Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2021/00397

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн М сумын ... баг, Ж хаягт оршин суух бүртгэлтэй, Х сумын ... баг, ... тоотод түр оршин суух, ... регистрийн дугаартай, Х овогт Т-н Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Б сумын ... багт байрлах, ... регистрийн дугаартай, “Д” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-д холбогдох,   

“Ажилласан хугацааны цалингаас дутуу олгогдсон цалин болон сул зогсолтын үеийн олговорт нийт 15 400 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /ү-0541, онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Г.Э /онлайнаар/ нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Д” ХХК-д 2020 оны 02 сарын 10-ны өдөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд сарын 2 000 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээгээр сул зогсолтын үед үндсэн цалингийн 60 хувиар тооцож сул зогсолтын хөлсийг өгөхөөр ажил олгогч үүрэг хүлээсэн. Компанийн ажилтнууд сард 20 хоног ажиллаж, 10 хоног амрах зарчмаар ажилладаг байсан. ...2020 оны 02 дугаар сард сар шинэтэй холбоотойгоор ажлын 11 хоног ажилласны цалин 1 100 000 төгрөг, 03 дугаар сард 22 хоног ажиллаж 2 200 000 төгрөгийн, 04 дүгээр сард 23 хоног ажиллаж 2 300 000 төгрөгийн, 08 дугаар сард 17 хоног ажиллаж 1 700 000 төгрөгийн, 10 дугаар сард 20 хоног ажилласнаас 700 000 төгрөгийг дутуу, 11 дүгээр сард 200 000 төгрөгийн цалин дутуу, тус тус ...8 200 000 төгрөгийг ажил олгогч өнөөдрийг хүртэл надад олгоогүй. Сул зогсолт 2020 оны 5, 6, 7, 12-р сар, 2021 оны 1, 2-р саруудад нийт 6 сарын сул зогсолтын үеийн цалинг үндсэн цалингийн 60 хувиар тооцоход нэг сард 1 200 000 төгрөг болох ба нийт 7 200 000 төгрөгийг ажил олгогч хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтанд олгох ёстой. Ингээд нийт 15 400 000 төгрөгийн цалин болон сул зогсолтын үеийн нөхөн олговрыг өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа тул дээрх цалин, сул зогсолтын үеийн хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Г нь 2020 оны 02 сарын 10-ны өдөр “Д” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерийн ажилд орсон. Сарын цалинг 2 000 000 төгрөгөөр тохирч ажилд авсан. Ингээд 2 000 000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээгээр бол сул зогсолтын үед үндсэн цалингийн 60 хувиар тооцож, сул зогсолтыг олгохоор Хөдөлмөрийн хуульд зааснаар талууд харилцан тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Ажилтанд ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний хувийг өгөөгүй байдаг. Гэхдээ тухайн үед цалинг 2 сая төгрөгөөр тохирч, тушаал шийдвэр гарсан гэж Г хэлдэг. Магадгүй хариуцагч энэ тушаал, хөдөлмөрийн гэрээг солиод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Үндсэн цалингаас дутуу олгогдсон 8 200 000 төгрөг, сул зогсолтын үеийн цалин 7 200 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлж, бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэв.

Хариуцагч “Д” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Г нь “Д” ХХК-ийн захирлын 2020 оны 02 сарын 11-ний өдрийн Б/83 тоот тушаалаар сарын 1 500 000 төгрөгийн цалинтай ХАБЭА-н ажилтны орон тоон дээр ажилд орсон болно. Т.Г нь 2020 оны 02 сард 11 хоног, 03 сард 22, 04 сард 15 /5 хоног чөлөөтэй/, 07 сард 2 хоног /ажилд дуудсан боловч ирээгүй ба Улаанбаатар хотод түр ажил хийж байсан/, 08 сард 17 хоног /3 хоног дутуу/, 09 сард 20 хоног /үүнээс 8 хоногийг Э.Б-н үйлдвэрийн ослын ОМ-1 акт бүрдүүлэх ажлаар явсан боловч ямар ч ажил хийгээгүй/, 10 сард 20 хоног, 11 сард 8 хоног /үйлдвэрийн ослын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэх сургаар ажлаа хаяж явсан/ тус тус ажилласан болно. 2020 оны 05, 06 дугаар саруудад ковид-19 цар тахлын улмаас ...ажил зогссон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч сул зогсолтын 60 хувийг олгох байсан боловч өнөөдрийг хүртэл санхүүгийн чадамжгүй байдалд байна. Т.Г 2020 оны 11 сарын 18-ны өдөр ажлаа хаяж явсан учир 2020 оны 11 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан болно. Т.Г ажиллаж байх хугацаандаа НДШ, ХАОАТ зэргийг суутган нийт олгох 8 233 700 төгрөгийн цалингаас 5 120 000 төгрөгийн цалин авсан байна. Түүний цалингийн үлдэгдэл 3 113 500 төгрөг болж байна. Т.Г-н ажилдаа хандах хандлага, хариуцлага муугаас 2020 оны 09 сарын 12-ны өдөр үйлдвэрийн осол гарч ажилчин Э.Б хүнд гэмтэл авсан. Үүний улмаас компанид 4 000 000 төгрөгийн торгууль тавигдаж, Э.Б-н эмчилгээний зардалд 12 000 000 төгрөгийн нөхөн төлбөр өгсөн. Т.Г-н нэхэмжилсэн цалин болон сул зогсолтын 15 400 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Т.Г-г ХАБЭА-н инженер биш ХАБЭА-н ажилтны албан тушаалд томилон ажиллуулсан. Гэтэл инженер гэж яриад байх юм. Манай компанийн гүйцэтгэх захирал Б-н гаргасан тушаалаар Г-г хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны албан тушаалд томилсон бөгөөд түүний сарын цалинг 1 500 000 төгрөгөөр цалинжуулахаар тушаал гарсан байдаг. Тэгээд Г нь 7 сар ажилласан ба үүний цалин хөлс нь 8 233 700 төгрөгийн цалинг гарт нь олгох ёстой байсан. Үүнээс 5 120 000 төгрөгийг олгосон, үлдэгдэл цалин болох 3 113 500 төгрөгийг олгох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас ажилласан хоногийг нь бодоод л 3 113 500 төгрөгийн цалинг хүлээн зөвшөөрч төлөх саналтай байна. ...2020 оны 5, 6 дугаар сард компани сул зогссон. Энэ сул зогсолтын үеийн цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгоход бидэнд татгалзах зүйл байхгүй. ...Энэ 2 сарын сул зогсолтын цалинг үндсэн цалингийн 60 хувиар бодоод өгөх нь зүйтэй гэж бид шийдсэн. ...Үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны буюу 2020 оны 02, 03, 04, 08, 10 сарын цалингаас дутуу олгосон цалин 8 200 000 төгрөг, сул зогсолтын үе буюу 2020 оны 05, 06, 07, 12, 2021 оны 01, 02 сарын олговорт 7 200 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар “цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлж, бичилт хийлгүүлэх тухай” шаардлагыг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон болно. (хх 1-2 тал)

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сарын цалинг 2,0 сая төгрөгөөр тохирч ажилд авсан. Ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээнд сарын цалинг 1,5 сая төгрөг гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эдгээр баримтуудыг солиод ирсэн байхыг үгүйсгэхгүй. 2020.11.30-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй. Энэ тухай нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Ажил олгогч нь ажилтны ажилласан хугацааны цалин болон сул зогсолтын үеийн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгох үүрэгтэй...” гэж тайлбарлаж, 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...Т.Г-г ХАБЭА-н ажилтны албан тушаалд сарын 1,5 сая төгрөгийн цалинтай ажиллуулахаар анх ажилд авсан. Түүнд ажилласан хугацааны цалин 8 233 700 төгрөгийг олгохоос 5 120 200 төгрөгийг олгосон, үлдэх 3 113 500 төгрөгийг, мөн 2020 оны 05-06 сарын сул зогсолтын олговрын хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2020 оны 7 сард манай компани сул зогсолт хийгээгүй ба Т.Г-г дуудсан боловч ажилдаа ирээгүй. Мөн Т.Г нь 2020.11.18-ны өдөр ажлаа хаяж яваад эргэж ирээгүй тул 2020.11.30-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн. Иймд сарын цалинг 2,0 сая төгрөгөөр тооцох, 2020 оны 07, 12 сар, 2021 оны 01, 02 саруудын сул зогсолтын олговрыг олгох үндэслэлгүй...” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Т.Г нь “Д” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/83 дугаартай тушаалаар тус компанийн ... уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй /цаашид “ХАБЭА” гэх/-н инженерийн албан тушаалд мөн өдрөөс томилогдон ажиллаж эхэлжээ. (хх 40 тал)

Ажил олгогч буюу “Д” ХХК ажилтан буюу ХАБЭА-н инженер Т.Г-тэй 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 83 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх ба тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. (хх 37-39, 45-46 тал)

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгч “...сарын цалинг 2 000 000 төгрөгөөр тохирч ажилд авсан. ...“Д” ХХК-ийн Голомт банкинд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтыг үндэслэж 2 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна...” гэж, хариуцагчийн төлөөлөгч “...Т.Г-г ХАБЭА-н инженер биш ХАБЭА-н ажилтны албан тушаалд томилон ажиллуулсан...” гэж тус тус тайлбарлах боловч хэрэгт авагдсан “Цалингийн тодорхойлолт” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул шүүх тус баримтыг үнэлэх боломжгүй байхаас гадна “...Т.Г-г ... уурхайд ХАБЭА-н инженерийн албан тушаалд сард 1 500 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллуулах...” талаар тусгаж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан “Хөдөлмөрийн гэрээ” болон “Д” ХХК-ийн захирлын Б/83 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал зэргээр нэхэмжлэгч Т.Г-г “Д” ХХК-ийн ... уурхайд ХАБЭА-н инженерийн албан тушаалд, сарын 1 500 000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгч, хариуцагч талын дээрх тайлбаруудыг үндэслэлгүй гэж үзэв.  

Тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийн 5 дугаар талд авагдсан “Цалингийн тодорхойлолт”-ын нотлох баримтыг шаардлага хангасан хувийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч захирамжид заасан баримтыг ирүүлээгүй ба шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч “...тодорхойлолтыг шүүхэд өгөх гээд хүний нөөцийн ажилтнаа аваад ир гэтэл тийм баримт байхгүй, Т.Г бид нар дээр орж ирээгүй, өөрөө бичиж ороод танаар гарын үсэг зуруулж тамга даруулаад аваад явсан байна гэж надад хэлсэн. Тийм учраас тэр тодорхойлолт манай компанид байхгүй учир шүүхэд өгөх боломжгүй...” гэж тайлбарласан болно. (хх 31-33, 35 тал)

 Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно”, 56.2-д “Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно” гэж тус тус заасан байхаас гадна,  

Хөдөлмөрийн гэрээний 5.3-д “Ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг сард нэг удаа олгоно”, 6.2.1-д “Ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг цаг хугацаанд нь олгох”, 7.1.2-т “Гэрээгээр тохиролцсон цалин, хөлс, олговор, урамшууллыг цаг хугацаандаа авах” гэж тус тус заажээ.

Энэхүү Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн ажилласан хугацааны цалин хөлс болон сул зогсолтын үеийн олговрыг шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч “Д” ХХК-ийн захирал Г.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар байхгүй тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэл болгон ХАБЭА-н инженер ажилтай Т.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. (хх 56 тал)

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол цуцалж болох талаар хуульчилсан ба хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Т.Г-г “...хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандан хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт, зааварчилгааг ажилчдад өгч осол аваараас урьдчилан сэргийлээгүйгээс үйлдвэрлэлийн ноцтой осол гарч хүний эрүүл мэнд болон компанид 16 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн шалтгаангүйгээр ажлын байрыг орхин явж 12 хоног ажил тасалж хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн...” гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь энэ үүргээ биелүүлсэн байна гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч, түүний төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч талыг энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Т.Г-г “Д” ХХК-ийн ХАБЭА-н инженерийн үүрэгт ажлаас 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар чөлөөлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгч Т.Г нь ажилласан хоног болон тэр хугацаанд олгогдох цалинг тооцохдоо:

- 2020 оны 02 сард 11 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 1 100 000 ₮,

- 2020 оны 03 сард 22 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 2 200 000 ₮,

- 2020 оны 04 сард 23 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 2 300 000 ₮,

- 2020 оны 08 сард 17 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 1 700 000 ₮,

- 2020 оны 10 сард 20 хоног ажилласан, энэ хугацааны цалингаас 700 000 ₮,

- 2020 оны 11 сард ажилласан /хоног тусгаагүй/ хугацааны цалингаас 200 000 төгрөг, нийт 8 200 000 төгрөгийг олгоогүй гэж нэхэмжилдэг.

 Харин хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Т.Г-г ажилд томилогдсон 2020 оны 02 сарын 11-ний өдрөөс хойш буюу:

- 2020 оны 02 сард 11 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 825 000 ₮,

- 2020 оны 03 сард 22 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 1 650 000 ₮,

- 2020 оны 04 сард 15 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 1 102 500 ₮,

- 2020 оны 07 сард 2 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 147 000 ₮,

- 2020 оны 08 сард 17 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 1 249 500 ₮,

- 2020 оны 09 сард 20 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 1 470 000 ₮,

- 2020 оны 10 сард 20 хоног ажилласан, энэ хугацааны цалинд 1 269 500 ₮,

- 2020 оны 11 сард 8 хоног ажилласан хугацааны цалинд 520 200 ₮, нийт 8 233 700 төгрөгийн цалинг гарт нь олгох байснаас 5 120 200 төгрөгийг олгож, үлдэх 3 113 500 төгрөгийг олгоогүй байгаа гэж тайлбарладаг ба энэ нь тус компаниас ирүүлсэн “Цалингийн тооцоо”-ны баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал гарт олгосон цалингийн дүн дээр маргадаггүй болно. (хх 41, 45-46 тал) 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.  

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч “Д” ХХК-аас “Ажилласан хугацааны цалин болон сул зогсолтын үеийн олговорт нийт 15 400 000 төгрөгийг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан ба дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр /3 сараас өмнөх/-өөс өмнөх хугацааны эрх нь зөрчигдсөн талаарх гомдлоо гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдлоо гаргасан хугацааны буюу 2020 оны 12, 2021 оны 01, 02 сар, нийт 3 сарын сул зогсолтын олговор /нэхэмжлэгчийг 2020.11.30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тул/ болох 2 700 000 /1 сарын цалин 1 500 000 ₮-ийн 60 % болох 900 000 ₮ х 3 сар/ төгрөгийг,     

мөн нэхэмжлэгчийн гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хугацааны цалин болон сул зогсолтын олговроос хариуцагчийн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу ажилласан хугацааны цалингийн зөрүү 3 113 500 төгрөг, 2020 оны 05 болон 06 сарын сул зогсолтын олговор 1 800 000 /1 сарын цалин 1 500 000 ₮-ийн 60 % 900 000 ₮ х 2 сар/ төгрөгийг тус тус, нийт 7 613 500 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 786 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчид олгох 7 613 500 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШЗ2021/00609 дугаар захирамжаар 15 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 234 950 төгрөгийг төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь улсын тэмдэгтийн хураамж 234 950 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлж, баримтыг шүүхэд ирүүлсэн байна. (хх 3, 10-11 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 7 613 500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас ажилласан хугацааны цалин болон сул зогсолтын үеийн олговорт нийт 7 613 500 /долоон сая зургаан зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 786 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажиллаж байсан хугацааны цалин болон сул зогсолтын олговорт олгох 7 613 500 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч “Д” ХХК-д үүрэг болгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 136 766 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА