Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2021/00405

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Б сумын ... багт байрлах “У” малчдын бүлгийн ахлагч Б овогт Б-н М /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Г-н Г,

Хариуцагч: Дорнод аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, ... регистрийн дугаартай, Х овогт Б-н Ч нарт холбогдох,  

“У бүлгийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гүний худгийг буулгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч Б.М /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /ү-0531, онлайнаар/, хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /онлайнаар/, хариуцагч Г.Г-н өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0738, онлайнаар/, хариуцагч Б.Ч, гэрч Б.Б нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” малчдын бүлгийн ахлагч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай бүлэг нь 2011 онд байгуулагдсан. ...Бүлэг маань анх байгуулагдахдаа 2 өрхийн 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан ба явц дунд зарим нэгэн гишүүн бүлгээс гараад Б суманд шилжин орсон одоо 3 өрхийн 6 гишүүнтэй, хагас эрчимжсэн мал аж ахуйн фермерийн үйл ажиллагаа эрхэлж байна. Төсөлд шалгарсан бүлгүүдэд бэлчээрийн газар ашиглуулах болсноор манай бүлэгт Дорнод аймгийн Б сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор бэлчээрийн газар ашиглуулах болсон. Энэ дагуу тус сумын Засаг даргын 2011 оны 10 сарын 10-ны өдрийн А/82 тоот захирамжаар 931 га газар ашиглуулж, эзэмшүүлэх болсон. ...Манай бүлгийн гишүүн Г.Г нь 2016 оноос хойш бүлгийн үйл ажиллагаанд оролцохоо больж, улмаар 2017 онд бүлгээс гарах өргөдөл гаргаагүй хэрнээ Б сумын харъяат болохоор өргөдөл гаргаж өгснөөр Б сумын иргэн болсон юм. Тиймээс бүлгийн даргын хувьд би Г-д бүлгээс гарах гэж байгаа бол өргөдлөө өгч албажуулаарай гэсэн боловч үг хүлээн авдаггүй, маргаан болдог. Энэ тухай хэд хэдэн удаа хэлсэн боловч өргөдлөө өгөөгүй. Харин Б сумын захиргаанд “бүлгийн гишүүнээс гарсан тул сумын харъяат болгож, бүлгийн үйл ажиллагааг цуцалж өгнө үү” гэсэн өргөдөл өгсөн. Сумын албан ёсны харъяат болсон учир Г.Г-г 2016 оны 05 сард бүлгийн гишүүнээс хассан. Гэтэл Г.Г нь манай бүлгийн эзэмшилд байх 931 га газрын дотор өвөлжөөний газрын ойролцоо 350 метр газарт Ч гэх хүнтэй нийлж гүний худаг гаргасан. Энэ асуудлаас болж бид өнөөдрийг хүртэл маргаантай байгаа ба төрийн байгууллагад хандсан боловч эрх маань зөрчигдсөн хэвээр байна. ...Г.Г, Б.Ч нар нь бүлгийн хууль ёсоор олгогдсон эзэмшлийн газар дээр худаг гаргах, ...манай бэлчээрийн газар дээр даацаас хэтэрсэн малын хөлийг гишгүүлж, бүлгийн малыг бэлчээх газаргүй болгож байна. Энэ үйлдлээ таслан зогсоох тухай шаардахад хэрүүл маргаан болж, эрх эрх чөлөөндөө халдуулж байна. ...Нутгийн захиргааны байгууллага, өөрөө удирдах ёсны байгууллага энэ маргаантай асуудлыг таслан зогсоохгүй, улам дэвэргэн иргэдийг бэлчээрийн газраас болж талцуулж, хэрүүл маргаантай зөрчилдөөнтэй байлгаж байна. Иймд Г.Гансүх, Б.Чулуунбаатар нарын манай бүлгийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй гаргасан худгийг буулгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бүлгийн ахлагч Б.М, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Г.Г, Б.Ч нар нь манай бүлгийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй худаг гаргасан байгаа учраас дээрх худгийг буулгуулж өгнө үү гэсэн ийм үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн үүнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах зайлшгүй шаардлага гарсан. Ингээд 2021 оны 03 сард дараах байдлаар тодруулсан. Хариуцагч Г.Г, Б.Ч нарын худаг гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгоё, хууль бус үйлдлийн үр дагавар болох худгийн үйл ажиллагааг зогсоолгоод, газрыг чөлөөлүүлье гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. ...Бидний маргааны гол зүйл бол Газрын тухай хууль зөрчигдсөн байна, газар ашиглагчийн хууль ёсны эрхийг хөндсөн байна, газрын хэвлийг хууль бусаар ашигласан байна, Усны тухай хууль болон Байгаль орчны тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. 931 га газар дээр ногдох малын тоог тогтоогоод өгчихсөн байж байдаг. Ашиглагчийн хувьд бол Газрын тухай хуулиар ашиглахаар авсан газрын тэр салбараас давж байвал бусад өөр газар ашиглах хууль зүйн боломжгүй. Тийм учраас бүлэг нэхэмжлэгч Б.М-н мал ахуй бол яг тэр газар дотроо л байж байгаа. Үүнтэй холбоотойгоор бүлгийн гишүүн нь өөрийн хууль ёсны өмчлөлийн малаас давсан бусдын малыг авчрах байдлаар бусад бүлгийн гишүүдийн эрх ашгийг хөндсөн нөхцөл байдал үүссэн байна. Үүний хамгийн гол хүндрэлтэй асуудал нь төслийн хүрээнд хууль ёсоор зөвшөөрөгдсөн ганцхан худагтай энэ бүлгийн хувьд тухайн худгийн нөөцийг шавхах, улмаар бүлгийн үндсэн гишүүдийн өөрийнх нь үйл ажиллагаа тасалдах, мал аж ахуй нь усаар гачигдах ийм нөхцөл байдал үүссэн. ...цэнгэг усыг авахдаа тухайн сумын Засаг даргаас болон бусад мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. нэхэмжлэлийн шаардлага бол Газрын тухай хууль, газрын хэвлийн тухай хууль, Усны тухай хууль болон бусад холбогдох хуулиудтай нийцсэн зүй ёсны шаардлага юм гэж үзэж байгаа. ...Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа... гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Бид 2011 онд 2 өрхийн 4 гишүүнтэй АНУ-ын Засгийн газруудын хооронд хийгдсэн Мянганы сорилтын гэрээнд тусгасан Хот орчмын бэлчээрийг сайжруулах төсөлд шалгарч мал аж ахуйн хагас эрчимжсэн фермер байгуулан, төслөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт авч ажиллах болсон хэдий ч анхнаасаа Б.М-н арга залинд орж хууртагдан бүлэг болж ирсэн. Бүлэг болсон цагаас хойш Б.М нөхөр Г.Г-н хамт өнөөдрийг хүртэл тасралтгүй хэрүүл маргаан үүсгэж, биднийг дарамталж, доромжилж, биед халдахаас гадна бүлгийн эзэмшлийн бэлчээр, худаг усыг ашиглуулахгүй, зөвхөн өөрсдийн хэмжээнд болон Б сумын харъяат биш хүмүүсийн малыг жил бүр маллаж, түүнээс нь өөрөө цалин хөлс авч, малжиж ирсэн. Иймээс төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш бидний эрх ашиг зөрчигдөж өнөөдрийг хүрч байна. Бидний байгуулсан бүлэг нь цаашид үйл ажиллагааг нь зогсоох маш олон хууль дүрэм зөрчсөн асуудлууд үүсээд байгаа талаар сум орны удирдлага, холбогдох албан газарт өргөдөл гомдлоо гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гарч, дүгнэлт гарсан байдаг. ...Бид энэхүү худгийг 2017 оны 08 сард сум орны холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж, танилцуулж байж гаргасан. Ингэхдээ хөрш айл Б.Ч-тай хамтарч 8 000 000 төгрөгийн өртгөөр ухуулсан. Үүний гол шалтгаан нь бүлэг гэж байгуулчихаад Б.М нь төслийн худгийг бидэнд эзэмшүүлж, ашиглуулахгүй өнөөдрийг хүрсэн юм. Малчид өөрсдөө гар хийцийн худгийг нийтийн эзэмшлийн газарт ухаж, хэрэгцээний зориулалтаар ашиглахад орон нутаг болон холбогдох ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авна гэсэн зүйл заалт, дүрэм журам байдаггүй. Иймд Б.М-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ. 

Хариуцагч Г.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Анх 2011 онд 2 өрхийн 4 гишүүнтэй бүлэг нь төсөлд шалгараад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Г, Г, Н, М нарын бүрэлдэхүүнтэй явж байгаа. 2 өрхийн 4 гишүүнээс 10 жилийн хугацаанд энэ бүлгээс гаръя, больё гэсэн өргөдөл хаана ч өгөөгүй байна. Өнөөдөр бол зөвхөн худгийн маргааны асуудал л яригдаж байна. Энэ бүлгийн үйл ажиллагаа, сум оронтой болон Засаг даргатай байгуулсан гэрээ хэлцлийн асуудлуудад зөрчил дутагдал их байгаа. ...эхний 3 сард Г, Г нарынх хамтраад малаа усалдаг байсан. Гэтэл энэ худаг нь угаасаа гарц муутай, 1 гаралтаараа 2 тонн ч хүрэхгүй гардаг гэдгийг гэрчүүд болон хариуцагч Б.Ч ч хэлж байна. Б.М өөрөө Х сумын айлуудыг өөрийнхөө хаяанд авч ирдэг. Өөрөө ингэж хамгийн түрүүнд малын даацыг хэтрүүлдэг. Энэ эх үүсвэрийг үүсгэсэн хүн бол М өөрөө юм. Малчдад усны асуудал маш хүнд байсан. Ч, Г хоёр тухайн үеийн Б сумын Засаг дарга Г гэдэг хүнтэй орж уулзахад малчид та нар өөрсдөө өөрийн хөрөнгөөр худаг ухах гэж байгаа бол татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. 10 жилийн хугацаанд 3-хан сард нь л төслийн худгаас малаа усалсан. Ингээд 9 жил, 7 сар хаагуур малаа усалж явуулах байсан юм. Энэ худгийг 2017 оны 8 сард ухуулсан. Мөн өөрөө хүний өмнөөс хурал хийсэн болж протоколууд үйлдээд л, үүнд бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг өөрөө хуурамчаар зурж, тэмдэглэл үйлдээд хэн нэгнийгээ шууд өөрийн санаачлагаараа хасаад, хасах дүрмийг нь өөрөө байгуулаад, хэн нэгнийг гишүүнээр нэмдэг. Иймд хариуцагчийн зүгээс бүлгийн даргаас зөвшөөрөл аваагүй гэж байна гэсэн байр суурь, өнцгөөс харж байгаа. Худгийг өөрсдийн санхүүгээр босгосон болохоор хэн нэгэн дур мэдээд энэ худгийг чөлөөлүүлнэ гэдэг асуудал байх боломжгүй гэж үзэж байна. Тэр хоорондын хэрүүл маргаан, бүлгийн зөрчил дутагдал гэрээний дагуу зөрчигдөж байгаа зөрчил гэх асуудлууд дараагийн шатанд яригдах байх гэж бодож байна. Ингээд эцсийн байдлаар нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2016 онд албан ёсоор Б сумын 3-р багийн харъяат болсон. Би эхнэр О.Т-н хамт хувийн мал аж ахуй эрхэлж, Г.Г ахынхтай хөршилж хамт нутагладаг. Учир нь манай мал Г.Г ахынд сүүлийн 7 жил тавиул малаар маллагдаж байсан. Бид өнөөдрийг хүртэл тухайн багийн нутаг дэвсгэр дээрээ жилийн 4 улиралд нутаглаж байгаа. Г.Г, Б.М нарын хоорондын бүлгийн дотоод үйл ажиллагаа, нарийн асуудлуудыг бид сайн мэдэхгүй. Тэдний энэ маргаантай асуудал бидэнд огт хамаагүй. Харин 2017 оны 08 сард ах Г-тэй хамтарч 8 000 000 төгрөгөөр худаг ухуулсан. Учир нь бид малаа услахад маш хүндрэлтэй. Ойролцоо төслийн гэх худаг байдаг ч бидний малыг услуулдаггүй. Усны асуудал маш хүнд байсан учир бид сум орны удирдлагуудаас зөвшөөрөл авч худаг ухсан. Дараа нь сонсож дуулахад малчид өөрсдөө гар хийцийн худгийг нийтийн эзэмшлийн газарт ухахад холбогдох албан байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм билээ. Энэ газарт төдийлөн ус дээрээс гарах боломжгүй байсан учир гүн ухсан. Бидний өөрсдийн хөрөнгөөр ухуулсан худаг нь бүлгийн эзэмшлийн газарт харъяалагдахгүй. Малчид бид мал аж ахуйдаа зориулж нийтийн эзэмшлийн газарт гар хийцийн худаг ухуулж, ашиглаж байгаа учир Б.М-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. ...Г.Г худаггүй, би ч мөн худаггүй. Тэгээд бид хэдэн жил айл айлын худгаар буюу 5 километрийн зайтай айл руу явж  мал бэлчээрээ усалдаг байсан. Энэ нь маш төвөгтэй байсан. Тэгээд өөрсдийн худагтай болъё гээд болсон. Тухайн үед худаг гаргахдаа зөвшөөрөл авдаг гэж мэдээгүй, хэдэн хүмүүс авчраад л худаг ухуулчихсан. Өөрсдийнх нь худаг гэж мал бэлчээртээ ус нь хүрэхгүй, түүнээс болж хэрүүл болдог. Тэгээд л бид аргаа бараад шинэ худаг ухуулсан. Тэр үедээ зөвшөөрөл авдаг гэж мэдсэн бол зөвшөөрөл авах л байсан. 3 гэрээрээ хамтраад худгаа дундаа ашиглая гэхээр Г.Г зөшөөрөхгүй байгаа юм байна лээ. Г.Г, Б.М хоёр хоорондоо үг хэлээ ололцохгүй байгаа, надад бол ийм л санал байна гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У малчдын бүлгийн ахлагч Б.М нь хариуцагч Г.Г, Б.Ч нарт холбогдуулан “бүлгийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гүний худгийг буулгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хариуцагч Г.Г, Б.Ч нарын Б сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газар худаг гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйлдлийн үр дагавар буюу худгийн үйл ажиллагааг зогсоолгож, газар чөлөөлүүлэх” гэж тодруулсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (1 дэх хавтас 1, 249 тал)

Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...Бүлгийн үйл ажиллагаа бүхэлдээ зөрчилтэй. Энэ нь нэхэмжлэгч Б.М-с үүдэлтэй. Хариуцагч нарт худаг гаргах зайлшгүй шаардлага бий болсон. Худгийг гаргахад бүлгээс зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй. Харин худаг гаргах зөвшөөрөл авах талаар тухайн үед ажиллаж байсан Засаг даргатай уулзахад малчин өрхүүд өөрсдийн зардлаар худаг гаргахыг хориглох, хязгаарлах зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн худгийг жилийн эцсийн мал ахуй тоологдох тооллого дээр албан ёсоор бүртгүүлсэн. Худгийг гаргасан нь хэний ч эрх ашгийг хохироогоогүй, хохироосон болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна. (1 дэх хавтас 50-51, 92-93 тал)

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс болон АНУ-ын Засгийн газрын хооронд хийгдсэн Мянганы сорилтын сангийн гэрээнд тусгагдсан “Хот орчмын бэлчээрийн төсөл” 2010-2013 онуудад Дорнод аймагт хэрэгжиж, уг төсөлд нийт 51 малчин өрх хамрагдаж, тэдгээр нь малчны 13 бүлгийг байгуулж, сумын Засаг дарга болон уг төслийн захирал нартай холбогдох гэрээг байгуулж, бүлгийн малд хүрэлцэхүйц хэмжээний бэлчээрийн газрыг 15 жилийн хугацаанд ашиглахаар болжээ.

Тодруулбал, 2011 онд  малчин 2 өрх буюу Г.Г, Б.М, Г.Г, Д.Н нарын 4 хүн нийлж “У” нэртэй малчны бүлгийг байгуулж дээрх төсөлд хамрагдсан байна. Бүлгийн гишүүд 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж бүлгийн ахлагчаар Б.М-г 100 хувийн саналаар сонгож, бүлгийн “Дүрэм” болон “Дундын сангийн журам”, “Бэлчээр, ус ашиглалтын журам”-ыг тус тус баталж, гишүүд нь гарын үсгээ зурж баталгаажуулан байна. (1 дэх хавтас 26-30 тал)

“У” бүлэг нь энэхүү төслийн хүрээнд:

- 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монголын мянганы сорилтын сан болон Б сумын Засаг даргатай “Хамтын ажиллагааны гэрээ” гэсэн нэртэй гуравласан гэрээг байгуулж, тус гэрээгээр төслийн санхүүжилтээр худаг гаргаж орон нутгийн өмчид бүртгүүлэн, хүлээлгэж өгөх, малчдын бүлэг худагт оруулсан хөрөнгийн эргэн төлөлтийг Сум хөгжүүлэх санд хуваарийн дагуу төвлөрүүлэн бүрэн төлж дуусгах, дууссаны дараа цооногоос бусад байгууламжийг тухайн малчдын бүлгийн өмчлөлд шилжүүлэн өгөх, малчдын бүлэг худгийг зориулалтын дагуу хэрэглэх, арчлан хамгаалах талаар болон талуудын харилцан эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тус тус тодорхойлсон байна. (1 дэх хавтас 17-22 тал)

- 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б сумын Засаг даргатай “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр Засаг дарга нь Б сумын 3 дугаар багийн нутагт байрлах 931 га газрыг 15 жилийн хугацаатай уг бүлэгт бэлчээрийн зориулалтаар ашиглуулах болон худаг гаргах /уст цэгээр хангах/, хашаа хорооны материал олгоход дэмжлэг үзүүлэхээр, харин малчны бүлэг нь тус гэрээ болон хууль тогтоомжид заасан нөхцөл журмын дагуу бэлчээрийг ашиглах, хамгаалах, бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтыг эргэн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. (1 дэх хавтас 10-16 тал)

- 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б сумын Засаг даргатай “Малчдын бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтыг Сум хөгжүүлэх санд эргэн төлөх тухай” гэрээг мөн байгуулж, эргэн төлөх хуваарийг баталсан байна. (1 дэх хавтас 23-25 тал)

Зохигч талууд малчдын бүлгийн дүрэм, журам болон дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй.

Дээр дурдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараас дүгнэхэд малчин Г.Г, Б.М, Г.Г, Д.Н нар нь “У” бүлгийг байгуулан Мянганы сорилтын сангийн гэрээнд тусгагдсан “Хот орчмын бэлчээрийн төсөл”-д хамрагдаж, төслөөс тус бүлэгт худаг гаргаж өгч, мөн хашаа хорооны материалд дэмжлэг үзүүлж, мөн Б сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газарт байрлах 931 га газрыг 15 жилийн хугацаатай хөдөө аж ахуйн буюу бэлчээрийн зориулалтаар 2011 оноос одоог хүртэл ашиглаж байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

“У” малчны бүлгийн дүрмийн 1.4-д “бүлгийн зорилго”, 1.5-д “бүлгийн үйл ажиллагаа”, 2.2-д “малчны бүлгийн ахлагчийн эрх”-ийн талаар тус тус тодорхойлон тусгасан байх бөгөөд бүлгийн ахлагч Б.М нь энэ дүрмийн 2.2.1-д “Бүх гишүүдийн чөлөөт цагт бүлгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”, 2.2.2-т “...энэхүү дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд бүлгийг төлөөлж бусад байгууллага, хувь хүнтэй гэрээ хэлцэл байгуулах, төсөл хөтөлбөртэй хамтран ажиллах талаар шийдвэр гаргах” гэж тус тус заасны дагуу бүлгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж үзэв. (1 дэх хавтас 28-29 тал)

Гэрээний дагуу олгосон бэлчээрийн газрыг бүлгийн малчид бүгд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа боловч харин төслөөс гаргасан худаг усны асуудал болон хэн аль нь бусдын малыг тавиулаар маллах, мал бүхий айл өрхийг эзэмшлийн газар дээр авч ирэн бэлчээр болон худаг усыг ашиглуулах, үүний улмаас худаг усны хүрэлцээ муудаж, шинээр худаг гаргах, эдгээрээс болж бэлчээр болон уст цэг орчмын газар ихээр талхлагдах гэх зэрэг олон асуудлуудаас болж бүлгийн гишүүдийн хооронд үл ойлголцол, маргаан үүсэх болжээ.

Тодруулбал, бүлгийн ахлагч Б.М нь бүлгийн гишүүн Г.Г-н малыг төслийн хүрээнд гаргасан худгаас услуулахгүй байснаас болж, Г.Г нь ойр орчмын өөр айлын худгаас малаа усалж байгаад 2017 оны 08 дугаар сард Б.Ч /бүлгийн гишүүн бус/-тай хамтран “У” бүлгийн эзэмшлийн 931 га газар дээр 61 метрийн гүнтэй өрөмдлөгийн худгийг өөрсдийн хөрөнгөөр гарган ашиглаж эхэлсэн болох нь тогтоогдож байна.

Тус хэргийн маргааны зүйл болсон гүний худгийг гаргах болсон шалтгаанаа хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар “...бүлгийн ахлагч Б.М нь төслийн худгаас малыг услуулахгүй болсноос болж, зайлшгүй шалтгаанаар худаг гаргасан...” гэж, харин нэхэмжлэгч малыг худгаас услуулахгүй байсан шалтгааныг “...Г.Г нь бусдын малыг тавиулаар маллах, мал бүхий айл өрхийг эзэмшлийн газар дээр авч ирж бэлчээр болон худаг усыг ашигласнаас худгийн ус хүрэхгүй болсон...” гэж тус тус тайлбарладаг ба хэн аль нь энэ нөхцөл байдлуудыг үгүйсгэдэггүй.

Дээрх үйл баримтууд нь талуудын шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох:

- Х сумын Засаг даргын 2017 оны А/278 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт (1 дэх хавтас 3-6 тал)

- “Д” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай “...Манай компаниар ...иргэн Г.Г, Б.Ч нар нь гүний худаг гаргуулсан. 2017 оны 08-р сарын 25-29 өдрүүдэд 4 хоног ажиллаж 61 метр өрөмдөж гүний худаг гаргасан нь үнэн болно...” гэсэн албан бичиг (1 дэх хавтас 53 тал),

- “Д” ХХК болон иргэн Г.Г, Б.Ч нарын хооронд тус худгийг гаргах талаар байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” (1 дэх хавтас 54 тал),

- Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчээр ажиллаж гаргасан 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...бүлэгт төслийн хөрөнгөөр, эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 худаг гарган өгсөн ...худгийг бүлгийн ахлагч дангаараа ашиглаж байна. ...Харин тус бүлгийн 931 га газар дээр холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нэмж 2 худаг ухсан бөгөөд одоогоор 1 нь ашиглалтгүй буюу дутуу ухсан. Харин ашиглалттай 1 худгийг малчны бүлгийн гишүүн Г.Г, бүлгийн гишүүн бус иргэн Б.Ч, З.Б нар ашиглаж байна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтас 79-88 тал),

- Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12-04-317-01 дугаартай “Хяналт шалгалтын танилцуулга” (1 дэх хавтас 184-185 тал),

- Х сумын Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаа болон Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /Малын А данс/-ын баримтууд (1 дэх хавтас 192-210, 213-243, 2 дахь хавтас 37-53 тал),

- гэрч О.А, Х.Э, У.Э, Б.Б, О.У, Ж.М, Д.Н, Х.Б нарын мэдүүлэг (2 дахь хавтас 5-20, 58-62, 65-66, 75-77, 85-88 тал) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Г.Г, Б.Ч нар нь хамтран 61 метрийн гүнтэй өрөмдлөгийн худгийг “У” бүлгийн эзэмшлийн 931 га газар дээр гаргаж ашигласнаар бүлгийн бэлчээр болон уст цэг орчмын газар ихээр талхлагдах болсон нь тус бүлгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Г.Г-г 2016 оны 05-р сард бүлгийн гишүүнээс хассан...” гэж бичсэн байх ба уг нэхэмжлэлдээ тус бүлгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 гэсэн дугаартай “тэмдэглэл”-ийг хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн өдрийн огноотой бүлгийн “Шийдвэр” гэсэн баримтыг ирүүлсэн байна. (1 дэх хавтас 1, 32-33, 68 тал)

Гэвч уг “тэмдэглэл” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул шүүх тус баримтыг үнэлэх боломжгүй байхаас гадна, бүлгийн ахлагч Б.М нь дээрх “Шийдвэр” гэсэн баримтыг “У” бүлгийн дүрмийн 2.1.1, 2.1.4, 2.1.7, 2.1.11-д зааснаар гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Г-г тус малчны бүлгийн гишүүнээс хасагдсан гэж үзэх боломжгүй. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “ус гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна гэж, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1“усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг ойлгоно гэж тус тус заажээ.

Мөн Ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг ойлгох талаар Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д зааснаас үзэхэд хариуцагч Г.Г, Б.Ч нар нь ус хэрэглэгч байна.

Хэдийгээр Г.Г нь бүлгийн гишүүн, тухайн бүлгийн бэлчээрийн газрыг бусад гишүүдийн адилаар, гэрээний хугацаанд хамт ашиглах эрхтэй боловч Б.Ч-ын хамт гүний “худаг” гаргахдаа Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Цооног өрөмдөх, худаг гаргах ...зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно” гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна” гэж тус тус заасны дагуу зохих шатны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг аваагүй гаргаж, дээрх хуулиудыг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч буюу бүлгийн ахлагч Б.М-н “...Г.Г-н малыг бүлгийн эзэмшлийн худгаас услуулахгүй байсан...” үйлдэл нь бүлэг, Б сумын Засаг даргатай байгуулсан “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ”-ний 2.3.5-д “Малчдын бүлгийн гишүүн өрх бүр худгийг хэрэглэх тэгш эрхтэй. Ямар нэгэн байдлаар аль нэг, эсвэл хэд хэдэн өрхөд дангаар нь давуу байдал олгож болохгүй бөгөөд аль нэг өрхийн эрхийг хязгаарлахгүй” гэж заасныг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна.

Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь хариуцагч Г.Г-г шинээр худаг гаргах болсонд нөлөөлсөн байгаа боловч хариуцагч нар нь өөрийн мал аж ахуйгаа эрхлэх үүднээс шинээр худаг гаргахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрэм, журамд захирагдах үүрэгтэй.

Хариуцагч Г.Г, Б.Ч нар нь ийнхүү худаг гаргахдаа хуульд заасны дагуу зөвшөөрөл авбал зохих захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг аваагүй болох нь:

1. Дорнод аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/193 дугаартай “...Иргэн Г.Г, Б.Ч нар нь худаг гаргах зөвшөөрөл хүссэн болон олгосон талаар баримт байхгүй...” гэсэн албан бичиг (2 дахь хавтас 54 тал),

2. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчээр ажиллаж гаргасан 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...тус бүлгийн 931 га газар дээр холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нэмж 2 худаг ухсан бөгөөд ...1 худгийг малчны бүлгийн гишүүн Г.Г, бүлгийн гишүүн бус иргэн Б.Ч, З.Б нар ашиглаж байна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтас 79-88 тал),

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

 - гэрч У.Э-н “...худаг гаргах хүсэлт надад ирээгүй. Худаг усанд би хяналт тавина. Ус нь газрын хэвлий мөн. Зөвшөөрөлгүйгээр худаг гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн гэж үзнэ. Зөвшөөрөлгүй байгаа нь зөрчил юм...” гэх (2 дахь хавтас 15-20 тал),

- гэрч Х.Э-н “...Гүний өрөмдлөгийн худгийг Байгаль орчин аялал жуулчлалын газраас зөвшөөрлийг авдаг. Гүний худаг гаргаж байгаа нь газрыг зөвшөөрөлгүй ашиглах гэдгийг зөрчсөн. Зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа нь буруу. Нэг худаг байгаа газарт дахин нэмж худаг гаргах нь газар талхлагдах шалтгаан болно...” гэх (2 дахь хавтас 9-14 тал),

- гэрч Б.Б-н “...Худаг ухахыг мэдээгүй. Ундны ус шаардлагатай байна гэсэн хүсэлтийг амаар тавьсан. Бичгээр тавьсан асуудал байхгүй. Бид болно, болохгүй гэдэг талаар хариу өгөөгүй байсан....” гэх (2 дахь хавтас 58-62 тал) мэдүүлгүүд зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар “...худаг гаргахдаа тухайн үед ажиллаж байсан Б сумын Засаг дарга П.Г-тэй уулзаж зөвшөөрөл авсан...” гэж тайлбарладаг боловч үүнийгээ болон тухайн худгийг гаргахдаа зохих шатны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авсан болохоо баримтаар гаргаж нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба тэднийг энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч Г.Г /газрыг эзэмших эрхтэй этгээд/ болон Б.Ч /маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй этгээд/ нарын зөвшөөрөл авбал зохих захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг авалгүйгээр гүний өрөмдлөгийн худаг гаргаж, усыг хэрэглэж байгаа үйлдэл нь:

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно” гэж,

Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Газрын хэвлийг ашиглагч нь үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлнэ, 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж,  

Газрын хэвлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “...иргэд нь аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн ...газар доорхи цэнгэг усыг ашиглах эрхтэй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Түүнээс гадна бүлгийн гишүүн Г.Г нь “У” бүлгийн Б сумын Засаг даргатай байгуулсан “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ”-ний 2.2.2-т “Малчдын бүлэг бэлчээр, худгийг холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл журмын дагуу ашиглах, хэрэглэх бөгөөд байгаль орчны холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө”, 4.2.1-д “Холбогдох хууль тогтоомжийн дагуу бэлчээрийг зориулалтаар нь ашиглах, байгаль орчны болон бусад хууль тогтоомжийг даган мөрдөх, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх, бэлчээрийн чанарыг сайжруулах, бүрэн бүтэн байдлыг хангах”, 4.2.2-т “Бэлчээр болон худгийг бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй байх” гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн байна.  

Нөгөө талаас Усны тухай хуулийг зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байх боловч ийнхүү хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан буюу тус хэрэгт гэрчээр асуугдсан Дорнод аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай У.Э-н “...Биднийг очиход худагтай холбоотой маргаан ярих нь яриад байсан. Худаг усанд би хяналт тавина... Зөрчлийн тухай хуульд эхлээд торгох арга хэмжээ авахаар заасан. Нутгийн улсууд асуудлаа өөрсдөө шийдчих байх гэж бодоод хаясан үйлдэл гаргасан байна” гэх мэдүүлгээс харахад хариуцагч Г.Г, Б.Ч нарын “зөвшөөрөлгүй худаг гаргасан” зөрчлийн талаар түүнийг мэдсэн гэж үзэхээр байна. Гэвч тэрээр зөрчлийн хэрэг үүсгээгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй /эс үйлдэхүй гаргасан/ байх тул нэхэмжлэгчийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. (2 дахь хавтас 15-20 тал)

Ийнхүү зохих шатны захиргааны байгууллага, албан тушаалтны зөвшөөрлийг авалгүйгээр гүний худаг гаргаж, бүлгийн гишүүн бус айл өрх, иргэдийн малыг усалж, бүлгийн бэлчээрийг талхалж, даацыг хэтрүүлж байгаа нь “У” бүлгийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Г, Б.Ч нарын Дорнод аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газар “У” бүлгийн эзэмшлийн газарт зөршөөрөлгүй гаргасан 61 метрийн гүнтэй гүний худгийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхийг хариуцагч Г.Г, Б.Ч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/02716 дугаар “Шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай” захирамжийн дагуу Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон. Тус газраас шинжээчийн баг ажиллах зардлын тооцоо /нийт 711 300 /-г гарган ирүүлсэн ба уг зардлыг “шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт гаргасан тал буюу нэхэмжлэгч нь төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна. (1 дэх хавтас 70-75, 248 тал)

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн шинжээчийн баг ажилласан ажлын зардалд төлсөн 711 300 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 781 500 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар хариуцагч нараас хувь тэнцүүлэн буюу Г.Г-с 390 750 /шинжээчийн зардал 355650₮ + УТХ 35100₮/ төгрөгийг, Б.Ч-с 390 750 /шинжээчийн зардал 355650₮ + УТХ 35100₮/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өөрийн өмгөөлөгчөөр Д.Урансувд, Ч.Эрдэнэбат нарыг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч шүүх хуралдаан эхлэхийн өмнө өмгөөлөгч Д.Урансувдаас татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн болохыг,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэрчээр Х.Д, С.Т, Х.Т нарыг, хариуцагч Г.Г-н төлөөлөгч, өмгөөлөгч нар гэрчээр Х.Ч, З.Б нарыг тус тус асуулгаж, мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн боловч талууд уг хүсэлтүүдээсээ татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй. (1 дэх хавтас 52, 2 дахь хавтас 21, 68, 81, 93 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Г, Б.Ч нарын Дорнод аймгийн Б сумын ... дугаар багийн нутаг ... гэх газар малчдын “У” бүлгийн эзэмшлийн газарт зохих байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй гаргасан 61 метрийн гүнтэй худгийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхийг хариуцагч Г.Г, Б.Ч нарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Г-с 390 750 /гурван зуун ерэн мянга долоон зуун тавь/ төгрөг, Б.Ч-с 390 750 /гурван зуун ерэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “У” малчны бүлгийн ахлагч Б.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА