Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/25

 

Ургах наран бүлгийн нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 138/ШШ2021/00405 дугаар шийдвэртэй, Ургах наран бүлгийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гүний худгийг буулгуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн төлөөлөгч Д.Бадамцэцэг, өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 сарын 02ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч *******ийн төлөөлөгч Д.Бадамцэцэг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Ургах наран малчдын бүлгийн ахлагч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай Ургах наран бүлэг нь 2011 онд байгуулагдсан. ...Бүлэг маань анх байгуулагдахдаа 2 өрхийн 4 /Мөнгөнцэцэг, Ганхуяг, Гансүх, Нарантуяа/ хүний бүрэлдэхүүнтэй байсан ба явц дунд зарим нэгэн гишүүн бүлгээс гараад Баянтүмэн суманд шилжин орсон одоо 3 өрхийн 6 гишүүнтэй, хагас эрчимжсэн мал аж ахуйн фермерийн үйл ажиллагаа эрхэлж байна. Төсөлд шалгарсан бүлгүүдэд бэлчээрийн газар ашиглуулах болсноор манай бүлэгт Дорнод аймгийн Баянтүмэн сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор бэлчээрийн газар ашиглуулах болсон. Энэ дагуу тус сумын Засаг даргын 2011 оны 10 сарын 10-ны өдрийн А/82 тоот захирамжаар 931 га газар ашиглуулж, эзэмшүүлэх болсон. ...Манай бүлгийн гишүүн ******* нь 2016 оноос хойш бүлгийн үйл ажиллагаанд оролцохоо больж, улмаар 2017 онд бүлгээс гарах өргөдөл гаргаагүй хэрнээ Баянтүмэн сумын харъяат болохоор өргөдөл гаргаж өгснөөр Баянтүмэн сумын иргэн болсон юм. Тиймээс бүлгийн даргын хувьд би Гансүхэд бүлгээс гарах гэж байгаа бол өргөдлөө өгч албажуулаарай гэсэн боловч үг хүлээн авдаггүй, маргаан болдог. Энэ тухай хэд хэдэн удаа хэлсэн боловч өргөдлөө өгөөгүй. Харин Баянтүмэн сумын захиргаанд Ургах наран бүлгийн гишүүнээс гарсан тул сумын харъяат болгож, бүлгийн үйл ажиллагааг цуцалж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Сумын албан ёсны харъяат болсон учир *******ийг 2016 оны 05 сард бүлгийн гишүүнээс хассан. Гэтэл ******* нь манай бүлгийн эзэмшилд байх 931 га газрын дотор өвөлжөөний газрын ойролцоо 350 метр газарт Чулуунбаатар гэх хүнтэй нийлж гүний худаг гаргасан. Энэ асуудлаас болж бид өнөөдрийг хүртэл маргаантай байгаа ба төрийн байгууллагад хандсан боловч эрх маань зөрчигдсөн хэвээр байна. ...*******,******* нар нь Ургах наран бүлгийн хууль ёсоор олгогдсон эзэмшлийн газар дээр худаг гаргах, ...манай бэлчээрийн газар дээр даацаас хэтэрсэн малын хөлийг гишгүүлж, бүлгийн малыг бэлчээх газаргүй болгож байна. Энэ үйлдлээ таслан зогсоох тухай шаардахад хэрүүл маргаан болж, эрх эрх чөлөөндөө халдуулж байна. ...Нутгийн захиргааны байгууллага, өөрөө удирдах ёсны байгууллага энэ маргаантай асуудлыг таслан зогсоохгүй, улам дэвэргэн иргэдийг бэлчээрийн газраас болж талцуулж, хэрүүл маргаантай зөрчилдөөнтэй байлгаж байна. Иймд *******,******* нарын манай Ургах наран бүлгийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй гаргасан худгийг буулгуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Ургах наран бүлгийн ахлагч*******, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...*******,******* нар нь манай Ургах наран бүлгийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй худаг гаргасан байгаа учраас дээрх худгийг буулгуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн үүнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах зайлшгүй шаардлага гарсан. Ингээд 2021 оны 03 сард дараах байдлаар тодруулсан. ...Бидний маргааны гол зүйл бол Газрын тухай хууль зөрчигдсөн байна, газар ашиглагчийн хууль ёсны эрхийг хөндсөн байна, газрын хэвлийг хууль бусаар ашигласан байна, Усны тухай хууль болон Байгаль орчны тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. 931 га газар дээр ногдох малын тоог тогтоогоод өгчихсөн байж байдаг. Ашиглагчийн хувьд бол Газрын тухай хуулиар ашиглахаар авсан газрын тэр салбараас давж байвал бусад өөр газар ашиглах хууль зүйн боломжгүй. Тийм учраас Ургах наран бүлэг нэхэмжлэгч*******ийн мал ахуй бол яг тэр газар дотроо л байж байгаа. Үүнтэй холбоотойгоор бүлгийн гишүүн нь өөрийн хууль ёсны өмчлөлийн малаас давсан бусдын малыг авчрах байдлаар бусад бүлгийн гишүүдийн эрх ашгийг хөндсөн нөхцөл байдал үүссэн байна. Үүний хамгийн гол хүндрэлтэй асуудал нь төслийн хүрээнд хууль ёсоор зөвшөөрөгдсөн ганцхан худагтай энэ бүлгийн хувьд тухайн худгийн нөөцийг шавхах, улмаар бүлгийн үндсэн гишүүдийн өөрийнх нь үйл ажиллагаа тасалдах, мал аж ахуй нь усаар гачигдах ийм нөхцөл байдал үүссэн. ...цэнгэг усыг авахдаа тухайн сумын Засаг даргаас болон бусад мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага бол Газрын тухай хууль, газрын хэвлийн тухай хууль, Усны тухай хууль болон бусад холбогдох хуулиудтай нийцсэн зүй ёсны шаардлага юм гэж үзэж байгаа. ...Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Бид 2011 онд 2 өрхийн 4 гишүүнтэй АНУ-ын Засгийн газруудын хооронд хийгдсэн Мянганы сорилтын гэрээнд тусгасан Хот орчмын бэлчээрийг сайжруулах төсөлд шалгарч мал аж ахуйн хагас эрчимжсэн фермер байгуулан, төслөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт авч ажиллах болсон хэдий ч анхнаасаа*******ийн арга залинд орж хууртагдан бүлэг болж ирсэн. Бүлэг болсон цагаас хойш******* нөхөр Г.Ганхуягийн хамт өнөөдрийг хүртэл тасралтгүй хэрүүл маргаан үүсгэж, биднийг дарамталж, доромжилж, биед халдахаас гадна бүлгийн эзэмшлийн бэлчээр, худаг усыг ашиглуулахгүй, зөвхөн өөрсдийн хэмжээнд болон Баянтүмэн сумын харъяат биш хүмүүсийн малыг жил бүр маллаж, түүнээс нь өөрөө цалин хөлс авч, малжиж ирсэн. Иймээс төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш бидний эрх ашиг зөрчигдөж өнөөдрийг хүрч байна. Бидний байгуулсан Ургах наран бүлэг нь цаашид үйл ажиллагааг нь зогсоох маш олон хууль дүрэм зөрчсөн асуудлууд үүсээд байгаа талаар сум орны удирдлага, холбогдох албан газарт өргөдөл гомдлоо гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гарч, дүгнэлт гарсан байдаг. ...Бид энэхүү худгийг 2017 оны 08 сард сум орны холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж, танилцуулж байж гаргасан. Ингэхдээ хөрш айл*******ынхтай хамтарч 8 000 000 төгрөгийн өртгөөр ухуулсан. Үүний гол шалтгаан нь бүлэг гэж байгуулчихаад******* нь төслийн худгийг бидэнд эзэмшүүлж, ашиглуулахгүй өнөөдрийг хүрсэн юм. Малчид өөрсдөө гар хийцийн худгийг нийтийн эзэмшлийн газарт ухаж, хэрэгцээний зориулалтаар ашиглахад орон нутаг болон холбогдох ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авна гэсэн зүйл заалт, дүрэм журам байдаггүй. Иймд*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Анх 2011 онд 2 өрхийн 4 гишүүнтэй Ургах наран бүлэг нь төсөлд шалгараад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Гансүх, Ганхуяг, Нарантуяа, Мөнгөнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй явж байгаа. 2 өрхийн 4 гишүүнээс 10 жилийн хугацаанд энэ бүлгээс гаръя, больё гэсэн өргөдөл хаана ч өгөөгүй байна. Өнөөдөр бол зөвхөн худгийн маргааны асуудал л яригдаж байна. Энэ бүлгийн үйл ажиллагаа, сум оронтой болон Засаг даргатай байгуулсан гэрээ хэлцлийн асуудлуудад зөрчил дутагдал их байгаа. ...эхний 3 сард Гансүх, Ганхуяг нарынх хамтраад малаа усалдаг байсан. Гэтэл энэ худаг нь угаасаа гарц муутай, 1 гаралтаараа 2 тонн ч хүрэхгүй гардаг гэдгийг гэрчүүд болон хариуцагч******* ч хэлж байна.******* өөрөө Хэрлэн сумын айлуудыг өөрийнхөө хаяанд авч ирдэг. Өөрөө ингэж хамгийн түрүүнд малын даацыг хэтрүүлдэг. Энэ эх үүсвэрийг үүсгэсэн хүн бол Мөнгөнцэцэг өөрөө юм. Малчдад усны асуудал маш хүнд байсан. Чулуунбаатар, Гансүх хоёр тухайн үеийн Баянтүмэн сумын Засаг дарга Гунгаацэрэн гэдэг хүнтэй орж уулзахад малчид та нар өөрсдөө өөрийн хөрөнгөөр худаг ухах гэж байгаа бол татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. 10 жилийн хугацаанд 3-хан сард нь л төслийн худгаас малаа усалсан. Ингээд 9 жил, 7 сар хаагуур малаа усалж явуулах байсан юм. Энэ худгийг 2017 оны 8 сард ухуулсан. Мөн өөрөө хүний өмнөөс хурал хийсэн болж протоколууд үйлдээд л, үүнд бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг өөрөө хуурамчаар зурж, тэмдэглэл үйлдээд хэн нэгнийгээ шууд өөрийн санаачлагаараа хасаад, хасах дүрмийг нь өөрөө байгуулаад, хэн нэгнийг гишүүнээр нэмдэг. Иймд хариуцагчийн зүгээс бүлгийн даргаас зөвшөөрөл аваагүй гэж байна гэсэн байр суурь, өнцгөөс харж байгаа. Худгийг өөрсдийн санхүүгээр босгосон болохоор хэн нэгэн дур мэдээд энэ худгийг чөлөөлүүлнэ гэдэг асуудал байх боломжгүй гэж үзэж байна. Тэр хоорондын хэрүүл маргаан, бүлгийн зөрчил дутагдал гэрээний дагуу зөрчигдөж байгаа зөрчил гэх асуудлууд дараагийн шатанд яригдах байх гэж бодож байна. Ингээд эцсийн байдлаар нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манайх 2016 онд албан ёсоор Баянтүмэн сумын 3-р багийн харъяат болсон. Би эхнэр О.Туяагийн хамт хувийн мал аж ахуй эрхэлж, ******* ахынхтай хөршилж хамт нутагладаг. Учир нь манай мал ******* ахынд сүүлийн 7 жил тавиул малаар маллагдаж байсан. Бид өнөөдрийг хүртэл тухайн багийн нутаг дэвсгэр дээрээ жилийн 4 улиралд нутаглаж байгаа. *******,******* нарын хоорондын Ургах наран бүлгийн дотоод үйл ажиллагаа, нарийн асуудлуудыг бид сайн мэдэхгүй. Тэдний энэ маргаантай асуудал бидэнд огт хамаагүй. Харин 2017 оны 08 сард ах Гансүхийнхтэй хамтарч 8 000 000 төгрөгөөр худаг ухуулсан. Учир нь бид малаа услахад маш хүндрэлтэй. Ойролцоо төслийн гэх худаг байдаг ч бидний малыг услуулдаггүй. Усны асуудал маш хүнд байсан учир бид сум орны удирдлагуудаас зөвшөөрөл авч худаг ухсан. Дараа нь сонсож дуулахад малчид өөрсдөө гар хийцийн худгийг нийтийн эзэмшлийн газарт ухахад холбогдох албан байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм билээ. Энэ газарт төдийлөн ус дээрээс гарах боломжгүй байсан учир гүн ухсан. Бидний өөрсдийн хөрөнгөөр ухуулсан худаг нь Ургах наран бүлгийн эзэмшлийн газарт харъяалагдахгүй. Малчид бид мал аж ахуйдаа зориулж нийтийн эзэмшлийн газарт гар хийцийн худаг ухуулж, ашиглаж байгаа учир*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. ...******* худаггүй, мөн би ч худаггүй. Тэгээд бид хэдэн жил айл айлын худгаар буюу 5 километрийн зайтай айл руу явж мал бэлчээрээ усалдаг байсан. Энэ нь маш төвөгтэй байсан. Тэгээд өөрсдийн худагтай болъё гээд тухайн үед худаг гаргахдаа зөвшөөрөл авдаг гэж мэдээгүй, хэдэн хүмүүс авчраад л худаг ухуулчихсан. Өөрсдийнх нь худаг гэж мал бэлчээртээ ус нь хүрэхгүй, түүнээс болж хэрүүл болдог. Тэгээд л би аргаа бараад шинэ худаг ухуулсан. Тэр үедээ зөвшөөрөл авдаг гэж мэдсэн бол зөвшөөрөл авах л байсан. 3 гэрээрээ хамтраад худгаа дундаа ашиглая гэхээр ******* зөвшөөрөхгүй байгаа юм байна лээ. *******,******* хоёр хоорондоо үг хэлээ ололцохгүй байгаа, надад бол ийм л санал байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 138/ШШ2021/00405 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******,******* нарын Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг Шивэндэгийн хоолой гэх газар малчдын Ургах наран бүлгийн эзэмшлийн газарт зохих байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй гаргасан 61 метрийн гүнтэй худгийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхийг хариуцагч *******,******* нарт даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс 390 750 /гурван зуун ерэн мянга долоон зуун тавь/ төгрөг,*******аас 390 750 /гурван зуун ерэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ургах харан малчны бүлгийн ахлагч*******т олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ийн төлөөлөгч Д.Бадамцэцэг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: “... *******,******* нар хууль мэдэхгүй, мөн малчны бүлгийн дарга Мөнгөнцэцэгийн гэрээ зөрчсөн үйл ажиллагаанаас болж малчны гишүүн Гансүх, Нарантуяа нарын эрх зөрчигдөж, малчны бүлгийн мал усгүйдэж Монгол улсын эдийн засгийн үндэс болсон мал сүрэг малчин иргэний эрх ашиг сонирхол зөрчигдсөн хууль бус үйл ажиллагаанаас болж зайлшгүй худаг устай болох шаардлага гарч үүнийг тухайн үедээ сумын Засаг дарга Д.Гунгаацэрэнд танилцуулж худаг ус өөрийн зардлаар гаргахад татгалзахгүй гэсний дагуу мэргэжлийн байгууллагаар худаг ухуулсан. Энэ нь хууль зөрчсөн байна гэдгийг ойлгож байна. Энэ эрх зүйн зөрчил нь Баянтүмэн сумын ард иргэдийн эрх ашгийг хохироогоогүй, байгаль орчинд хор уршиг учруулаагүй, бэлчээрийн даац хэтэрсэн тухай, бэлчээрийн бүтцэд өөрчлөлт орсон тухай мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй, хохирол учирсан гэх үндэслэл байхгүй учир зөрчлийн арилгуулах арга хэмжээ авах боломжтой юм.

Энэ хэргийг шийдвэрлэсний дараа бид тухайн бүлэгт уг газрыг эзэмшүүлэх тухай олгогдоогүй, газрын мэдээллийн санд ороогүй болохыг Баянтүмэн сумын газрын даамал Энххэрлэнгээс мэдлээ. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу газар эзэмших гэрчилгээгүй бол газар эзэмших ашиглах эрхгүй гэж үзнэ гэсэн байна. Хэргийн материалд Засаг даргын шийдвэр ч байхгүй гэрчилгээ ч байхгүй байдаг. Энэ утгаараа Ургах наран бүлэг газар эзэмших ашиглах эрхгүй, чөлөөгөөр Гансүх, Чулуунбаатар нарт зөвшөөрөл олгох эрх үүсээгүй учир иргэн Гансүх, Чулуунбаатар нарын худгийн үйл ажиллагааг зогсоохыг, газар чөлөөлөхийг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт Ургах наран бүлгийн үйл ажиллагаа гэрээгээ бүх талаар зөрчсөн болохыг дурьдаж өгсөн. Тиймээс сумын засаг даргад Ургах наран бүлэгтэй байгуулсан гэрээгээ цуцлах эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн иргэнээс Гансүхийн өргөдөл өгөгдсөн байгаа. Ургах наран бүлгийн даргад ч бүлгийг тараах хүсэлтээ албан ёсоор өгсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                        ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан “Ургах наран бүлгийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гүний худгийг буулгуулах тухай” нэхэмжлэлийн шаарлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч *******,******* нарын Баянтүмэн сумын 3 дугаар баг, Шивэндэгийн хоолой гэх газар худаг гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус үйлдлийн үр дагавар буюу худгийн үйл ажиллагааг зогсоолгож, газар чөлөөлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. /1 дэх хх-ийн 1, 249 дэх тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд Монгол Улс болон АНУ-ын Засгийн газруудын хооронд хийгдсэн Мянганы сорилтын сангийн гэрээнд тусгагдсан “Хот орчмын бэлчээрийн төсөл”-д “Ургах наран” бүлэг шалгарч уг төслийг 15 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр болсон байна. “Урган наран” бүлэг нь 2 өрхийн 4 гишүүнтэй /гишүүд нь Г.Ганхуяг,*******, *******, Д.Нарантуяа/ бөгөөд бүлэг нь 2011 оны 11 сарын 05-ны өдөр хуралдаж бүлгийн ахлагчаар*******ийг 100 хувийн саналаар сонгосон байна. /1 дэх хх-ийн 30 дахь тал/

Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 21 дугаар тогтоолоор Мянганы хөгжлийн сангийн “Хот орчмын бэлчээрийн төсөл-д шалгарсан малчдын бүлгүүдэд хамрагдах өрхийн тоо, ашиглуулах газрын хэмжээ, бүс тогтоолтыг 1 дүгээр хавсралтаар баталж, уг хавсралтад ... “Хэрлэн сумын шалгарсан бүлэг” гэсний “Ургах наран” бүлэгт 931 га газрыг 2 өрхийн 4 гишүүнд ашиглуулахаар болжээ. /1 дэх хх-ийн 40-42 дэх тал/

“Ургах наран” бүлэг нь Баянтүмэн сумын Засаг даргатай Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Монголын Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийн төслийн хүрээнд Малчдын бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтыг сум хөгжүүлэх санд эргэн төлөх гэрээ зэргийг байгуулж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. /1 дэх хх-ийн 10-25 дахь тал/

 “Ургах наран” бүлэг Баянтүмэн сумын Засаг дарга нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 11-ний өдрийн “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ”-ний 1.1-д “Гэрээний талуудын тодорхойлсон Дорнод аймгийн Баянтүмэн сумын Тэмээт 3 дугаар багийн нутагт байрлах 931,0 га талбайд хамаарах бэлчээрийг Малчдын бүлэгт ашиглуулах, уст цэгээр хангахтай холбогдсон харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.”, Жич: Малчдын бүлэгт элссэн гишүүдийн нэрийг энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтаар, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн гаргасан бэлчээрийн зургийг энэхүү гэрээний 2 дугаар хавсралтаар, ... энэхүү гэрээнд оруулав.,

Мөн гэрээний 2.1-д Талуудын үндсэн үүрэг: “Засаг дарга нь энэхүү гэрээний хавсралт 2-т заасан байршил бүхий газрыг бэлчээрийн зориулалтаар Малчдын бүлэгт холбогдох хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглуулах, малчдын бүлэгт худаг гаргах, хашаа, хорооны материал олгоход дэмжлэг үзүүлэх, Малчдын бүлэг нь энэхүү гэрээнд болон холбогдох хуульд заасан нөхцөл, журмын дагуу бэлчээрийг ашиглах, хамгаалах, малчдын бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтыг эргэн төлөх тус тусын үндсэн болон бусад үүргээ биелүүлнэ.”,

2.3.2-т “ Малчдын бүлэг худгийг зориулалтын дагуу хэрэглэнэ.”,

2.3.5-д “Малчдын бүлгийн гишүүн өрх бүр худгийг хэрэглэх тэгш эрхтэй. Ямар нэгэн байдлаар аль нэг, эсвэл хэд хэдэн өрхөд дангаар нь давуу байдал олгож болохгүй бөгөөд аль нэг өрхийн эрхийг хязгаарлахгүй.”,

2.3.6-д “Худгийг зөвхөн гэрээгээр ашиглах бэлчээрийн талбар дотор ашиглана.”,

Тав. Малчдын бүлэг солигдох.

5.1-д “Малчдын бүлэг нь бэлчээр ашиглах гэрээнд гарын үсэг зурснаас хойш Малчдын бүлгийн гишүүн өрхүүд гэрээгээр ашиглах газар дээр доод тал нь 5-аас доошгүй жил бэлчээрийг тогтвортой ашиглана. Малчдын бүлгийн гишүүн өрхүүдийг солих, өөрчлөхийг бүлгийн бүх гишүүдийн хурлаар гишүүдийн дийлэнх олонхийн /2/3/ саналаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байна.

“Ургах наран” бүлгийн гишүүдийн хоорондын /*******,******* нарын/ үл ойлголцлоос болж тэдний хооронд маргаан үүссэн,  бүлгийн гишүүн ******* Баянтүмэн сумын харьяат болсон гэдэг үндэслэлээр “Хот орчмын бэлчээрийн төсөл”-ийн хөрөнгөөр баригдсан худгийг нэхэмжлэгч******* нь бүлгийн бусад гишүүддээ ашиглуулахгүй /*******эд/ болсон нь нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа боловч энэхүү худгийг ашиглуулахгүй байгаа явдал нь /Б.Мөнгөнцэцэгийн/  “Ургах наран” бүлэг  Баянтүмэн сумын Засаг дарга нарын хооронд байгуулагдсан Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээний 2.3.2, 2.3.5, 5.1-д заасныг зөрчсөн байна.

Хариуцагч******* нь “Ургах наран” бүлэг байгуулагдахаас өмнө хариуцагч *******эд өөрийн малыг тавиулаар маллуулж байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал баримтаар няцааж чадаагүй.

Нөгөө талаар хариуцагч *******,******* нар нь өөрийн малыг маллах, өсгөх, малаа услахад зайлшгүй усны шаардлага үүсч, улмаар малаа услахад зориулж 2017 оны 08 сард “Ургах наран” бүлгийн 931,0 га ашиглалтын газарт гүний худаг гаргасан явдлыг дээрх гэрээний 2.3.6-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 138/ШШ2021/00405 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ЭНХЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                             С.ОЮУНТУНГАЛАГ