Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/01193

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 18 181/ШШ2023/01193

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Н.Батчимэг, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СХКМ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТД ХК-д  холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Г.Одгэрэл, Х.Хатан-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СХКМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Г.Л нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХКМ ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит Синнохайдро корпорейшн лимитэд компанийн охин компани бөгөөд Монгол Улсын засгийн газар БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын Bank of China-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр, 4 эгнээ бүхий нэгдүгээр зэрэглэлийн авто замын төсөл-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Тус компани нь ТД ХХК -тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19919050003 дугаартай Даатгалын ерөнхий гэрээ болон 619919009866 дугаартай Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-г тус тус байгуулсан. Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар Даатгуулагчийн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад замын угсралтын талбайн орчимд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага-ыг даатгуулсан.

Төслийг хэрэгжүүлэх явцад Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын ПК 4+121 дээр баригдаж буй 20.7 у/м төмөр бетон гүүрний угсралтын ажлыг гүйцэтгэх явцад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр их хэмжээний аадар бороо орж хөлийн гол үерлэсний улмаас түр далан ачааллаа дийлэхгүй болж далангийн ойр орчмын иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгөд хохирол учирсан. Дээрх үйл явдлаас болж гуравдагч этгээдүүдэд учирсан хохирлын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээний Аривжих эстимейт ХХК-иар хийлгэсэн ба нийт хохирлын үнэлгээ 378,754,737 төгрөгөөр тогтоогдсон. Уг хохирлын дүнгээс манай компани 113,626,419 төгрөгийг хохирсон гуравдагч этгээдүүдэд төлсөн байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг нь ТД ХХК -иас нөхөн төлбөр авсны дараа төлөхөөр хүлээж байсан. Гэвч эд хөрөнгө нь хохирсон хуулийн этгээд, иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэрээр нийт 265,128,318 төгрөгийг манай компаниас гаргуулж, нэр бүхий гуравдагч этгээдүүдэд олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2022/00214 дүгээр тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон.

Ингээд манай компаниас гуравдагч этгээдүүдэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ТД ХХК -д нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтээ, гаргасан.

Гэтэл ТД ХХК -иас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22/354 тоот албан бичгээр ... зэргээс дүгнэхэд танай байгууллага Авто замын тухай хууль, зөвлөх инженер А.Берденбекийн зөвшөөрсөн Хөлийн голын гүүрний замын ажлыг гүйцэтгэх аргачлал-ыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан нь тогтоогдож байна. ... Нэмэлтээр ирүүлсэн материалын дагуу хүсэлтийг дахин шалган нягталж үзэхэд Авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 13/ Даатгалд хамаарахгүй нөхцөл/ дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохирол, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дүгээр заалт даатгуулагч ... буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн Даатгалын ерөнхий гэрээний 6 дугаар зуйлийн 6.5.9 дэх хэсэгт зааснаар ...Даатгуулагч даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, ... гэж заасан нөхцөл бүрдсэн гэсэн холбогдох хууль болон гэрээний заалтыг бүрэн агуулгаар үндэслэж тайлбарлаагүй, хуулийн заалтын бүтэн өгүүлбэрийн зөвхөн ашигтай байж болох хэсгийг авч тайлбарлан нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Бид ТД ХХК -ийн хууль бус хариуг аваад Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ч Санхүүгийн зохицуулах хороо манай гомдлыг хүлээн аваагүй болно.

Манай компаниас 619919009866 дугаартай Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-гээр даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө үүсэх хариуцлагыг даатгуулсан. Гэтэл ТД ХХК -иас манай компанийг хууль зөрчсөн буруутай үйлдэл гаргасан байна гэдэг үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. ТД ХХК -иас нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгөхдөө Даатгалын тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэсэн заалтыг үндэслэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн хууль зүйн үндэслэлгүй юм. Уг заалтын агуулга нь даатгуулагч даатгалын нөхөн төлбөр авахын тулд санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд хамаарах агуулгатай байгаа юм. Манай компанийн хувьд даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг санаатайгаар бүрдүүлээгүй, тухайн үед байгаль цаг уурын онц ноцтой аюулт үзэгдэл болоогүй бол даатгалын тохиолдол бий болохгүй байсан. Түүнчлэн манай компанийн зүгээс барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ", Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.4-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох" гэж тус тус заасан болон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19919050003 дугаартай Даатгалын ерөнхий гэрээ, 619919009866 дугаартай Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-ний дагуу ТД ХХК -иас нөхөн төлбөр 378,754,737 төгрөгийг СХКМ ХХК -д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ТД ХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХКМ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахи үндэслэлээр эс зөвшөөрч, тайлбар гаргаж байна.

1. ТД ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнг олгохоос хуульд заасан бодит үндэслэл, даатгалын хүчин төгөлдөр гэрээ болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр татгалзсан.

ТД ХК нь нэхэмжлэгч СХКМ ХХК -ийн Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, 4 эгнээ бүхий 1 дүгээр зэрэглэлийн авто замын төсөл /цаашид Төсөл гэх/-ийн хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19919050003 тоот Даатгалын ерөнхий гэрээ, 619919009866 тоот Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-г байгуулан урьдаас таамаглах боломжгүй, гэнэтийн эрсдэлээс үүдэн даатгуулагч болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг бууруулах, нөхөх зорилготой даатгасан.

Ийнхүү даатгалын гэрээгээр даатгагдсан эрсдэл, даатгахаар тохиролцсон нөхцөл бүрдсэн тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоор талууд харилцан тохиролцсон ба Иргэний хууль, Даатгалын тухай хуулиар энэхүү харилцааг зохицуулсан байдаг.

Төслийг гүйцэтгэх явцад буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бороо орсны улмаас даатгуулагчийн хийж гүйцэтгэсэн үерийн далан ачааллаа дийлэлгүй нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд даатгуулагчийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн SHC/MG2069/BUS тоот нөхөн төлбөр хүссэн өргөдөлд ТД ХК -ийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20/164 тоот албан бичгээр хууль болон гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байх тул татгалзаж шийдвэрлэсэн тухайг илэрхийлэн, Даатгуулагчид хүргүүлсэн.

Мөн 2022 оны 06 сарын 15-ны өдөр ирүүлсэн Нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг болон түүнд хавсаргасан холбогдох шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг ирүүлсэн материалын дагуу хүсэлтийг дахин шалган нягтапж үзэхэд Авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 13 /Даатгалд хамаарахгүй нөхцөл/ дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тонoг төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохирол, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дүгээр заалт даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, Даатгалын ерөнхий гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9 дэх хэсэгт зааснаар Даатгуулагчийн хууль бус болон санаатай үйлдлийн үр дагаврын улмаас учирсан хохирол буюу Даатгуулагч даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, аюулыг санаатай ихэсгэсэн гэж заасан нөхцөл бүрдсэн нь дахин тогтоогдсон.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 тоот шийдвэрээр СХКМ ХХК -г нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдүүдэд гэм хор учруулсны хохиролд нийт 265,128,318 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэрт Тодруулбал, хариуцагч СХКМ ХХК нь авто замын ПК 4+121 дээр баригдаж буй 20.7 у/м урт төмөр бетон гүүрний угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Хөлийн голын гүүрний түр замыг гүйцэтгэх аргачлал-д зааснаар түр замын доод талд 1м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж хөлийн голын урсгал 4 ширхэг хоолойгоор дамжин урсаж өнгөрөх байтал 0,75м-ийн диаметртэй хос хоолой байршуулснаас голын ус хальж нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан байна, ... нэхэмжлэгч нар /нэр бүхий 11 иргэн/-д учирсан хохирлыг хуульд заасны дагуу хариуцагч Сино хайдро Корпорэйшн Монголиа ХХК төлөх үүрэгтэй тул хариуцагчийн ТД ХК -д хандсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна гэж дурдсан байдаг.

Дээрх Монгол улсын Мэргэжпийн хяналтын ахлах байцаагчийн 01-07-035/332 тоот дүгнэлт, Сүхбаатар дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 тоот Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 26 тоот Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх тухай Магадлал, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн хуралдааны 001/XT2022/00214 тоот Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Тогтоол зэргээс дүгнэхэд СХКМ ХХК нь Авто замын тухай хууль, зөвлөх инженер А.Берденбекийн зөвшөөрсөн Хөлийн голын гүүрийн замыг гүйцэтгэх аргачлап-ыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр нь бидний гаргасан өмнөх шийдвэрийг баталгаажуулж байх тул нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байсан тухайгаа бататган 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 22/354 тоот албан бичгээр мэдэгдэж байсан тул манай компани нь даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.

2. Нэхэмжпэгч СХКМ ХХК нь нэхэмжлэлдээ ...их хэмжээний аадар бороо орж хөлийн гол үерлэсний улмаас түр далан ачааллаа дийлэхгүй болж далангийн ойр орчмын иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгөд хохирол учруулсан... Үлдэгдэл төлбөрийг нь Тэнгэр Даатгап ХК-иас нөхөн төлбөр авсны дараа төлөхөөр хүлээж байсан. гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 тоот шийдвэрээр СХКМ ХХК -г Авто замын тухай хууль, Хөлийн голын гүүрийн замыг гүйцэтгэх аргачлап-ыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан гэж дүгнэн нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдүүдэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт 265,128,318 төгрөгийг СХКМ ХХК -г хариуцан төлж, нэхэмжлэгчдийг хохиролгүй болгохыг үүрэг болгосон.

СХКМ ХХК нь Авто замын тухай хууль, Хөлийн голын гүүрийн замыг гүйцэтгэх аргачлал-ыг зөрчин, 1м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж хөлийн голын урсгал 4 ширхэг хоолойгоор дамжин урсаж өнгөрөх байтал 0,75м-ийн диаметртэй хос хоолой байршуулснаас голын ус хальж хохирогчдын эд хөрөнгөд хохирол учирсан байтал өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэж, улмаар өөрийн хууль зөрчсөн үйлдэл хариуцлага хүлээхээс зайлсхийн даатгагч буюу ТД ХК -иас шүүхээс гарсан шийдвэрийн дагуу өөрийн гүйцэтгэх үүргээ үндэслэлгүй шилжүүлж нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа нь хууль болон гэрээгээр тохиролцсон аль ч үндэслэлд хамаарахгүй байна.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 -д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэсэн заалтыг үндэслэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Уг заалтын агуулга нь даатгуулагч даатгалын нөхөн төлбөр авахын тулд санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд хамаарах агуулгатай байгаа юм. гэжээ.

Даатгуулагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын утгыг гуйвуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тус заалтад 1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан, 2. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэх хоёр нөхцөл байх бөгөөд даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн үйлдэлд санаатай эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн аль нь ч байж болно. Замыг гүйцэтгэх аргачлал, норм стандартыг батлан гаргаж байгаа нь аюул осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нарийн тооцооллыг мэргэжлийн, мэргэшсэн инженер зөвлөхүүд батлан гаргаж, түүнийг заавал дагаж мөрдөх шинжтэй байдаг. Тухайн норм стандартыг мөрдөөгүй явдал нь аюул осол гарах томоохон шалтгаан болсон. Хэрэв СХКМ ХХК нь байрлуулах ёстой 1 метрийн диаметртэй 4 бетон хоолойг байрлуулсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Нэхэмжпэгч тал тухайн норм стандартыг зөрчсөнөөс үүдэн аюул учрах нөхцөл байдал үүсэхийг мэдсээр байж өөрсдийн зураг төслийг зөрчсөн үйлдэл хийсэн нь Даатгалын тухай хуулийн 8.5.1-д заасанчлан нөхцөлүүд бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь баталсан стандартын дагуу ажлыг гүйцэтгээгүй явдал нь даатгуулагч санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгч СХКМ ХХК нь нэхэмжлэлдээ Манай компанийн хувьд даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг санаатайгаар бүрдүүлээгүй, тухайн үед байгаль цаг уурын онц ноцтой аюулт үзэгдэл болоогүй бол даатгалын тохиолдол бий болохгүй байсан. Түүнчлэн манай компанийн зүгээс барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй болно гэжээ.

Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал-ын дагуу 1м диаметртэй 4 ширхэг төмөрбетон хоолойг үерийн даланд суурилуулах үүрэгтэй байсан хэдий ч санаатайгаар 0.75м диаметртэй 2 ширхэг төмөр бетон хоолой суурилуулсан нь 2019 оны 08 сарын 05-ны өдөр орсон борооны усыг зайлуулах хүчин чадал хүрэлгүй ойр хавийн айлуудад хохирол учруулсан нь Даатгалын тухай хуулийн 8.5.1-д заасан үндэслэл бүрдсэн гэдгийг нотолж байгаа юм.

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Дөлбадрах, В.Мягмар нарын 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 01-07-035/332 тоот дүгнэлтээр Төслийн техникийн шаардлагын 108 дугаар зүйлд заасан /Барилгын ажил гүйцэтгэх аргачлал/ бүлэгт заагдсан заалтуудыг зөрчсөн нь Авто замын туай хуулийн 20 дугаар зуйлийн 20.5-д заасан Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүүл ахуй, байгаль, орчны болон замын хөдөлгөөний аюулгуй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж байна гэж дүгнэжээ.

Мөн санхүүгийн зохицуулах хороо 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9/3021 тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 8.5.1, болон Даатгалын ерөнхий гэрээний 6.5.9-д заасныг тус тус үндэслэл болгон нөхөн төлбөр олгохоос татгалзсан даатгагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхээр байна гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Иймд тухайн СХКМ ХХК -ийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан буюу хохирлын хэмжээ ихэссэн нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 01-07-035/332 тоот дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/01817 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаартай магадлал, 001/ШХТ2022/00214 тоот тогтоолоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шаардаж буй 378,754,737 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Г.Одгэрэл дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал аюулгүй байдлын үйл ажиллагааг 4 хоолой байхыг 2 хоолой болгож зөрчсөний улмаас гуравдагч талуудад хохирол учруулсан. Шинжээчийн дүгнэлт баримт нотолгоон дээр үндэслэн ТД ХХК гэм буруугүй гэж бодож байна. байгалийн онц ноцтой нөхцөл байдлаас даатгалын нөхцөл үүссэн гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Х.Хатан-Эрдэнэ дүгнэлтдээ: Талууд хоёулаа үүрэг хариуцлага хүлээсэн байнаа. Тиймээс ТД ХХК зохих ёсны зарим хэсгийн нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.03-ны өдрийн Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ, 2019.05.03-ны өдрийн Даатгалын ерөнхий гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.08.02-ны өдрийн 9/3021 дугаар албан бичиг, ТД ХК -ийн 2022.06.17-ны өдрийн 22/354 дугаар албан бичиг, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.02.25-ны өдрийн 001/ШХТ2022/00214 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэр, Арвижих эстимейт ХХК-ийн хохиролын үнэлгээний тайлан зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

Шүүхийн журмаар Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Дөлбадрах, В.Мягмар нарын 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 01-07-035/332 тоот дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2020.03.25-ны өдрийн 07/806 албан бичиг, хавсралт-1, дүгнэлтийн үндэслэл, тайлбар бичиг, Автозамын хөгжлийн газрын 2019.05.24-ны өдрийн ажил эхлүүлэх тухай албан бичиг, ажлын төлөвлөлт, автозамын зургийн өөрчлөлтийн инженерийн нарийвчилсан зураг төсөл, Шинжээч Т.Мөнхбаярын шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СХКМ ХХК нь хариуцагч ТД ХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө үүсэх хариуцлагыг даатгуулсан бөгөөд даатгалын тохиолдол бий болсон гэх үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч, даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. СХКМ ХХК нь ТД ХХК -тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19919050003 дугаартай Даатгалын ерөнхий гэрээ болон 619919009866 дугаартай Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-г байгуулж, Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар Даатгуулагчийн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад замын угсралтын талбайн орчимд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага-ыг даатгуулж, даатгалын хураамжийг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-23 хуудас/

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 431.4.-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч СХКМ ХХК нь Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын ПК 4+121 дээр баригдаж буй 20.7 у/м төмөр бетон гүүрний угсралтын ажлыг гүйцэтгэх явцад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр их хэмжээний аадар бороо орсоны улмаас даатгуулагчийн хийж гүйцэтгэсэн түр далан ачааллаа дийлэхгүй, үерийн ус хальж, далангийн ойр орчмын нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд нийт 378,754,737 төгрөгийн хохирол учирсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэр, Арвижих эстимейт ХХК-ийн хохиролын үнэлгээний тайлангууд зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 29-168 хууудас/

 

3. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. СХКМ ХХК нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хорооны 2022.08.02-ны өдрийн 9/3021 дугаар албан бичгээр ...Авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 13 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8.1.5, Даатгалын ерөнхий гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9-д заасныг үндэслэл болгон нөхөн төлбөр олгохоос татгалзсан даатгагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхээр байна гэжээ. автаст хэргийг 24-27 хуудас/

 

4. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.  

Даатгуулагч СХКМ ХХК нь даатгалын хураамжийг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Талууд Иргэний хуулийн 444 дүгээр зүйлд заасан Хариуцлагын даатгал-ын гэрээг байгуулсан бөгөөд Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй байдаг.

 

4.1. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон бөгөөд Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-ний 4-р зүйлд Даатгалын зүйл-ийг Даатгуулагчийн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад замын угсралтын талбайн орчимд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага-ыг гэж, 10 зүйлд Даатгалын эрсдэл-ийг Даатгуулагч авто зам угсралтын ажил гүйцэтгэх явцдаа барилгын орчинд санамсаргүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага гэж тус тус тодорхойлжээ.

 

Даатгуулагч СХКМ ХХК нь авто зам угсралтын ажил гүйцэтгэх явцдаа зөвлөх инженер А.Берденбекийн баталсан Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал-д заасан ...Ажил явуулах түр замын доод талд 1м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж хөлийн голын урсгал 4 ширхэг хоолойгоор дамжин урсаж өнгөрнө гэснийг зөрчиж 0,75м-ийн диаметртэй хос хоолой байршуулснаас 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр их хэмжээний аадар бороо орсоны улмаас голын ус нэмэгдэж, дээрхи хос хоолой усыг чөлөөтэй нэвтрүүлж чадахгүй халж, баруун талын хамгаалалтын даланг даван ойр орчмын айлууд үерт автаж, нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсныг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлсэн тул талуудын байгуулсан Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-нд заасан даатгалын тохиолдол бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрхи нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд учирсан хохирол нь даатгуулагчийн зөвлөх инженер А.Берденбекийн баталсан Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал-ыг зөрчсөнөөс шууд шалтгаалаагүй, харин 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр их хэмжээний аадар бороо орсон цаг агаарын аюултай үзэгдэл-тэй хавсарсан шалтгаант холбоотой болох нь Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Дөлбадрах, В.Мягмар нарын 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 01-07-035/332 тоот дүгнэлт, Шинжээч Т.Мөнхбаярын Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-ний 10 зүйлд заасан даатгуулагч ... санамсаргүй алдаа гаргаснаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага гэж тохиролцсон даатгалын тохиолдолд нийцсэн гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 196-198, 216-218 хуудас/

 

4.2. Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4.Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан.

Хариуцагч ТД ХХК нь даатгуулагч Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал-ыг зөрчсөн тул Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-ний 13 дугаар зүйл /Даатгалд хамаарахгүй нөхцөл/-ийн 2-д Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тонoг төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохирол гэж, Даатгалын ерөнхий гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9-д Даатгуулагчийн хууль бус болон санаатай үйлдлийн үр дагаврын улмаас учирсан хохирол буюу Даатгуулагч даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, аюулыг санаатай ихэсгэсэн гэж тус тус заасан даатгалын тохиолдолд хамрагдахгүй нөхцлүүд бүрдсэн, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байна.

 

Даатгуулагч Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал-ыг зөрчсөнөөр айлууд үерт автаж эд хөрөнгөд нь хохирол учирсан гэж үзэх шууд шалтгаант холбоогүй, 2019.08.05-ны өдөр ширүүн аадар бороо орж цаг агаарын аюултай үзэгдэл болохыг урьдаас таамаглах боломжгүй, мөн даатгуулагчийг гуравдагч этгээд болох 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдлыг санаатайгаар бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ТД ХХК -ийн дээрхи даатгалын тохиолдолд хамрагдахгүй нөхцлүүд бүрдсэн, хуульд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

4.3. Талууд Авто замын угсралтын даатгалын дэд гэрээ-ний 7 дугаар зүйл /Хариуцах хэсэг/-ийн 2-д Гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдол бүрт даатгуулагчийн хариуцах хэсэг 2,000 ам,доллар хүртэлх болон давсан дүнгийн 10% байна гэж тохиролцжээ.

Даатгуулагч нь Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал-ыг зөрчсөн тул гэрээний даатгуулагчийн хариуцах хэсэг 2,000 ам,доллар хүртэлх болон давсан дүнгийн 10% байна гэж заасны дагуу даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын 10 хувийг даатгуулагч СХКМ ХХК хариуцах үндэслэлтэй байна.

Иймд Арвижих-эстимейт ХХК-ийн Хохирлын үнэлгээ-ний тайлангууд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд нийт 378,754,737 төгрөгийн хохирол учирснаас 10%-ийг буюу 37, 875, 474 төгрөгийг хасч, хариуцагч ТД ХХК -иас нөхөн төлбөр 340,879,263 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХКМ ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Иргэдийн төлөөлөгч Г.Одгэрэл ТД ХХК -иас нөхөн төлбөр гаргуулахгүй гэх, Иргэдийн төлөөлөгч Х.Хатан-Эрдэнэ ТД ХХК -иас зарим хэсгийн нөхөн төлбөрийг гаргуулна гэх дүгнэлтийн үндэслэлүүдээ даатгуулагч нь 1м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулах байтал 0,75м-ийн диаметртэй хос хоолой байршуулан Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал зөрчсөн, байгалийн аюултай үзэгдэл болсонтой холбон тайлбарласан. Иргэдийн төлөөлөгч нар нь талуудын хооронд байгуулагдсан хариуцлагын даатгалын гэрээний онцлог зохицуулалтыг болон даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг хууль зүйн агуулгын хүрээнд зөв дүгнэж, хариуцагчийн хүлээх хариуцлагад үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй тул иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Иргэдийн төлөөлөгч Х.Хатан-Эрдэнэ нь зарим хэсгийн нөхөн төлбөрийг гаргуулна гэх дүгнэлтийн үндэслэлээ даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 10%-тай холбож тайлбарлаагүй, нөхөн төлбөрийн тал гэх агуулгаар тайлбарласан тул түүнийг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТД ХХК -иас 340,879,263 /гурван зуун дөчин сая найман зуун далан есөн мянга хоёр зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХКМ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 37,875,474 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар СХКМ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,051,730 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТД ХК -иас 1,862,346 /нэг сая найман зуун жаран хоёр мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулж, СХКМ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ

 

С.ХИШИГБАТ