Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 785

 

2020           6              18                                           2020/ДШМ/0785                                

 

     М.Б-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч  ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Д.Б ын гаргасан давж заалдах гомдлоор М.Б-д холбогдох эрүүгийн 2005007370425 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн М-ийн Б, ......... Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, М сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой, 2 дугаар байрны 55 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 544 дүгээр гудамжны 36 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......

            М.Б нь 2020 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” худалдааны төвийн ойролцоо явган хүний гарц дээр иргэн Ж.Цын толгойн тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь “гавлын суман заадасны салсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Бгөөс 1.285.127 төгрөг гаргуулан хохирогч Ж.Цад олгож, хохирогч Ж.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих болон торгох ялын санкцитай. М.Б нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон байна. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлсөн гэх зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү.

...Анхан шатны шүүхээс оногдуулсан 1.300.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан. Энэ баримтыг өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолд хавсаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хохирогч “хохирлоо авчихвал гомдол санал байхгүй” гэсэн байдаг. Мөн шүүгдэгч М.Бгийн хувийн байдалтай холбоотой 17 хуудас баримт гаргаж өгч байна. Энэ баримт нь төрсөн эгч Шинэзулынх нь дансны хуулга юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай буюу торгох, хорих ялтай. М.Бгийн гэр бүл энэ хэргийн талаар огт мэдээгүй байж байгаад анхан шатны шүүхээр хэрэг шийдэгдсэн хойно мэдсэн. Тэгэхээр дүүгийнхээ сургууль болон амьдралд эгч, ах нар нь санаа зовж “торгуулийн ял оногдуулж өгөөч” гээд дансны хуулгаа гаргаж өгсөн юм. Иймд хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв..

Шүүгдэгч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах гомдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. Шүүгдэгчийн биеийн байцаалтын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, “Мандах” дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн торгох ялын хэмжээ нь 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөс дээш хэмжээгээр торгохоор байгаа. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтэй зөрчилдөж байна. Мөн эгч нь хохирол төлбөрийг нь төлнө гэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимтай зөрчилдөж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” худалдааны төвийн ойролцоо явган хүний гарц дээр иргэн Ж.Цын толгойн орой хэсэгт гараараа цохисноос эрүүл мэндэд нь “гавлын суман заадасны салсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Цын “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Ану, Т хоёртой “Sеа” бааранд ороод 1 шил пиво уусан. Баар хаахаар болоод баарнаас гараад такси барих гээд зогсож байхад 3 залуу ирээд Т, Ану хоёртой маргалдаад байхаар нь би орхиод явъя гэж бодоод эргэж хараад нэг хоёр алхаад ухаан алдаад унасан. Тухайн үед миний ухаан орон гаран байгаад нэг мэдсэн чинь цагдаагийн газар ирсэн байсан. Манай хоёр найзтай маргалдаж байсан гурван эрэгтэйн нэг нь учруулсан байх гэж бодож байна...” /хх 18-19, 55/,

гэрч Э.Тгийн “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Модны 2 дахь гэртээ найзууд болох Ану, Цэвээнбат бид гурав ballantines гэх виски хувааж уугаад гарцгаасан. Тэгээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Sea” клуб ороод хоёр шил 0,5 литрийн пиво уусан. 12 цагийн орчимд шөнийн цэнгээний газар хаахад бид гурав гарсан. Шөнийн цэнгээний газраас гараад бид гурав хоёр охинтой танилцсан. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Парадокс автобусны буудал дээр нөгөө хоёр охинтойгоо бид гурав юм яриад зогсож байхад үл таних  хар куртиктэй хүн бид нарын араас  ирээд нөгөө хоёр охиноос болж бид нар маргалдаж эхэлсэн. Тухайн хүн бид нарын танилцсан охидуудыг таньдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн хар куртиктэй хүнийг маргалдаж байхад найзууд нь бид нарын араас ирсэн. Тэгээд тухайн хүний найзтай би зууралдаад цаашаа явсан. Манай найзыг ямар ч байсан хар куртиктэй хүн хоёр удаа цохиход газар унасан” /хх 22-23/,

гэрч Б.Б-ийн “...би 11 цагийн үед үл таних эмэгтэй хүнтэй бүжиглэж байгаад танилцсан. Нөгөө охин гараад явахаар нь би утасны дугаарыг нь авах гээд Галбадрахын хамт араас нь гарсан. Дугаарыг нь авчихаад “Sea” баар хаах хүртэл гадаа нь тамхи татаад зогсож байсан. Тэнд зогсож байхад Галбадрах гэр лүүгээ харих гээд гараад явсан. Би нөгөө охинтой нилээд удаан зогсоод уулзаж байхад замын нөгөө талд манай найзууд болох Б нь үл таних залууг унагаачихсан байсан.” /хх 24-25/,

гэрч Т.А-ийн “...Ж.Ц баарны гадаа түрүүлж гараад Т бид хоёр тухайн бааранд үйлчлүүлж байсан хоёр эмэгтэйтэй хамт араас нь гарсан. Тэгээд баарнаас гараад тухайн хоёр эмэгтэйтэй “танилцъя, хэдүүлээ хамт үргэлжлүүлж нэг газар оръё” гэхэд тэр хоёр эмэгтэй үгүй, бид хоёр одоо харилаа гэхээр нь бид гурав тухайн хоёр эмэгтэйг таксинд суулгаж өгөх гээд зам хөндлөн гараад замын урдаас такси барих гээд байж байтал бид нарын араас гурван залуу ирсэн. Тухайн гурван залуу бид гурав дээр ирээд “та нар яах гээд байгаа юм” гээд байсан. Тэгэхээр нь би тухайн гурван эрэгтэйд “хэдүүлээ маргалдаад яах вэ, эв зүйгээ олъё” гэхэд хоёр эрэгтэйгээс Тг чирээд цаашаа аваад явсан. Тэгэхээр нь би тухайн хоёр эрэгтэйгээс Тг салгах гээд хойноос нь явж байтал нэг эрэгтэй хүн “чамайг ганцхан цохисон шүү” гэж орилсон. Би эргээд хартал манай найз Ж.Ц явган хүний гарцан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би сандраад гүйгээд очиход Ж.Цын нүд нь аниастай, хамар болон ам нь битүү цус болчихсон байсан. Сэргээх гэхэд сэрэхгүй байсан.” /хх 27-28/,

шүүгдэгч М.Бгийн “...Мөнхбадрах бид маргалдаад байсан хүмүүсээсээ салаад зам гарах гээд явж байхад араас нэг өндөр залуу ирээд миний араас татаж аваад заамдсан, би зөрүүлээд заамдаад миний нүүрний шанаа тал руу цохисон. Би хувцаснаас нь өөрлүүгээ татаад нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Хоёр дахь цохилтон дээр нь намайг заамдаж байсан хүн ухаан нь балартаад, гар нь суларсан. Тэгэхээр нь би хувцаснаас нь заамдсан чигээрээ тухайн эрэгтэйг ар нуруугаар нь газар хэвтүүлтэл тухайн эрэгтэй газар хэвтсэнийхээ дараа хоёр гараа хажуу тийшээгээ дэлгээд хэвтчихсэн. Хоёр нүд нь тогтохгүй ийш тийшээ эргэлдээд байсан. Би анхандаа тухайн эрэгтэйг жүжиглээд байна гэж бодоод тухайн эрэгтэйд хандаж “би чамайг ганц цохисон шүү” гэж хэлсэн. ...миний цохисон хүн ухаан нь балартаад хэвтээд байсан. Тэгэхээр нь би орхиод найзуудтайгаа маргалдаж байсан хүмүүсээс нь салгах гээд очсон. Ану гээд залуу нь надруу гүйж ирээд манай найз сэрэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цохисон залууруугаа очсон. Хацар луу нь цохиод сэрээрэй гэж алгадаж байхад цагдаа ирээд намайг аваад явсан.”/хх 08-09, 20-21/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2622 дугаартай “...Цэвээнбатын биед гавлын суман заадасны салсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цус хараа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” /хх 31-32/ гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байх ба шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Бгийн иргэн Ж.Цын толгойн орой хэсэгт гараараа цохисноос эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” заасан нөхцөлийг хангахгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь “Мандах” их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, оногдуулах торгуулийн ялыг төлж чадах эсэх нь тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан зэрэг нь давж заалдах журмаар гаргасан гомдол болон түүнд хавсаргасан бэлэн мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байх тул эдгээр байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан гурван жилийн хорих ялыг ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу нэг жилийн хорих болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Бгөөс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,300,000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч М.Б нь гэм хорын хохиролд 1,300,000 төгрөгийг хохирогч Ж.Ц-д төлсөн болохыг дурьдсугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ