Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/22

 

*******ийн нэхэмжлэлтэй, Дорнын хүдэр ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00397 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч******* ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалингаас дутуу олгогдсон цалин болон сул зогсолтын үеийн олговорт нийт 15 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 06 сарын 29ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие******* ХХК-д 2020 оны 02 сарын 10-ны өдөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд сарын 2 000 000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээгээр сул зогсолтын үед үндсэн цалингийн 60 хувиар тооцож сул зогсолтын хөлсийг өгөхөөр ажил олгогч үүрэг хүлээсэн. Компанийн ажилтнууд сард 20 хоног ажиллаж, 10 хоног амрах зарчмаар ажилладаг байсан. ...2020 оны 02 дугаар сард сар шинэтэй холбоотойгоор ажлын 11 хоног ажилласны цалин 1 100 000 төгрөг, 03 дугаар сард 22 хоног ажиллаж 2 200 000 төгрөгийн, 04 дүгээр сард 23 хоног ажиллаж 2 300 000 төгрөгийн, 08 дугаар сард 17 хоног ажиллаж 1 700 000 төгрөгийн, 10 дугаар сард 20 хоног ажилласнаас 700 000 төгрөгийг дутуу, 11 дүгээр сард 200 000 төгрөгийн цалин дутуу, тус тус ...8 200 000 төгрөгийг ажил олгогч өнөөдрийг хүртэл надад олгоогүй. Сул зогсолт 2020 оны 5, 6, 7, 12-р сар, 2021 оны 1, 2-р саруудад нийт 6 сарын сул зогсолтын үеийн цалинг үндсэн цалингийн 60 хувиар тооцоход нэг сард 1 200 000 төгрөг болох ба нийт 7 200 000 төгрөгийг ажил олгогч хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтанд олгох ёстой. Ингээд нийт 15 400 000 төгрөгийн цалин болон сул зогсолтын үеийн нөхөн олговрыг өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа тул дээрх цалин, сул зогсолтын үеийн хөлсийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Гансүх нь 2020 оны 02 сарын 10-ны өдөр******* ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерийн ажилд орсон. Сарын цалинг 2 000 000 төгрөгөөр тохирч ажилд авсан. Ингээд 2 000 000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээгээр бол сул зогсолтын үед үндсэн цалингийн 60 хувиар тооцож, сул зогсолтыг олгохоор Хөдөлмөрийн хуульд зааснаар талууд харилцан тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Ажилтанд ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний хувийг өгөөгүй байдаг. Гэхдээ тухайн үед цалинг 2 сая төгрөгөөр тохирч, тушаал шийдвэр гарсан гэж Гансүх хэлдэг. Магадгүй хариуцагч энэ тушаал, хөдөлмөрийн гэрээг солиод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Үндсэн цалингаас дутуу олгогдсон 8 200 000 төгрөг, сул зогсолтын үеийн цалин 7 200 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлж, бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэжээ.

Хариуцагч******* ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Г.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* нь******* ХХК-ийн захирлын 2020 оны 02 сарын 11-ний өдрийн Б/83 тоот тушаалаар сарын 1 500 000 төгрөгийн цалинтай ХАБЭА-н ажилтны орон тоон дээр ажилд орсон болно. ******* нь 2020 оны 02 сард 11 хоног, 03 сард 22, 04 сард 15 /5 хоног чөлөөтэй/, 07 сард 2 хоног /ажилд дуудсан боловч ирээгүй ба Улаанбаатар хотод түр ажил хийж байсан/, 08 сард 17 хоног /3 хоног дутуу/, 09 сард 20 хоног /үүнээс 8 хоногийг Э.Болортүшигийн үйлдвэрийн ослын ОМ-1 акт бүрдүүлэх ажлаар явсан боловч ямар ч ажил хийгээгүй/, 10 сард 20 хоног, 11 сард 8 хоног /үйлдвэрийн ослын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэх сургаар ажлаа хаяж явсан/ тус тус ажилласан болно. 2020 оны 05, 06 дугаар саруудад ковид-19 цар тахлын улмаас ...ажил зогссон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч сул зогсолтын 60 хувийг олгох байсан боловч өнөөдрийг хүртэл санхүүгийн чадамжгүй байдалд байна. ******* 2020 оны 11 сарын 18-ны өдөр ажлаа хаяж явсан учир 2020 оны 11 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан болно. ******* ажиллаж байх хугацаандаа НДШ, ХАОАТ зэргийг суутган нийт олгох 8 233 700 төгрөгийн цалингаас 5 120 000 төгрөгийн цалин авсан байна. Түүний цалингийн үлдэгдэл 3 113 500 төгрөг болж байна. *******ийн ажилдаа хандах хандлага, хариуцлага муугаас 2020 оны 09 сарын 12-ны өдөр үйлдвэрийн осол гарч ажилчин Э.Болортүшиг хүнд гэмтэл авсан. Үүний улмаас компанид 4 000 000 төгрөгийн торгууль тавигдаж, Э.Болортүшигийн эмчилгээний зардалд 12 000 000 төгрөгийн нөхөн төлбөр өгсөн. *******ийн нэхэмжилсэн цалин болон сул зогсолтын 15 400 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******ийг ХАБЭА-н инженер биш ХАБЭА-н ажилтны албан тушаалд томилон ажиллуулсан. Гэтэл инженер гэж яриад байх юм. Манай компанийн гүйцэтгэх захирал Батжаргалын гаргасан тушаалаар Гансүхийг хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны албан тушаалд томилсон бөгөөд түүний сарын цалинг 1 500 000 төгрөгөөр цалинжуулахаар тушаал гарсан байдаг. Тэгээд Гансүх нь 7 сар ажилласан ба үүний цалин хөлс нь 8 233 700 төгрөгийн цалинг гарт нь олгох ёстой байсан. Үүнээс 5 120 000 төгрөгийг олгосон, үлдэгдэл цалин болох 3 113 500 төгрөгийг олгох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас ажилласан хоногийг нь бодоод л 3 113 500 төгрөгийн цалинг хүлээн зөвшөөрч төлөх саналтай байна. ...2020 оны 5, 6 дугаар сард компани сул зогссон. Энэ сул зогсолтын үеийн цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгоход бидэнд татгалзах зүйл байхгүй. ...Энэ 2 сарын сул зогсолтын цалинг үндсэн цалингийн 60 хувиар бодоод өгөх нь зүйтэй гэж бид шийдсэн. ...Үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00397 дугаар шийдвэрээр:  Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас ажилласан хугацааны цалин болон сул зогсолтын үеийн олговорт нийт 7 613 500 /долоон сая зургаан зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 786 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажиллаж байсан хугацааны цалин болон сул зогсолтын олговорт олгох 7 613 500 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч******* ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс 98 184 /ерэн найман мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг, хариуцагч Дорнын хүдэр ХХК-аас 136 766 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун жаран зургаатөгрөгийг тус тус гаргуулан төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаатар давж заалдах гомдолдоо:

“1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлоогүй зүйлд дүгнэлт өгч иргэний процессийн диспозитив зарчмыг зөрчиж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тухайлбал, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэллийн шаардлагаа 1. дутуу олгосон цалин, 2. сул зогсолтын олговор гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдох шаардлага гаргаагүй. 2020 оны 11 сарын 30-ны өдрийн *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалтай маргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 7-8-р талд 2020 оны 11 сарын 30-ны өдрийн *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийн талаар 1,5 нүүр бүхий урт дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн бөгөөд маргааны агуулгад хамааралгүй зүйлд ач холбогдол өгч шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал нь 2020 оны 11 сарын 30-ны өдрийн *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалтай холбогдуулан маргаж ажилдаа эгүүлэн томилогдох шаардлага гараагүй тул 2020.11.30-ны өдрөөс хойшхи шаардлагууд хангагдах хууль зүйн боломж байхгүй юм.

2. Хөөн хэлэлцэх хугацааны тухай

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж нэхэмжлэгч нь 2020.11.23-ны өдрөөс өмнөх хугацааны эрх нь зөрчигдсөн талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй хэтрүүлсэн гэж дүгнэсэн боловч 2020.11.30-ны өдрөөс хойшхи нөхцөл байдалд хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй нь үндэслэлгүй байна. Учир нь *******ийг ажлаас халсан тушаал 2020.11.30-ны өдөр гарсан бөгөөд үүнтэй нэхэмжлэгч тал маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иймд халагдсанаас хойшхи хугацааны цалин хөлсийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн тухай

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан “Сул зогсолтын үеийн олговор”-ын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Ковид-19 цар тахлын шалтгаанаас үүдэн Засгийн газраас хөл хорио тогтоож, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг түр хааж зогсоосон нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлээр тайлбарлан буруу хэрэглэж ажил олгогчийг хохироосон дүгнэлт хийсэн. Ажил олгогчийн буруугүй шалтгаан буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн ажил үйлчилгээ явуулах боломжгүй нөхцөл байдлыг сул зогсолт гэж тайлбарласан нь буруу юм.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас ажилтан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлын үед ажилтанд олгох олговрын талаарх харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан зохицуулалтыг төсөөтэй хэрэглэж болох ч Хөдөлмөрийн тухай хуульд цар тахал хөл хорионы улмаас хөдөлмөрийн харилцааг хэрхэх талаар зохицуулалт байхгүй юм. Гэтэл хариуцагчийн зүгээс Ковид-19 цар тахлын улмаас тодорхой саруудад үйл ажиллагаа явуулаагүй тухай тайлбарласаар байхад хуулийн хамааралгүй заалтыг хэрэглэн ажилтанд сул зогсолтын олговор олгохоор шийдвэрлэсэн нь хариуцагч талыг хууль зүйн үндэслэлгүйгээр хохироосон шийдвэр болсон.

4. Шийдвэр агуулгын зөрчилтэй байгаа тухай

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж нэхэмжлэгч нь 2020.11.23-ны өдрөөс өмнөх хугацааны эрх нь зөрчигдсөн талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй хэтрүүлсэн гэж дүгнэсэн атлаа шийвэрийнхээ үндэслэх хэсгийн 8-р талд “нэхэмжлэгч гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хугацааны цалин ...-с хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрсөн хэмжээ буюу ажилласан хугацааны цалингийн зөрүү 3,113,500 төгрөг”-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өмнөх үндэслэлээ үгүйсгэн, агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсэн. Учир нь шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол хариуцагч зөвшөөрсөн байсан ч хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой. Шүүх зөвхөн хуульд захирагдах ёстой. Харин талуудын эвлэрлийг баталж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээс үл хамааран талуудын зөвшөөрлийн батлах ёстой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Дорнын хүдэр” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалингаас дутуу олгогдсон цалин болон сул зогсолтын үеийн олговорт нийт 15 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь тал/

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь 2020 оны 02 сарын 11-ний өдрөөс эхлэн “Дорнын хүдэр” ХХК-ийн Үүдийн уурхайд ХАБЭА инженерээр томилогдон ажилласан ба 2020 оны 11 сарын 30-ны өдрийн захирлын тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 40,56 дахь тал/

Нэхэмжлэгч /ажилтан/ ******* нь 2020 оны 2 сард 11 хоног ажилласны цалин 1 100 000 төгрөг, 3 сард 22 хоног ажилласны 2 200 000 төгрөг, 4 сард 23 хоног ажилласны 2 300 000 төгрөг, 8 сард 17 хоног ажилласны 1 700 000 төгрөг, 10 сард 20 хоног ажилласнаас 700 000 төгрөг дутуу, 11 сард ажилласнаас 200 000 төгрөг дутуу, нийт 8 200 000 төгрөгийн цалин олгоогүй, 2020 оны 5, 6, 7, 12 сарууд, 2021 оны 1, 2 дугаар саруудын сул зогсолтын үеийн цалин 7 200 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад цалин хөлстэй холбоотой гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасантай нийцээгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь цалин хөлстэй холбоотой гомдлоо шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул /хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллага/ анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,  хариуцагч “Дорнын хүдэр” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч “Дорнын хүдэр” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00397 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч “Дорнын хүдэр” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Дорнын хүдэр” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ЭНХЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                             С.ОЮУНТУНГАЛАГ