилтан өөрөө хүссэн тохиолдолд гэж байгаа шүү дээ. Би цэвэрлэгчийн ажил хийж дахиж асуудалд ормооргүй байна гэж хэлсэн. Өмнө нь үйлчлэгч Б эгчийг яаж гаргасныг мэдэхгүй. Нэг мэдэхэд гарчихсан байсан. Намайг ажлыг нь хий гэж дарамталсан. Би жил гаруй хугацаанд ямар ч цалингийн 40 хувь авахгүйгээр өөрийн ажлын байрны тодорхойлолт заагаагүй ажил хийж байгаад арга хэмжээ авахуулсан. Тийм учраас би чадахгүй гэдгээ хэлсэн. Би 09 дүгээр сарын 03, 04-ний өдрөөс ямар ч байсан ажлаа хүлээлцэг. Ажлаа хийж байя гэж бодоод ажлаа хийж байсан. 09 дүгээр сарын 05, 06-ны өдөр амралтын өдөр байсан. Би амралтын өдөр ажлаа хийх биш. 1 дэх өдөр ирсэн чинь өрөөндөө дуудаад үйлчлэгчийн ажлаа хийгээгүй байна. Утсаар ярьлаа, гарч орлоо арга хэмжээ авна. Би чамайг ажилд авсан. Болоо юм биш үү. Би дарга мэдэв үү! гэсэн өнгө аястай юм хэлсэн. Би үйлчлэгчийн ажил угаасаа хийхгүй. Ажил хүлээлцэж байж хийнэ шүү дээ. Ядаж ажлаа хүлээлцчихээд арга хэмжээ авч болно шүү дээ. Тэгэхээр нь би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Би дарамтлуулаад үйлчлэгчийнх нь ажлыг 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хийсэн. С.Б-ы өрөөг өдөр алсгалахгүй цэвэрлэсэн. Өөрийнхөө ажлыг ч хийсэн. Тэр хооронд энийг чинь цуцаллаа, болилоо. Үүнээс хойш аятайхан ажлаа хий гэхэд нь тэгье гэж хэлсэн. Дараа нь нэхэмжилсэн мөнгөө цуцал гээд байсан. Зөвшилцөөгүй учраас арга хэмжээ, шатлал хоёрыг чинь цуцаллаа гэж нарийн бичиг надад утасдаж хэлсэн. Намайг арга хэмжээ цуцалсан шийдвэрийнхээ эх хувиа өгөөтөх гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэж асуухад шүүхэд өгөх гэж байна гэж хэлсэн. Та нарт эх хувь нь байдаггүй юм уу? Надад нэг хувь байж байвал зүгээр байна гэж хэлэхэд баримтад хавсаргачихсан учраас хуулбарлаж авч болохгүй байна. Тийм учраас чиний эх хувийг авч шүүхэд өгөх гэж байна гэхээр нь би ямар сонин юм бэ? Надад 1 хувь нь байх ёстой юм чинь гээд нотариатаар батлуулаад авчихсан байсан. Дараа нь нарийн бичиг залгаад чиний арга хэмжээ, шатлалыг чинь хэвээр болголоо шүү гэж хэлсэн. Ямар үндэслэлтэй хэвээр болгосон юм. Би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн чинь чи мөнгөнөөсөө татгалзах, саналыг хүлээн зөвшөөрөөгүй учраас татгалзаж байгаа юм. Тэр чинь байхгүй болсон гэж бодоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм бол тайлбараа өгчих. Сануулах арга хэмжээгээ цуцалчихаад буцаагаад хэвээр байлгана гэсэн чинь ямар учиртай юм бэ? Би ойлгохгүй байна. Тийм бол сануулах арга хэмжээг цуцалснаа сэргээж байна гэсэн бичгээ өгчих гэсэн боловч өгөөгүй. Тийм учраас хавтаст хэргийн материалд нотариатаар батлуулсан хувиа өгсөн. Тийм тийм учраас тушаалаа буцаагаад сэргээсэн гэсэн бол тэр баримтыг нь шүүхэд өгөх байсан байх гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хог хаягдлын ажилтан, бэлтгэмэлчээр ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилд нь эргүүлэн томилсон.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад цалингийн шатлал ахиулж ТҮЭМ-2.3-аар цалинжина гэж шаардсан байсан. Энэ шаардлагад хариу тайлбар хэлэхэд бид төрийн албанд хамгийн сүүлд гарсан хууль, тогтоомжийг мөрдөж ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосон. Энэ тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгууллагын даргын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосон тушаал гарсан. Ц.Э нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ-1-ээр цалинжиж явсан. Ц.Э ТҮЭМ-2-оор цалинжина гэж байгаа. ТҮЭМ-2-оор шүдний эмчийн туслах, туслах сувилагч, түргэн тусламжийн жолооч гэсэн хүмүүсийг цалинжуул гэсэн байдаг. Манай байгууллагын бэлтгэмэлч Ц.Э шүдний эмчийн туслах, сувилагч, түргэн тусламжийн жолооч биш. Манайд шүдний эмчийн туслах, сувилагч, түргэн тусламжийн жолооч гэсэн орон тоо байхгүй. Ийм байхад ТҮЭМ-2-оор цалинжина гээд байх юм.

Засгийн газрын тогтоолын дагуу цалинжуулчихаад үүнийхээ буруутан нь болчихоод явж байна. Тийм учраас ТҮЭМ-2-оор цалинжина гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 3 дахь нэмэгдүүлсэн шаардлага нь байгууллагын даргын тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага байдаг. Ц.Э-ийг Улсын дээд шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилд нь эргүүлэн ав гэсэн шийдвэр гарсны дагуу би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд нь эргүүлэн авсан. Би 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд аваад тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана гэж дурдсан. Ямар нэгэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж байж хөдөлмөрийн харилцаанд ордог. Тийм учраас хөдөлмөрийн гэрээгээ байгуулъя гэж хэлсэн.

Төрийн албаны зөвлөлийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолт гэдэг нэр нь өөрчлөгдсөн. Түүнээс хөдөлмөрийн гэрээний зүйл заалт өмнөх оныхоос огт өөрчлөгдөөгүй. Аль аль нь мэргэжлийн ёс зүйтэй баймаар байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг огт гүйцэтгээгүй. Гараад машиндаа суучихдаг. Гадуур хувцастай, нүдний шилтэйгээ суугаад хэнтэй ч дугарахгүй. Юм хэлэхээр буруугаар ойлгохоор шийдчихсэн байна гэдэг шиг өмнөөс хар яр гэсэн байдалтай байдаг. Би дуугүй л байсан. Хамт олонтойгоо ч дугарахгүй. Чи өрөөгөө цэвэрлээч. Үйлчлэгч амарчихсан учраас өрөөгөө цэвэрлүүлмээр байна гээд мэргэжилтнүүд шаардлага тавихад би шалыг чинь угаах ёстой юм уу? Угаах ёсгүй юм уу? Өмгөөлөгчөөсөө асууж ирнэ гэж хэлдэг. Шал угаахыг өмгөөлөгчөөсөө асуух ямар шаардлагатай юм бэ? Утсаар залгаад асуугаач. Ажлын бус цагаар яв. Ажлын цагаар битгий яваад бай гэсэн шаардлага тавьсан. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөсөн. Ажлын цагаар гадуур хувцастай явсан. Ямар ч ажил хийгээгүй. Ийм учраас Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олны хурлаар оруулаад сануулах арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэгч Ц.Э-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан танай байгууллага ямар сонин юм бэ? Та нар чинь нэг тогоон дотор байж хоорондоо хэл амаа олчихож болдоггүй юм уу? Та яагаад байдаг юм бэ? гэсэн тайлбар хэлж байсан. Би чиний хүсээд байгаа цалингийн шатлалыг чинь ахиулаад ТҮЭМ-3 болгоод өгье. Сануулах арга хэмжээ авсанд эмзэглээд байгаа юм бол хүчингүй болгоод өгье. Чи ажлаа хийхгүй явж байгаад арга хэмжээ авахуулсан. Тийм учраас чи нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзчих. Чи 2 жилийн хугацаанд нэхэмжлээд байгаа 11.000.000 төгрөгөө хэд нугалаад авчих юм байна. Ийм боломж байна уу? гэж асуухад би наадахыг чинь үзье. Гэхдээ чи надад баримт гаргаж өг гэж хэлсэн. Би 2 тушаалаа хүчингүй болгосон. Шатлал ахиулсан тушаал гаргаж өгсөн. Гэтэл би энийг шүүхэд аваачиж өгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзчихаад ирье гээд гараад явсан. Эргэж орж ирснээ манай өмгөөлөгч байхгүй байна. Хөдөө явчихаж. Би өмгөөлөгчөөсөө асуухгүй бол огт болохгүй байна. Би утсаар холбогдоод асуусан чинь болохгүй. Чи нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж болохгүй. Чи хохирно гэж байна. Тохиролцож болохгүй юм байна. Гэхдээ 11.000.000 төгрөгөө гаргуулж авъя. Чи 2 тушаалаа хүчингүй болгочих гэж хэлсэн. Тэгэхэд нь би чамд тушаал гаргаад өгчихсөн шүү дээ. Чи нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзах ёстой. Татгалзахгүй байсаар байтал шүүх надад нэхэмжлэлийг чинь танилцуулчихлаа. Би хүчингүй болгосон тушаал өгчихсөн байсаар байхад шүүхэд тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан байна. Энэ гэрээ, хэлэлцээр чинь юу болох юм бэ? гэж асуусан. Ц.Э тэгвэл би дахиад судалъя гэж хэлсэн.

Эвлэрлийн гэрээ байгуулахад чи нэхэмжлэлээсээ татгалзана. Би ингэнэ гэсэн зүйл байдаг юм байна. Өмгөөлөгч нь Ц.Э-т чи С.Б-тай эвлэрч болохгүй. Гэрээ байгуулах юм бол хохирно гэж ойлгуулсан юм шиг байгаа юм. Би Ц.Э-ийг сайн бод. Асууж сурагла. Эвлэрлийн гэрээ байгуулаад цаасан дээр буулгачихвал шүүгчийн захирамж гарчихдаг юм байна. Би чамайг ТҮЭМ-3.5-аар цалинжуулна гэсэн л бол цалинжуулна. Арга хэмжээ авахаа больчихсон гэсэн л бол арга хэмжээ авахгүй. Хэрэв би чамайг хулхидах гээд ажлаас чинь халах гээд байх юм бол чи шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад захирамжаа авч оч. Тэр үед шүүгчийн захирамжийн дагуу ажиллуулах ёстой байдаг юм байна. Цаасан дээр буулгая гэж хэлэхэд би энийг чинь аваад явлаа гээд дахиад өмгөөлөгч рүүгээ явсан. Би сүүлдээ хамт олныхоо хурал дээр Ц.Э-ээс уучлалт гуйсан. Бид хоорондоо эвлэрэх санал тавьсан. Ц.Э бид хоёрын дунд одоо ямар нэг асуудал байхгүй. Нэг нь дарга, нэг нь ажилтан. Та нар ч гэсэн хамт олны халуун дулаан уур амьсгалаар энэ хүнийг хүлээж аваарай. Энэ хүн ингээд байна гээд орж ирээд даргатай хэрэлдээд маргалдаад байх асуудал байхгүй шүү. Ц.Э байгууллагын ахмад ажилтан. Халуун дулаан уур амьсгалаар хүлээж аваад ажлаа хийцгээе гэж хэлсэн. Гэтэл эвлэрлийн гэрээг авч яваад эргэж ирэхдээ огт болохгүй гэж байна гэж хэлсэн. Аудитор эгчээсээ ч хүртэл асуусан. Чи намайг ТҮЭМ-3-аар цалинжуулсан бол сүүлд нь акт болдог гэж байна. Би буцаад актын төлбөр төлж чадахгүй. Тийм учраас ТҮЭМ-3-аар цалинжихгүй гэж хэлсэн. Тийм учраас өөрийнх нь хүсэлтээр ТҮЭМ-3-аар цалинжуулаагүй. ТҮЭМ-2-оор цалинжина гээд байдаг. Хамгийн сүүлийн ТҮЭМ-2-оор шүдний эмчийн туслах, сувилагч, түргэн тусламжийн жолооч байгаа. Би Ц.Э-ийг түргэн тусламжийн жолоочийн цалингаар цалинжуулалтай биш. Тийм учраас ТҮЭМ-1-ээр цалинжуулна. Тэр нь шил угаагч гэсэн албан тушаал. Шил угаагч гэдэг ажлыг Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажлын байрны тодорхойлолтод заачихсан байгаа. Ц.Э нь лабораторит шил сав болон хувцас хэрэглэлийг угаана. Лабораторит ажиллахад бүх байдлыг бэлтгэж өгнө гэсэн үг. Тийм учраас шил угаагчтай адилхан үүрэг гүйцэтгэж байгаа учраас хамгийн ойролцоогоор нь ТҮЭМ-1-ээр цалинжуулсан. Хамгийн сүүлд хэлэхэд нэхэмжлэлийн мөнгөн дүнг хууль журмын дагуу бодож олгоно уу? нэмэгдүүлсэн шаардлага, цалингийн шатлалыг ахиулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс ажилгүй байсан хугацаа 336 хоногийн олговорт 9.915.696 /есөн сая есөн зуун арван таван мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулан Х овогт Ц.Э-т олгож, Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсныг ТҮЭМ-ийн 2-3 болгон өөрчлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ц.Э-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын 9.915.696 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 173.601 төгрөгийг, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 243.801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж ... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Э миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00741 дугаар шийдвэрийн ...нэхэмжлэлээс цалингийн шатлалын ТҮЭМ 1-1 болгон бууруулсныг ТҮЭМ-ийн 2-3 болгон өөрчлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байгааг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа ороход миний цалингийн шатлалыг үндэслэлгүйгээр бууруулсан байгааг шүүх буруу дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.077.584 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.077.584 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э-ийн цалингийн шатлалыг ТҮЭМ 1-1 болгон бууруулсан байгааг ТҮЭМ-ийн 2-3 болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг заасан байх бөгөөд ажил олгогч нь ажилтны цалингийн шатлалыг бууруулсан, буруу тогтоосонтой холбоотой маргаан нь шүүхээр анх тутам шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. Тиймээс энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

 

Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад бэлтгэмэлчийн ажил нь тусгагдаагүй байх бөгөөд талуудын маргааны зүйл буюу уг ажил албан тушаалыг тухайн жагсаалтын аль хэсэгт дүйцүүлэх, адилтгах талаар шүүх анхлан  дүгнэлт хийх нь зохимжгүй байна.  

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч байгууллага буюу тухайн салбар мэргэжлийн байгууллага түүний дээд шатны байгууллага албан тушаалтан зэрэг хөдөлмөрийн хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлэх зэрэг уг асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00741 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул хариуцагчаас 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

                                    ШҮҮГЧИД                            Т.Ж

 

                                          Ш.Б