Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00016

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00016

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/00656 дугаар шийдвэртэй,

*******ийн нэхэмжлэлтэй,*******ид холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь*******той 2019 онд танилцаж үерхэж байгаад 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин У.Энхдагина төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт охиноо эргэж ирэхдээ манай аав, ээжтэй анх уулзаад төрсөн охин У.Энхдагинын тэтгэлгийг 18 нас хүртэл нь төлнө гэж хэлсэн. Охины маань эцэг бид хоёртой цаашид хамт амьдрахгүй нь тодорхой болсон.******* нь охин У.Энхдагинын төрсөн эцэг биш гэж маргаж байгаа тул би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охиныхоо эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Эцэг тогтоолгох шинжилгээгээр төрсөн эцэг нь мөн гэдэг нь тогтоогдсон.

Иймд охин У.Энхдагинын төрсөн эцэг******* мөн болохыг тогтоож, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин У.Энхдагинын төрсөн эцэг гэдэгт эргэлзэж байгаа. Иймээс шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсны дараа хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/00656 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Энхдагинын төрсөн эцэг Урианхай овогт Шагдарсүрэнгийн Дж /РУ/ мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Эг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Даваадоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Даваадоржоос 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/00656 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Надад 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн учир би ээж, эхнэр, ахынхаа хамт 13 цаг 30 минутад шүүхэд ирснээ мэдэгдэж Хурал эхлэх болж байна уу? гэж асуухад Орох гэж байна. Хүлээж байгаарай гэж хэлсэн. 14 цаг өнгөрч байхад хурал хийгээд дуусчихлаа гээд нэхэмжлэгч ээжтэйгээ гараад явсан. Ингэж хариуцагч намайг шүүх хуралд оролцуулаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-107 дугаар зүйлийг зөрчиж, хэргийн зохигч миний мэтгэлцэх эрхийг минь хязгаарлаж хэргийг шийдвэрлэн хууль зөрчсөн.

2. Миний бие нэхэмжлэгч *******тэй 2019 оны 4 дүгээр сард танилцаад 2-3 удаа уулзсан. Өөр зүйл болоогүй байхад миний хүүхэд мөн гэсэн дүгнэлт гаргасныг гайхаж хүлээн зөвшөөрөөгүй. Дахин дүгнэлт гаргуулах, шүүх хурлын материалтай танилцах хүсэлт удаа дараа гаргасан боловч үзүүлэх, хуулбарлан өгөх боломжгүй гээд шүүгчийн туслах уурлаж загнаад байгаад хардах сэтгэгдэл төрж байна.

Иймд хэргийг хянаж анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/00656 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, намайг шүүх хуралд оролцох эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч******* би охин У.Энхдагинын төрсөн эцэг гэдэгт эргэлзэж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд маргажээ.

Анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/00656 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Энхдагинын төрсөн эцэг Урианхай овогт Шагдарсүрэнгийн Даваадорж /РУ94112418/ мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Энхдагиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Даваадоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.Тухайлбал:

Шүүх нэхэмжлэгчийн хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хангаж шийдвэрлэсэн байна /ХХ-ийн 34-36, 38 дугаар тал/.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин У.Энхдагина төрсөн, түүний төрсөн эцэг нь Ш.Даваадорж мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1696 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогджээ /ХХ-ийн 22-28, 44-45 дугаар тал/.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин У.Энхдагина нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэн охин У.Энхдагиныг эх *******ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу эцэг*******оос тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч*******ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн учир би ээж, эхнэр, ахынхаа хамт 13 цаг 30 минутад шүүхэд ирснээ мэдэгдэж Хурал эхлэх болж байна уу? гэж асуухад Орох гэж байна. Хүлээж байгаарай гэж хэлсэн. 14 цаг өнгөрч байхад хурал хийгээд дуусчихлаа гээд нэхэмжлэгч ээжтэйгээ гараад явсан. Ингэж хариуцагч намайг шүүх хуралд оролцуулаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-107 дугаар зүйлийг зөрчиж, хэргийн зохигч миний мэтгэлцэх эрхийг минь хязгаарлаж хэргийг шийдвэрлэн хууль зөрчсөн гэх гомдлын тухайд:

Шүүх 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагч*******ид танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг нь хангуулахаар шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж, мөн хурлын товыг түүнд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн байна /ХХ-ийн 56 дугаар тал/.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1963 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /ХХ-ийн 57, 59-60 дугаар тал/.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн миний бие нэхэмжлэгч *******тэй 2019 оны 4 дүгээр сард танилцаад 2-3 удаа уулзсан. Өөр зүйл болоогүй байхад миний хүүхэд мөн гэсэн дүгнэлт гаргасныг гайхаж хүлээн зөвшөөрөөгүй. Дахин дүгнэлт гаргуулах, шүүх хурлын материалтай танилцах хүсэлт удаа дараа гаргасан боловч үзүүлэх, хуулбарлан өгөх боломжгүй гээд шүүгчийн туслах уурлаж загнаад байгаад хардах сэтгэгдэл төрж байна гэх гомдлын тухайд:

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх гэсэн хуульд заасан үүрэгтэй, энэ үүрэгтэйгээ 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр танилцаж эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна /ХХ-ийн 11 дүгээр тал/.

Шинжээч нь тусгай мэдлэг шаардсан асуудлын талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргасан, дүгнэлт нь эргэлзээгүй, холбогдох хуульд заасан шаардлага хангасан байна гэж үзлээ.

Хэрэв шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу эргэлзээтэй байвал шинжээчийн дүгнэлтийг дахин, бүрэлдэхүүнтэй гаргуулах эрхтэй ба энэ талаар албан ёсоор хүсэлтээ гаргаагүй, хэргийн материалтай танилцсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна /ХХ-ийн 48, 51 дүгээр тал/.

Харин гомдолд дурдсан шүүгчийн туслахтай холбоотой асуудлаа холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,414 /нэг зуун мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШШ2021/00656 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ