Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00377

 

Я.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

Я.Н-ийн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох

Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан цалин 2.804.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяанд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн А/01 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулан өр төлбөрийг барагдуулах тушаал гарсан боловч хэрэгжээгүй. Иймд дотооддоо зохион байгуулалт хийн орон тоог цомхотгон ажилтнуудыг ажлаас чөлөөлөн нягтлан бодогч нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагааг хариуцан үлдэж албан газрын асуудлыг шийдвэрлэтэл одоог хүртэл ажиллаж байна. Байгууллагын санхүүжилт шийдвэрлэгдэхгүй байсан ч үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ямар нэгэн шийдвэр гараагүй тул албан хаагчдад цалин, ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Тус төвийн өрийн асуудал, байгууллагын санхүүжилтийн асуудлыг дээд газартаа уламжлан шийдвэрлүүлж өгөхийг хүсэж тухайн үеийн хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөрийн яам болон бусад холбогдох дээд газруудад удаа дараа бичиг тоот хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрсэн. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоолын дагуу томилогдсон комисс гарч Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлж тус төвд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очсон боловч бусад өр төлбөр болох ажилтнуудын цалингийн асуудлыг шийдээгүй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, томилогдсон комисс өрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул тус төвийг төлөөлөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37.288.262,15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14.457.303 төгрөг, татварын 4.495.988,8 төгрөгийн өрийн нийт 54.512.781,82 төгрөгийг гаргуулахаар тус байгууллагыг төлөөлөн нягтлан бодогч Б.Дашмаа нь нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар комисс томилон тус байгууллагатай холбоотой өр авлагыг барагдуулах талаар заасан боловч одоог хүртэл ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул тус төвд ажилласан хугацааны цалин 2.277.161 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажил олгогч биш. Тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдыг ажилд авч, чөлөөлөөгүй. Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан тоотоор манай байгууллагад хүсэлт уламжлахдаа тус төвийн нягтлан бодогч хийж байсан Б.Дашмаа нь ...Дээрх өр төлбөрийг барагдуулж өгөхийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох газруудаас удаа дараа хүссэн боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарах тул өрийг барагдуулах боломжгүйг мэдэгдсэн. Иймд Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж өгөхийг харъяа яаманд уламжилж өгнө үү гэжээ. Энэ хүсэлтийн дагуу манай байгууллага 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт уламжилсан болно. Иймд манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Н-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин 2.804.700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59.825 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ж.М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Я.Н- нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Нэхэмжлэгч Я.Н-ийг ажлаас чөлөөлөх үед нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэр нь татан буугдаагүй байсан. Энэ хүн тухайн үед цалингийн талаар ямар нэгэн хуулийн байгууллагад гомдол гаргаагүй өдий хүрсэн байдаг. Я.Н-ийг ажлаас чөлөөлөгдөөд 1 жилийн дараа Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэр татан буугдах шийдвэр гарсан байгаа. Өнөөдрийн байдлаар албан ёсоор татан буугдаж, тамга тэмдэг хураагдаагүй байгаа юм. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн А/212 дугаартай “ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ...тайлан гаргах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, уг ажлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Давж заалдах шатны шүүх нь хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн хөлс буюу цалингийн тооцоог татан буулгах комисс нь барагдуулах үүрэгтэй байна гэж үзсэн атлаа нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж үзэлгүйгээр ажлын хэсгээр томилогдоогүй Говь-Алтай аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас цалинг гаргуулсныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Я.Н-, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас  цалинд 2.804.700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “...тус газрын харъяа  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Говь-Алтай төвд нярав, бичиг хэргийн ажилтнаар  ажиллахдаа санхүүжилтгүйгээс цалин аваагүй, төв татан буугдсан” гэснийг хариуцагч,  “ажил олгогч биш, холбогдох дээд байгууллагад уламжилсан боловч асуудлыг шийдвэрлээгүй” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул тэдгээрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

1. Я.Н- Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төвд ажиллаж байсан цалин, хөлсөө Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шаардсан үндэслэл тодорхой бус байгаа тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэх, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх буюу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажил олгогч гэж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлага нь урьдчилсан нөхцөл болно.   

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ажил олгогч гэх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулах, үр дүнд нь тохирсон цалин олгох үүргийг ажилтан авч, ажиллуулж байгаа этгээд буюу ажил олгогч хүлээнэ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Говь-Алтай төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Говь-Алтай төвд ажиллаж байсан нь тогтоогджээ. Хариуцагчтай хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажил олгогч гэж үзэх, хариуцагчаас нэхэмжлэгчид олгох цалин, хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар гаргуулахад үндэслэл шаардлагатай бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт нийцээгүй гэж шүүх үзлээ. 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин, хөлс эсхүл хохирол шаардаж буйг тодруулах шаардлагатай байна.

2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Говь-Алтай төв нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдаж, тухайлан байгуулагдсан комисс татан буулгах үйл ажиллагааг  явуулж байгаа нь тогтоогджээ.

Татан буулгах комисс нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Говь-Алтай төвийн ажиллагсадтай хийх тооцоог барагдуулах ажиллагааг хийгээгүй зэрэг үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Хуулийн этгээдэд холбогдох татан буулгах комиссын шаардлагыг хангах, тухайлбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс олгох  ажиллагааны дараалал, зарчмыг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зохицуулжээ.

Татан буулгах комисс хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж дууссан эсэх, дууссан бол хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс олгох ажиллагааг хэрхэн хийсэн зэргийг тодруулсны эцэст Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, мөн бусад байгууллага тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Говь-Алтай төвийг татан буулгах комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг хуулийн этгээд үүнд холбоотой эсэхийг тодорхойлох нөхцөл бүрдэхээр байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг тодруулсны эцэст Я.Н-ийн шаардлагын талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2019/00090 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ