Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2022/0580

 

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г***” ХХК /РД:5*******/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 6 дугаар сард гаргасан газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.               Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “...Манай компани Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар захирамжаар тус дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 10 га газрыг ногооны зориулалтаар эзэмшиж, зориулалтын дагуу ашиглан төмс хүнсний ногоо тариалж эхэлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.

Бид газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ 4 тал төмрөн хашаа татан, хүлэмж барьж, гүний худаг гаргаснаас гадна 6*3 харьцаатай байшин, хүнсний ногооны агуулах барин, хүнсний ногоо тарих, хураах багаж, техник тоног төхөөрөмж худалдан авч нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрөө байнга төлж байсан болно.

2019 оны 6 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар хүсэлт гаргаж улмаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн огноотой гэрээ байгуулсан.

Гэтэл газрын албанаас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13/726 тоотоор манай компанид мэдэгдэл ирүүлж, "газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төлөхийг шаардаж, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн байдаг.

Бид газрын албаныхантай очиж уулзахад 264 сая төгрөг төлөх шаардлагатай гэсэн бөгөөд бидний зүгээс ийм хэмжээний мөнгийг нэг дор төлөх боломжгүй байна. Мөн халдварт өвчин, хөл хорио, хил хаасан, орлого муу байгаа зэрэг шалтгаанаа учирлаж, тодорхой графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ талаарх албан бичиг ч өгсөн.

Манай компани 2019 оны 6 дугаар сард Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаж улмаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн огноотой гэрээ байгуулсан байхад хариуцагч нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2019 оны 06 дугаар сард газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусаж байсан тул Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах хүсэлтээ гаргасан. Тухайн үед манай газар, хэсэг нэгжийг хариуцсан Д.Д******** гэх мэргэжилтэнтэй гэрээ байгуулсан. Д.Д******** байцаагч нь танайх газрын төлбөрөө төлсөн, үүргээ биелүүлсэн байна. “Г***” ХХК-тай холбоо барих утас байгаа, даргаараа тамга, тэмдэг даруулж гэрээ бэлэн болохоор залгана. Ирж гэрээгээ аваарай гэсэн. 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр газар эзэмших гэрээгээ үлдээж байцаагчийн мэдэгдлийг хүлээж байсан.

Гэтэл гэнэт 2021 оны 03 дугаар сард “Г***” ХХК-д 14 хоногийн хугацаанд газрын дуудлага худалдааны үнийг төлөхгүй бол газрын гэрээг цуцалж, газрын гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Бид Баянзүрх дүүргийн газрын албанд очиж уулзаад газар эзэмших гэрчилгээгээ сунгуулах хүсэлтэд маань хариу өгөлгүй байсаар одоогийн нөхцөл байдал үүсэж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” гээд хүнсний ногоогоо дотооддоо хангах зорилт тавьсны дагуу...жил болгон ногоо тариалалтаа явуулж байгаа. Эдгээрийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Засаг дарга нь дүүргийнхээ аж ахуй нэгжийг дэмжин газар эзэмших гэрчилгээг маань гаргаж өгч газар эзэмших гэрээг маань сунгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах талаар авах ёстой арга хэмжээг авч тус дүүргийн газрын албаны мэргэжилтэнтэй тодорхой байдлаар харилцан, газар эзэмших эрхийг сунгуулахтай холбоотой хүсэлтээ гаргасан. Энэ талаар баримт нь бичгээр байхгүй, гэхдээ бичгээр гэрээгээ байгуулсан гэж үзэж байгаа. Хэлбэрийн шаардлага хангаагүй боловч хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.

2021 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн Газрын албанаас албан тоот ирүүлэхдээ газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссан гэх хэлбэрээр бус, газрын дуудлага худалдааны анхны үнийг төл гэсэн шаардлагыг тавсан. Үүнийг хууль бус гэж үзэж байна. Газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулах, гэрчилгээг хүчингүй болгуулахгүйн тулд тодорхой графикийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлье гэж мэдэгдэл өгсөн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16-ны хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл манай байгууллагад ирээгүй.

Баянзүрх дүүргийн Газрын албаны мэдээллийн санд танай мэдээлэл байхгүй байна гэсэн. Энэ нь захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан эрх зүйн акт гаргаагүй байж хууль бус шаардлагуудыг тавьж дарамтад оруулж байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын гэрээг гол үйл баримтаа гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулагч нь өөрөө гэрээг хэвлэж гаргаад, нэгж талбарын дугаарыг хуучин байснаас нь өөрчлөн, гэрээний дугаар олгон, гарын үсгээ зуран өгсөн байдаг. Энэ нь газар эзэмших эрх сунгагдсан гэж үзэх нөхцөл байдал үүсгэж байгаа, бид тэгж ойлгож байсан.

Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах тухай хандахаар танай мэдээлэл мэдээллийн санд дуусгавар болсон, сунгах боломжгүй гэж хэлдэг. Энэ эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа юм. Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн гэрээг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах ёстой байсан гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхтэй холбоотой хавтас хэрэгт авагдсан баримтаас харахад дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлол аргачлал гэж батлагдсан болохоос газрын гэрчилгээний хугацаа сунгуулж байгаа, газрын хэмжээ өөрчилж байгаа хуулийн этгээд нь энэ газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй, ийм хууль бус мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн байгаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баянзүрх дүүргийн бүсчлэлийг тогтоосон журам байдаг уу гэж лавлахад үүнийг тогтоосон журам байдаггүй гэсэн хариу өгсөн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

2.               Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г*** ХХК-ийн эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжаар 100000 м2 газрыг 5 жилийн хугацаатай төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд 2014 оны А/485 дугаар аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхээ сунгуулж 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байна.

Дээрх аж ахуйн нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь заалт /Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана/-ын дагуу болон газрын эзэмших эрхийн хугацаа дууссанаас хойш Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хугацаа сунгах хүсэлт гаргаагүй байна. Иймд хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт /газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй/-ын дагуу тухайн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг газрын кадастрын мэдээллийн сан ЛМ программ хангамжид дуусгавар болгосон төлөвт шилжүүлсэн байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Г***” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 368 дугаар захирамжаар 10 га газрын 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Түүнээс гадна А/485 дугаар захирамжаар аж ахуйн нэгжийн зориулалтаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгсөн байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байдаг.

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан гэж байгаа боловч энэ талаарх баримт нь тодорхойгүй, газар зохион байгуулалтын албаны архивд байдаггүй. 2019 оны 06 дугаар сарын гэрээн дээр газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн газрын үсэг зурсан боловч тухайн албаны дарга гарын тамга тэмдэг гарын үсэггүй байх тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана:” гэж заасан баримт нь байхгүй, программ өөрөө хаалт хийж “Г***” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон” 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ гол үйл баримтаа гэж үзэж байна.

“Г***” ХХК нь 2014 онд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулж үзсэн. Тухайн байгууллагын албаны дарга гарын үсэг сурснаар баталгааждаг гэдгийг мэддэг байх ёстой. 2014 онд байгуулсан сунгалтын гэрээн дээр нэгжийн дарга гарын үсгээ зурсан байдаг. 2019 оны газар эзэмших эрхийн гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-04/2301 дугаар албан бичгээр тус дүүргийн 11 дүгээр хороог н.Лхагвадэмбэрэл гэх хүн хариуцдаг байсан талаарх баримт хэрэгт ирсэн. Баянзүрх дүүргийн Газрын албанаас хүргүүлсэн газрын дуудлага худалдааны анхны үнийг төл гэсэн мэдээлэл нь газар эзэмших эрх нь дууссан байсан, дуусаагүй байсан бүх этгээдүүд рүү явсан байсан. “Г***” ХХК нь тус дүүргийн газрын албанаас ирүүлсэн энэ баримтаар газар эзэмших эрхийг гэрчилгээ сунгагдсан байсан гэж ойлгосон нь үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Г***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Г***” ХХК-ийн захирал Б.Б******* тус шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ:

- 2019 оны 6 сарын 12-ны өдөр гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, түүний дагуу гэрээ байгуулагдаж, уг гэрээнд эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурж компанийн тамгыг дарж үлдээсэн

- Гэтэл 2021 оны 3 сарын 12-ны өдөр манай компанид “...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй байх тул...төлөхийг шаардаж, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэн”-ээр бид графикийн дагуу төлөх санал хүргүүлсэн боловч энэ асуудлыг шийдвэрлээгүй, бид газраа 2007 оноос хойш зохих журмын дагуу эзэмшиж ирсэн...” гэж тодорхойлсныг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар:

- 2019 оны 9 дүгээр сарын 25-нд гэрчилгээний хугацаа дуусгавар болсон

            - Хүсэлт гаргасан гэх боловч уг хүсэлт, албан бичиг нь олддоггүй

            - 2019 оны гэрээнд Дүүргийн газрын албаны дарга гарын үсгээ зураагүй тул хүчин төгөлдөр гэрээ биш

            - Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, энэ тохиолдолд ямар нэгэн эрхийн акт гаргахгүй, программд хаалт хийгдсэн байдаг...” гэж тайлбарлан эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт ногооны газрын зориулалтаар 10 га газрыг 5 жилийн хугацаатай, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 0******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон,

            Уг шийдвэрийг үндэслэн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Дүүргийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч болон нэхэмжлэгч компанийн төлөөллүүд гарын үсэг зурж 5 жилийн хугацаатай байгуулсан байх ба газрын төлбөрийн тооцоо барагдуулсан тухай тэмдэглэлд нэхэмжлэгчийг 2008-2011 оныг дуустал төлбөрөө төлсөн болохыг баталгаажуулсан үйл баримтууд тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтуудын талаар маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах” хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар бүхий “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ байршил өөрчлөх тухай” захирамжийн хавсралтаар “Г***” ХХК-ийн 143725 тоот эрхийн гэрчилгээ бүхий 10,0 га газрын эзэмших эрхийг 5 жилээр сунгасан, уг шийдвэрийг үндэслэн Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0********** дугаар гэрчилгээг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгож, газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөн Дүүргийн өмч газрын харилцааны дарга, газар зохион байгуулагч болон “Г***” ХХК-ийн захирал нар гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь мөн тогтоогдов.

Газар эзэмшигч “Г***” ХХК болон Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны дарга Н.Б*****, газар зохион байгуулагч Ш.М********* нарын гарын үсэг зурж байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.5 дахь “гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл” хэсгийн 3-д “газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж тохиролцсон байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газрын албаны 2021оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13/726 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч компанид хандаж “...тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байх тул 2021 оны 4 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулна уу, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-ыг мэдэгдсэн, Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нь “...264 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах...тул гэрчилгээг түр түдгэлзүүлэхээ тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хариуг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, мөн хуулийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд...” гэж, хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд: газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж, 37.2-т “...дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл тухайн шатны Засаг даргаас гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийн дагуу харьяа газрын албанаас газар эзэмшигч этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газрын эзэмшил хууль ёсоор үүсэх ба газар эзэмших гол нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцох, газар эзэмших эрхийн гэрчилгээний болон гэрээний хугацаа дуусах тохиолдолд ийнхүү дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргах, уг хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хянаж, шаардлага хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, хангаагүй тохиолдолд сунгахаас татгалзаж шийдвэрлэхээр журамласан байна.

Түүнчлэн дээр дурдсанаар, эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэж газар эзэмших гэрээ байгуулах, улмаар уг гэрээг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдох тул гэрээний хугацаа, гэрчилгээний хугацааг тус тусад нь салгаж тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл газар эзэмших гэрээ нь тухайн газрын эрхийг хэрэгжүүлэх арга хэлбэр, талуудын эрх үүргийг тогтоох ба гэрчилгээ нь уг эрхийг гэрчилсэн баримт бичиг бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар захирамжийн хавсралтаар “Г***” ХХК-ийн газрын эзэмших эрхийг 5 жилээр сунгасан, үүний дагуу газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газраа эзэмшсээр байгаа бол 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзэхээр тохиролцсон, газар эзэмших эрхийн 0********** дугаар гэрчилгээг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон зэргээс үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дуусах байсан хэдий ч хариуцагч захиргааны байгууллага болон нэхэмжлэгч “Г***” ХХК-иас түүнийг цуцлах санал тавиагүй газраа үргэлжлүүлэн эзэмшиж байсан тул уг гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 дугаар сарын 27 хүртэл хүчин төгөлдөр гэж тооцогдохоор байна.

Үүнээс үзвэл газар эзэмших гэрээний болон гэрчилгээний хугацаа /хууль болон гэрээгээр тогтоосон/ бүрмөсөн дуусах нөхцөлд уг хугацааг сунгуулах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх талаарх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэх бөгөөд нэгэнт хугацаа дуусгавар болоогүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас “...хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, энэ тохиолдолд Засаг даргаас ямар нэгэн эрхийн акт гаргадаггүй” гэх тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь, хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг Баянзүрх дүүргийн засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар захирамж гарсан өдрөөс эхлэн тоолж, талуудын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд тусгайлан заасан хугацааг харгалзан үзэлгүйгээр 5 жилийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болоход газрын кадастрын мэдээллийн ЛМ программ хангамжид дуусгавар болсон төлөвт автоматаар бүртгэгддэг” гэж тайлбарласан, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг тодруулахаар e-gazar.gov.mn сайтад үзлэг хийсэн боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нэгэнт дуусгавар болгосны улмаас уг сайт руу нэвтрэх боломжгүй нь тогтоогдсон ба шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “Г***” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болгосон гэж үзсэн болно.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 13/518 дугаар бүхий албан бичгээр “...дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэх үндэслэлээр мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч үүнийгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч компанид хүргүүлэх ёсгүй байсан, энэ үндэслэлээр хүчингүй болгоогүй, газрын албаны алдаа болсон” гэж тайлбарлан уг мэдэгдлээ үгүйсгэсэн, мөн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13/1516 дугаар албан бичгээр “Газар чөлөөлөх тухай” мэдэгдлийг хүргүүлсэн хэдий ч эдгээр нь гэрээг цуцлах санал биш, уг албан бичгүүдийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “...2019 оны 6 сарын 12-нд гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, түүний дагуу гэрээ байгуулагдаж, уг гэрээнд эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурж компанийн тамгыг дарж үлдээсэн” гэх үндэслэлийн тухайд:

Хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01110-2014/00299 дугаар бүхий “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г нэхэмжлэгч компаниас нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн ба уг гэрээнд “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар шийдвэрийг үндэслэн нэг талаас газар эзэмшүүлэгчийг төлөөлж Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Д.Д*********, газар эзэмшигчийг төлөөлж Г*** ХХК-ийн захирал Б.Б******* нар энэхүү гэрээг байгуулав, газар эзэмших хугацаа 5 жил...” гэж зааж гэрээний төгсгөлд гэрээ байгуулсан Д.Д******** болон Б.Б******* нар гарын үсгээ зурж нэхэмжлэгч компанийн тамгыг дарсан байна.

Нэхэмжлэгч тал уг баримтыг үндэслэн “манай компанийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг үндэслэн 5 жилээр сунгагдаж энэ гэрээ байгуулагдсан” гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хүсэлтээ гаргаагүй, хүсэлт нь байгууллагын архив, бичиг хэрэгт байхгүй байгаа,...хүчин төгөлдөр гэрээ биш, Дүүргийн газрын албаны дарга гарын үсгээ зураагүй” гэж, шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Д******** “...миний гарын үсэг биш, би нэхэмжлэгч нарт ийм гэрээ гаргаж өгснөө санахгүй байна” гэж тус тус тайлбарлан эс зөвшөөрсөн.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2-т зааснаар нэхэмжлэгч компаниас ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг үндэслэн тухайн шатны Засаг даргаас шийдвэр гаргахаар журамлагдсан ба нэхэмжлэгчээс гаргасан гэх “2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хугацаа сунгуулах” хүсэлт нь хариуцагчийн гаргасан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан, нотариатчийн гэрчилсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01110-2014/00299 дугаар бүхий “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 5 жилээр тогтоож, улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулагч Д.Д******** гарын үсгээ зурсан, гэрээний хэлбэрийн хувьд албан ёсны программаас хэвлэж гаргасан дугаар огноо бүхий байгаа хэдий ч уг гэрээнд эрх бүхий захиргааны байгууллагын тамга дарагдаагүй, дүүргийн Газрын албаны дарга гарын үсгээ зураагүй байна.

Энэ нь уг гэрээг албан ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай хэдий ч тухайн гэрээг нэхэмжлэгч хуулийн этгээд өөрөө программаас хэвлэж авах боломжгүй, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргаж өгөх боломжтой талаар талууд тайлбарласан тул энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хувьд “хууль ёсны итгэл хамгаалагдах” боломжтой гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан ба хариуцагч захиргааны байгууллагаас тухайн гэрээг нэхэмжлэгчид гаргаж өгсөн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй,  нөгөө талаар шүүхээс нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 27 хүртэл хүчинтэй гэж дүгнэсэн тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч “Г***” ХХК-ийн газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болох хугацаа болоогүй байхад хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түүний газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болгосны улмаас газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  хугацаа сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г***” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  хугацаа сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны  дагуу нэхэмжлэгч” Г***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г***” ХХК-д олгосугай.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН