Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2023/00182

 

“С ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Амарбаясгалан, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/01193 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01250 дугаар магадлалтай,                                                                                                                                   

“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т ” ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маралмаа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С ” ХХК нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/01193 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т ” ХХК-аас 340,879,263 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 37,875,474 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “С ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,051,730 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХК-иас 1,862,346 төгрөгийг гаргуулж, “С ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01250 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/01193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Т ” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн 210/МА2023/01250 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тухай. Нэхэмжлэгч “С ” ХХК нь “Т ” ХХК-тай 2019.05.03-ны өдөр байгуулсан Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ, Даатгалын өрөнхий гэрээний хугацаанд Хариуцлагын даатгалын тохиолдол буюу даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл болон байгалийн аюулт үзэгдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулсан хохиролд 378,754,737 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс даатгалын гэрээний хугацаанд "С " ХХК нь Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх явцад их хэмжээний аадар бороо орсны улмаас даатгуулагчийн хийж гүйцэтгэсэн түр далан ачааллаа дийлэхгүй нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдсон, энэ нь даатгуулагчийн зөвлөх инженер А ийн баталсан Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал”-ыг зөрчсөнөөс шууд шалтгаалаагүй, харин их хэмжээний аадар бороо орсон цаг агаарын “Аюултай үзэгдэл”-тэй шалтгаант холбоотой болох нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч Д  , В  нарын 2019.08.13-ны өдрийн 01-07-035/332 тоот дүгнэлт, шинжээч Т ын “Шинжээчийн дүгнэлт” зэргээр тогтоогдож байх тул Автозамын угсралтын даатгалын дэд гэрээний 10 дугаар зүйлд заасан даатгуулагч ... санамсаргүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага гэж тохиролцсон даатгалын тохиолдолд нийцнэ гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас даатгуулагчийн өөрийн хариуцах хэсгийг хасч 340,879,263 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Бидний зүгээс даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан асуудалд маргаан байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон үзэж байгаа юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Магадлалын хяналтын хэсэгт хийсэн дүгнэлтэд "Талуудын хооронд байгуулсан автозам угсралтын даатгалын дэд гэрээний 13.2-т Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохирол"-ыг нөхөн төлбөр олгогдохгүй гэж тохиролцсон тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Иймд даатгалын тохиолдолд хамрагдахгүй нөхцөл нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай “Т ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна. Энэхүү маргааны гол агуулгыг тодорхойлох, шийдвэрлэхийн тулд хариуцлагын даатгалын тохиолдол ямар нэгэн дүрэм, журам стандарт зөрчигдөхгүйгээр бий болох боломжтой эсэх, даатгуулагч даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгосон эсэх, стандарт нөхцөл бүхий гэрээг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах эсэх үндсэн 3 хэсэгт дүгнэлт хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

4.1.1.Хариуцлагын даатгалын олон улсад үүсч хөгжсөн нийтлэг онолын баримтлалаас үзэхэд энэ төрлийн даатгал нь даатгуулагч этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх эдийн болон эдийн бус хохирлыг барагдуулах шинжтэй ба харин даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгохыг хязгаарлах, хуулийн өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөхгүй байх шинжтэй байдаг. Монгол Улсад түгээмэл хэрэгжиж буй энэ төрлийн даатгал бол жолоочийн хариуцлагын даатгал бөгөөд адилтгавал зам тээврийн осол нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөхгүйгээр бий болох боломжгүйтэй агаар нэг болно. Гэтэл даатгалын компанийн стандарт нөхцөл бүхий гэрээний заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа нь Даатгалын тухай хууль, Иргэний хуулийн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй билээ.

4.1.2.Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4 дэх хэсэгт "Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатайгаар бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцлагын даатгалын хувьд даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан эсэхийг харгалзан үзнэ гэж ойлгоно. Гэм буруугийн санаатай хэлбэр нь онолын хувьд тухайн үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэснээр ямар үр дагавар үүсэхийг мэдэж, тухайн үр дагавар үүсгэхээр хүсч үйлдсэн байхыг ойлгодог. Гэтэл нэхэмжлэгч “С ” ХХК-ийн хувьд хөлийн голын түр даланг гүйцэтгэхдээ ус нэвтрүүлэх 4 хоолой бус 2 хоолой байрлуулахдаа их хэмжээний аадар бороо бүхий цаг агаарын аюулт үзэгдэл бий болох, улмаар гуравдагч этгээдүүдэд хохирол учрахыг урьдчилан тооцоолох боломжгүй, гүүрийг алдаатай гүйцэтгэснээр бий болох хохирол, үр дагавартай шууд шалтгаант холбоогүй билээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгснийг дурдах нь зүйтэй.

4.1.3.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.” гэж заасан. “Т ” ХХК-ийн Даатгалын ерөнхий гэрээ болон Авто зам угсралтын даатгалын дэд гэрээ нь “Т ” ХХК-ийн боловсруулж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэн, тухайн нөхцөлөөрөө даатгуулагчидтай байгуулах үүрэг хүлээсэн стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маралмаа мөн тайлбар гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Автозам угсралтын даатгалын дэд гэрээний 13.2 дахь хэсэгт “Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмж ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй тухай зохицуулалт нь гэрээний стандарт нөхцөл болж байгаа юм. Энэхүү нөхөн төлбөрт хамрагдахгүй нөхцөлөөс гадна тус гэрээний 10 дугаар зүйл Даатгалын эрсдэл хэсгийн 2 дахь хэсэгт “Даатгуулагч авто зам угсралтын ажил гүйцэтгэх явцдаа барилгын орчинд санамсаргүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлагад нөхөн төлбөр олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, санамсар болгоомжгүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн бүхий л хариуцлагыг даатгагч хариуцах тухай тусгасан нь гэрээний 13.2 дахь хэсэгтэй зөрчилдөөнтэй, ойлгомжгүй байгаа юм. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.” гэж заасны дагуу дээр дурдсан ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөлийг санал хүлээн авагч тал болох “С ” ХХК-д ашигтайгаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаас даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч 340,879,263 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой маргаан болох тухай.

4.2.1.Даатгалын үндсэн ойлголтоор даатгагч нь аливаа тухайн гэрээний дагуу үүрэг эрсдэлийг танин мэдэх, тухайн эрсдэлд тохирох хураамжийг тогтоох, тохиролцсон тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр олгох үүргийг хүлээдэг. Талуудын хооронд үүссэн маргааны ач холбогдол бүхий дахин нэг асуудал нь “Т ” ХХК нь Авто зам угсралтын даатгалын дэд гэрээг байгуулахдаа эрсдэлийн үнэлгээ хийгээгүй явдал билээ. 2019.05.03-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдах үед маргаан бүхий түр далан болон ус нэвтрүүлэх 2 хоолой бүхий гүүр аль хэдийн баригдсан байсан бөгөөд энэ нөхцөл байдал нь эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд даатгахаас татгалзах, даатгалын хураамжийг нэмэгдүүлэх зэрэг эрх, үүрэг хэрэгжүүлэх боломжтой байсан. Даатгалын багц дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1.8-д Даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хувь хэмжээ нь эрсдэлийн түвшинтэй уялдаатай байх тухай тусгасан. Эндээс дүгнэж үзвэл даатгагч нар эрсдэлийн үнэлгээ хийхгүйгээр даатгалын гэрээ байгуулж, хожим даатгалын тохиололд бий болсон үед нөхөн төлбөр олгохоос татгалзах арга саам хийх байдлаар даатгалын үндсэн зарчмуудыг зөрчиж байгаа юм.

4.2.2.Иргэний хуулийн 444.4-т “Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө” гэж зааснаар энэ төрлийн даатгалын хувьд даатгуулагч санаатайгаар даатгалын тохиолдлыг бий болгосноос бусдаар нөхөн төлбөрийг олгох зарчим, мөн хариуцлагын даатгалын олон улсын жишгээс өөрөөр буюу ямар нэгэн дүрэм, журам, стандарт зөрчигдсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай хэт ерөнхий зохицуулалт тусгаж хариуцлагын даатгалын тохиолдол бүрт нөхөн төлбөр олгохоос татгалзах сөрөг үр дагаврыг хууль хэрэглээний хувьд бий болгож болзошгүй байгааг харгалзан тус хэргийг хяналтын журмаар хянах нь зүйтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.21-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00975 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх гомдлыг эс зөвшөөрч, бичгээр ирүүлсэн тайлбартаа “... барилгын ажил гүйцэтгэгч компаниуд хариуцлагаас зайлсхийх, батлагдсан зураг төслийг зөрчиж, үүдэн гарах хохирлыг даатгалын байгууллагаар өөрийн хүлээх хариуцлагаа хууль бусаар хүлээлгэх жишиг тогтох эрсдэлтэй, ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч “С ” ХХК нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан 2019.08.05-ны өдөр орсон борооны улмаас даатгалын тохиолдол бий болсон гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, “... даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй, Хөлийн голын гүүрийн замын гүйцэтгэх аргачлалыг зөрчиж их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн тул нөхөн төлбөрийг төлөх үүрэггүй” гэж маргажээ.

8.“С ” ХХК, “Т ” ХХК нарын хооронд 2019.05.03-ны өдөр 1991950003 дугаартай даатгалын ерөнхий гэрээ болон 619919009866 дугаартай авто замын угсралтын даатгалын дэд гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нь авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад замын угсралтын талбайн орчимд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг даатгуулж, даатгалын хураамж төлөх, хариуцагч буюу даатгагч “Т ” ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.

9.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэрээр “С ” ХХК нь Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын ПК 4+121 дээр баригдаж буй 20.7 у/м төмөр бетон гүүрний угсралтын ажлыг гүйцэтгэх явцад барилгын ажилд тээвэрлэлт хийх зориулалтаар голын усны урсгалыг хааж, хөндлөн далан барьж, 0,75 м-ийн диаметртэй хос хоолойгоор голын усыг нэвтрүүлж байсан нь 2019.05.01-ний өдөр зөвлөх инженер А ийн баталсан “Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал”-ыг зөрчсөн бөгөөд 2019.08.05-ны өдөр орсон борооны улмаас ойр орчмын айлууд үерт авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, “С ” ХХК-аас нийт 265,128,318 төгрөгийг гаргуулан нэр бүхий 11 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. 

10.Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “...даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2022.08.02-ны өдрийн 9/3021 тоот албан бичгээр “...Авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 13 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8.1.5,  Даатгалын ерөнхий гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9-д заасныг үндэслэл болгон нөхөн төлбөр олгохоос татгалзсан даатгагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхээр байна” гэсэн хариуг даатгуулагчид өгсөн байна. 

11.Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн тухай болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцсэн боловч даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагын үндэслэлийг ялгаатай дүгнэж, хоёр өөр шийдэл гаргажээ.

12.Даатгуулагч нь авто зам угсралтын ажил гүйцэтгэх явцдаа ... 1м диаметртэй 4 ширхэг бетонон хоолойг байрлуулах аргачлалыг зөрчиж, 0,75 м-ийн диаметртэй хос хоолой байршуулсан, 2019.08.05-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас уг хоолой усыг чөлөөтэй нэвтрүүлж чадахгүй хальж, хамгаалалтын даланг даван ойр орчмын айлууд үерт автаж, иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсныг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлсэн тул “Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ”-нд заасан даатгалын тохиолдол бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй, ... хохирол учирсан нь аргачлалыг зөрчсөнөөс шууд шалтгаалаагүй, харин их хэмжээний аадар бороо орсон цаг агаарын аюултай үзэгдэлтэй хавсарсан шалтгаант холбоотой буюу даатгуулагч санамсаргүй алдаа гаргасан гэж анхан шатны шүүх дүгнээд, гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдол бүрт даатгуулагчийн хариуцах хэсэг 2,000 ам.доллар хүртэлх болон давсан дүнгийн 10%  байна гэсэн гэрээний нөхцөлийг үндэслэн хариуцагч “Т ” ХХК-аас нөхөн төлбөр 340,879,263 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

13.Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч тал Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 13.2-т заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй байхаар зохицуулсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй” гэж анхан шатны шүүхийг буруутгаад, ... гэрээний 13.2-т “Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник, тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлбөр олгогдохгүй” гэж тохиролцсон талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Иймд даатгалын тохиолдолд хамрагдахгүй нөхцөл нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна” гэж дүгнээд, “Т ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

14.Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д “Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй” гэж, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” гэж заасан ба талуудын байгуулсан “Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ”-ний 4 дүгээр зүйлд даатгалын зүйлийг “Даатгуулагчийн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад замын угсралтын талбайн орчимд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага”-ыг, 10 дугаар зүйлд даатгалын эрсдэлийг “Даатгуулагч авто замын угсралтын ажил гүйцэтгэх явцдаа барилгын орчинд санамсаргүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага” гэж тус тус тодорхойлсон байна. Харин мөн гэрээний 13 дугаар зүйлд “Барилгын норм, дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохирол”-ыг даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй буюу даатгалын тохиолдолд хамрагдахгүй нөхцөлөөр тохирсон байна.

15.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэрт даатгуулагч компани нь замын ажлыг хийхдээ зөвлөх инженер А ийн баталсан “Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал”-ыг зөрчсөнөөс нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан тухай дүгнэсэн байх бөгөөд уг хохирлыг “С ” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн, хэргийн баримт, зохигчийн тайлбар, гэрээний 13 дугаар зүйлд зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, өмгөөлөгч Г.Лхагвасүрэн нарын хяналтын журмаар гаргасан “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Автозам угсралтын даатгалын дэд гэрээний 13.2 дахь хэсэгт “Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмж ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй тухай зохицуулалт нь гэрээний стандарт нөхцөл, ... гэрээний 10 дугаар зүйл Даатгалын эрсдэл хэсгийн 2 дахь хэсэгт “Даатгуулагч авто зам угсралтын ажил гүйцэтгэх явцдаа барилгын орчинд санамсаргүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлагад нөхөн төлбөр олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, санамсар болгоомжгүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн бүхий л хариуцлагыг даатгагч хариуцах тухай тусгасан нь гэрээний 13.2 дахь хэсэгтэй зөрчилдөөнтэй, ойлгомжгүй байгаа юм. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.” гэсэн гомдлыг хангахгүй. Учир нь, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой хоёр хуулийн этгээдийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, нөгөөтэйгүүр даатгалын зүйл, тохиолдол нь хариуцагч компаниас түгээмэл хийдэг даатгалын төрөл биш байна. Тодруулбал, даатгалын гэрээ нь иргэний болон худалдааны үйл ажиллагаанд нийтлэг тохиолдох эрсдлээс хамгаалах зорилготой бөгөөд тодорхой этгээдийн мэргэжлийн хариуцлагын даатгалаас бусад тохиолдолд бизнес эрхлэгчийн мөрдвөл зохих хууль дүрэм, стандартын алдаа зөрчлийн улмаас бий болох хохирлоос сэргийлэх агуулгатай байх боломжгүй.
Түүнчлэн, даатгуулагч замын ажлыг гүйцэтгэхдээ зөвлөх инженер А ийн баталсан “Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал”-ыг зөрчсөн байхад даатгуулагчийг авто зам угсралтын ажил гүйцэтгэх явцдаа барилгын орчинд санамсаргүй алдаа гаргасан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм.

17.Иймээс давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01250 дугаар  магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1,870,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                 Н.БАЯРМАА

                                                                             Д.ЦОЛМОН