Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2020/00709

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-4 тоотод оршин суух Ж овгийн Я-ын Н-ийн нэхэмжлэлтэй

 

хариуцагч: ГАА-ийн ХХҮГ-т холбогдох

 

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчидын хөдөлмөрийн хөлсний тооцоог барагдуулж шийдвэрлээгүйгээс, ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 /Хоёр сая найман зуун дөрвөн мянга долоон зуун/ төгрөг олгогдоогүй хохирсон тул хохиролгүй болгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяанд ажиллаж байсан бөгөөд Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулан өр төлбөрийг барагдуулах тушаал гарсан боловч хэрэгжээгүй. Иймд дотооддоо зохион байгуулалт хийн орон тоог цомхотгон ажилтнуудыг ажлаас чөлөөлөн нягтлан бодогч нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагааг хариуцан үлдэж албан газрын асуудлыг шийдвэрлэтэл одоог хүртэл ажиллаж байна. Байгууллагын санхүүжилт шийдвэрлэгдэхгүй байсан ч үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ямар нэгэн шийдвэр гараагүй тул албан хаагчдад цалин, ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Тус төвийн өрийн асуудал, байгууллагын санхүүжилтийн асуудлыг дээд газартаа уламжлан шийдвэрлүүлж өгөхийг хүсэж тухайн үеийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн яам болон бусад холбогдох дээд газруудад удаа дараа бичиг тоот хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрсэн. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 229-р тогтоолын дагуу томилогдсон комисс гарч Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлж тус төвд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очсон боловч бусад өр төлбөр болох ажилтнуудын цалингийн асуудлыг шийдээгүй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, томилогдсон комисс өрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул тус төвийг төлөөлөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37.288.262,15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14.457.303 төгрөг, татварын 4.495.988,8 төгрөгийн өрийн нийт 54.512.781,82 төгрөгийг гаргуулахаар тус байгууллагыг төлөөлөн нягтлан бодогч Б.Д нь нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар комисс томилон тус байгууллагатай холбоотой өр авлагыг барагдуулах талаар заасан боловч одоог хүртэл ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул тус төвд ажилласан хугацааны цалин 2.277.161 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Н нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргахдаа:  Монгол улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 онын 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгах, барилга хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайланг гарган 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж тайланг танилцуулах үүрэг өгсөн. Гэвч одоог хүртэл ажлын хэсэг ажпаа хийгээгүй, Засгийн газрын тогтоол бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчдын цалин хөлс барагдаагүй хохирч үлдсэн. Я овогтой Н миний бие тус төвийн нярав, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оын 8 дугаар сарын 26-ны өдрийн хоорондох ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс болох 2,804,700 төгрөг олгогдоогүй, татан буулгах комисс хөдөлмөрийн хөлс олгох ажиллагааг хийгээгүйгээс хохирсон тул хохирлыг барагдуулж өгнө үү. Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Үйлдвэр худалдааны сайдын №222 дугаар тушаалаар байгуулагдсан. Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07-р сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Хөдөлмөрийн яамны харъяанд шилжиж, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд үйл ажиллагаагаа явуулах, Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар удирдлага зохион байгуулалтаар хангах, бүтэц чиг үүргийг батлах үүрэг өгсөн. Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01-р сарын 07-ны өдрийн А/01 тушаалаар 2013 оны 07-р сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалыг хүчингүй болгож тус төвийг удирдлага зохион байгуулалтаар ханган бүтэц, чиг үүргийг батлаж ажиллах, үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргат үүрэг болгосон. Тус тушаалын дагуу Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг нийт 9 орон тоотой байх, тус төвийн захирлыг Хөдөлмөрийн хэлсийн дарга томилохоор болсон. Гэвч хөрөнгө санхүүжилт шийдэгдээгүйн улмаас тус төвийн өр төлбөр барагдаагүй, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Аж ахуйн эрхлэлтийн сургалт явуулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин инкубацын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж буй Аж ахуйн эрхлэлтийн сургалтыг зохион байгуулах,, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төвөөс хэрэгжүүлж байгаа инкубацын үйлчилгээг хэрэгжүүлэн санхүүжилт авч төсвийг журмын дагуу зарцуулдаг. Үйл ажиллагааны зардал байхгүйн улмаас халаалт, цалин хөлс, Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татварын өр үүссэн. Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/32 тоот тушаалаар Санхүүжилт олгох тухай, тогтмол зардлыг төлөх шийдвэр гарсан боловч хэрэгжээгүй. Тус төвийн орон тоо нэмэгдэн зардлын хэмжээ нэмэгдэж, халаалт, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, цалингийн өр нэмэгдсэн. Иймд дотооддоо зохион байгуулалт хийж орон тоог цөөлөх хүсэлтийг Хөдөлмөрийн хэлтэст тавьж 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/20 тушаалаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг 2 бүтэц орон тоотой болгосон. Дээрх чиг үүргийн дагуу 5 хүнийг ажлаас чөлөөлөн, санхүүжилтгүйн улмаас ажилчдын ажилсан хугацааны цалин хөлсийг тавих боломжгүй тул эцсийн тооцоог бодолгүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нярав, бичиг хэргийн алжилтнаар ажиллаж байсан Я.Н миний бие Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Санхүүжилтгүйн улмаас 2015 оны 1 дүгээр сараас хойших цалин хөлсөө аваагүй хаалтын тооцоо хийлгүй ажлаас гарсан. Тус төвийн захирал, болон санхүүгийн ажилтнаас цалин хөлсөө авахаар нэхэхэд “санхүүжилт шийдэгдээгүй байна, удахгүй шийдэгдэнэ” гэсэн хариу өгдөг байсан. Энэ хугацаанд ямар нэгэн шийдвэр гараагүй хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр нэмэгдэн нийт 54,412,781,82 төгрөг болсон. Тус төвд үүссэн асуудлыг дээд газарт уламжлан шийдвэрлүүлж өгөхийг хүсэж тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яам болон бусад холбогдох газруудад удаа дараа бичиг тоот хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 229-р тогтоол гарч үүсэн өр төлбөрийг барагдуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх шийдвэр гарсан. Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн А-1/2587 тоот албан бичиг, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрыг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/1760 албан бичгийг үндэслэн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт конторын барилга балансаас балансад шилжиж, халаалтын өр төлбөрийг тус газраас барагдуулсан боловч, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын өр төлбөр барагдалгүй ажилчид хохирч үлдсэн. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгах, барилга хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайланг гаргах 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж тайланг танилцуулахыг үүрэг болгосон байдаг ч Ажлын хэсэг ажлаа хийгээгүй. /Ажлын хэсэгт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, Дотоод аудит, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, нярав томилогдсон байна. Иймээс Засгийн газрын тогтоолын хэрэгжилт бүрэн хангагдахгүй, байгуулагдсан Ажлын хэсэг ажлаа хийгээгүйн улмаас иргэн миний бие ажилласан хугацааны цалин хөлсөө авч чадалгүй хохироод байна. Б.Д нь 2019 онд тус төвийг төлөөлөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37,288,262.15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14,457,303.0 төгрөг, татварын 4,495,988,8 төгрөгний өрийн нийт 54,412,781,82 төгрөгийг гаргуулахаар тус байгууллагыг төлөөлөн нэхэмжилсэн боловч тус төвийг төлөөлөх эрхтэй болох нь тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасанаар нэхэмжпэлийг хүлээн авахаас татгазсан шийдвэр гарсан. Иргэн Я.Н миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анх шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03-р сарын 07-ны өдрийн №133/ШШ2019/00090 дугаар шийдвэрээр 2.804.700 төгрөгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулах шийдвэр гарсан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 2019 оны 05-р сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 15 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж 2.804.700 төгрөгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулах шийдвэр гарсан. Дээрх магадлалыг эс зөвшөөрч Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газраас Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №001/ХТ2020/00377 дугаартай Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарсан. 1. Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байсан цалин, хөлс Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас шаардах үндэслэл тодорхой бус байна гэсэн. Тайлбар: Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01-р сарын 07-ны өдрийн А/01 тушаалаар тус төвийг удирдлага зохион байгуулалтаар ханган бүтэц, чиг үүргийг батлаж ажиллах, үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргат үүрэг болгосон. Хөдөлмөрийн хэлтсээс Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бүтэц орон тоо, чиг үүргээр хангадаг. Тус төвийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг.Тус төвийн өр төлбөр нэмэгдэж, үйл ажиллагаа доголдож байгаа үед арга хэмжээ авч чиг үүргээг хангаагүй, цаг хугацаа алдан нөхцөл байдлыг хүндрүүлсэн гэж үзэж байна. 2. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, мэргэжилтэн, нярав нь ажпын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хамааралтай гэж үзэж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар үүссэн нөхцөл байдалд цаг алдалгүй арга хэмжээ авч чиг үүргээр хангаж ажпаагүй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчидын хөдөлмөрийн хөлсний тооцоог барагдуулж шийдвэрлээгүйгээс, миний бие ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 /Хоёр сая найман зуун дөрвөн мянга долоон зуун/ төгрөг олгогдоогүй хохирсон тул хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Я.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я овогтой Н жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. 2015 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал хугацааны 2.804.700 төгрөгийг аваагүй хохирсон байх тул хохирлыг барагдуулуулахаар нэхэмжилж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А212 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарсан байдаг. Говь-Алтай, Завхан аймаг дахь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайланг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор  холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж тайланг танилцуулж байхыг ажлын хэсэгт үүрэг болгосон байдаг. Ажлын хэсэгт нь хөдөлмөрийн хэлтсийн дарга Мянганбуу, нарийн бичгийн дарга Удвал, хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дотоод аудит хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б, нярав Г,  жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч Б.Д гэсэн хүмүүсийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан. Эдгээр хүмүүс цаг тухайд нь ажлаа хийгээгүй улмаас би цалингаа авч чадалгүй хохирсон гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш. Хөдөлмөрийн хөлсний хохирол төлөх хариуцагч байгууллага ч биш юм. Нэхэмжлэлийн шаардлага нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг татан буулгахаар байгуулагдсан комисс болох Говь-Алтай аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ажилтан мийни хөдөлмөрийн хөлстэй холбогдох тооцоог хийгээгүй болж надад учирсан хөдөлмөрийн хөлсний хохирол гаргуулах гэжээ. Тус жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих төвийн ажилчидын цалинг Говь-Алтай аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар олгодоггүй, энэ хохирлоо Говь-Алтай аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нэхэмжлэх боломжгүй гэж үзэж байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажил олгогч биш. Хоёрдугаарт тушаал гаргаж аваагүй, тушаал гаргаж ажлаас чөлөөлөөгүй, төсөв санхүүгийн хувьд манайхаас тусдаа байгууллага. Ийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга эд хөрөнгө, өр авлагыг барагдуулах, санхүүгийн хаалтын тайлан гаргах талаар ажлын хэсэг томилсон байдаг. 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдсон. Тухайн томилогдсон хүмүүс нь тухайн цаг хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хөрөнгө болох барилга, эргэлтийн хөрөнгүүдийг шилжүүлэх ажлыг хугацаанд нь зохион байгуулсан. Өөрийн эрх хэмжээний хүрээнд бусад өр барагдуулах тооцоо хийх талаар албан бичгийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн Г.Өт уламжилсан. Өөрийн хийх ёстой ажлыг хийсэн гэж үзэж байгаа. Ажлын хэсэг нь удирдамжын дагуу ажлаа хийсэн. Ажлын хэсэг нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн татварын өр, цалингийн өрийг барагдуулахгүй. Өөрийн чадах ажлын хэсгийн хүрээнд албан тоотыг тухайн эрх бүхий байгууллагад уламжилсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Я.Н нь Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчидын хөдөлмөрийн хөлсний тооцоог барагдуулж шийдвэрлээгүйгээс, миний бие ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 /Хоёр сая найман зуун дөрвөн мянга долоон зуун/ төгрөг олгогдоогүй хохирсон тул хохиролгүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргажээ.

Уг иргэний хэргийг тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажил олгогч гэж үзэх, хариуцагчаас нэхэмжлэгчид олгох цалин, хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар гаргуулахаар үндэслэл шаардлагатай бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан байх ба нэхэмжлэгч ... Монгол улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 онын 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяа Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих Төвийг татан буулгах, барилга хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайланг гарган 2017 оны 10-р сарын 15-ны дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж тайланг танилцуулах үүрэг өгсөн. Гэвч одоог хүртэл ажпын хэсэг ажпаа хийгээгүй, Засгийн газрын тогтоол бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчдын цалин хөлс барагдаагүй хохирч үлдсэн гэж тайлбарласан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш. Хөдөлмөрийн хөлсний хохирол төлөх хариуцагч байгууллага ч биш юм. Ажлын хэсэг нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн татварын өр, цалингийн өрийг барагдуулахгүй. Өөрийн чадах ажлын хэсгийн хүрээнд албан тоотыг тухайн эрх бүхий байгууллагад уламжилсан гэж тайлбарлаж маргажээ.

Нэхэмжлэгч Я.Н нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвд нярав, бичиг хэрэг хариуцсан ажилтнаар 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр томилогдон ажиллаж, улмаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих инкубаторын төвийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 дугаар тушаал, 2014 оны хөдөлмөрийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор заасан бөгөөд Я.Н нь хохирол учруулсан этгээдээс Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчдын хөдөлмөрийн хөлсний тооцоог барагдуулж шийдвэрлээгүйгээс, ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 /Хоёр сая найман зуун дөрвөн мянга долоон зуун/ төгрөг олгогдоогүй хохирсон тул хохиролгүй болгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар Говь-Алтай аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайлан гаргах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар байгуулж, уг тушаалаар ...Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн хаалтын тайланг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

 

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар “Ажлын хэсгийн удирдамж”-ийг баталсан байх “Ажлын хэсгийн удирдамж”-д Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, хаалтын баланс гаргах, Ажлын хэсэг дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Үүнд:

...3.Татвар, Нийгмийн даатгал, тогтомол зардал, өр төлбөр, авлагын тооцоо нийлж барагдуулах, шилжүүлэх,

4.Ажиллагсадтай хийх аливаа тооцоог хийж барагдуулах... гэжээ.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны хувьд цалин, хөлсний тооцоог хийж барагдуулахаар удирдамжид заасан байгаа боловч Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтануудын цалингийн эх үүсвэр нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шууд санхүүждэг гэж талууд харилцан зөрүүгүй тайлбарлаж байгаа мөн Төсвийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д үндсэн үйл ажиллагааны зардлаас туслах үйл ажиллагаанд зориулж шууд болон шууд бусаар хөрөнгө зарцуулахыг хориглоно гэж заасан байх тул Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь санхүүжилт, цалингийн зардалд байхгүй зүйлд төсөв зарцуулах эрх байхгүй байна.

Тушаал болон ажлын хэсэг байгуулсан эрхийн актаар аливаа субьектийн эрх хэмжээ тодорхойлогдохгүй, хуулиар олгогдсон эрх, чиг үүргийн хүрээнд тодорхойлогдоно.

Харин Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр танаа гээд “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр ...Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаар тушаалаар ...ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр барагдаагүй байна. Иймд Засгийн газрын 229 дүгээр тогтоолыг бүрэн хэрэгжүүлж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлтээ уламжилсан болох нь тогтоогдож байх буюу цалингийн асуудлыг шийдвэрлээгүй гэх гэм буруугийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Я.Н нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж хөдөлмөрийн харилцаа үүсээгүй буюу хөдөлмөрийн гэрээний үүрэг хүлээгээгүй байна. Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс олгох үүрэггүй тул уг гэрээний үүрэг зөрчигдсөний улмаам бий болсон хохирлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцах үндэслэлгүй байна.  

Тиймээс ажил олгогчийн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн эрх зүйн үр дагавар буюу ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 төгрөг олгогдоогүй хохирсон тул хохиролгүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хариуцах үндэслэлгүй байна.

Тодруулбал ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 төгрөг олгогдоогүй хохирол нөхөн гаргуулж байгаа хуулийн зохицуулалт нь тухайн ажилтан уг ажлаа эрхлэн гүйцэтгэж байсан бол тухайн байгууллагын төсвөөс цалин олговроо авах тэр эрхийг нь сэргээн тогтоох зорилготой зохицуулалт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан байх тул шүүх санаачилгаараа хариуцагчийг солих боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчидын хөдөлмөрийн хөлсний тооцоог барагдуулж шийдвэрлээгүйгээс, ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 /Хоёр сая найман зуун дөрвөн мянга долоон зуун/ төгрөг олгогдоогүй хохирсон тул хохиролгүй болгуулахыг шаардсан Я.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол биш гэж тодорхойлсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/212 тоот тушаал бүрэн хэрэгжээгүйн улмаас ажилчидын хөдөлмөрийн хөлсний тооцоог барагдуулж шийдвэрлээгүйгээс, ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 2,804,700 /Хоёр сая найман зуун дөрвөн мянга долоон зуун/ төгрөг олгогдоогүй хохирсон тул хохиролгүй болгуулахыг шаардсан Я.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ц.ҮЙТҮМЭН