Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2021/00656

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М.... сумын ..... баг ..... тоотод оршин суух, И.... овогт Б.У ...../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.... сумын ....дугаар баг ..... тоотод оршин суух, У овогт Ш.Д ....../ холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч 155/2021/00045 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.У нь Ш.Д-той 2019 онд танилцаж үерхэж байгаад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин У.Э төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй Ш.Д нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт охиноо эргэж ирэхдээ манай аав, ээжтэй анх уулзаад төрсөн охин У.Э-н тэтгэлгийг 18 нас хүртэл нь төлнө гэж хэлсэн. Охины маань эцэг бид хоёртой цаашид хамт амьдрахгүй нь тодорхой болсон. ...Ш.Д нь охин У.Э-н төрсөн эцэг биш гэж маргаж байгаа тул би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охиныхоо эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Эцэг тогтоолгох шинжилгээгээр төрсөн эцэг нь мөн гэдэг нь тогтоогдсон. Иймд охин У.Э-н төрсөн эцэг Ш.Д мөн болохыг тогтоож, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би охин У.Э-н төрсөн эцэг гэдэгт эргэлзэж байгаа. Иймээс шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсны дараа хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ш.Д-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.У, хариуцагч Ш.Д нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2020 оны 05 дугаар сарын 28ы өдөр охин У.Э төрснийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн 6..... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1969 дугаартай шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин У.Э нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ш.Д-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2020 оны 05 дугаар сарын 28ы өдөр төрсөн охин У.Э-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.У-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д-с 104.414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 05 дугаар сарын 28ы өдөр төрсөн охин У.Э-н төрсөн эцэг У овогт Ш.Д /РУ94112418/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Д-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д-с 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН